Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 128/2023/0772/З |
Дугаар | 128/ШШ2024/0101 |
Огноо | 2024-01-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.О*******,
Хариуцагч: Туул голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Н******* нарын хоорондын төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.
Хэргийн индекс: 128/2023/0772/3
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Б.О*******оос Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаалын улмаас олгогдоогүй үр дүнгийн 2, 3, 4 дүгээр улирлын урамшууллыг нөхөж олгуулахыг даалгах гэж ихэсгэсэн.
2. Хэргийн үйл баримт:
2.1. Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Н******* нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.4.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.13, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, Монгол Улсын Сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын Нэгдүгээр бүлгийн 1.3.1, 1.3.3, 1.4, 1.5, 1.5.1, 1.6, Хоёрдугаар бүлгийн 2.1, 2.5, 2.5.2, Гуравдугаар бүлгийн 3.1, 3.1.1, 3.2, Дөрөвдүгээр бүлгийн 4.1, Туул голын сав газрын захиргааны Хөдөлмөрийн дотоод журмын Арван нэгдүгээр бүлгийн 11.1, 11.2.6, 11.4, Туул голын сав газрын захиргааны дүрмийн Дөрөвдүгээр бүлгийн 4.3.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Б.О*******од сануулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн.
2.2. Нэхэмжлэгч Б.О******* дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөл 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 3/7 дугаар Маргаан хянан шийдвэрлэсэн тухай тогтоолоор Б.О*******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
2.3. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 03/1626 дугаар албан бичгээр дээрх тогтоолыг нэхэмжлэгч Б.О*******од хүргүүлсэн байна.
2.4. Нэхэмжлэгч Б.О******* нь 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Нэхэмжлэгч Б.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1. Сахилгын шийтгэлийг ногдуулахдаа холбогдох хууль, дагалдан гарсан журам, Туул голын сав газрын захиргааны хөдөлмөрийн дотоод журам, Даргын дэргэдэх зөвлөлийн ажиллах журмыг мөрдөхгүйгээр дүрмийн бус, хувийн шинж чанартай, илт хууль бус шийдвэр гаргасан.
3.2. Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг дурдсан боловч тайлбар гаргах боломж олгоогүй.
3.3. Төрийн албаны тухай хууль, тус хуулийг дагалдан гарсан Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албан зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ыг мөрдлөг болгоогүй (Тус журмын 2.6, 2.7-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах шалгалтыг дүрмийн бусаар явуулсан, хариу тайлбар гаргах боломж олгоогүй, шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тухайн үед бичгээр мэдэгдсэн боловч харгалзан үзээгүй).
3.4. Захиргааны дотоод үйл ажиллагаанд ашигладаггүй "Сав газрын захиргааны даргын үүрэг" нэртэй батлагдаагүй маягт ашигласан. Мөн Төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаанд мөрддөг хууль, дүрэм журамд тусгагдаагүй "Албаны шалгалт" нэртэй дүрмийн бус шалгалт явуулсан ("Албаны шалгалт" гэж ямар учиртай үйл ажиллагаа болох талаар хамт олны олонхын оролцоо хангагдсан нөхцөл байдалд тайлбар хүссэн боловч хариу өгөөгүй).
3.5. Сахилгын шийтгэлийг ногдуулахдаа 6 үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй гэсэн боловч эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлээгүйн улмаас ямар үр дагавар гарсныг тогтоогоогүй (Хариу тайлбар гаргах боломж олгоогүйн улмаас дээр дурдсан үйл ажиллагаа тус бүрээр хэрэгжилт болон няцаах нотлох баримт байсан ч ашиглаж чадаагүй).
3.6. Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг "Туул голын сав газрын захиргааны хөдөлмөрийн дотоод журам", "Даргын дэргэдэх зөвлөлийн ажиллах журам"-ын дагуу захиргааны даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг боловч дээрх 2 журмыг мөрдөхгүйгээр дүрмийн бус, ганцаарчилсан шийдвэр гаргасан (Даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг албан ёсоор зарлаж хуралдуулаагүй, гишүүдийн оролцоог хангаагүй. Даргын дэргэдэх зөвлөл 7 гишүүнтэй боловч тус хуралд оролцсон даргын үүрэг гүйцэтгэгч бусад 3 албан хаагчийн саналыг харгалзан үзээгүй).
3.7. Хууль бус, хувийн шинж чанартай шийдвэр гаргасан (Миний бие Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан дүрэм журмын дагуу олон нийтэд нээлттэй зарлагдсан "Туул голын сав газрын захиргааны дарга"-ын албан тушаалын сонгон шалгаруулалтад 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр орж, "хамгийн өндөр" оноо авч тэнцсэн ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолоор дүнг албажуулан, тухайн албан тушаалд томилох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн. Намайг Захиргааны даргын албан тушаалд томилох эсэх харилцаа холбогдох хууль, дүрэм журмын дагуу явагдаж байгаа үетэй давхардуулан надад сахилгын шийтгэл ногдуулахаар үүрэг өгч, шалгалтыг дүрмийн бусаар явуулан, байгууллагын дотоод үйл ажиллагаа буюу албан хаагчид хамаарах хувийн асуудал гэдэг нь тодорхой байхад албан тушаалын байдлаа урвуулан, томилох харилцаанд саад учруулах зорилгоор миний ажил, албан тушаалын нэр хүндэд халдан БОАЖЯ-ны Хяналт үнэлгээ, дотоод аудитын газарт "Тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахаар шалгалт явууллаа, хэрхэн шийдвэрлэх талаар хариу ирүүлнэ үү" гэсэн утгатай албан бичиг, мөн хууль хяналтын байгууллагаар шалгуулах тухай хүсэлт явуулсан). гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ:
4.1. Надад Туул голын сав газрын захиргааны даргын үүрэг гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаалаар "Сахилгын шийтгэл" ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Захиргааны зүгээс албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлж, 2, 3 дугаар улиралд урамшуулал өгсөн (Сахилын шийтгэлтэй гэсэн тайлбараар 3 дугаар улирлын үнэлгээ хийгдээгүй).
4.2. Албаны 2023 оны хагас жилийн тайланг Захиргаанаас тогтоосон хугацаанд буюу 2023/05/31-ний өдөр батлагдсан маягтын дагуу гаргаж тайлагнасан. Тайланг үнэлсэн үнэлгээний хуудас, дүгнэсэн тайлан Хэргийн баримтын хуудас 129-155 дугаарт хавсаргагдсан.
4.3. Хагас жилийн үнэлгээг дүгнэх ажлын хэсэгт 2023/06/08-ны өдрийн А/37 дугаар тушаалаар оруулсан. Гэхдээ тайлангийн үнэлгээ, дүгнэлттэй 2023/11/07-ны өдөр хариуцагчийн зүгээс ирүүлсэн тайлбар, мэдээлэлтэй танилцахдаа анх удаа харсан. Ажлын хэсэгт тушаалаар оруулсан хэдий ч, үнэлгээний хурлыг хувийн чөлөөтэй өдөр хийсэн байдлаар баримтыг бүрдүүлсэн.
5. Хариуцагч Д.Н******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
5.1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэсэн заалтыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгасан. Шалгалт явуулах үүргийг тухайн үед манай байгууллагад менежерийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан албан хаагч нь Д.Жаргалд өгсөн. Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.О*******од "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл"-ийг өгч ажилласан, Б.О******* 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр "хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай" хариу тайлбарыг бичгээр гаргасан нь "Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгасан албаны шалгалтын материал"-ын /цаашид шалгалтын материал гэх/ 42-46 дугаар хуудаст нотлох баримтаар авагдсан байна.
5.2. Шалгалтын материалтай танилцахад Б.О*******од 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр холбогдох зөрчилд шалгалт явуулах үндэслэл болох миний өгсөн үүргийг танилцуулан, холбогдох тайлбараа бичгээр гаргаж өгөхийг хэлсэн боловч тайлбар өгөхөөс татгалзан холбогдох баримтыг урж, эсэргүүцэл үзүүлсэн талаарх тэмдэглэл, холбогдох баримтууд, болон 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр "Сахилгын шийтгэл ноогдуулах тухай дүгнэлт танилцуулсан тэмдэглэл" үйлдээд Б.О*******од танилцуулахад шалгалтын дүнг зөвшөөрөхгүй гэсэн агуулгатай хариу тайлбарыг тухайн өдөр бичгээр өгсөн талаар холбогдох тэмдэглэл үйлдсэн зэрэг баримтуудыг шалгалтын материалд хавсаргасан. Энэ нь шалгалтын материалын 4-7 дугаар хуудас, 14-16 дугаар хуудаст нотлох баримтаар байна.
5.3. Үүрэг гэдэг бол дээд шатны албан тушаалтнаас доод шатны албан тушаалтанд тодорхой ажил гүйцэтгүүлэхээр өгч байгаа ажлын чиглэл бөгөөд үүргийг амаар болон бичгээр өгч болно. Энэ үүрэг нь асуудал шийдвэрлэсэн баримт бичиг болохгүй тул Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлага MNS 5140-2:2011 стандартаар зохицуулаагүй байдаг тул өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан бичгээр өгсөн. Энэ талаар шалгалтын материалын 2 дугаар хуудаст нотлох баримтаар харагдана.
5.4. Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д заасан "Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах" үүрэгтэй гэж заагаад энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д зааснаар "Хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн" гэдгээр албан тушаалыг бууруулах болон 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болдог. Эдгээр зөрчлүүд нь Б.О*******ын албан тушаалын тодорхойлолтод заагдсан үүргүүд бөгөөд түүний албан тушаалын тодорхойлолтын зорилго, зорилтуудаас харагдаж байна. Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэдэг нь эс үйлдэхүйгээр бий болж байгаа зөрчил бөгөөд заавал бодит хор уршиг шаарддаггүй. Гэвч шалгалтын материалын "Сахилгын шийтгэл ноогдуулах тухай дүгнэлт"-ийн Гурав дугаар зүйлд заасан Дүгнэлт хэсэгт "Дээр дурдсан зөрчлүүд буюу тус захиргааны Мэдээлэл хяналт, шалгалтыг зохицуулах албаны дарга Б.О*******ын хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл нь зарим зөрчилд зориуд санаатайгаар зөрчил гаргасан, зөрчил нь байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн, зөрчлийн улмаас эд материалын хохирол учраагүй боловч байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас өгсөн албан даалгавар, үүргийн биелэлт хангагдаагүй, хор уршиг учруулсан гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн байна. Энэ талаар шалгалтын материалын 11 дүгээр хуудаст нотлох баримтаар байна. Харин эдгээр зөрчилдөө тайлбар өгөх боломжийг хангасан талаарх баримтууд нь дээр дурдсан шалгалтын материалын 14-16 дугаар хуудаст нотлох баримтаар байна.
5.5. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албан зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын дагуу шалгаж шийдвэрлэхээр зохицуулсны дагуу байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан ... албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн.... зөрчлийг гаргасан байдгаараа Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байна. Туул голын сав газрын захиргааны даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/70 дугаартай тушаалаар батлагдсан "Даргын дэргэдэх зөвлөл ажиллах журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.1-д "Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд захиргааны даргад зөвлөх зорилго бүхий Даргын дэргэдэх зөвлөл ажиллана" гэж заасан, тушаалын 1 дүгээр зүйлд ч мөн ингэж заасан байдаг тул энэхүү зөвлөлийн чиг үүрэг нь зөвхөн даргыг мэдээллээр хангах, зөвлөх чиг үүрэгтэй байдагт оршдог. Тийм болохоор энэ зөвлөлийн шийдвэр нь эцсийн шийдвэр болохгүй бөгөөд зөвхөн захиргааны дарга эцсийн шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг. Энэ нь тухайн журмын 4 дүгээр зүйлийн 4.5-д "Асуудлыг шийдвэрлэхдээ бодитой, эрх зүйн үндэслэлтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж, гишүүд саналаа илэрхийлж, хурлын дарга шийдвэрийг гаргана" гэсэн заалтаар тодорхой зохицуулсан байдаг. Тухайн журмаар зохицуулсан нэг асуудал нь байгууллагын нэгж болох албадын дарга нараас "Даргын дэргэдэх зөвлөлөөр асуудал оруулж шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд журмын 3 дугаар зүйлийн 3.2-д заасны дагуу 5 хоногийн өмнө асуудлаа нарийн бичгийн даргад өгсөн байхыг зохицуулсан. Бусад тохиолдолд буюу захиргааны дарга хурлыг ямар ч тохиолдолд зарлан хуралдуулах нь түүний шийдвэр гаргах эрхтэй холбоотойгоор хугацаагүй байдаг. Бусад хууль тогтоомжуудад ч захиргааны дарга шийдвэр гаргахдаа захирлын зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр зохицуулсан заалт байхгүй. Энэ талаар шалгалтын материалын 47-49 дүгээр хуудаст нотлох баримтаар байна.
5.6. Ямар нэгэн хувийн шинжтэй асуудал огт байхгүй. Б.О*******ын хариуцсан ажлаа хийхгүй зөрчил даамжраад сүүлдээ бусад албан хаагчдаас барьцах, өгсөн үүрэг даалгаврууд удааширч, үр дүн буурах асуудал үүссэн тул хуульд заасан эрхийн хүрээнд гаргасан зөрчлүүдэд хариуцлага тооцох үндэслэлтэй бол хариуцлагын асуудлыг авч хээржүүлье гэсэн байгууллагыг удирдаж байгаа төрийн албан хаагчийн үүргээ хэрэгжүүлсэн. Нөгөө талдаа Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас "Эрүүл аюулгүй- цэвэр орчин" бүрдүүлэх арга хэмжээний тухай 2023 оны 04 дугаартай албан даалгаврыг ирүүлсэн. Үүний дагуу байгууллагын нэгжүүдийн хариуцан гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргаад ажилласан боловч Б.О*******ын хариуцсан Мэдээлэл хяналт шалгалтыг зохицуулах албанаас Албан даалгаврын 2.3-д заасан гол ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээгүй зөрчил илэрсэн. "Албан даалгавар" гэдэг нь Захирамжлалын баримт бичгийн төрөлд хамаарах бөгөөд заавал дагаж мөрдөх шинжийг агуулдаг. Иймд энэхүү баримт бичгийн биелэлтийг хангуулах арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчийн гаргасан зөрчилд нь хариуцлага тооцох зайшгүй шаардлага үүсэн болно. Энэ талаараа би тайлбар өгөхдөө ч хэлсэн байгаа. Энэ талаар шалгалтын материалын 6-7 дугаар хуудаст нотлох баримтаар харагдана.
5.7. Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно." гэж заажээ. Түүнчлэн үр дүнгийн урамшуулал нь заавал биелэгдэх шинж буюу ажилтан болгонд шууд олгох агуулаагүй тул сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцуулснаар үр дүнгийн урамшуулал шууд олгох боломжгүй юм. Дээрх журамд заасны дагуу ажилтан хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн эсэхийг шалгаж, дүгнэж, үнэлснээр үр дүнгийн урамшуулал олгох тухай асуудал шийдэгдэнэ.
5.8. Дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын дагуу сахилгын шийтгэлийг биелүүлсэн тохиолдолд үр шүүхээс хүчингүй болгосноор шууд үр дүнгийн урамшуулал олгох үүрэг, эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Өөрөөр хэлбэл үр дүнгийн урамшуулал олгохын тулд биелүүлэх шаардлагатай тодорхой урьдчилсан нөхцөлүүдийг бүгдийг нь дүнгийн урамшуулал олгохоор дээрх журамд заасан. Тус урьдчилсан нөхцөлүүдийн нэгт сахилгын шийтгэлгүй байна гэж зааснаас биш сахилгын шийтгэлгүй тохиолдолд шууд үр дүнгийн урамшуулал олгох үр дагавар үүсэхгүй. Хэрэв захиргааны хэргийн шүүхээс үр дүнгийн урамшуулал олго гэж даалгаж шийдвэрлэх нь шүүх эрх хэмжээгээ хэтрүүлж захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдсан хэрэг болно. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох үр дүнгийн урамшуулал олгох асуудал нь тодорхой шаардлага хангасан тохиолдолд захиргааны байгууллагын дотоод сонголтын асуудал байх тул шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй тул захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-ийн дагуу захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал биш тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Маргаан бүхий Туул голын сав газрын захиргааны даргын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.13, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2-д заасныг голлох үндэслэл болгон тус газрын Мэдээлэл хяналт шалгалтыг зохицуулах албаны дарга Б.О*******од сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
1.1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: ...48.1.2.нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах; гэж зааснаар аливаа төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах урьдчилсан нөхцөлүүдийн нэг нь мөн хуулийн 37 дугаар зүйлд заасныг зөрчсөн байх, албан үүргээ биелүүлээгүй зөрчил байх, тухайн зөрчлийг эрх бүхий этгээд шалган тогтоож, зөрчлийн шинж байдалд тохирох сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан.
1.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;, 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах; 37.1.16-д Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах; гэж заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь бодит байдалд бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэхээргүй байна.
1.3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. 24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж зааснаар захиргааны байгууллага нь хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг, тухайлбал нөхцөл байдлыг бүрэн тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар, санал гаргах боломжийг хангах зэрэг ажиллагааг бодитойгоор, үр нөлөөтэйгөөр хэрэгжүүлэх үүрэгтэй.
1.4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Б.О*******ын гаргасан гэх зөрчлүүд нь хангалттай нотлогдохгүй байна.
1.5. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгууллагын тулгамдсан асуудлуудын талаарх танилцуулга мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлэх ажлын хүрээнд хяналт шалгалттай холбоотой гомдол тулгамдаж буй асуудлыг жагсаалтаар гаргаад албан бичгээр өгөх үүргийг хэрэгжүүлээгүй гэх зөрчлийн хувьд, тухайн өдөр нэхэмжлэгч Б.О******* нь шийдвэрлэгдээгүй зөрчлийн жагсаалтыг менежер Жаргалд и-мэйл хаягаар хүргүүлсэн болох нь хариуцагчаас ирүүлсэн баримт /хх1-227 хуудас/-аар нотлогдож байна.
1.6. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын даргаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцолгүй ажил тасалсан зөрчлийн хувьд, нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдах Усны нөөцийн нэгдсэн менежмент-ийн сургалтад оролцох албан хаагчдын жагсаалтад багтаж, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр визний материалыг бүрдүүлэх ажилтай байсан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 06/1230 тоот албан бичиг, дотоод цахим группын мэдээллүүдээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь тухайн өдрийн үдээс хойш төрийн албаны шалгалтад оролцсон байхад хариуцагчаас ажил тасалсан гэж үзэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулах ажиллагаа хийгээгүй байна.
1.7. 2023 оны 02 дугаар сарын 26, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд иргэдээс цахим сүлжээнд байршуулсан гомдол мэдээлэлтэй холбоотойгоор хяналт тавьж ажиллах чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх зөрчлийн хувьд, Хөдөлмөрийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т Тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын нийтлэг үйлчилгээ, тээвэр, холбооны болон зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх, энэ хуулийн 91.2-т зааснаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажиллуулахыг хориглоно. гэж зааснаар төрийн албан хаагчийг уг хуульд зааснаас бусад тохиолдолд өөрөө зөвшөөрөөгүй бол ажиллуулахыг хоригложээ. 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нь Ням гариг буюу долоо хоногийн амралтын өдөр байх тул тухайн өдөр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хяналт тавьж ажиллах чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь дээрх хуульд нийцэхгүй юм. Мөн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр иргэдээс гаргасан гомдлыг шалгаагүй зөрчил нь тухайн өдөр хэнээс, ямар гомдол гаргасан нь тодорхой бус байхын зэрэгцээ тухайн өдөр нэхэмжлэгчийг визний материалыг бүрдүүлэх зорилгоор ажлаас чөлөөлсөн болохыг дээр дүгнэсэн.
1.8. 2023 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд захиргааны даргаас өгсөн үүрэг болон албан тушаалын тодорхойлолтын зорилгод заасан чиг үүргийн дагуу олон нийтийг мэдээллээр хангах чиг үүргээ хэрэгжүүлэхээс шууд татгалзсан гэх зөрчлийн хувьд, нэхэмжлэгчийн ажиллаж буй мэдээлэл, хяналт шалгалтыг зохицуулах албаны даргын албан тушаалын тодорхойлолт /хх1-99-102 тал/-ын 2 дугаар зорилтын хүрээнд олон нийтийг мэдээллээр хангах гэж заасан байх хэдий ч гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд байгууллагын хамт олны оролцоог хангасан байх, хариуцлага оролцооны хэлбэр нь хянах буюу Х, шалгах буюу Ш гэж тодорхойлсноос үзэхэд албаны дарга уг чиг үүргийг дангаар хариуцан гүйцэтгэх чиг үүрэг биш байх бөгөөд олон нийтэд мэдээллийг холбогдох албан хаагч нар өгсөн байгаа тохиолдолд зөвхөн мэдээлэл, хяналт шалгалтыг зохицуулах албаны дарга /нэхэмжлэгч/ мэдээлэл өгөх ёстой гэж үзэх нь учир дутагдалтай байна.
1.9. Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хяналт шалгалтын ажлын тайлан мэдээг 2023 оны 02 дугаар сарын 10-наас хойш гаргаж өгөөгүй гэх зөрчлийн хувьд, тайлан мэдээ өгөх талаар удирдлагаас хэзээ, ямар үүрэг даалгавар өгсөн нь тодорхойгүй байхад албан хаагчийг тайлан, мэдээг өгөөгүй гэж шууд үзэх боломжгүй.
1.10. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан "Эрүүл аюулгүй-Цэвэр орчин" бүрдүүлэх арга хэмжээний тухай 2023 оны 04 дугаартай Албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул голын сав газрын захиргааны даргын баталсан 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн төлөвлөгөөний дагуу холбогдох ажил арга хэмжээг зохион байгуулаагүй буюу сарын ажлын мэдээ тайланг ирүүлээгүй зөрчлийн хувьд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан "Эрүүл аюулгүй-Цэвэр орчин" бүрдүүлэх арга хэмжээний тухай 04 дугаартай албан даалгавраар хог хаягдал, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, ил задгай хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр арга хэмжээ авч, тухайн сард авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг сар бүрийн 25-ны дотор, нэгдсэн тайлан мэдээг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны дотор ирүүлэхийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаадын дарга нарт үүрэг болгожээ.
1.11. Ийнхүү үүрэг болгосны Туул голын сав газрын захиргааны даргаас дээрх даалгаврыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө /хх-234-237 тал/-г баталсан, уг төлөвлөгөөнд Мэдээлэл хяналт шалгалтыг зохицуулах албаны дарга хариуцан тухайн албаны албан хаагчид хэрэгжүүлэх нийт 4 арга хэмжээг тусгасан байна. Тодруулбал, төлөвлөгөөний 2.1.3-д нүхэн жорлон буулгасан газрыг халдваргүйжүүлсэн, нөхөн сэргээсэн байдалд хяналт тавьж зөрчлийг арилгуулах арга хэмжээг албан даалгаврын хугацаанд, 2.3.3-д Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой ажил арга хэмжээнүүдийг судалгаа, жагсаалт гаргаж танилцуулах арга хэмжээг 2023 оны 03-05 дугаар сард, 2.3.4-т Судалгаа жагсаалтыг /2.3.3/-ыг үндэслэн зохион байгуулах ажлын удирдамж, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг албан даалгаврын хугацаанд, 3.1.2-т иргэдийн мэдээлэл болон хяналтын явцад илэрсэн гадна орчны хог хаягдал үүссэн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хог хаягдлыг цэвэрлүүлэх тухай мэдэгдэл, шаардлагыг тухай бүрд нь хүргүүлэн хэрэгжилтийг хангуулах үүргийг албан даалгаврын хугацаанд тус тус хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөсөн байна.
1.12. Эдгээр үүрэг даалгавруудыг албан даалгаврын хугацаанд буюу 9 дүгээр сарын 25-ны дотор, 03-05 сард хийж гүйцэтгэх ажлууд байхаар хугацаа заасан атлаа дан ганц нэхэмжлэгчийг 2023 оны 3 сард хэрэгжүүлсэн ажлын үр дүн гараагүй, тайлан мэдээг өгөөгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
1.13. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас сахилгын шийтгэл ногдуулахдаа шийдвэрийн үндэслэлд хамаарах бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, зөрчлийн шинж байдлыг харгалзан үзээгүйгээс төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй хууль бус шийдвэр болжээ.
1.14. Харин нэхэмжлэгчээс "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ыг мөрдлөг болгоогүй, Тус журмын 2.6, 2.7-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах шалгалтыг дүрмийн бусаар явуулсан, хариу тайлбар гаргах боломж олгоогүй, шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тухайн үед бичгээр мэдэгдсэн боловч харгалзан үзээгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.
1.15. Учир нь, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын Хоёр-ын 2.4-т Энэ журмын 2.1-д заасан гомдол, мэдээлэл, баримтын дагуу шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ: 2.4.1 гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах, 2.6-д Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах, эсхүл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж, шалгалтын материалд хавсаргана. 2.7-д Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй. гэж тус тус заажээ.
1.16. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах шалгалт явуулсан шалгалтын материал-иас үзэхэд, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Н*******оос Б.О******* нь өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 4 дугаартай албан даалгаврыг хэрэгжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулаагүй, албан даалгаврын мэдээ, тайланг хугацаанд нь өгөөгүй, ажлын цагаар ажил тасалж явсан зэрэг зөрчлүүдэд албаны шалгалт явуулах тухай үүргийг менежерийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалд өгсний дагуу шалгалтыг эхлүүлж, тухайн өдрөө нэхэмжлэгч Б.О*******од бичгээр тайлбар өгөх талаар мэдэгдсэн, Б.О******* нь тайлбар өгөхөөс татгалзсан болох нь мөн өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх1-80, 81 тал/ Улмаар 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт /хх1-84-87 тал/ гаргасан, уг дүгнэлттэй нэхэмжлэгч нь мөн өдөр танилцаж, хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар бичгээр өгчээ. /хх1-90-91 тал/
1.17. Мөн захиргааны байгууллагаас маргаан бүхий тушаалыг гаргахаас өмнө буюу 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг Б.О*******од хүргүүлсэн, энэхүү мэдэгдэлд 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тайлбар, саналаа ирүүлэх талаар мэдэгдсний дагуу нэхэмжлэгч нь тайлбар /хх1-117/ гаргасан байна.
1.18. Эдгээр үйл баримтуудаас дүгнэхэд захиргааны байгууллага нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасны дагуу шалгалт явуулах үндэслэл болсон зөрчлийн талаар урьдчилан мэдэгдэж, тайлбар өгөх боломжийг олгосон байхад нэхэмжлэгчээс зөрчилд холбогдох тайлбар, нэмэлт баримтыг хариуцагчид гаргаж өгөөгүй, харин сахилгын шийтгэл оногдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргаж байжээ.
1.19. Иймд захиргааны байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, журамд заасан тайлбар, хүсэлт өгөх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Нэхэмжлэгчийн маргаан бүхий тушаалын улмаас олгогдоогүй 2, 3, 4 дүгээр улирлын урамшууллыг нөхөн олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй., 102 дугаар зүйлийн 102.1-д Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно. гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан маргаан бүхий тушаалын улмаас өөрт учирсан хохирол буюу 2, 3, 4 дүгээр улирлын урамшууллыг нөхөн олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэлээ.
2.2. Туул голын сав газрын захиргааны даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/33, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/56, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/64 дүгээр Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалуудаар албан хаагч нарын үр дүнгийн үнэлгээг баталж, урамшуулал олгохоор шийдвэрлэсэн, харин Туул голын сав газрын захиргааны хөдөлмөрийн дотоод журмын 11.5-д сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн хугацаанд уг ажилтанд шагнал, урамшуулал олгохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.О*******од сахилгын арга хэмжээ авагдсан үндэслэлээр урамшуулал олгоогүй байна.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Б.О*******ын 2023 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 67.9 оноогоор /хх1-129 хуудас ар тал/, 2023 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 92.7 оноогоор тус тус үнэлсэн /хх1-246-247/, харин 3 дугаар улиралд нэхэмжлэгчээс ажлын гүйцэтгэл, үр дүнгийн гүйцэтгэлийн тайланг өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
2.4. Иймд маргаан бүхий актыг шүүхээс хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож байгаа энэ тохиолдолд төрийн албан хаагчид учирсан хохирлыг хариуцагчаас нөхөн гаргуулах нь зүйтэй бөгөөд тус байгууллагын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/64 дүгээр Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал /хх2-80-82 тал/-д 80 хувиас дээш хангалттай үнэлгээ авсан албан хаагчдад албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар тооцож урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байх тул 2023 оны 4 дүгээр улиралд 92.7 оноогоор үнэлэгдсэн нэхэмжлэгч Б.О*******од 4 дүгээр улирлын урамшууллыг үндсэн цалингийн 40 хувиар тооцож олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй.
2.5. Нэхэмжлэгч нь 2023 оны хагас жилийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан боловч үнэлгээтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гарган маргаагүй тул үнэлгээний талаар шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй, түүнчлэн 2023 оны 2 дугаар улиралд хангалтгүй үнэлэгдсэн, 3 дугаар улиралд түүний ажлын гүйцэтгэл, үр дүнгийн гүйцэтгэлийн тайлан үнэлэгдээгүй байхад урамшууллыг нөхөн олгохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О*******од маргаан бүхий тушаалын улмаас олгогдоогүй урамшууллаас 2023 оны 2, 3 дугаар улирлын урамшууллыг нөхөн олгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2023 оны 4 дүгээр улирлын урамшууллыг үндсэн цалингийн 40 хувиар тооцож нэхэмжлэгч Б.О*******од олгохыг хариуцагч Туул голын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ