Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/29

 

 

                                    А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарт

                                    холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг,  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Энхтуяа

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шийдвэрлэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарт холбогдох эрүүгийн 2231000000007 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Апимаагийн Ганбаатар, Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, группд байдаг, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 6-18 тоотод дүү А.Цэрэндолгорын гэрт түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:ЖИ66100711/,

 

Харганыхан овогт Апимаагийн Цэрэндолгор, Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Ногоон нарс" ХХК-ны паниарын үйлдвэрт паниар өрөгч ажилтай, ам бүл 3, нөхөр, охины хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 6-18 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:ЖИ71080907;

 

Шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нар нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р баг, 6-р гудамж, 18 тоот гэртээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө архидан согтуурч байхдаа хоорондоо маргалдан, харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:  А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Боржигон овогт Алимаагийн Ганбаатар, Боржигон овогт Алимаагийн Цэрэндолгор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Алимаагийн Ганбаатар, Боржигон овогт Алимаагийн Цэрэндолгор нарт гурван 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг анхааруулж хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож,

....Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяа 2022 оны 04 сарын 01-ний өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ:

“...Шийтгэх тогтоолыг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарт 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэсүгэй гэж тогтоохдоо дээрх хуулийн заалтын агуулгад нийцүүлж, оршин суух ямар газраас гарч явахыг хориглож байгаа талаар тодорхой зааж тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах талаар дурдаж дүгнэсэн боловч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар тусгаж өгөөгүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Алимаагийн Ганбаатар, Харганыхан овогт Алимаагийн Цэрэндолгор нарыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг 3 сарын хугацаагаар хязгаарлах ял тус тус оногдуулсугай.” гэсэн хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор гаргасан дүгнэлтэндээ... ....Өмнө гаргасан 2022 оны 04 сарын 01-ний өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцлээ дэмжин оролцож байна. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулна уу.... гэв.

 

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарт холбогдох 223100000007 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч тус бүрт 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулахаар шийдвэрлэсэн нь тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон  байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор эсэргүүцлээ шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах талаар тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн боловч тогтоох хэсэгтээ энэ талаар тусгаж өгөөгүй нь шийтгэх тогтоол ойлгомжтой, хэрэгжүүлэхэд эргэлзээ төрөхөөргүй байх хуулийн шаардлагад нийцээгүй, хууль зөрчсөн гэж тайлбарлажээ.

Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял” гэнэ гэж тодорхойлсон.

Тухайн ял нь шүүхээс тодорхой заасан маршрутаар зорчихыг даалгаж ажил, амьдралаа үргэлжлүүлэх, орлого олох, гэмт хэргийн замаар учруулсан хохирлоо төлөх бололцоог олгодгоороо онцлогтой. 

Түүнчлэн шүүгдэгчийн ялын хэрэгжилтэд эрх бүхий этгээдээс хяналт тавих бөгөөд шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах хэмжээ хязгаарыг тогтоогоогүй нь түүнд тавих хяналт боломжгүй, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгч А.Ганбаатар, А.Цэрэндолгор нарыг Алтанбулаг сумаас гарахыг хориглож, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгох нь зүйтэй байх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.  

Мөн шүүгдэгч А.Цэрэндолгор “Харганыхан” гэдэг ургийн овогтой байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Боржигон” гэж ташаа бичигдсэнийг залруулав.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1.2 дахь заалтуудад тус тус өөрчлөлт оруулж прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Шүүгдэгч Боржигон овогт Алимаагийн Ганбаатар, Харганыхан овогт Алимаагийн Цэрэндолгор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон гэж”

2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Алимаагийн Ганбаатар, Харганыхан овогт Алимаагийн Цэрэндолгор нарт гурван 3 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлаж, зорчсон тохиолдолд хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авахыг анхааруулж, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж гэж” тус тус өөрчлөлт оруулсугай.

 

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ