Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          П.Н, Э.Г нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          С.Б

                        Хохирогч                                                         Ю.Б

                        Хохирогчийн өмгөөлөгч                                 Б.А

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                            Г.Э

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Н, Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч П.Н, Э.Г нарт холбогдох 2112000000269 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Дунд ам гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, П.Н

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Дунд ам гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Э.Г

 

Шүүгдэгч П.Н, Э.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг дэвсгэр Уургатын үзүүр гэх газарт хохирогч Ю.Б-ийг газар нутгийн маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас П.Н, Э.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч П.Н, Э.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Нд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт, шүүгдэгч Э.Гт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт тус тус төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н, Э.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50 см урттай, 5 см голчтой холтостой мод 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7  дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Нгээс 2.957.000 /хоёр сая есөн зуун тавин долоон мянга/ төгрөг, шүүгдэгч Э.Гөөс 2.957.000 /хоёр сая есөн зуун тавин долоон мянга/ төгрөг тус тус гаргуулан хохирогч Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Гурвын даваа Уургатын үзүүр гэх газарт оршин суух Ю.Б-д олгож, хохирогч Ю.Б-ийн нэхэмжлэлээс 513.670 /таван зуун арван гурван мянга зургаан зуун дал/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч П.Н, Э.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Н, Э.Г нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Н, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Н, Э.Г нарын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 88 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Дунд ам гэх газарт оршин суух П.Н, Э.Г биднийг хохирогч Ю.Б-ийг бүлэглэн зодож, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь П.Н нь Ю.Б-ийг огт зодоогүй. Харин Ю.Бд зодуулсан байхад үүнийг нарийн тогтоолгүйгээр шийдлээ. Ю.Б нь анх хэрүүл маргааныг үүсгэж, мотоциклтой байхад 2 удаа цохиж, мотоциклтой унагаасан. Улмаар хоолойг боож шахан амьсгал боогдож, нүүр хөхрөх үед Э.Г Ю.Б-ийг цохиж болиулсан. Энэ нь намайг алах гэж байхад амь аварсан гэж П.Н би бодож байгаа бөгөөд энэ бол аргагүй хамгаалалт гэж бодож байна. Э.Г би П.Нтэй бүлэглэж Ю.Б-ийг зодоогүй. Харин Ю.Б нь П.Нг зодож, хоолойг боосон үед П.Н сонин дугарч, нүүр нь хөхрөх үед би болиулах гэж Ю.Б-ийг цохисон. Цохиж байж болиулсан. Түүнээс Ю.Б хоолойг боосон байдлаа сайн дураараа болиогүй юмаа. Ер нь Ю.Б нь маш дээрэлхүү хандаж, хоёр хөгшинтэйгөө хамт хашаагаа аваад зайл гэж дарамталснаас үүдэлтэй. Хоёр хөгшин гэж буй Э.Гийн аав, ээж буюу 60 нас гарсан хөгшчүүл байдаг. Мөн өмнө нь хүнд зодуулж, шүдээ цохиулаад 2.000.000 төгрөг авсан байсан. Тэр шүдээ хийлгээгүй байж байгаад одоо хийлгэсэн гэж хардаж байна. Ю.Б нь байнга л хүнд зодуулж, хүнтэй маргаад мөнгө авч сурсан гэж хүмүүс ярьдаг. Энэ нь ч үнэн гэж бодож байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж П.Нг цагаатгаж, Э.Гийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж бид хоёр гомдол гаргаж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Прокурорын зүгээс Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Хохирогч Ю.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийн материалаас үзэхэд П.Н нь Ю.Б-ийг цохисон байна, мөн П.Н, Э.Г нар нь бүлэглэн Ю.Б-ийг цохисон байна гэдэг үйл явдал нь эргэлзээтэй байдаг. Тийм учраас П.Н, Э.Г нарын гомдлыг хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч П.Н, Э.Г нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Н, шүүгдэгч Э.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг дэвсгэр Уургатын үзүүр гэх газарт хохирогч Ю.Б-ийг газар нутгийн маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь...хохирогч Ю.Б-ийн “...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед би Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Уургатын үзүүр гэх газарт малдаа явж байгаад Тойроотой уулзаад сууж байсан чинь Ганаа ирээд манаа аав, ээжийн орон нутгаас хашаагаа аваад зайл гэхээр нь би танай аав, ээжийг Дунд аманд нутаглаж байсныг л мэдэх юм байна, Уургатын үзүүрт нутаглаж байсныг нь мэдэхгүй юм байна гэсэн чинь ялтан минь хашаагаа аваад зайл гэсэн. Тойроо нь босч ирээд намайг заамдаж аваад наад ялтныг чинь мөрдөн рүү нь аваачаад хийчихье гээд байсан. Би Тойроотой барьцалдаад байж байсан чинь Ганаа хашааны модон шонгоор миний толгойны ар дагз хэсэг рүү цохиод авсан. Би та хоёр болио, уурын мунхгаар хийсэн зүйл ямар ч амжилт олохгүй шүү гэсэн чинь Ганаа, Тойроо хоёр ялтан минь чамайг яасан ч яадаг юм гээд миний нүүр рүү хоёр талаас гараа атгаад цохиод байсан. Миний үүдэн шүдийг унгаачихлаа гэж хэлэхэд Тойроо наадах чинь одоо нохойдох нь, цагдаад хэлэх нь гээд байсан. Тэгээд Ганаа нь шонгоо бариад дахиад тархийг чинь хага цохичихъё гээд байсан. Би унасан шүдээ баруун гар дээрээ тавиад харуулсан чинь Ганаа мотоциклио асаагаад яваад өгсөн. Тойроо намайг заамдаад чамайг мөрдөн рүү хийчихье гээд чирээд байхаар нь би тавь гэж тавиулаад харьсан...” , “...Ирээд надтай мэндэлснээ энэ нутгаас хашаагаа аваад зайлаарай гэхээр нь би хүний амьдардаггүй газар биш, амьдардаг газар амьдарч байна гэж хэлээд цааш мотоцикль руугаа алхахад араас толгой хэсэг рүү тас хийтэл цохихоор нь эргээд хартал Ганаа миний уруул хэсэг рүү маш хүчтэй цохисон. Тэгсэн чинь Тоорой, Ганаа 2 миний дээлийн ханцуйг атгаад 2 талаас гараараа шанаа, хацар, уруул хэсэг рүү цохиод байсан. Тэгээд би ханцуйгаа татаж аваад гараа тосоод шүдээ амнаасаа унагахад 2 өөрийн шүд гар дээр унасан. Хиймэл 1 ширхэг шүд тэр газартаа унасан байх. Тоорой намайг мөрдөн рүү аваачиж хийнэ гээд дээлийн ханцуй болон энгэр заамнаас татаад явуулахгүй байсан...” гэсэн,

 

насанд хүрээгүй гэрч А.У-ийн “...Г ах очоод болиулахад Шоок ах Г ахыг гараараа шанаа хэсэгт нь цохисон чинь Г ах авч явж байсан модон шонгоор цохисон бөгөөд биеийн аль хэсэгт нь цохисон талаар би хараагүй. Шоок ахын шүд нь унасны дараа та нарыг гөлөг болгоно гэж хэлээд мотоциклио унаад явсан. Шоок ахыг Г ах зодсон. Г ах Шоок ахын шүд рүү 1 удаа гараараа цохиход шүд нь унасан. Шоок ах гараа тосоод шүд унагаачихлаа гээд байсан...” гэсэн,

 

гэрч Д.Л-ийн “...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай хүү Ю.Бат- Эрдэнэ өглөө 09 цагийн үед мотоциклио унаад малдаа явсан. Удалгүй гэртээ ирсэн. Тэгсэн чинь нүүр ам нь цус болчихсон гар дээр нь 2 ширхэг, 1 хиймэл шүдээ барьчихсан ирэхээр нь юу болсон талаар нь асуухад хаваржааны газраас болж маргалдаад Тоорой, Гантөмөр нар намайг нийлээд зодчихлоо гэж надад хэлсэн. Миний хүүгийн хүзүү, ам нь улайсан, толгойны ард нь товойсон байсан. Нүүр хэсгээрээ улайсан байж харагдсан..." гэсэн,

 

өөрийн гэм бурууг хүлээж мэдүүлсэн яллагдагч Э.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

 

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 336 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 103 тоот шинжээчийн дүгнэлт,эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

  Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч П.Н, шүүгдэгч Э.Г нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд тус тус үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 

 Анхан шатны шүүх шүүгдэгч П.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

 

            Нийт хохиролд тооцох боломжтой гэж дүгнэсэн, 5.914.000 төгрөгийг шүүгдэгч Э.Гөөс 2.957.000 төгрөг, шүүгдэгч П.Нгээс 2.957.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Ю.Бд олгохоор, хохирогч Ю.Бат-Эрдэнийн нэхэмжилсэн хохирлоос хэдийд авсан цаг хугацаа нь харагдахгүй болсон 84.000 төгрөгийн баримт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цаг хугацаатай тохирохгүй байгаа  192.425 төгрөгийн бензиний баримт, эм болон бараа авсан 1440.000 төгрөг, юу худалдаж авсан нь тодорхойгүй Улаанбаатар хотын банкны баримттай 177.245 төгрөгийн баримт зэргийг үнэлэх боломжгүй тул нийт 513.670 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тус тус шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч П.Н, Э.Г нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.Н, Э.Г нар ... П.Н нь Ю.Б-ийг огт зодоогүй. Харин Ю.Бд зодуулсан байхад үүнийг нарийн тогтоолгүйгээр шийдлээ. Ю.Б нь анх хэрүүл маргааныг үүсгэж, мотоциклтой байхад 2 удаа цохиж, мотоциклтой унагаасан. Улмаар хоолойг боож шахан амьсгал боогдож, нүүр хөхрөх үед Э.Г Ю.Б-ийг цохиж болиулсан. Энэ нь намайг алах гэж байхад амь аварсан гэж П.Н би бодож байгаа бөгөөд энэ бол аргагүй хамгаалалт гэж бодож байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж П.Нг цагаатгаж, Э.Гийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж бид хоёр гомдол гаргаж байна гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ:

 

               Шүүгдэгч нарын бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байна. 

 

              Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нар нь бусдын эсрэг санаатай үйлдэл хийсний улмаас таарамжгүй харилцаа үүсэж, маргалдан улмаар бусдын эрх чөлөөнд халдан хохирогчид санаатай хөнгөн хохирол учруулсныг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

              Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ЕШЗ/28 дугаартай захирамжаар яллагдагч Э.Г, П.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар ерөнхий шүүгч Р.Алтанцэцэгийг томилсон байна.

 

             Мөн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар урьд томилогдсон шүүх хуралдаан даргалагч Ковид-19 өвчний учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч шүүгчээр Б.О томилогджээ.

 

              Хэдийгээр хууль бус бүрэлдэхүүн биш боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар томилогдсон шүүгч Б.Отгонцэцэг ямар шалтгаанаар, ямар үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзсан, шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон нь тодорхойгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Р.А-ийг 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 97 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар томилсон нь ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                 

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Н, Э.Г нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

            ШҮҮГЧИД                                           Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Л.НЯМДОРЖ