Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/27

 

 

                                              Л.Гантулгад холбогдох

                                           Эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Л.Гантулгад холбогдох эрүүгийн 2131003630016 дугаартай, 175/2022/0035/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бүргэд овогт Лувсангийн Гантулга, 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай,  /РД:МХ85051014/;

 

Урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

 

Шүүгдэгч Л.Гантулга нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч О.Солонгыг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүрэн тус газар нь цохиж, хөл, гар, нуруу хэсэгт нь өшиглөж түлхэн унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг,

-Мөн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч О.Солонгыг “намайг цагдаад хэллээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Л.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Бүргэд овогт Лувсангийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гантулгыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гантулгын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Гантулгад анхааруулж,

Шүүгдэгч Л.Гантулга нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх    тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн  үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Үүнд:

 

1.Прокуророос яллагдагч Л.Гантулгыг 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч О.Солонгыг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүрэн тус газар нь цохиж, хөл, гар, нуруу хэсэгт нь өшиглөж түлхэн унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч О.Солонгыг “намайг цагдаад хэллээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэлэлцсэн атал шүүгдэгчийн үйлдсэн дээрх 2 удаагийн үйлдлээс “ 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цагийн үед хамтран амьдрагч О.Солонгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг орхигдуулж,

зөвхөн “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 23 цагийн орчимд хамтран амьдрагч О.Солонгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Л.Гантулга гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо” гэж шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэж, шүүгдэгчийн яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон эсэх нь тодорхойгүй байдлаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч хоёр өөр цаг хугацаанд 2 удаагийн үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн байхад зөвхөн 1 удаагийн үйлдлийг дүгнэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэрийг гаргасан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээ төрөхөөргүй бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Л.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч Л.Гантулга нь хохирогчийн биед 2 удаа халдсан. Хоёр удаагийн үйлдэл нь тус бүр хөнгөн гэмтэл учирсан байгаа. Л.Гантулга нь сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн. Цаашид хамт амьдарна, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Прокурор хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр 550.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шилжүүлсэн хэргийн шийтгэх тогтоол тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байх ёстой. Гэтэл энэ хуулийн шаардлага хангагдаагүй. Иймд хэргийн оролцогч нарт хүндрэл бэрхшээл учирч  байна. Цаашид анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаараасай гэж хүсэж байна гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Л.Гантулгад холбогдох 2131003630016 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Л.Гантулгыг 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч О.Солонгыг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүрэн тус газар нь цохиж, хөл, гар, нуруу хэсэгт нь өшиглөж түлхэн унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан”,  2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “намайг цагдаад хэллээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлүүдэд нь  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Л.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгч Л.Гантулгын 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үйлдлийн талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.7 дугаар зүйлийн 2-д ...Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана...

2.4. ...шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт ... гэсэн заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн шүүгдэгч Л.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон атлаа шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  “хүний эрүүл мэндэд  хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнээр ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн  гэх үндэслэл болж байна.

Шүүх шүүгдэгч Л.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д  заасан гэмт хэрэгт ялагдагчаар татагдсан хоёр  үйлдлийн аль нэгийг  хэрэгсэхгүй болгож байгаа бол яллах баримтыг үгүйсгэсэн үндэслэл, түүнийг нотолсон баримтын талаар шийтгэх тогтоолд дүгнэлт огт хийлгүйгээр орхигдуулсан, ял шийтгэл оногдуулахдаа гэм буруутайд тооцсон зүйл, хэсгээс өөр зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулсан зэргийг техникийн шинжтэй алдаа гаргасан гэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

 Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин  хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Л.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН