Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 154

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2017/0157/Э

 

          Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

     Нарийн бичгийн дарга                 А.Цэрэндулам 

     Улсын яллагч                                        Д.Отгонтуяа

     Шүүгдэгч                                                Х.Э нарыг оролцуулан

     

        Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э холбогдох 17390013900038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1979 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн,39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг дэх Амгалан хотхонд манаач ажилтай, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны 04-06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Х.Э

 

      Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

      Шүүгдэгч Х.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 04-03 тоот хашааны ойролцоо иргэн Х.З зүүн гарын шууны дээд хэсэг болон баруун хөлний булчинд хазаж унагаан, зүүн талын дунд чөмөгт ясны хүзүүвч хэсэг хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       Хохирогч Х.З  мөрдөн байцаалтад өгсөн: “... би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 4-6 тоотод байх Тогоондорж гэх айлаар орж яваад буцахдаа Дулааны 4-6 тоотод байх Энхтуяа гэх хүний шар зүстэй нохой хашаанаасаа гарч ирж над руу дайраад миний зүүн гарын шуунаас зууж хазаад мөн баруун хөлний эрээн булчингаас зууж намайг унагаасан. Унах үедээ эвгүй ойчсоноос босож чадахгүй байсан. Тэгээд хүүхдээ дуудаж эмнэлэгт очиж үзүүлэхэд миний зүүн хөлний түнх мултарч дунд чөмгөөрөө хугарсан байсан, эмчилгээний зардал 470.000 төгрөгийг нэхэмжилснээс 70,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 400.000 төгрөгийг нохойны эзэн энэ ондоо багтаан төлөхөөр тохиролцсон болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-6 тал/, 

 

     Гэрч О.Болдсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017.09.25-ны өдөр намайг Дулааны 4-6 тоот гэртээ байх үед хашааны ард хүн орилох чимээ гарахаар нь гараад хартал Х.З гуай манай Шаариг гэх нохойнд хазуулсан байсан. Би очоод З гуайг түшиж босгоход өөрөө ганцаараа явж чадахгүй байсан. Шаариг гэх энэ нохойг манай хойд аав Эрдэнэчулуун анх гөлөг байхад нь авчирч тэжээж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 тал/ 

 

      Гэрч Х.Эы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 4-6 тоотод амьдардаг. Би болон манай эхнэр 2017.09.25-ны үед Улаанбаатар хотод байсан. Тэр үед манай хашаанд байсан миний гөлөг байхад нь авчирч тэжээгээд 3 жил болж байгаа шар зүстэй Шаариг гэдэг нохой маань Х.З гэдэг хүнийг хазаж гэмтээсэн байсан. Би Улаанбаатар хот явахдаа уг нохойгоо хашаандаа уяж орхисон байсан бөгөөд манай нохойны уяа тэр өдөр тасарсан байсан. Тэгээд Х.З гэдэг хүнийг хазсан байсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 тал/,  

 

      Шинжээчийн 2017.09.27-ны өдрийн №276 дүгнэлт: 1.Х.З биед зүүн талын дунд чөмөгт ясны хүзүүвч хэсгийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15% алдагдана /хх-ийн 12 тал/, 

 

     Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа  / хх-ийн 32 тал / 

 

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-43 тал/, 

 

                Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 49 тал/, 

 

Хохирогч Х.З прокурорын газарт гаргасан хүсэлт, шүүгдэгч Х.Эд гомдол, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хохирол 400.000 төгрөгийг төлүүлэхээр тохиролцсон тухай /хх-ийн 47 тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

 

      Шүүгдэгч Х.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 04-03 тоот хашааны ойролцоо явж байсан иргэн Х.З хазаж унаган,  зүүн талын дунд чөмөгт ясны хүзүүвч хэсгийн хугарал буюу  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байх тул шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 

      Шүүгдэгч Х.Э нь хохирогч Х.З эмчилгээний зардал 70.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 400.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон ба хохирогч, шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан болно. 

 

       Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй бөгөөд шүүгдэгчид гомдол, саналгүй  гэснийг дурьдах нь зүйтэй. 

 

            Шүүгдэгч Х.Э нь улсын яллагчтай 650 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ялаар шийтгүүлэхээр тохиролцсон гэх бөгөөд ямар нэгэн маргаангүй уг торгуулийн ялыг 1-2 сарын хугацаанд гүйцэтгэх боломжтой гэжээ. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                         

ТОГТООХ НЬ

  

1. Шүүгдэгч Х.Э орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг танилцуулснаас хойш 2 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь торгох ялыг  биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольж  болохыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Х.З эмчилгээний зардал 400.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Э-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Л.УЯНГА