Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 519

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02628 дугаар шийдвэртэй, Т.Ц-ын нэхэмжлэлтэй, “И Г” ХХК-д холбогдох, ажлаас халсан тушаалыг үндэслэлгүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Т.Ц- нь “И Г” ХХК-д 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ерөнхий менежерийн ажилд орсон. Ажил олгогч 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 19/15 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгож гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчийн хувьд хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гаргаагүй. Анхан шатны кассын баримтыг будлиантуулсан гэх боловч ямар баримтад үндэслэж байгаа нь тодорхойгүй. Мөн ажилчдын дунд хийгдсэн хуралдаанаас ямар шийдвэр гарсан зэрэг үйл баримт нь тодорхой бус. Зогсоолын 2 өдрийн төлбөрийн орлогыг бүрэн аваагүй гэж үзэж ноцтой зөрчил гэсэн боловч энэ нь нотлогдоогүй. Иймд ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүйд тооцон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 19/15 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон гэрээнд заасантай нийцсэн. Манай компанийн үндсэн үйл ажиллагаа нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд “Худалдаа үйлчилгээний талбай түрээсийн гэрээ”-гээр түрээслүүлж, төлбөр нь компанийн санхүүгийн эх үүсвэр болдог. Хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс “Нийслэлийн авто замын хөгжлийн газар”-тай ТЗГ-2017/27 тоот “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх гэрээ” байгуулжжил бүр дүгнэж 2018, 2019 онд сунгалтыг хийж, хамтран ажиллаж хэрэгжилтэд тус газар хяналт таввж, зогсоолын сар бүрийн орлогын 60 хувийг “Авто замын сан”-д, 40 хувийг өөрийн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулдаг.

Т.Ц-ын ажил үүрэг болон түүний гаргасан ноцтой зөрчлийн тухайд, компанийн ерөнхий менежер Т.Цэрэнпагам 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авч, түүнийг эзгүй хугацаанд төрсөн дүү Т.Ц-тай 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 02 дугаар “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж албан үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Гэрээний хугацаа хүүхэд асрах чөлөөтэй ажилтныг ажилдаа орох буюу 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай байсан. Т.Ц- нь компанийг төлөөлөн төрийн байгууллагатай харилцах, түрээслэгч нартай түрээсийн гэрээ байгуулах, түрээсийн төлбөр авах, авто зогсоолын төлбөрийг тухайн өдрийн ээлжийн харуулаас авч компанийн дансанд тушаах, хүний нөөц болон бэлэн мөнгө зэрэг ажиллагааг хариуцаж байсан. Гэтэл анхан шатны санхүүгийн баримтыг будлиантуулж зогсоолын мөнгөн орлогоос 2018 оны 12 дугаар сарын 27, 28, 29, 30, 31,2019 оны 01 дүгээр сарын 01- ний орлого 140 000 төгрөгийг 101 000 төгрөг болгон орлогдсон, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орлого 102 000 төгрөгийг 42 000 төгрөгөөр кассын бичилт хийж, нийт 99 000 төгрөгийг компанийн дансанд тушаалгүй шамшигдуулж, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан. Зөрчил нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 1 дүгээр улирлын санхүүгийн тайлан гаргахаар кассын авто зогсоолын орлогыг харуул нарын рабортын дэвтэртэй тулгалт хийх үед илэрсэн. Энэ нь харуул Т.Золжаргал, Г.Санжаажав нарын гэрчээр мэдүүлсэн тайлбар, авто зогсоолын төлбөрийг хөтлөх дэвтэр, кассын тайлан зэргээр бүрэн тогтоогдсон. Нэхэмжлэгч өөрөө ч зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийн гараар хохирлыг барагдуулна гэсэн тайлбарыг гаргасан.

Т.Ц- бэлэн мөнгө хариуцуулж байсан удирдлагын итгэлийг алдсан тул хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.3-д заасан ноцтой зөрчил гаргаад зогсохгүй төрийн санд орох мөнгөн орлогоос хулгай хийж байгаа нь хөдөлмөрийн ноцтой зөрчил юм. Уг зөрчлөөс гадна 2019 оны 2 дугаар сарын 01-ээс 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн нийт орлого 336 000 төгрөгөөс кассанд 240,000 төгрөг орлогод хийх гэх мэт бэлэн мөнгийг кассын орлогод бүрэн түшаахгүй дутааж байсан нь кассын тайлан, харуул нарын авто зогсоолын төлбөрийн дэвтрээс тодорхойлогддог. Түүний амаар гаргасан төлбөрийн зөрүүтэй баримтыг өөрөө дахин нягталж үзээд зөрүү гаргасан эсэхийг тогтоох хугацаа өгөх хүсэлтийг нь харгалзан ажлаас халах тушаалыг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гаргаж, түүнд зөрчил гаргаагүй гэх тайлбар гаргаж өгөх боломжийг олгож байсан ч удирдлагад баримт гаргаж өгөөгүй. Иймд цаашид хамтран ажиллах боломжгүй гэдэг нь нэгэнт тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр танилцуулсан. Мөн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 19/20 дугаартай тушаалаар Т.Ц-ын ажил хүлээлцэх хугацааг сунгаж 2019 оны 5 дугаар сарын 31- ний өдрөөс тасалбар болгох тушаал гаргасан. Хөдөлмөрийн гэрээний харилцаатай хугацаанд түүнд олгох цалин хөлсийг дутуу олгосон зүйл байхгүй, 2019 оны 5 дугаар сарын цалин, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг бүхэлд нь тооцож цалингийн дансаар олгосон. Иймд тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “И Г” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 19/15 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүх ашиг сонирхлын зөрчилтэй буюу тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн мэдүүлгийг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу. Нэхэмжлэгчийн ямар ажил үүргийн хуваарьт заасан зөрчил гаргасан болохыг тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил гүйцэтгүүлж түүний гүйцэтгэлд ноцтой зөрчил гаргасан гэж дүгнээд хэргийг шийдвэрлэсэн байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Ц- нь хариуцагч “И Г” ХХК-д холбогдуулан, ажил олгогчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдийн 19/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 37-39/

 

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ /хх25-27/, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Ерөнхий менежерийн ажилд томилох тухай” 03 дугаар тушаал /28/, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 19/15 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал /хх10,29/, мөн оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 19/20 дугаартай “Ажил хүлээлцэх хугацааг сунгах тухай” тушаал /ххЗО/, “ээлжийн амралтын тооцоолол” /хх31/ гэх бичгийн баримтууд, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Т.Ц- нь хариуцагч байгууллагад 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр томилогдож, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ерөнхий менежерийн ажил үүргийг гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдох бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. /хх25-29/

 

Харин, нэхэмжлэгч ажил албан тушаалаас чөлөөлөгдөх ноцтой зөрчил гаргасан эсэх, улмаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдийн 19/15 дугаартай тушаал нь хуульд нийцсэн эсэх талаар маргажээ. Маргаан бүхий дээрх тушаалаас үзвэл, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.3-т заасныг тус тус баримтлан, “...Т.Ц- нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 01-ний хооронд авто зогсоолын орлогын тооцоог дутааж хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл зааж, мөн оны 5 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зохицуулсан. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.3-т “мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, ...данс бүртгэл будлиантуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн зэрэг шалтгааны улмаас ажил олгогчид хохирол учруулсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогч дангаар цуцлах талаар зааж, ажилтан болон ажил олгогч нар харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх27/

 

Хэрэгт авагдсан “И Г” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх32-35/, нэхэмжлэгч Т.Ц- нь тус компанийн санхүүгийн албанд гаргасан “2019-01-01-с 2019-02 сарын касснаас /зогсоолын/ нийт 102 000 төгрөгийн зөрүү гарсан, шалгаж үзээд барагдуулна” гэх баримт /хх35/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр хариуцагч байгууллагын захирал Д.Болор-Эрдэнийн [email protected] цахим хаягт “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл” /хх72- 74/ зэргийг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч нь автозогсоолын төлбөр дутагдуулсан, 2019 оны 01, 02 дугаар сарын тооцоог зөрүүлсэн нь тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх “...хариуцагч “Ийст гарден" ХХК нь нэхэмжлэгч Т.Ц-ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас халсан...” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч уг шийдвэрийг эс зөвшөөрсөн буюу давж заалдах гомдлын үндэслэлээ, ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүдийн мэдүүлэг үнэлсэн, ажил үүргийн хуваарьт заасан ямар зөрчил гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил гүйцэтгүүлж, ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэснийг буруутгасан агуулгаар тайлбарлажээ.

 

Талууд ерөнхий менежерийн ажил үүргийн хуваарь буюу ажлын байрны тодорхойлолт үйлдэж байгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчаас ирүүлсэн тайлбараар тогтоогдсон. /хх55, 66, 67/ Энэ тохиолдолд шүүх “...талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг Т.Ц- гаргасан нь тогтоогдсон” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Түүнчлэн, шүүх тухайн байгууллагад харуул, нягтлан бодогчийн ажил эрхэлдэг хүмүүсийг ажил үүрэгтэй нь холбогдуулан хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчээр асуух ажиллагааг явуулахдаа хуульд заасан үүргийг тайлбарлаж, мэдүүлэг авсан байх бөгөөд тухайн этгээдүүд ашиг сонирхлын зөрчилтэй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. /хх19, 64, 75, 77-87/

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2019/02628 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т.Ц- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО                                                           

                                       ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                         Т.ТУЯА