Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Ц.О, О.Б нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                         Э.О

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           С.П

Шүүгдэгч                                                         Ц.О, О.Б

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.О, О.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.П нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.О, О.Б нарт холбогдох 2112000000351 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Өвөрбулаг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Ц.О

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Ташгай гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, О.Б

 

Шүүгдэгч Ц.О, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэж Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Шар даваа гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хохирогч Н.Х-ын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тухайн цаг хугацаанд тус сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Булан гэх газраас хохирогч С.Л-ийн эзэмшлийн 8 тооны үхрийг хулгайлж 7.400.000 төгрөгийн хохирол учруулж, олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Ц.О, О.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ц.О, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат-Эрдэнийг 2 /хоёр/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.О, О.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Ц.Оын эзэмшлийн 723.285 /долоон зуун хорин гурван мянга хоёр зуун наян тав/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 81 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож; Шүүгдэгч О.Б, Ц.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О, О.Б нарт авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: “Шүүгдэгч О.Б би анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гардан аваад дараах гомдлыг гаргаж байна. О.Б би бусадтай бүлэглэн бусдын олон тооны буюу 8 үхэр, 1 морь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирлоо төлсөн. Миний бие эхнэр, баг насны 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Одоо эхнэр маань 3 сартай жирэмсэн бөгөөд эмчийн хяналтад байгаа. Миний ар гэрийн амьдралын байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. Би дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй бөгөөд хүүхдүүдийнхээ төлөө тэднийг зөв хүн болгохын төлөө зүтгэж чадна гэдгээ амлаж байна. Би бичиг үсэг муу тул өмгөөлөгчдөө хэлж бичүүлсэн болно.” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Оын гаргасан давж заалдах гомдолд: “Шүүгдэгч Ц.О би Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гардан аваад дараах гомдлыг гаргаж байна. Ц.О би О.Б-ийн хамт хулгай хийсэн нь үнэн. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би эцэг, эхийн хамт амьдардаг. Эцэг н.Цогтбаатар нь ходоодны хавдрын хагалгаа хийлгэсэн, мөн даралт харвасан зэрэг өвчний улмаас байнга эмчийн хяналтад болон бидний асрамжид байдаг. Эх маань даралт их бөгөөд мөн л эмчийн хяналтад байдаг. Миний энэ хувийн аргагүй байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. Бичиг үсэг мэдэхгүй тул өмгөөлөгчид хэлж өгч бичүүлэв.” гэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.П-ийн гаргасан давж заалдах гомдолд: Шүүгдэгч О.Б, Ц.О нарын өмгөөлөгч С.П би Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гардан аваад дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн. О.Б-ийн тухайд үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээж ирсэн бөгөөд хохирлоо төлсөн. Түүнд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулж, хор уршгийг арилгасан нөхцөл байдал тогтоогддог. О.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байгаа ба хувийн байдлын тухайд бага насны 3 хүүхэдтэй бөгөөд одоо эхнэр нь жирэмсэн. Иймд хэргийг хянаж түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү. Мөн Ц.Оын эцэг байнгын асаргаанд байдаг бөгөөд хорих ял анх удаа шийтгүүлж байгаа байдлыг харгалзан үзнэ үү. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч С.П миний бие оролцоно. О.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримт болох түүний эхнэр Б.Ч-ийн хяналтын хөтчийн хуулбарыг хавсаргав.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 3  жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 2  жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ц.О, О.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.П нарын гаргасан гомдлын дагуу давж заалдах заалдах шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцэж байна. Шүүгдэгч Ц.О, О.Б нарт холбогдох хэргийн зүйчлэл тохирсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн ба шүүх үүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримтаар тогтоож чадсан гэж дүгнэн тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Тэдэнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн хэргийнх нөхцөл байдал болон гэмт хэргийн хор уршиг, нийгмийн аюулын шинж чанарт нь тохирсон гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Өмнөх тайлбараа дэмжиж байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх боломжтой нөхцөл байгаа гэдэг дээр ямар ч дүгнэлт хийж ярьсангүй. Миний хувьд хэлэхэд нэгэнт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон хэргийн бүрдэл зэрэг дээр маргахгүй байгаа. Угаасаа эдгээр хүмүүс эхнээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Юмыг яаж мэдэх вэ энэ хүмүүс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгч аваад явсан байсан бол прокурортой ял тохирч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх боломжтой байсан байх. Харин миний үйлчлүүлэгч нарын хувьд шүүхэд хэрэг шилжсэнээс хойш өмгөөлөгч авсан. Тийм болохоор ял тохирох боломж гарч ирээгүй юм гэдгийг би дурдаж хэлмээр байна. Миний хувьд ял шийтгэлийг ялгамжтай байх зарчмыг хүндэтгэж байгаа. Тийм ч учраас би хоёуланд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэхээр хүсэлт гаргаагүй. Яагаад вэ гэхээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг нь хэргээс бүрэн хангалттай харагдаж байгаа учраас О.Бд дээрх зүйл, заалтыг хэрэглэж, түүнд оногдуулсан ялыг багасгах бүрэн боломжтой гэж үзэж байна. О.Бат-Эрдэнийн хувьд өмнө нь хэдийгээр хоёр удаа шийтгэгдэж байсан ч гэсэн хорих ялын хувьд анх удаагаа шийтгэгдэж байгаа. Ер нь хүмүүс нийгмээс тусгаарлагдаад ирэхээр хүний оюун санаад нөлөөлөх нөлөөл гэж байдаг. Цаашид дахин ийм алдаа гаргахгүй гээд төрийн сүлднийхээ өмнө хэлээд байгаа нөхцөл байдалтай байгаа юм. Тэгэхээр энэ хүмүүсийн гэм бурууд нь тохируулж, хуульд заасан байгаа боломжийг нь эдлүүлж, нэгэнд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж өгнө үү. Энэ нь хуульд байгаа боломж юм. Дээрх хуулийн заалтыг хэрэглэхэд харшлах нөхцөл байхгүй байна гэж үзэж байна. О.Бат-Эрдэнийн хувийн байдлыг харгалзан үзэхийг хүсье. Энэ хүнийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих нь нэг өөр асуудал бөгөөд 1 жил хорих нь бас өөр асуудал юм. О.Бат-Эрдэнийн ар гэрийн нөхцөл байдал буюу бага насны хүүхдүүдийнх хувь заяаг яах ч аргагүй харгалзаж үзэх хэрэгтэй. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч нарын ялыг багасгаж өгнө үү. О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ц.О, О.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.П нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгасан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.О, Б.Б нар нь бүлэглэж, Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Шар даваа гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хохирогч Н.Х-ын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тухайн цаг хугацаанд тус сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Булан гэх газраас хохирогч С.Л-ийн эзэмшлийн 8 тооны үхрийг хулгайлж 7.400.000 төгрөгийн хохирол учруулж, олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон,  шийтгэх тогтоолын үндэслэл болсон хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь  хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, эдгээр баримтууд нь хэрэгт ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн хэргийг шийдвэрлэжээ.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

           

Шүүгдэгч Ц.О, Б.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон,  шүүх тэднийг бүлэглэн, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч нарын хувийн байдал,  гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хор уршгийг харгалзан, шүүгдэгч Ц.От 3 жилийн хугацаагаар, Б.Б-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих  ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркийн мотоциклийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П, шүүгдэгч Ц.О, Б.Б нар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн,  шүүгдэгч   Ц.О, Б.Б нарт оногдуулсан ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байх тул гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.П, шүүгдэгч Ц.О, Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

           Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 12 сарын 28-ны өдрийн 2022/ЕШЗ/18 дугаар захирамжаар шүүгдэгч Ц.О, Б.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар ерөнхий шүүгч Р.А томилогдсон ба тэрээр Ковид-19 вирусын халдвар авснаас хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнээс тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2022 оны 02 сарын 17-ны өдрийн 2022/ЕШЗ/76 дугаарын захирамжаар тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч П.Г томилогдсон байна. /2-р хх-ийн 41/

 

           Шүүгч П.Г нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар томилогдсон бол хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой атал хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 2022/ЕШЗ/100 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар ерөнхий шүүгч Р.А-ийг дахин томилжээ. /2-р хх-ийн 52/

 

           Үүнийг шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй ч шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд зааснаар нэгэнт  хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар томилогдсон тохиолдолд хэргийг шийдвэрлэх нь зүйтэйг дурдаж байна.

 

            Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч Ц.О, О.Б нар тус бүр 58 хоног цагдан хоригдсон байх тул тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь үндэслэлтэй болно.

 

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О, О.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.П нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, О.Б нарын тус бүр цагдан хоригдсон 58 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ДАВААСҮРЭН

 

            ШҮҮГЧИД                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Л.НЯМДОРЖ