Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/03166

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/03166

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...хаягт оршин суугч, ******* овогтой *******ийн ******* /регистрийн дугаар *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... хаягт оршин суугч, ******* овогтой *******гийн ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******тэй 2005 онд танилцаж улмаар 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 185 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бид хамтран амьдрах хугацаанд 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин Ц., 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү Ц. нар нь төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин, хүү 2 минь эцэг Г.******* миний асрамжид өсч торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бид гэрлэлтээ цуцлуулж, охин Ц., хүү Ц. нарыг өөрийн асрамжид үлдээнэ. ... хаягт байрлах орон сууцыг Ц.тэй түрээсийн гэрээгээр 2006 оноос Ц.гээс түрээсэлж амьдардаг бөгөөд бидний хооронд эд хөрөнгө өмчлөлийн ямар нэгэн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэв.

2.Хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний эгч Б.******* нь 2005 онд Г.******* ахтай танилцаж, 2008 онд гэрлэлт бүртгүүлсэн. 2007 онд охин Ц., 2011 онд хүү Ц. нарыг төрүүлсэн. 2018 оноос тусдаа амьдарсан. Б.******* нь гадаад улсад оршин суух болсон тул хүү, охин хоёроо аав дээр нь үлдээгээд явсан. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин, хүү хоёроо цаашид аавынх нь асрамжид үлдээж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 00109 тоот тэмдэглэл, Ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Оршин суух хаягийн лавлагаа, Гэрлэлтийн гэрчилгээ, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолтууд, Сургуулийн тодорхойлолтуудыг, хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Шүүхээс хүүхдийн санал асуух ажиллагааг явуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэж тайлбарлав.

5.Хариуцагч Б.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, хүүхдийн асрамжийн тухайд маргахгүй гэх тайлбар гаргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон 00109 тоот тэмдэглэл, Ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Оршин суух хаягийн лавлагаа, Гэрлэлтийн гэрчилгээ, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолтууд, Сургуулийн тодорхойлолтуудыг, хариуцагчаас итгэмжлэл, хүүхдүүдийн санал, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.Гэрлэгчид 2005 онд танилцаж, 2008 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон байна. Тэдний дундаас 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин Ц., 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү Ц. нарыг төрүүлсэн байх ба гэр бүл болсноор Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргийг бие биенийхээ өмнө хүлээсэн үүргээ гэрлэгчид хангалттай биелүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид байнгын хэрүүл маргаантай, таарамжгүй байдлын улмаас 2018 оноос тусдаа амьдарч байгаа, эргэн нийлж амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах талаар тохиролцсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлах үндэстэй гэж үзлээ.

8.Хариуцагч Б.******* нь хүүхдүүдийн асрамжийн тухайд маргаагүй бөгөөд 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Ц., 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Ц. нар нь эцгийн хамт амьдарч байгаа, хүүхдийн санал, эцэг эхийн тохиролцоо зэргийг харгалзан үзэж, эцэг Г.*******гийн асрамжид үлдээх үндэстэй байна.

9.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул эх нь энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

10.Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 62 байр 54 тоот хаягт байрлах орон сууцыг Ц.тэй байгуулсан түрээсийн гэрээгээр 2006 оноос түрээсэлж амьдарч байгаа, эд хөрөнгийн маргаангүй гэх тайлбар гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн тул гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэж үзлээ.

11.Хариуцагч Б.******* нь ...хаягт бүртгэлтэй талаар Засаг дарга тодорхойлолт ирүүлсэн боловч Солонгос улсад оршин суудаг болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******д олгосон итгэмжлэл, хавсаргасан гадаад паспортын хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт Иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно гэж заажээ.

12.Талууд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар зохигч харьяаллыг хэлэлцэн өөрчилсөн гэж үзнэ. /хх-ийн 32 тал/

13.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдэх нь зүйтэй.

14.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогтой *******ийн *******, ******* овогтой *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Ц., 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Ц. нарыг эцэг Г.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ