| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00338/и |
| Дугаар | 133/ШШ2024/00302 |
| Огноо | 2024-07-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 133/ШШ2024/00302
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Говь-Алтай аймгийн ***ын газрын гаргасан нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, *** овгийн ***-ийн ***-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 2,094,495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Говь-Алтай аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга Н.Үйтүмэн, тус сумын иргэн *** нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 16/64 дугаартай Говь-Алтай аймгийн сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээ байгуулж
Гэрээний дагуу *** нь хоршоо хөгжүүлэх сангаас 2019 оны 12 дугаар сарын 16-нд Засаг даргатай гэрээг байгуулж Хөнжлийн даавуу оёх төслийн хүрээнд 4000.000 төгрөгийн зээл авч үүнээс 2020 онд 182,000 төгрөг, 2022 онд 200.000 төгрөг, 2023 онд 799,500 төгрөгийг төлж барагдуулсан бол үлдэгдэл 2.094.495 төгрөгийг зээлийн хугацаанд буюу 2022 оны 12 дугаар 16-ны өдөр зээлийг бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй байна.
Сум хөгжүүлэх /хоршоо хөгжүүлэх/ сангийн эргэлтийн хөрөнгө нь сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, өргөтгөх, сэргээх чиглэлээр төсөл боловсруулан шалгарсан иргэн, аж ахуй нэгжийн төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлж зээл олгоход зориулан зарцуулагддаг. Зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй нь бусад иргэнд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл тул Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу прокурор төрийг төлөөлөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй”, 222.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 2.094.495 төгрөгийг зээлдэгч ***-гээс гаргуулан, Халиун сумын Төрийн сангийн 100051655401 тоот дансанд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д “Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно” гэсний дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна.
***-ээс Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 2.094.495 төгрөгийг гаргуулж Хөхморьт сумын Сум хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь дансанд оруулж өгнө үү.
Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус аймгиийн Прокурорын газраас иргэн ***-д холбогдуулан түүнээс 2,094,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас ***-ийн хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2,094,500 төгрөг төлсөн баримтыг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болохыг үүгээр мэдэгдье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлтэй, ***-д холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 2,094,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэгийн шүүхэд ирүүлсэн “...Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус аймгиийн Прокурорын газраас иргэн А***-д холбогдуулан түүнээс 2,094,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас ***-ийн хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2,094,500 төгрөг төлсөн баримтыг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болохыг үүгээр мэдэгдье...” гэх хүсэлтээр нотлогдож байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/431 дугаартай албан бичгээр иргэн ***-ээс хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн үлдэгдэл 2,094,495 төгрөг гаргуулж төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлөх талаарх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын байгууллагыг төлөөлөн нэхэмжлэгчээр тус прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганчимэгийг оролцуулахаар томилж, итгэмжлэл олгов. Б.Ганчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлтэй, ***-д холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 2,094,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ