Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/30

 

 

                                       Мартынов Василий Васильевич-д холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Тунгалаг /цахим/

Хохирогч Ц.Ариунгэрэл

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шийдвэрлэн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч Ц.Ариунгэрэлийн давж заалдах гомдлоор Мартынов Василий Васильевич-д холбогдох эрүүгийн 2232000250025 дугаартай 149/2022/0028/Э индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Мартынов Василий Васильевич, Оросын холбооны улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Оросын холбооны улсын Эрхүү мужийн Черемховский дүүргийн Гавриловская тосгонд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Оросын холбооны улсын Эрхүү хотод үйл ажиллагаа явуулдаг “ИП ЗУЕВ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Оросын Холбооны улсын Эрхүү мужийн Черемховский дүүргийн Михайловка суурин Садоваяа гудамжны 2-2 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, иргэний паспортын дугаар 2506843914, гадаад паспортын дугаар 752456262.

 

Мартынов Василий Васильевич нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хустайн даваа”-ны орчимд төв асфальтан зам дээр “Мерседес бенз” маркийн А969 ХК38 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а 11.14, 12.2, 12.3 заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Тоуоtа рrius-30” маркийн “91-59” УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ц.Ариунгэрэлийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Мартынов Василий Васильевич-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч Мартынов Василий Васильевичийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Мартынов Василий Васильевичийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мартынов Василий Васильевич нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулан,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Мартынов Василий Васильевичаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4,589,708 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 дугаар хороо 54-45 тоотод оршин суух, /МБ:93112206, утас:99184858/ Дэлгэр овогт Цогтгэрэлийн Ариунгэрэлд олгож,

Энэ хэрэгт Мерседес бенз маркийн А969 ХК38 улсын дугаартай тээврийн хэрэгслийн №409378, 38ХА498534 дугаартай 2 ширхэг гэрчилгээ, №2506843914 дугаартай иргэний паспорт 1 ширхэг, №752456262, №765293524 дугаартай 2 ширхэг паспорт зэргийг эзэмшигчид нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, №9904912027 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхгийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх, Хэргийн газрын үзлэгийн дуу-дүрсний бичлэг 1 ширхэг дискийг хавтаст хэрэгт хадгалах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдан,

Шүүгдэгч ОХУ-ын иргэн Мартынов Василий Васильевичийн №9904912027 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалган,

Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Цагдаагийн хэсгийн тээврийн хэрэгслийг түр саатуулах буюу журмын хашаанд байгаа “Мерседес бенз” маркийн А969 ХК 38 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Тоуоtа рrius-30” маркийн “91-59" УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг иргэний хариуцагч Г.Тэнгист олгож,

Энэ хэргийн улмаас Мартынов Василий Васильевич нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдан,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Мартынов Василий Васильевичид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Ариунгэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн эс хүлээн зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Гомдлын үндэслэл: 2022.03.07-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан: шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ, төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх заалт зөрчигдсөн. Нөгөөтэйгүүр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу анхан шатны шүүх хуралдаанд миний бие биечлэн оролцох, цаашлаад хавтаст хэргийн материалтай танилцах эрхээр хангалгүйгээр хэт нэг талын эрх ашгийг барьж хэргийг шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй болсон. Мөн шүүх хууль буруу хэрэглэсэн.

Гомдлын агуулга хууль зүйн үндэслэлүүд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “...Шүүх.....эрүүгийн хэрэг Хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа МУ-ын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина, 1.1 дүгээр зүйлийн 1-д: “..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ..гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял шийтгэл ноогдуулах.....хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэх заалтуудыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл хохирогч Ц.Ариунгэрэл миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар хохирогчоор тогтоогдож улмаар хуульд заасан эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадаагүй. Эрх үүргээ бүрэн дүүрэн эдэлж чадаагүй нь зам тээврийн ослын улмаас буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас биедээ гэмтэл авч, гэмтэл авсныхаа улмаас өнөөдөр хүртэл бие даан босож явж чадахгүй, хэвтрийн дэглэмд өвчиндөө шаналан гэрээр ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж чадалгүй хүний асаргаанд байна. Тэгэхээр биеийн эрүүл мэндийн байдлаас Цагдаагийн байгууллага болон бусад шаардлагатай албан байгууллага албан тушаалтанд хүрэлцэн очиж хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай танилцаагүй өнөөдрийг хүрч шүүх хурал болсон.

Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж хохирогч би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах эрхээ эдэлж чадаагүйдээ маш их гомдолтой байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т ....шүүх хуралд оролцох эрхийг хуульчилж өгсөн ба хохирогч би анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүст өөрийн эрүүл мэндийн байдал бодит байдал дээр ямар байгаа, бүрэн дүүрэн эдгэрсэн эсэх, хөдөлмөрлөх чадвартай байгаа эсэхээ шүүх хуралдаан болж буй хурлын танхимд очиж өөрийн эрх ашгаа хамгаалан мэдүүлэг, тайлбар өгч, нэхэмжлэлээ гаргах, гомдолтой эсэхээ илэрхийлэхийг их хүссэн ба эрүүл мэндийн байдлын хувьд бүрэн дүүрэн хуралд онлайнаар оролцох боломжгүй учир шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг шүүх бүрэлдэхүүнд хүсэлт гаргасан боловч мөн л шүүгдэгчийн талд үйлчилж буй мэт намайг онлайнаар оролц гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсанд гомдолтой байна. Шүүх хуралд биечлэн оролцох эрхийг яагаад хангаагүй талаар шүүх бүрэлдэхүүн ямар нэгэн шийдвэр гаргаагүй, уг гаргасан шийдвэрт гомдол гаргах эсэхийг шийдвэрлээгүй атал шүүх хуралдааны журам зөрчиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчигдсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч надад учирсан хохирлыг хэн хэн хариуцах талаар ямар нэгэн бодитой дүгнэлтийг хийгээгүйд гомдолтой.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч, аль эсвэл шүүгдэгч, эсвэл тээвэрлэлтийн гэрээгээр ачаа тээврийн аль компани хариуцах эсэх, хэн хэн гэмт хэрэг гарахад ямар ямар байдлаар нөлөөлсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хохирогч миний бие хэнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилж авах эрхтэй болохыг шийдвэрлээгүй нь: ....шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн талаар:

Шийтгэх тогтоолоор шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хуульд заасан ял хариуцлагыг оногдуулахдаа хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийж хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д зааснаар “... эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх заалт зөрчигдсөн.

Учир нь. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргаагүй ч түүний тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар жолооч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хуулиар хатуу хориглосон атал шүүгдэгч жолоочийн үүргээ биелүүлээгүй нь түүний санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Негөөтэйгүүр жолооч хийсэн хэрэгтээ ямар ч гэмшиж харамссан зүйл байхгүй. Энэ нь гэмт хэрэгт холбогдсон цагаас хойш нэг ч удаа хохирогч надтай уулзаагүй, биеийн байдал ямар байгаа талаар асуугаагүй, эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрөөс нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байхад шүүх хохирол нөхөн төлсөн гэх эрх зүйн дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан болон иргэний хариуцагчийн мэдүүлэг, хохирогч миний мэдүүлгээс зөрүүтэй дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанартай холбогдуулан гомдлоо бичвэл би энэ гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх бүрэн дүүрэн сэргээгүй өөрөөр хэлбэл эрүүл мэндээрээ хохирч үлдэж байна.

Өнөөдрийг хүртэл би хөл дээрээ бүрэн, хүний туслалцаагүйгээр босож явж чадахгүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, ахиад хагалгаанд орох зайлшгүй нөхцөл байдал үүссэн байхад хэт нэг талыг барьж шүүгдэгчийг ялаас чөлөөлж, ямар ч ял шийтгэлгүйгээр өнгөрөөж байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй.

Цаашлаад хууль хэрэглээний тал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь тухайн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хор уршигийг арилгасан байхыг хууль шаарддаг. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд энэхүү хуулийн заалтыг журамлан эрүүгийн хэргийг шийдвэрлэх ёстой.

Тэгэхээр ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн заалтыг журамлаж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ. Эцэст нь хохирогчийн эрүүл мэндийн байдал, хохирогч нарт нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байхад ял  ногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж ял завшуулсанд маш их гомдолтой байна.

 

Дөрөв. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хэрхэн үнэлсэн талаар:

Хавтаст хэргийн 84-85 дугаар талд авагдан Шүүхийн шинжилгээний албаны 125 дугаар дүгнэлтээр

.....баруун түнхний үеийн мултрал, баруун дунд чөмөгний толгой хэсгийн цуурал төст дефект, бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл авсан тогтоосон хэдий ч шүүх үүнд бодитой дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл би эрүүл мэндээрээ хохирсноос хойш маш олон хоног болж байгаа ба хүндэвтэр зэргийн гэмтэл биш хүнд зэргийн гэмтэл авсан байхаар цаг хугацаа өнгөрч байна. Одоо цаашдаа биеийн эрүүл мэндийн хувьд босож явж чадах эсэхээ ч мэдэхгүй байна. Тэгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шатанд дахин нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна Мөн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл би ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй хэвтэрт байхад яагаад ажил хийхэд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гаргасныг ойлгохгүй байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг анхааран үзнэ үү.

 

Би цаашид эмчилгээ үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай, түүнчлэн эмчилгээ үйлчилгээ авах, асарч сувилуулах зэрэг зайлшгүй зардлууд гарах талаараа шүүх хуралдаанд оролцохдоо тодорхой тайлбарласан.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгтээ: “...Хохирогч Ц.Ариунгэрэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид эмчлүүлэхэд гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй..." гэсэн.

Гэвч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ энэ талаар тусгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хэнээс нэхэмжлэх, нэхэмжлэл гаргах эрхийг зааж өгөөгүйд гомдолтой байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Прокурор Г.Тунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  Хохирогч Ц.Ариунгэрэл нь насанд хүрсэн эрх зүйн чадамжтай хүн юм. Мөрдөгчийн хавтаст хэрэг танилцуулсан тэмдэглэлд “... хэргийг хялбаршуулсан журмаар биш, ердийн журмаар шийдвэрлэж өгнө үү...”  гэсэн хүсэлт гаргаж, гарын үсэг зурсан нь эрх зүйч мэргэжилтэй, дээд боловсролтой хүний хувьд энгийн иргэдээс илүү чадвар чадамжтай гэж ойлгож байна.

Гарын үсэг зурснаар үүсэх үр дагаврыг ойлгож, хүлээх хариуцлагыг мэдэж байгаа гэж үзэж байгаа учраас хэргийн материалтай танилцаагүй, эрхийг хангаагүй гэх үндэслэл болохгүй юм. Хохирогчийн эрхийг хангасан гэж үзэж байна.

Хохирлыг зөвхөн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэдэг. Иймд шүүгдэгч нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт нийт 31.482.681 төгрөгийг төлж барагдуулсан. Тиймээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

 

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Мартынов Василий Васильевич-д холбогдох 22320002500025 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

1.Шүүгдэгч Оросын Холбооны улсын иргэн Мартынов Василий Васильевич нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Мерседес бенз” маркийн А969 ХК38 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хустайн даваа”-ны орчимд “Тоуоtа рrius-30” маркийн “91-59” УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ц.Ариунгэрэлийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: шүүгдэгч Мартынов Василий Васильевичийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг тодорхойлсон.

Тус хэргийн шүүгдэгч Оросын Холбооны улсын иргэн Мартынов Василий Васильевичид Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа Монгол хэл мэдэхгүй өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх  чадвар хязгаарлагдмал гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч томилж оруулсан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа тодруулбал Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, эд зүйлд үзлэг хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, эд хөрөнгө битүүмжлэх, эд зүйлд үнэлгээ тогтоолгох, яллагдагчаас мэдүүлэг авах, хэргийн материалтай танилцуулах, хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг ноцтой зөрчигдсөн, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчмыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д ...Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй...,

 1.3.-т монгол хэл, бичиг мэдэхгүй шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасныг тус тус зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байхад анхан шатны шүүх тухайн зөрчлийг арилгуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.

Иймд тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаасугай.

2.Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Мартынов Василий Васильевич-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                                   

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН