Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 517

 

 

 

 

 

 

 

 

 

О.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/03283 дугаар шийдвэртэй, О.С-гийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 4 000 000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрцайх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Б- нь “Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвд лангуу худалдаална гэх зар гаргасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 4 000 000 төгрөгөөр лангууг нь худалдаж авсан. Тухайн үед Б.Б- лангуу худалдаж авсан талаар бусдад яриад хэрэггүй шүү гэсэн, 70 орчим насны хүн болохоор итгэсэн. Тэр үеэс лангууг ашиглаж яваад 2019 оны 4 дүгээр сард “Хан талст” ХХК-ийн зохион байгуулагч н.Сарантуяаг засвар хийх талаар ярихад нь уг лангуу компанийн өмч болохыг, Б.Б- худал хэлж мөнгө авсныг мэдсэн. Лангууг худалдаж авсан үеэс “Хан талст” ХХК-д түрээсийн төлбөр сар бүр төлж байсан.

Хариуцагч нь лангууны өмчлөгч буюу “Хан талст” ХХК-ийн зөвшөөрлийг авахгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 4 000 000 төгрөг авсан ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус юм. Иймд хариуцагч Б.Б-гээс худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн 4 000 000 төгрөг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх худалдааны төвд хиам, өндөг, гахай тахианы мах борлуулах ажлын байр түрээслэхээр тус худалдааны төвийн захиргаа болох “Хан талст” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, 2 жилийн хугацаанд ажиллуулсан. Насны байдлаас шалтгаалж ажлын байраа цаашид ажиллуулах боломжгүй болсонтой холбогдуулан өөрийн өмчлөлийн хөргөгч, шилэн лангуу, тавиур зэрэг хөрөнгүүдийг тус ажлын байрыг түрээслэх эрхийн хамт 4 000 000 төгрөгөөр худалдсан. Ийнхүү өөрийн хөрөнгө болон эдийн засгийн хувьд давуу байдал бий болгох эрхээ бусдад худалдсан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч О.С- нь Б.Б- надаас уг ажлын байрыг түрээслэх эрхийг хөргөгч, лангуу, тавиур зэргийн хамтаар худалдан авсан гэдгээ мөн ажлын байр “Хан талст” ХХК-ийн өмч гэдгийг мэдэж байсан. Бид худалдах худалдан авах гэрээ байгуулсан даруй О.С-г түрээслэгч болсныг “Хан-Талст” ХХК-ийн захиргаанд танилцуулан мэдэгдсэн. Тиймээс ч О.С- нь өнөөг хүртэл тус ажлын байранд худалдаа эрхэлж, түрээсийн төлбөрийг түрээслэгч “Хан талст” ХХК-д төлж ирсэн. Иргэний хуулийн 83 дугаар зүйлд эдийн болон эдийн бус баялагийг хөрөнгө гэнэ гэжээ. Эдийн баялаг гэдэг нь биет байдалтай эд юмсыг хэлдэг бол эдийн бус баялаг гэдэг нь эзэмшигчдээ эдийн засгийн хувьд давуу байдал бүрдүүлэхэд чиглэсэн эрхийг хэлдэг байна. Ийнхүү өөрийн хөрөнгөө бусдад худалдсан нь хууль зүйн үндэслэлтэй, худалдах, худалдан авах хэлцлийн үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэгч О.С-гийн 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.5, 189 дүгээр зүйлийн 189.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 260 дугаар зүйлийн 260.1, 260.9 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Б.Б- нь “Хан талст” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх худалдааны төвд байрлах хүнсний худалдааны лангууны өмчлөгч биш бөгөөд уг лангууг бусдад худалдах эрх бүхий этгээд биш. Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу өөрт бий болсон давуу эрхийг бусдад шилжүүлэх замаар худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхтэй бөгөөд гэрээний гол нөхцөлийн талаар амаар харилцан тохиролцсон нь хууль зөрчөөгүй гэсэн нь үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хувьд гуравдагч этгээдийн зөвшөөрөл шаардагдахгүй гэж дүгнэсэн атлаа өөрийн түрээслэх эрхийг нэхэмжлэгч шилжүүлж байгаа талаар түрээслэгч “Хан талст” ХХК-д мэдэгдэж нэхэмжлэгч шинээр гэрээ байгуулсан, улмаар нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сар хүртэл түрээсийн үйл ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, гэрч Ш.Сарантуяа, Ё.Оюунгэрэл нарын мэдүүлэг болон талууд тайлбараар тогтоогдсон гэж дүгнэсэн нь агуулгын хувьд зөрчилдөж байна. Талууд анхнаасаа лангуу түрээслэх болон дамжуулан түрээслэх гэрээний харилцаа үүсгээгүй, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсдэг. Б.Б- нь “Хан талст” ХХК-ийн өмчлөлийн лангууг бусдад худалдах эрхгүй этгээд тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх байсан. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсэгт зааснаар Б.Б- “Хан талст” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх худалдааны төвийн түрээслэх эрхийг гэрээний дагуу олж авсан бүрэн эрхтэйн улмаас лангууг өөрийн эзэмшилд байлгаснаар өмчлөгчийн ашиг сонирхолд нийцүүлэн төлбөр төлж байсан этгээд учир эзэмших этгээд биш.

Өөрөөр хэлбэл, Б.Б- нь “Хан талст” ХХК-тай лангуу түрээслэх хэлцлийг гэрээний үндсэн дээр байгуулсан учир Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дах хэсэгт зааснаар тодорхой хугацаанд эд хөрөнгийг эзэмших эрх олж авч үүрэг хүлээсэн шууд эзэмшигч болно. Шууд эзэмшигчийн эрх нь түрээсийн гэрээ байгуулсан хугацааны хувьд л хүчинтэй буюу хязгаарлагдмал эрх учир “Хан талст” ХХК Б.Б-д өөрийн өмчлөл, эзэмшлийн лангууг худалдах эрх олгоогүй. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч О.С- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу төлсөн 4 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 32/

 

Хэрэгт авагдсан “Сарантуяагаас лангууны 4 000 000 төгрөг хүлээн авсан нь үнэн” гэх агуулга бүхий баримт /хх6/, талуудын “Хан-талст” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ /хх7-8, 20-21/, түрээслүүлэгч байгууллагын тодорхойлолт /хх4,19/, зохигчдын тайлбараас үзвэл, хариуцагч Б.Б- маргааны зүйл болж буй лангууг хүнсний бүтээгдэхүүн борлуулах зориулалтаар 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээслэн ажиллуулж байгаад 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу өөрийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгийн хамт түүнд шилжүүлсэн, нэхэмжлэгч нь 4 000 000 төгрөгийг хариуцагчид төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагчид шилжүүлсэн             4 000 000 төгрөгийн үнийн дүнд биет байдал бүхий эд хөрөнгө /лангуу/-ийг худалдан авсан гэж ойлгосон бөгөөд тухайн хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр худалдсан гэдгийг хожим мэдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчид эд хөрөнгийг биет байдлаар нь бус харин өөрийн эзэмшиж байсан лангууг цаашид түрээслэх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон тул уг хэлцэл хүчин төгөлдөр, хуульд нийцсэн гэж татгалзсан. Өөрөөр хэлбэл, талууд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр амаар хийсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргасан байна.                                                       

 

Хариуцагч нь өөрийн түрээсэлж байсан хүнсний лангууны түрээслэгч солигдож байгаа талаар “Хан-Талст” ХХК-д мэдэгдсэнээр тухайн түрээслүүлэгч нь нэхэмжлэгч О.С-тай 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр түрээсийн гэрээг шинээр байгуулж, 2019 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд түрээсийн үйл ажиллагаа явуулсан нь тэдгээрийн хооронд байгуулсан түрээсийн гэрээ /хх7-8/, гэрч Ш.Сарантуяагийн “Б.Б- түрээсийн гэрээг шилжүүлэхдээ О.С-тай хамт орж ирсэн, ...түүнээс хойш О.С-тай гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /хх53-54/ зэргээр тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, улмаар маргааны зүйл болох “хүнсний лангуу” эзэмших буюу өөрт бий болсон давуу эрхийг хөдлөх хөрөнгийн хамт хариуцагч нь бусдад шилжүүлэх хэлбэрээр худалдсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.5, 189 дүгээр зүйлийн 189.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 260 дугаар зүйлийн 260.1, 260.9 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, “Хан талст” ХХК нь Б.Б-д өөрийн өмчлөл, эзэмшлийн лангууг худалдах эрх олгоогүй учир талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56  дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл” гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дах хэсэгт зааснаас үзвэл “Хан-Талст” ХХК-ийн нэрээр бүртгэгдсэн Баянзүрх худалдааны төвд лангуу түрээслэх эрх нь эдийн бус хөрөнгөд хамаарах тул уг эрх нь худалдах, худалдан авах гэрээний зүйл байж болно. Анхан шатны шүүх талууд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох лангуу түрээслэх давуу эрхийг шилжүүлэх талаарх тохиролцоог Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчөөгүй гэсэн агуулгаар тайлбарласан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэхгүй. Учир нь, хариуцагч өөрийн эзэмшиж буй эрхээ нэхэмжлэгчид шилжүүлэхдээ түрээслүүлэгч талд мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дах хэсэгт заасан үүргээ хариуцагч зөрчөөгүйг  анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч худалдан авсан хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхийн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дах хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.  

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/03283 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхамаас төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО                                                           

                                       ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                         Т.ТУЯА