Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 95

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                        

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М-д холбогдох эрүүгийн 2017170000600030 дугаартай  хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар. 

 

 Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, улсаас авсан гавъяа шагналгүй, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 57 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр  зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял шийтгэгдэж, 2006 онд 1 жил 11 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, П.М. 

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  П.М нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эхнэр Д.Э-ийг цагдаа дуудлаа хэмээн заазуураар гарыг нь зүсэж, заазуураар цохиж, түүний эрүүл мэндэд “эрүүний баруун хэсэгт, баруун мөр, бугалга, шуу, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн тохой, шууг хамарсан хэвлийн урд доод хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт, баруун шилбэнд цус хуралтууд, баруун бугалга, шууны гадна дунд хэсэгт, гуяны гадна дунд хэсэгт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, шуунд зулгаралт, зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал” бүхий  хөнгөн хохирол учруулсан. 

         Мөн өөрийн эхнэр Д.Э-ийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр архи уусан үедээ хэл амаар доромжлон ална гэж үснээс нь зулгаан хоолойг нь боож унагасан, 

- 2017 оны  03 дугаар сарын 24-нд цагдаад хэлж баривчлууллаа хэмээн шалтаглан загнаж, Д.Э-ийн ХААН банкны виза карт, гоо сайхны хэрэгслийг цүнхний хамт, 2 ширхэг цамц, 1 хос гутлыг галд шатаан, хэл амаар доромжилсон.   

- 2017 оны 3 дугаар сарын 28-ны орой гэртээ 4 настай хүү Быг “уйллаа” гэж гараараа далайж айлган сүрдүүлж, гараараа цохисон, эхнэр Д.Э-ийг зодож дарамтлан шөнийн 02-03 цаг хүртэл унтуулахгүй хэрүүл маргаан хийсэн, 

- 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр аягатай халуун ус шидсэн, галын хайчаар хүзүү болон нуруунд нь 2 удаа цохисон,  

-2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хэрүүл маргаан хийж, эхнэр, хүүхдүүдээ гэрээс гаргалгүй хүүхдийн баярын өдөр нь баярлуулахгүй хорьж, гэрээс гараад зугтаахад нь барьж аван  гэртээ оруулсан, 

- 2017 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед Г гэдэг айлд эхнэрээ унтаж байхад хаалга тавьсангүй гэдгээр шалтаглан хэл амаар доромжлон цонхыг нь хагалах зэргээр догшин авирлаж, эд хөрөнгөө эзэмших эрхэд нь халдаж ХААН виза карт, гоо сайхны хэрэгсэл, цүнх, цамц, 1 хос гутал зэргийг шатаан гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай эхнэр Д.Э П гэдэг залуутай явалддаг. Үүнээс болж ийм зүйл болдог. Энэ нь миний буруу. Би 4 хүүхдээ бодьё гэж хэлж байсан. Манай эхнэр тэр залуутайгаа хоноод маргааш нь ирж байсан. Одоог хүртэл манай эхнэр П гэдэг залуутайгаа уулзаж байгаа. Бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан. Одоо ямар ч хамаагүй болсон. Гэрлэлтээ цуцлуулахаасаа өмнө эхнэрээ зодож байсан. Би 170.000 төгрөг өгсөн. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хохирогчийн зүгээс худал мэдүүлсэн, тийм зүйл байхгүй. Энэ заазуураар эхнэрээ цохьсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна... гэв.

 

 - Хохирогч Д.Э-ийн  мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 15-ны  өдөр би гэртээ ирээд 30-40 минут болж байхад М араас орж ирээд “ чи муу цагдаа дуудлаа, миний мууг үзэж ханаагүй юу “ гээд хоолны шүүгээнээс заазуур аваад гэрлээ унтраагаад надруу дайрсан. Тэгээд заазуурийнхаа ирээр миний эрхий хурууг зүссэн, заазуурынхаа мөрөөр нь миний 2 мөрнөөс  доошоо шуу хүртэл цохиод хөх эрээн болгосон байсан. Мөн миний нуруу руу заазуураараа цохиод байсан. Тэгтэл манай хажуу айлын хүн болох Уугантуяа намайг орилж бахираад байхаар нь цагдаад дуудлага өгч Мыг авч явсан. М намайг зодож байхдаа би нэгийг алсан юм чинь 2-ыг алж яагаад болдоггүй юм гээд бахираад байсан. 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр согтуу ирэхээр нь би гараад явчихсан чинь араас дагаж ирээд надтай зууралдаад байсан. Тэгээд жорлон орсон чинь том чулуу бариад чамайг ална гээд дайрсан. Тэгээд үснээс зулгаагаад хоолой боож газар унагасан. Энэ унагаснаас болоод биед гэмтэл үүсээгүй. Чамайг заавал ална гээд заналхийгээд байгаа. Би М-аас айгаад айл амьтнаар байхаар хэнийд алцагнаад яваад байгаа юм бэ гээд утсаар болон янз бүрээр дарамтлаад байгаа. 

03 дугаар сарын 24-ний үед намайг гадуур явж байгаад гэртээ ирэхэд М намайг “чи яагаад цагдаад очоод миний мууг үзээд байгаа юм бэ, тэр Г байцаагч чинь намайг дуудаад байна” гээд загнаад байсан. “Танай ээжийн ач буянаар  би 30 хоног шоронд суух гэж байна” гэж хүүхдүүддээ хэлээд хоолны шүүгээний хаалгыг өшиглөөд хугалсан.  Миний ХААН банкны виза карт, нүүрний будагнуудыг цүнхтэй нь хамт бас 2 ширхэг цамц, нэг хос гутлыг гал руу хийж шатаасан байсан. Тэр үед нь би айгаад Эрдэнэцагаан суманд айлд хэд хоносон. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэртээ очсон. Тэгэхэд М баривчлагдаагүй байсан. Хэрүүл хийгээд гэрээ дотроос нь түгжээд миний гар утсыг аваад “чи ингээд чаддаг юм бол цагдаагаа дуудаарай” гээд  утасны сим картыг аваад гал руу хийгээд гар утсыг үүд рүү шидсэн. Тэр үед манай бага хүү 4 настай Б уйлаад байсан чинь “чи муу үхсэндээ уйлаад байгаа юм гээд гараа далайлгаад айлгаад байсан. Тэгээд “би шоронд орж хүний эрхэнд орохгүй боогоод үхсэн минь дээр” гээд сандал авч пийшин дээр тавиад тоононы чагтганаас хоолойгоороо боогоод байсан учир би болиулах гэж очиход хүү “ээж хэрэгггүй ээ, аав үхвэл үхэг” гэж хэлсэн чинь М “чи миний хүүхэд биш” гээд  гутлаараа хүүгийн гар хөл рүү нь 2 удаа цохиод, бас гараараа 2 удаа цохисон. Тэр үед ямар нэгэн гэмтэл байгаагүй.

2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ байхад П.М ирээд “цагдаа чамайг дуудсан гэсэн чи намайг хурдан явуулаад өг гэсэн үү” гээд л хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд хэрүүл хийгээд гэрт хориод гаргахгүй байсан. Намайг элдэв бусаар хэл амаар доромжилж, гэрээс гаргахгүй тархи толгойруу гараараа түлхээд л байсан. Тэр өдөр гэрээсээ гарч хүүхдүүдээ баярлуулж ч чадаагүй. Гэрээс гаргахгүй болохоор нь би юм угааж байсан усаа асгах далимаар гэрээс гараад зугтаасан чинь араас гүйж ирээд гудамжинд явуулахгүй хэрүүл хийгээд, гэр рүү чирч оруулах гээд байсан. 

Түүнээс хойш 2017 оны 06 дугаар сарын 04-ний 00 цаг өнгөрч байх үед намайг хүргэн Г гэрт П.М гадаа ирээд хаалга балбаад байхаар нь тавиагүй юм. Гэтэл тойроод цонх балбаад “бузар, янхануудаа хаалгаа тавь” гэж бахирч байгаад байшингийнх нь нэг том цонхыг хагалчихсан. Тэр өдөр би хүргэнийхээ 2 хүүхэд болон өөрийнхөө 2 хүүхэд гээд 4 хүүхэдтэй л байсан. Өөр хэн нэгэн байхгүй байсан. Ер нь П.М над  руу утсаар “пизда, янхан, үмхий ал минь” гэх мэтээр байнга хэл амаар доромжилж, хаана ч явсан дагаж, утсаар болон байгаа газар минь очиж дарамталж байна ”  гэх мэдүүлэг /хх-ийн 08-09-р хуудас/,

 

- Гэрч Б.Г мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр баз М-ынх руу очиход гэртээ ганцаараа өөхөө шаргаагаад сууж байсан. Тэгээд намайг төв рүү ороод эхнэрийгээ аваад ирье гэхээр нь би машинтай явж  эхнэрийг нь авчирсан. Тэгээд гэртээ ирээд найздаа архи авч өгнө гээд дэлгүүрээс 2 шил архи авчраад задлахаар нь би ажилтай гээд амсчихаад яваад өгсөн.  Тэгээд юу болсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

 

-Гэрч Э.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 03-р сард хугацааг нь сайн санахгүй байна С эгч бас л М-д зодуулчихлаа, намайг дарамталж элдэв бусаар хэлээд байна гэж 2-3 удаа ирж байсан. П.М манай эгчийг зодож, хэл амаар доромжлох, нүүр рүү шүлсээ хаях гэх мэтээр маш олон удаа дээрэлхэж байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг нь үнэн. Манай эгч П.М-аас салах гэхээр П.М өөрөө салахгүй зууралдаад байдаг. Тэгээд шөнө оройн цагаар гэрт нь очоод айлгаж, дарамталдаг гэсэн. Хамгийн сүүлд 2017 оны  06 дугаар 01-ний өдөр манай эгчийг гэрээс гаргахгүй хориод элдэв бусаар хэл амаар доромжилсон гээд манай гэрт ирж байсан. Мөн 2017 оны 06 дугаар сарын 04-ний шөнө  2 хүүхдийнхээ хамт манай эгч М-ын гэрт очоод байж байхад П.М нь очоод хаалгыг балбаад тавихгүй болохоор нь цонхыг нь хагалсан гэж сонссон. Би тэр болгоныг санахгүй байна. Гэхдээ М-д зодуулчихлаа гэж ирэх үедээ нүдэнд харагдах шарх, сорви бол мэдэгддэггүй байсан. Дандаа ил харагдах гэмтэлгүй үсдэж, толгой руу нь цохиж зоддог байсан байх. П.М нь манай эгчийг зодож, дарамтлах болгондоо гэрээс гаргадаггүй, гар утсыг нь булаагаад авчихдаг байсан гэсэн...гэх мэдүүлэг,

 

- Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би эмнэлэгт үзүүлчихээд С эгч рүү утсаар ярихад гэр рүүгээ явах гэж байна, цуг явах уу гэхээр нь би С-ийн гэрт очсон юм. Тэгээд удалгүй М гаднаас хүн дагуулж ирээд амбаарт хураалттай байсан гэрээ зарна гээд үзүүлж байсан. Тэр үед С эгч араас нь очоод Мд “ах дүү нартаа хэлж байж зар” гээд хэлж байсан. Удалгүй М гаднаас дагуулж ирсэн хүмүүсээ явуулчихаад орж ирээд С эгчид чамд ямар хамаатай юм бэ гээд ус хийсэн байсан аягаа гэнэт шидсэн, тэр нь оноогүй, тэгээд галын хайч аваад С эгчийн хүзүүн дээр 2 удаа цохисон. М эгч яаж байгаа юм бэ гэсэн чинь та нарт хамаагүй шүү гээд М гараад явсан. Тухайн үед  С-ийн хүзүүн дээр хавдаад улайчихсан байсан. Ер нь М манай эгчийг дарамталдаг, зоддог, хэл амаар доромжилдог талаар эгчээсээ сонсож байсан.  2017 оны 06 дугаар сард аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад манай төрсөн эгч С 2 хүүхэдтэйгээ манайд ирж хонож байсан. Тэр үед М согтуу ирээд манай баруун талын вакум цонхыг хагалсан байсан. Бид нар өөрсдөө шиллүүлж байсан, Мд гаргах санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх /хх-ийн 83-р хуудас/, 

 

- Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: С манайд 2017 оны сүүлээр хэд хоносон, С надад хэлэхдээ “ манай нөхөр намайг зодоод ална гээд байна, гэртээ хамт байхаас айгаад байна, танайд хэд хоноё” гэхээр нь би гэртээ хонуулсан юм. Энэ хоёр хүн хоорондоо муудаад хэрэлдээд явж байхад таарч байсан. Тухайн үедээ С их л сэтгэл санаагаар унасан, их айдастай, утсаа дуугарахаар айгаад байсан, мөн танай гэрийг манай нөхөр мэдэх болуу, хүрээд ирвэл яанаа гээд айгаад байсан” гэх /хх-ийн 81-р хуудас/,

 

  - Гэрч Б.Х-ий мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрт нь очсон, М тэр үед ууж байсан аягатай халуун усаа эхнэр рүүгээ шидэж, мөн үснээс нь зулгааж байгаад толгойг нь доош дараад галын хайчаар нуруу болон шилэн хүзүүнд нь 2 удаа цохиж байгаа харагдсан. Маргааш нь С ярихдаа нуруу жаахан хөндүүртэй байна гэж байсан гэх /хх-ийн 82-р хуудас/,

                 - Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 сарын 21-ны өдрийн 68 дугаартай дүгнэлтэд: 1. Д.Э-ийн биед эрүүний баруун хэсэгт, баруун мөр, бугалга, шуу, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн тохой, шууг хамарсан хэвлийн урд доод хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт, баруун шилбэнд цус хуралтууд, баруун бугалга, шууны гадна дунд хэсэгт, гуяны гадна дунд хэсэгт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, шуунд зулгаралт, зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 13-р хуудас/

 

             - Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэвэр /хх-ийн 25-р хуудас/ 

             - Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 63 дугаартай шийтгэвэр /хх-ийн 117-р хуудас/ 

 

             - Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 266 дугаартай шийдвэр /хх-ийн 103-106-р хуудас/ 

 

           - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын П.М-ын оршин суугаа газрын талаархи тодорхойлолт /хх-ийн 115-р хуудас/

 

          - Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 116-р хуудас /

             - П.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/ зэрэг баримтууд болно.

 

  Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

 

Шүүгдэгч П.М нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны  өдөр өөрийн эхнэр Д.Э-ийг цагдаа дуудлаа хэмээн заазуураар гарыг нь зүсэж, заазуураар цохиж, түүний эрүүл мэндэд “ эрүүний баруун хэсэгт, баруун мөр, бугалга, шуу, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн тохой, шууг хамарсан хэвлийн урд доод хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт, баруун шилбэнд цус хуралтууд, баруун бугалга, шууны гадна дунд хэсэгт, гуяны гадна дунд хэсэгт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, шуунд зулгаралт, зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал” бүхий  хөнгөн хохирол учруулсан, 

2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр архи уусан үедээ эхнэр Д.Э-ийг хэл амаар доромжлон ална гэж үснээс зулгаан хоолойг нь боож унагах, 

2017 оны  03 дугаар сарын 24-нд цагдаад хэлж баривчлууллаа хэмээн шалтаглан хэл амаар доромжлон Д.Э-ийн ХААН банкны виза карт, гоо сайхны хэрэгслийг цүнхний хамт, 2 ширхэг цамц, 1 хос гутлыг галд шатаах,   

2017 оны 3 дугаар сарын 28-ны орой гэртээ 4 настай хүү Б-ыг “уйллаа” гэж гараараа далайж айлган сүрдүүлж, гараараа цохисон, эхнэр Д.Эийг зодож шөнийн 02-03 цаг хүртэл унтуулахгүй хэрүүл маргаан хийх, 

2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Д.Э рүү аягатай халуун ус  шидэж, галын хайчаар хүзүү болон нуруунд нь 2 удаа цохих,  

2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хэрүүл маргаан хийж, эхнэр, хүүхдүүдээ гэрээс гаргахгүй хүүхдийн баярын өдөр нь баярлуулахгүй хорьж, гэрээс гараад зугтаахад нь барьж авч гэртээ оруулах, 

2017 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед Г гэдэг айлд эхнэрээ унтаж байхад хаалга тавьсангүй гэдгээр шалтаглан хэл амаар доромжлон цонхыг нь хагалах зэргээр гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, хуваарьт эд хөрөнгөө эзэмших эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүгдэгч П.Мын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Ээ, гэрч Б.М, Б.Б, Б.Х, Б.Г, Э.Нн нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 68 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

П.М-ын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Д.Эийг заазуураар гарыг нь зүсэж, цохьсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн,

2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Д.Э-ийг хэл амаар доромжлон ална гэж үснээс нь зулгаан хоолойг нь боож унагасан, 2017 оны 3 дугаар сарын 28-нд 4 настай хүү Быг “уйллаа” гэж гараараа далайж айлган сүрдүүлэн гараар цохиж, эхнэр Д.Эийг зодож шөнийн 02-03 цаг хүртэл унтуулахгүй хэрүүл маргаан хийсэн, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Д.Э рүү аягатай халуун ус шидэж, галын хайчаар хүзүү болон нуруунд нь 2 удаа цохьсон зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 буюу гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон,

2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хэрүүл маргаан хийж, эхнэр, хүүхдүүдээ гэрээс гаргалгүй хорьсон, 2017 оны 6 дугаар сарын 04-ний шөнө 00 цагийн үед Г гэдэг айлд эхнэрээ хэл амаар доромжлон цонхыг нь хагалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 буюу гэр бүлийн хамаарал бүхий хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, 

2017 оны  03 дугаар сарын 24-нд хэл амаар доромжлон Д.Э-ийн ХААН банкны виза карт, гоо сайхны хэрэгслийг цүнхний хамт, 2 ширхэг цамц, 1 хос гутлыг галд шатаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний хуваарьт эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхэд халдсан гэмт хэргүүдийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйчлэл үндэстэй байна.

Хэрэг гарсан байдлыг тодруулбал, П.М нь эхнэр Д.Э-ийг цагдаа дуудлаа хэмээн заазуураар гарыг нь зүсэж, цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн согтуурсан болон эрүүл үедээ гэр бүлийн доторхи таарч, нийлэхгүй байгаа таарамжгүй харьцаа, хоорондын маргааны улмаас эхнэр Д.Э болон хүүхдээ зодох, хэл амаар доромжлох, гэрт нь хорих зэргээр харгис хэрцгий хандаж, догшин авирласан, Д.Э-ийн эд зүйлийг шатаасан зэрэг нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдсон байна. 

Энэ нь хохирогч Д.Э-ийн болон гэрч Э.Н-н ” 2017 оны 03-р сард С эгч бас л Мд зодуулчихлаа, намайг дарамталж элдэв бусаар хэлээд байна гэж 2-3 удаа ирж байсан. П.М манай эгчийг зодож, хэл амаар доромжлох, нүүр рүү шүлсээ хаях гэх мэтээр маш олон удаа дээрэлхэж байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг нь үнэн. Манай эгч П.М-аас салах гэхээр П.М өөрөө салахгүй зууралдаад байдаг. Тэгээд шөнө оройн цагаар гэрт нь очоод айлгаж, дарамталдаг гэсэн. Хамгийн сүүлд 2017 оны  06 дугаар 01-ний өдөр манай эгчийг гэрээс гаргахгүй хориод элдэв бусаар хэл амаар доромжилсон гээд манай гэрт ирж байсан. Мөн 2017оны 06 дугаар 04-ний шөнө манай эгч 2 хүүхдийнхээ хамт манай эгч Мын гэрт очоод байж байхад П.М нь гэрт очоод хаалгыг балбаад тавихгүй болохоор нь цонхыг нь хагалсан гэж сонссон. П.М нь манай эгчийг зодож, дарамтлах болгондоо гэрээс гаргадаггүй, гар утсыг нь булаагаад авчихдаг байсан гэсэн ”,

гэрч Б.М-ын ” 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр С эгчийн гэрт очсон. М гаднаас хүн дагуулж ирээд амбаарт хураалттай байсан гэрээ зарна гээд үзүүлж байсан. Тэр үед С эгч араас нь очоод Мд “ах дүү нартаа хэлж байж зар” гээд хэлж байсан. М хүмүүсээ явуулчихаад орж ирээд С эгчид чамд ямар хамаатай юм бэ гээд ус хийсэн байсан аягаа гэнэт шидсэн, тэр нь оноогүй, тэгээд галын хайч аваад С эгчийн хүзүүн дээр 2 удаа цохисон. Тухайн үед  С-ийн хүзүүн дээр хавдаад улайчихсан байсан. Ер нь М манай эгчийг дарамталдаг, зоддог, хэл амаар доромжилдог талаар эгчээсээ сонсож байсан.  2017 оны 06 дугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад манай төрсөн эгч С 2 хүүхэдтэйгээ манайд ирж хонож байсан. Тэр үед М согтуу ирээд манай баруун  талын вакум цонхыг хагалсан байсан “ гэх,  

гэрч Б.Б-ийн” С манайд 2017 оны сүүлээр хэд хоносон, С надад хэлэхдээ “ манай нөхөр намайг зодоод ална гээд байна, гэртээ хамт байхаас айгаад байна, танайд хэд хоноё” гэхээр нь би гэртээ хонуулсан юм. Энэ хоёр хүн хоорондоо муудаад хэрэлдээд явж байгаад таарч байсан. Тухайн үедээ С их л сэтгэл санаагаар унасан, их айдастай, утсаа дуугарахаар айгаад байсан, мөн танай гэрийг манай нөхөр мэдэх болов уу, хүрээд ирвэл яанаа гээд айгаад байсан ” гэх,

  гэрч Б.Х ”  2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрт нь очсон. М тэр үед ууж байсан аягатай халуун усаа эхнэр рүүгээ шидэж, мөн үснээс нь зулгааж байгаад толгойг нь доош дараад галын хайчаар нуруу болон шилэн хүзүүнд нь 2 удаа цохиж байгаа харагдсан. Маргааш нь С ярихдаа нуруу жаахан хөндүүртэй байна гэж байсан ” гэх мэдүүлэгүүдээр хэрэгт тогтоогдоно.

 

П.М тухайн гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Учир нь тэрээр гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн эрх чөлөөнд халдаж болохгүйг ухамсарлаж мэдсэн атлаа гэр бүлийн асуудлаас, мөн үл ялих зүйлээр шалтаглан эхнэр хүүхдээ зодож, догшин авирлаж, харгис хэрцгий харьцаж, эд хөрөнгөө эзэмших эрхэд халдаж, эрүүл мэндэд зориуд хохирол учруулах зэргээр гэмт хэргийг үйлджээ. 

 

         Шүүгдэгч П.М-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлож буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн,  мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

Иймд шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 Шүүхээс шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т тус тус заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.   

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

  П.М-ын үйлдсэн хэргүүд нотлогдсон, гэмт хэрэг гэр бүлийн гишүүдийн хоорондын таарч нийлэхгүй байгаа харьцаатай холбоотойгоор үйлдэгдсэн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүний гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус тогтоолоо. 

 

Шүүгдэгч П.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая. 

 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулах, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, 1.3 буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч  П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, 1.3-т зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан ялтан П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт шилжүүлэн нийт 60 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгайн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, 1.3-т зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, эдлэх ялыг 10 / арав/ сараар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан П.М-д оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мд шүүхийн шатанд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Ялтан П.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН