Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 96

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Г.Амарсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Э.Тнарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн Э.Т-д холбогдох эрүүгийн 1730000670051 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 09-р сарын 10-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5,  аав, ээж, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Э.Т.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Э.Тнь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Өргөн гэх газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байж Супер даюнг маркийн 39-43 СҮЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а-д заасан “ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирсон Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн эрхийн үнэмлэх биедээ авч явна,   2.3 в-д заасан “ Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх,  хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас  хэтрүүлэхгүйгээр сонгож” явна гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Ц.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  - Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би дүүтэйгээ болон хойд айлын эгчтэй хамт сум руу явж байгаад осолд орсон. Хажуу айлын эгч намайг сум явах бол эгчийгээ ямар ч байсан авч яваарай гээд байсан. Би авч явахгүй гэж хэлсэн. Ослоос болж О эгчид хөмсөгний дээд талд нь зулгарч, гэмтэл учирсан бас дэлүүний хагалгаанд орсон. Би саяхан цэргийн алба хааж ирээд жолооны үнэмлэх авч амжаагүй байсан. Хохирогч бид хоёр хохирлын талаар тохиролцсон. Хохиролд 200.000 төгрөг өгсөн байгаа.Би гэм буруугаа хүлээж байна..гэв. 

 

  - Хохирогч Ц.О-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг Тохойн гол гэх газраас 2017 оны 08 сарын 30-ны өглөө 09 цагийн үед Э.Т-ийн жолоодож явсан цагаан өнгийн Супер Даюун маркийн 39-43 СҮЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард суугаад Эрдэнэцагаан сумын төв рүү явж байхдаа Өргөн гэх газарт замын шанд гуядуулж мотоцикльтой унаж гэмтэл авсан. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний зүгээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

- Насанд хүрээгүй хохирогч Э.Б-ы хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 30-ны өглөө ах Т-ийн ард суугаад сумын төв явсан. Ах замаараа нэг айл руу орж нэг эгчийг аваад бид 3 сумын төв явж байсан. Тухайн үед би нойрмог, ах  болон эгч 2-ын дунд суугаад явж байсан. Гэнэт  мотоцикль унасан, тэгтэл ард суугаад явж байсан эгч толгой өвдөөд байна гээд хэвтээд байхаар нь түргэн тусламж дуудсан. Миний зүүн хөл шалбарсан. Уг мотоцикль манай ах Т-ийн мотоцикль. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, схем зураг. 2017.08.30./хх- 03- 07/

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. 2017.08.30./хх- 08- 10/

- Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шүүх хиймийн шинжээчийн 2017 оны 09-р сарын 06-ны өдрийн 69 дугаартай дүгнэлтэнд: 1. Э.Т-өөс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй....гэжээ /хх-ийн 56/

 

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэнд: 1. Супер Даюунг маркийн 39-43 СҮЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Э.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а-д заасан “ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирсон Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн эрхийн үнэмлэх “,   2.3 в-д заасан “ Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх,  хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас  хэтрүүлэхгүйгээр сонгож” явна гэсэн заалтуудыг тус тус зөрчөн байна..гэжээ/ хх- 58/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09-р сарын 03-ны өдрийн 323 дугаартай дүгнэлтэнд:1. Ц.О-ын биед  духны зүүн хэсгийн цөмрөл,  хуйхан доорхт цусан хураа, дэлүүний няцрал, хэвлийд сул шингэн хуралт, духны зүүн хэсгийн зулгарсан шарх, хэвлийн зүүн хажуу хананд зулгарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, зөлөөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг духны зүүн хэсгийн цөмрөл, хуйхан доорхт цусан хураа гэмтэл нь  ШЭГЗТЖ-н 3.1.2-д зааснаар дэлүүний няцрал, хэвлийд сул шингэн хуралт гэмтэл нь 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, духны зүүн хэсгийн зулгарсан шарх, хэвлийн зүүн хажуу хананд зулгарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, зөлөөн эдийн няцрал гэмтэл 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-ийн 49-р хуудас/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09-р сарын 03-ны өдрийн 324 дугаартай дүгнэлтэнд: 1. Э.Б-ы биед  “ баруун хөлийн шалбарч урагдсан шарх”  гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтлүүд нь  ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй нь” гэжээ /хх-ийн 52/

 

- Жолоочийн бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт/ хх- 75/

 

- 01451396 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/ хх- 71/

                 

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2017.09.21-ний өдрийн А/86 дугаартай тодорхойлолт /хх-ийн 76/

 

- Э.Тийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх- 83/

 

-  Э.Тийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78/ зэргийг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

 

                Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу Э.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Өргөн гэх газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр Супер даюнг маркийн 39-43 СҮЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а “ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирсон Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн эрхийн үнэмлэх биедээ авч явна, 2.3 а “ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх,  хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.1 “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас  хэтрүүлэхгүйгээр сонгож ” явна гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Ц.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.-Тийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ц.О, насанд хүрээгүй хохирогч Э.Б нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 323, 324 дугаартай дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Э.Т-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлөгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Тухайлбал, тэрээр А ангиллын эрхийн үнэмлэхгүй атлаа мотоцикль жолоодох, мөн мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.3 в, 9.1-д заасныг тус тус зөрчсөн байна.

                                 

                Э.Т нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Учир нь тэрээр эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикль жолоодсон, мөн мотоцикль жолоодохдоо өөрөө болон зорчигчид хамгаалах малгай өмсгөөгүй зэрэг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, үүний улмаас хохирол, хор уршиг учирах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргаж хохирогчид хүнд хохирол учруулжээ. 

                 

         Шүүгдэгч Э.Т-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлож буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн,  мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

                Иймд шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлөгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

                 

                Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

                 Шүүхээс шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.

 

                 Э.Т нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

               

                Шүүгдэгч Э.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид 200.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

                Э.Т тухайн ангиллын буюу А ангиллын жолоодох эрхгүй үедээ мотоцикль жолоодож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар  А ангиллын жолооны эрхийн сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэхээр тогтоолоо.

                                 

                Шүүгдэгч Э.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,   энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ц.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая.

 

 

                 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Э.Т-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлөгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 / нэг/ жилээр хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан дээрх тэнсэгдсэн хугацаанд шүүгдэгч Э.Төд А ангиллын жолооны эрхийн сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Төд  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,   энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ц.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

          

                6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН