Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,                                                                                                                        

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 1730001220074 тоот хавтаст хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

 Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б.С.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед  Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн  Өрнө- дэрс гэх газар өөрийн эзэмшлийн Даюунг маркийн 36-43 СҮЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “ Согтуурууах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 9.2-д “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн  заасан заалтыг зөрчснөөс зам тээврийн осолд орж М.У-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Би өөрийн эхнэр У-тэйгээ 10 сарын 08-ны өдөр айлын найранд ороод буцаад сум руу явж байгаад осолд орсон. Энхжаргал гэдэг хүн бид хоёрыг сум руу хүргэж өгсөн.  Манай эхнэр Дарьганга суманд хагалгаанд ороод аймгийн эмнэлэгт ирсэн. Аймагт ирээд бие нь сайжраад гэр рүүгээ явсан... гэв. 

 

- Яллагдагч Б.С-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сумын төвөөс Даюун маркийн 36-43 СҮЗ улсын дугаартай мотоцикльтой эхнэр У-ийн хамт Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг Хоймор гэх газар руу Э.Б, Э.Б нарын найранд орохоор явсан. Эхнэр бид 2 айлын найранд орчихоод 14 цагийн орчим Дарьганга сумын төв рүү явж байгаад 4 дүгээр багийн нутаг “ Өрнө- дэрс “ гэх газар мотоциклиос унаж манай эхнэр болох М.У-ийн биед хүнд бэртэл авсан. Тэгээд замын хажууд байж байтал Дарьганга сумын 4 дүгээр багийн иргэн Г.Э таарч бид 2-ыг сумын төвд авчирсан. Миний бие 2 айлын найранд орчихоод нилээн согтолттой явж байсан. Тухайн үед болсон асуудлыг санахгүй байна. Надад тээврийн хэрэгсэл жолоодох АВС ангилал байгаа, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг мэднэ, буруугаа хүлээж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/

 

- Хохирогч М.У-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Миний бие 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нөхөр  болох Б.С-гийн хамт Дарьганга сумын 4 дүгээр багийн Өрнө дэрс гэх газар найранд орохоор очиж орчихоод 13 цагийн орчим Дарьганга сумын төв рүү явж нэг мэдэхэд сумын эмнэлэгт тархины хагалгаанд орсон байдалтай сэрсэн болсон асуудлыг сайн санахгүй байна. Найранд орсон болохоор манай нөхөр болон би бага зэргийн архи хэрэглэсэн байсан. Би С-тэй сайн дураараа эвлэрсэн, хохирлын маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Надад гаргах гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/

 

- Гэрч Г.Э-ын  мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим Дарьганга сумаас өөрийн эзэмшлийн Пронтер маркийн 24-14 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хоймор гэх газар ах болох Г.Э-ын гэрт очихоор явж байхад Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг Өрнө дэрс гэх газар Б.С түүний эхнэр М.У нар Даюун маркийн 36-43 СҮЗ улсын дугаартай мотоциклиос унасан байдалтай замын хажууд хэвтэж байхаар нь босгож машиндаа суулгаад Дарьганга сумын төвд авчран гэрт нь буулгаж өгсөн. С тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээд согтуу байсан...  гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, 

 

- Гэрч М.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчим манай ажлын газраас над руу залгаад мотоциклиос унасан хүн үзүүлэх гэсэн юм гэхээр нь  миний бие эмнэлэг дээр ирэхэд Дарьганга сумын иргэн Мовогтой У нөхөр Б.С-тэй хамт мотоцикльтой явж байгаад унгасан гэх биеийн байдал хүнд, ухаантай боловч орчны харьцаа сул, хөдөлгөөн идэвхгүй, ухаан санаа бүдгэрсэн, асуултанд хариулахгүй, дуудахад нүдээ нээнэ, толгойдоо гэмтэл авсан, хүүхэн хараа зүүн өргөссөн, нүүр зүүн талдаа хавдсан, зүүн нүд эргэн тойрон хавдсан, халцарсан, хамраас цус гарсан, амнаас архины үнэр үнэртсэн байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, 

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10-р сарын 12-ны өдрийн 378 дугаартай дүгнэлтэнд: 1. М.У-ийн  биед “ тархины хүнд зэргийн няцралт, тархины зүүн тал хатуу бөмбөлгийн  хатуу хальсан доорхи цусан хураа, нүүрний зөөлөн эдийн няцралт зулгаралт бүхий ” гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.3-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. ..” гэжээ /хх-ийн 24-р хуудас/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10-р сарын 12-ны өдрийн 86 дугаартай дүгнэлтэнд: Б.С-гээс авсан цусанд 1.2 промилли спиртийн агууллага илэрлээ. Уг промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/

 

- Техникийн шинжээчийн 19 дугаартай дүгнэлт: 1. Даюунг маркийн 36-43 СҮЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна.  2. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Согтуурууах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 9.2-д “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3.Зам тээврийн осол болох үед зогсоох арга хэмжээ аваагүй байна. 4. Дүгнэлт гаргах явцад өөр зүйл илрээгүй болно  /хх-ийн 58-р хуудас/

 

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/

 

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-18-р хуудас/

 

- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн Засаг даргын

тодорхойлолт /хх-ийн 69-р хуудас/

 

- Б.С-гийн 313758 дугаартай Жолоочийн үнэмлэх/ хх- 71/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Б.С-гийн

хүсэлт  /хх-ийн 75-р хуудас/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай М.У-ийн

хүсэлт  /хх-ийн 76-р хуудас/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай 5/20 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 78-р хуудас/

 

- Б.С-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

  Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

 

           Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлий 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу Б.С-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч  сайн дураараа эвлэрсэн, хохирлын маргаангүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байгаа зэргийг үндэслэн холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед  Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн Өрнө дэрс гэх газарт өөрийн эзэмшлийн Даюунг маркийн 36-43 СҮЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д “ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно, 9.2-т “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ”  гэж  заасныг зөрчснөөс зам тээврийн осол гаргаж М.У-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.С-гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч М.У, гэрч Г.Э, М.Г нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 378, 86 дугаартай дүгнэлтүүд, Техникийн шинжээчийн 19 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан, хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Б.С-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 буюу авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Хэрэг гарсан шалтгаан, нөхцлийг тодруулбал, Б.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодож, мөн хөдөлгөөнд аюул, саад бий болох үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарган, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а, 9.2-т заасныг тус тус зөрчсөн болох нь шүүгдэгч Б.С-гийн “ Би өөрийн эхнэр Утэйгээ 10 сарын 08-ны өдөр айлын найранд ороод буцаад сум руу явж байгаад осолд орсон. Миний бие 2 айлын найранд орчихоод нилээн согтолттой явж байсан. Тухайн үед болсон асуудлыг санахгүй байна. Надад тээврийн хэрэгсэл жолоодох АВС ангилал байгаа, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг мэднэ, буруугаа хүлээж байна “ гэх, хохирогч М.У-ийн “ 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Б.С-гийн хамт Дарьганга сумын 4 дүгээр багийн Өргөн дэрс гэх газар найранд орчихоод 13 цагийн орчим Дарьганга сумын төв рүү явсан. Нэг мэдэхэд сумын эмнэлэгт тархины хагалгаанд орсон байдалтай сэрсэн, болсон асуудлыг сайн санахгүй байна. Найранд орсон болохоор манай нөхөр болон би бага зэргийн архи хэрэглэсэн байсан “ гэх мэдүүлгүүд, Техникийн шинжээчийн 19 дугаартай дүгнэлт зэргээр хэрэгт тогтоогджээ.

 

Б.С гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Учир нь тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодож буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, үүний улмаас унаж, бэртэх, осол гарах, хохирол, хор уршиг учирах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр осол гаргасан байна.  

 

         Шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлож буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан,  мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

 

Иймд шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 буюу согтуурулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлөгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.

 

Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.С-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь түүний эхнэр ба  сайн дураараа эвлэрсэн, хохирлын маргаангүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй мэдсээр атлаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байгааг үндэслэн түүний А.В,С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бүхэлд хасахаар тогтоолоо. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, 

тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч М.У гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б.С-г авто тээврийн хэрэгслийн хөдөлөгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2, 3-т зааснаар Б.С-гийн А,В,С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

4. Ялтан Б.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч М.У гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН