Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 103

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Эд холбогдох эрүүгийн 1730001100066 тоот хавтаст хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

 Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Т.Э. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.Э нь Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Стар баарны урд талд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны шөнийн 24 цагийн орчимд М.А-ыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгний буланд язарсан шарх,  зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой найз М-ы хамт 20 цагийн үед Стар баар руу ороод шилтэй Боргио пиво гурав, гурван шилийг уугаад  00 цаг хүртэл суусан. 0.5 литрийн Ерөөл архи дахин авч хувааж уугаад баарнаас гараад тасарсан байсан. Би А-ыг цохисноо мэдэж байгаа. Тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,   

 

 - Хохирогч М.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Бааранд байж байгаад хойшоо гараад бие засаад байж байтал миний таньдаг М гэх залуу хүнтэй маргаад байхаар нь салгаад баар руу оруулчихаад, Г найзтайгаа тамхи татаад байж байтал М ирээд юм яриад байж байсан чинь Мтай хамт явж байсан Э гэх залуу ирээд нүүр рүү юмаар цохисон. Тэгээд би нүүрээ дараад доошоо болоход намайг цохьсон. Э-ыг дахиад цохьж магадгүй гэж бодоод аргаш түлхсэн чинь ард байсан хашааг мөргөөд газар уначихаад босож ирэхгүй байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд бид 3-ыг аваад явсан. Цагдаа дээр ирээд эмчид үзүүл гээд явуулсан. Э нилээн согтуу байсан. Миний хувьд Э-аас эмчилгээний зардал 33.000 төгрөг авсан болохоор гомдол, саналгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 05-06-р хуудас/

 

- Гэрч Н.М-ы мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой найз Эы хамт 20 цагийн үед Стар баар руу ороод шилтэй Боргио пиво 3,3-н шилийг уугаад  00 цаг хүртэл суусан. 0.5 литрийн Ерөөл архи дахин авч хувааж  уугаад баарнаас гараад явах гэж байхад А гэж зүс таних залуу дуудаад, юу байна гэхээр нь юмгүй гээд юм яриад зогсож байсан. Тэгтэл А нь гэнэт нүүрээ дартал нүүрнээс нь цус гарсан байсан. А танай найз чинь миний нүүр рүү юмаар цохичихлоо гэж байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

 

 -Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой найз М-ы хамт 19 цаг өнгөрч байхад 2 найз болох Д, А нартай уулзаад Урт цагаан караоке руу орсон. Тэгээд тэндээ А бид хоёр нэг, нэг шил пиво уугаад Д нь ундаа уусан. Тэгээд 00 цаг болоод баар хаасан ба баарны урд замын цаана гараад М гэх залуутай юм яриад А бид 2 зогсож байсан чинь Э гэх залуу ирээд А-ыг нүүр рүү нь цохисон. А нь нүүрээ дараад доошоо тонгойхдоо Э-ыг хойш түлхсэн чинь хашаа мөргөөд газар унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

 

 -Гэрч Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой найз А түүний найз Г гэх залуугийн хамт Уртцагаан караокед ороод А найзтайгаа 1,1  шил Боргио пиво уугаад би нэг шил ундаа уусан. Тэгээд 00 цаг болоод баар хаах болохоор нь  гадаа гарсан. Тэгтэл надтай цэрэгт цуг байсан М найзтайгаа явж байсан. Тэгэхээр нь М-тай уулзаад зогсож байгаад яв гээд хэлсэн. Тэгээд байж байтал А-ыг Э нь нүүр рүү нь цохичих шиг болохоор нь очоод яаж байгаа юм бэ гээд гарын нь барьтал гарнаас нь чулуу унаж байсан. Тэгээд А нь нүүрээ дараад доошоо тонгойхдоо Эыг хойш түлхсэн чинь Э нь нүүрээрээ хашаа мөргөсөн. Тэгээд зодолдох гээд байхаар нь салгачихаад яваад өгсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 12-р хуудас/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09-р сарын 28-ны өдрийн 361 дугаартай дүгнэлтэнд: 1. М.А-ын  биед зүүн хөмсөгний буланд язарсан шарх,  зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 14-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28-х хуудас/

 

-Т.Э хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай

хүсэлт /хх-ийн 28-х хуудас/

 

- Т.Э ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлий 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу Т.Э гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.Э 2017 оны 09 дүгээр сарын 27-ны шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах Стар баарны урд талд М.А-ыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгний буланд язарсан шарх,  зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Т.Э мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч М.А, гэрч Б.Г, А.Д, Н.М нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 361 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Т.Э дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг / хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/-т заасан гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйчлэл үндэстэй байна.

 

          Хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Т.Э нь согтурсан үедээ ямар ч шалтаг шалтгаангүйгээр иргэн М.А нүүрэн тус газар чулуугаар цохиж зодсон нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь хохирогч М.А-ын “ Бааранд байж байгаад хойшоо гараад байтал миний таньдаг М гэх залуу хүнтэй маргаад байхаар нь салгаад баар руу оруулчихаад, Г найзтайгаа тамхи татаад байж байтал Мтай хамт явж байсан Э гэх залуу ирээд нүүр рүү юмаар цохисон. Намайг цохихдоо гараараа бол цохиогүй ” гэх, 

гэрч Н.М-ы “ 2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой найз Эы хамт 20 цагийн үед Стар баар руу ороод шилтэй Боргио пиво 3,3-ыг шилийг уугаад  00 цаг хүртэл суусан. 0.5 литрийн Ерөөл архи дахин авч хувааж  уугаад баарнаас гараад явах гэж байхад А гэж зүс таних залуу дуудаад, юу байна гэхээр нь юмгүй гээд юм яриад зогсож байсан. Тэгтэл А нь гэнэт нүүрээ дартал нүүрнээс нь цус гарсан байсан. А танай найз чинь миний нүүр рүү юмаар цохичихлоо гэж байсан ” гэх, 

гэрч А.Д-ийн “ А-ыг Э нь нүүр рүү нь цохичих шиг болохоор нь очоод яаж байгаа юм бэ гээд гарын нь барьтал гарнаас нь чулуу унаж байсан “  гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдох бөгөөд гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ.

Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүйг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсаны улмаас ямарч шалтгаангүйгээр хохирогчийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Т.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

          

Иймд шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Т.Э гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол буюу шинжилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Т.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан боловч хохирогч гомдолгүй гэсэн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчид 33.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

    Т.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч М.А нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдая.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Ялтан Т.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан нөхөн төлөгдсөн, хохирогч М.А нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Т.Э-д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН