Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/03165

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/03165

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .. хаягт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ж.*******/йн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... хаягт оршин суугч ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,674,597.89 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,

Хариуцагч З.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч З.*******эд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 4,674,597.89 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК  шүүхэд болон төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч З.******* нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1185130722000931 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн хүүгийн төлбөрт 408.09 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан 1185130722000931 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1185130722000931 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,116,852.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 557,745.81 төгрөг нийт 4,674,597.89 төгрөгийг зээлдэгч З.*******ээс гаргуулна гэв.

 

2.Хариуцагч З.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 8 дугаар сард ******* ******* ******* ББСБ ХХК-иас 2,000,000 төгрөгийн зээл авсан ба ажлаас халагдсан улмаас төлж чадаагүй. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* ******* ******* ББСБ ХХК-иас залгаж үүргийн гүйцэтгэл хангаагүй шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон тухай мэдэгдсэн. Миний бие ойлгохдоо шүүхээр асуудал шийдэгдэнэ гэж хүлээсэн. Гэтэл 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандсан ба өнгөрсөн хугацааны хүү алданги тооцон зээлийн төлбөрт нийт 4,674,597.89 төгрөг нэхэмжилсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тус байгууллагын гаргаж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байгаа тул ******* ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойших хугацааны хүү алданги төлөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэлүүд, Цахим зээлийн гэрээ, Хүү тооцооллын хүснэгт, Дансны хуулга зэрэг баримтыг, хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч З.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,116,852.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 557,745.81 төгрөг нийт 4,674,597.89 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

6.Хариуцагч З.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хандана гэж намайг төөрөгдөлд оруулсан тул дээрх хугацаанаас хойших хугацааны хүү алданги төлөхгүй гэж маргажээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, итгэмжлэлүүд, Цахим зээлийн гэрээ, Хүү тооцооллын хүснэгт, Дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

8.Зээлдүүлэгч ******* ******* ******* ББСБ ХХК, зээлдэгч З.******* нар нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1185130722000931 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл олгохоор харилцан тохиролцон байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хх-ийн 6-8 тал/

9.Энэхүү гэрээнд банк бус санхүүгийн байгууллага нь зээл олгох шалгуурыг хангасан зээлдүүлэгчийн цахим хүсэлтийн дагуу цахимаар зээл, зээлийн эрх олгох, зээлдэгч нь авсан зээлийг тогтоосон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан байх ба зээлдэгч З.******* нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийн сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай цахим зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно гэж, мөн зүйлийн 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан хуулийн зхицуулалттай нийцсэн байна.

10.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

11.Хариуцагч З.******* нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойших хугацааны хүү алдангийг төлөхгүй гэж мэтгэлцэж, нийт 4,674,597.89 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоолол болон зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл авсан тухайд маргаагүй.

12.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж зохицуулсан. 

13.Харин талуудын хооронд байгуулсан цахим зээлийн эрхийн гэрээний 6.11-т Харилцагч нь зээлээ эргэн төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байна.

14.Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлийн хүүгийн төлбөрт 2,116,852.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 557,745.81 төгрөг шаардсан нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтэрч 134,375.77 төгрөг илүү нэхэмжилсэн байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

15.Хариуцагч З.******* нь нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хандана гэж хэлсэн хугацаанаас хойших хүү алданги төлөхгүй гэж маргаж байгаа нь хуульд заасан гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй байна.

16.Хариуцагч З.*******ээс үндсэн зээлийн төлбөрт 2,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,116,852.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 423,370,04 төгрөг нийт 4,540,222.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 134,375.77 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

17.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар байгууллагын дотоод санхүүгийн Поларис систем болон хариуцагч З.*******тэй харилцсан солилцсон мэдээлэлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ татгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

18.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,744 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 87,594 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.*******ээс 4,540,222.12 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 134,375.77 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,744 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 87,594 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ