Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 81

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч С.Сугар 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгийн өмгөөлөгч Т.Хүдэр

           Шүүгдэгч Ц.Б, Э.А, З.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ц.Б, Э.А, З.Т нарт холбогдох эрүүгийн 2017170001660026 тоот хавтаст хэргийг 2017 оны 08-р сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  сантехникч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хэрэг хариуцах 

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн  аймгийн Хэрлэн суманд  төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт  улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.А.  

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 

 

                           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ц.Б, Э.А, З.Т нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын “Дошнуудын бааз” гэх газраас иргэн Ш.Н-ын 3 хонь, 1 ямааг хулгайлж бусдад 530 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

                                           

 - Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 05 сарын 09-ний өдөр Т, Т бид гурав хөдөө явсан. Бид гурав оройдоо ирнэ гэж явсан боловч хонь мал гээд ирэхгүй 3 хоносон. Тэгээд хонь авья гэж хэлж чадахгүй айгаад 3 хонь 1 ямаатай хөдөө хүлж орхиод орой очоод авах гэсэн боловч олоогүй, үүрээр олоод авч явсан Хэлээд авья гэсэн боловч өгөхгүй байх гээд айгаад хэлээгүй. Н манай хамаатан. Машиныг би барьж явсан. 

Энэ хоёрыг хань болгож авч явсан. Гурван хонь, нэг ямаа 260.000 төгрөг болсон Тэр мөнгөө гурвуулаа л хувааж хэрэглэсэн. Бид гурав тэнцүү хувааж төлсөн.Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй, ухаарсан... гэв.  

 

- Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бг гуйгаад байхаар нь Т бид хоёр хамт явсан. Очсон өдрөө ууж идээд амарсан. Маргааш нь оройхон хурга агтлаад өг гэхээр нь агталж өгсөн. Маргааш нь тэр айлаас явсан. Орой Н ах ирсэн. Би Т, Б хоёрыг хонь хүлж тавьсныг мэдээгүй, дараа нь мэдээд болох юм уу гэж асуухад Б манай ахынхаа би мэдэж байна гэж хэлсэн. Хулгай хийж байна гэдгийг мэдсэн. Мөнгөөрөө бензин тос хийгээд, идэж уугаад дууссан. Б-гийн барьж явсан манай аавын машинд бензин хийсэн. Би гэмшиж байна...гэв. 

 

- Шүүгдэгч З.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 5 сарын 9-ний өдөр Б Т бид хоёртой уулзаж манай ахынхруу яваад ирье гэж хэлсэн. Н ахынд очоод нэг шил боргио, нэг шил архиа уусан. Тэр айлд хоноод маргааш нь Б бид хоёр хонинд яваад Б мөнгөний хэрэг болчихлоо гээд хонь, ямаа хүлж орхисон. Б ахын хонь, би мэдэж байна санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэр үед Б-тэй цуг хонийг нь олоод 3 хонь 1 ямаа авч ирсэн. Аймаг дээр ирж зарсан. 260.000 төгрөгөөр Т-гийн машинд бензин хийж, тос масло аваад дээр нь идэж, уух юм авсан. Хонь авахыг Б санаачилсан. Б хонийг барьж би хөлийг нь боосон. Хохирлыг төлсөн. Хэрэг хийсэндээ гэмшиж байна.. гэв.

 

- Хохирогч Ш.Н-ын мөрдөн байцаалтанд гаргасан: Манайд 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр орой Ц.Б, Э.А, З.Т нар нь ногоон аксент  машинтай халамцуу ирсэн. Тэд надад 0.75 граммын Ерөөл архи, том Боргио пиво гаргаж өгөөд бид нар ууцгаагаад хоносон. Маргааш нь явна гээд болиод манайд 2 хоносон. Тэгээд 2017 оны 05 сарын 16-ны өглөө Б, Т нар манай хонийг хариулаад явсан. Би мотоцикльтой аймаг руу бинзенд яваад орой ирсэн. Гэтэл Б оройхон явна бичиг баримтгүй учраас цагдаад баригдана зээрийн хөшөөн дээр Аийн аав хүлээж байгаа гээд байсан. Тэгээд тэд нар хоол  идчихээд 22 цагийн үед явсан. Манай эхнэр рүү манайхантай ойрхон байдаг  Боргил яриад танайхаас хойш 7-8 орчим клометрт хонь хүлчихсэн байна гэж ярьсан. Тэгээд манай эхнэр танай хамаатан Б өнөөдөр хонинд явахдаа хүлчихсэн юм бишүү гэхээр нь манай хонь тийм хол бэлчихгүй гээд эхнэрээ загнаад  өнгөрсөн. Тэгээд 2017 оны 05 сарын 17-нд хонио тоолоход 3 хонь 1 ямаа тутахаар нь мэдэж цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг  /хх-ийн  11-14-р хуудас/,

 

  - Гэрч У.Э-ын мөрдөн байцаалтандгаргасан: 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б утсаар яриад та хонь, ямаа авах уу гэхээр нь мал авч байгаа гээд хэлээд өнгөрсөн. Тэгээд маргааш өглөө нь 08 цагийн үед Б ахаа хонь, ямаагаа аваад ирлээ. Аймагт ойрхон ирээд машин бинзенгүй болоод байна гэхээр нь би жижиг тэргэнд бинзен аваад Нийгэм хонгорын хөшөөний хажууд очиход ногоон  аксент машинтай 2 залуутай хамт зогсож байсан.  Тэд нар надад 3 хонь, 1 ямаа үзүүлсэн тэр малыг нь би нийтэд нь 260 000 төгрөгөөр худалдаж авсан... гэх мэдүүлэг   /хх-ийн 16-17-р хуудас/

 

- Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтанд гаргасан: Би 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дошнуудн бааз гэх газарт  худаг дээр байж байгаад хойшоо явж байтал Н гэх айлаас 700-800 метр газарт 3 хонь, 1 ямаа хүлсэн байхаар нь Н-ын хониноос хүлсэн байна гэж бодоод утсаар Н-ын эхнэрт танайхаас хойш 3 хонь, 1 ямаа хүлсэн байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 19-р хуудас/

 

            -Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 44-45 хуудас/

 

             -Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 151 хуудас/

 

        - Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын  4 дүгээр  багийн Засаг даргын Ц.Б-гийн оршин суугаа газрын талаарх тодорхойлолт. /хх-ийн 71хуудас/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 3 дугаар багийн Засаг даргын Э.Аийн оршин суугаа газрын талаарх тодорхойлолт. /хх-ийн 72 хуудас/

 

-  Ц.Б-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 55 хуудас/, 

 

-З.Т урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 65 хуудас/

 

-Э.А урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 хуудас/ зэрэг болно.

 

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

 

Шүүгдэгч Ц.Б 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын “ Дошнуудын бааз “ гэх газраас Э.А, З.Т нартай бүлэглэн иргэн Ш.Нын баруун чих араасаа сам имтэй цагаан зүсмийн / цанхин/ нас гүйцсэн эр хонь, баруун чих араасаа сам имтэй шил цагаан зүсмийн нас гүйцсэн эр хонь, зүүн чих урдаасаа ганзага имтэй бие жижиг нас гүйцсэн эр хонь, зүүн чих цуулбар, баруун чих сам имтэй гозгор эвэртэй улаан зүсмийн соёолон насны бие жижигтэй эр ямааг хулгайлан нийт 530.000 төгрөгийн, 

шүүгдэгч Э.А 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын “ Дошнуудын бааз “ гэх газраас Ц.Б, З.Т нартай бүлэглэн иргэн Ш.Н-ын баруун чих араасаа сам имтэй цагаан зүсмийн / цанхин/ нас гүйцсэн эр хонь, баруун чих араасаа сам имтэй шил цагаан зүсмийн нас гүйцсэн эр хонь, зүүн чих урдаасаа ганзага имтэй бие жижиг нас гүйцсэн эр хонь, зүүн чих цуулбар, баруун чих сам имтэй гозгор эвэртэй улаан зүсмийн соёолон насны бие жижигтэй эр ямааг хулгайлан нийт 530.000 төгрөгийн, 

 

шүүгдэгч З.Т нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын “ Дошнуудын бааз “ гэх газраас Ц.Б, Э.А нартай бүлэглэн иргэн Ш.Н-ын баруун чих араасаа сам имтэй цагаан зүсмийн / цанхин/ нас гүйцсэн эр хонь, баруун чих араасаа сам имтэй шил цагаан зүсмийн нас гүйцсэн эр хонь, зүүн чих урдаасаа ганзага имтэй бие жижиг нас гүйцсэн эр хонь, зүүн чих цуулбар, баруун чих сам имтэй гозгор эвэртэй улаан зүсмийн соёолон насны бие жижигтэй эр ямааг хулгайлан нийт 530.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ш.Н, гэрч У.Э, С.Б, С.Б, Ю.Ө нарын мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, А ХХК-ны үнэлгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Тухайн хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцлийг судлавал, Ц.Б мөнгөтэй болох санаа зорилгоор мал хулгайлахыг санаачлан, малын бэлчээрт З.Т-ийн хамт 3 хонь, 1 ямааг хүлж орхин, Э.А-ийн хамт машинаар авч яван, зарж борлуулан, мөнгийг өөрсдийн хэрэгцээнд зарцуулсан болох нь  шүүгдэгч Ц.Б-гийн “ Энэ хоёрыг хань болгож авч явсан. Гурван хонь, нэг ямаа 260.000 төгрөг болсон Тэр мөнгөө гурвуулаа л хувааж хэрэглэсэн. “, З.Т-ийн “ Б бид хоёр хонинд яваад Б мөнгөний хэрэг болчихлоо гээд хонь, ямаа хүлж орхисон. Б ахын хонь, би мэдэж байна санаа зоволтгүй гэж хэлсэн. Аймаг дээр ирж зарсан. 260.000 төгрөгөөр Т-гийн машинд бензин хийж, тос масло аваад дээр нь идэж, уух юм авсан. “ гэх, Э.Аийн “ Би Т, Б хоёрыг хонь хүлж тавьсныг мэдээгүй, дараа нь мэдээд болох юм уу гэж асуухад Б манай ахынхаа би мэдэж байна гэж хэлсэн. Хулгай хийж байна гэдгийг мэдсэн. Мөнгөөрөө бензин тос хийгээд, идэж уугаад дууссан“ гэх мэдүүлэгүүдээр хэрэгт тогтоогдоно.

 

Тэдгээрийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг нууцаар авч буй үйлдлээ хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, малыг хулгайлан бусдад зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Ц.Б, Э.А, З.Т нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

  Иймд шүүгдэгч Ц.Б, Э.А, З.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

            

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  Шүүхээс шүүгдэгч Ц.Б, Э.А, З.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.   

 

           Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гүйцэтгэгчдийн үүрэг, оролцоо, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Ц.Б-д хорих ял, шүүгдэгч Э.А, З.Т нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Учир нь мал хулгайлахыг Ц.Б санаачлан, улмаар Э.А, З.Т нарыг  хэрэг үйлдэхэд татан оролцуулсан, мөн тэрээр 2017 оны 01 сард бусдын малыг бүлэглэн хулгайлж шүүхээс хорих ял шийтгүүлэн, уг ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаад дахин гэмт хэрэг үйлдсэн буюу өөрийн буруутай үйлдэлд дүгнэлт хийхгүй, засарч хүмүүжихгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

 

 Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан “ Ц.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн  Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзан хугацаанаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жилээр тогтооно “ гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.Б Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзжээ.

2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлнө ” гэж заасан боловч энэ хуулиар 2002 оны Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, хянан харгалзсан этгээдийн тэнссэн хугацааг дүйцүүлэн хасах, чөлөөлөх эсэхийг тухайлан зохицуулаагүй байна. 

 

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг ” нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчим, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Үйлдэл , эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгэдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн буцаан хэрэглэхгүй ” гэж тус тус заасныг үндэслэвэл шүүгдэгч Ц.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “ Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, Ц.Б-д 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялд нэмж нэгтгэн ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ ” гэж заасныг үндэслэн хэргийг шүүгдэгч Ц.Б-д ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б, Э.А, З.Т нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч Ш.Н-д 530.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая.  

 

Хэрэгт 5223 СҮА улсын дугаартай Аксент маркийн машиныг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, машиныг Сүхбаатар аймгтийн Баруун- Урт сумын 3 дугаар багийн иргэн Ю.Ө-т буцаан олгоно. 

 

Учир нь уг машин иргэн Ю.Ө-ийн эзэмшлийнх, машиныг Ц.Б гуйж унаж яваад гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын болон гэрч Ю.Өийн “ Би 207 оны 1 сард Л гэх хүнээс 650.000 авсан. Бичиг баримт нь одоо байхгүй, халаасанд байсныг угаагаад хаячихсан. Миний машиныг Б гэх залуу манай хүү А-тэй хөдөө авч явсан юм ” гэх, гэрч Х.Лийн” Уг машин миний нэр дээр бүртгэлтэй боловч Ө гэдэг хүнд 650.000 төгрөгөөр зарсан, бичиг баримтаа шилжүүлээгүй байгаа” гэх, гэрч Х.Э-ийн “ 2017 оны 05 сарын 10-дын үе байх Билгүүн заая нь манай нөхөр Өлзийхутгаас машиныг нь гуйгаад хөдөө ахынхаа хэрлүү яваад машинд юм хийж өгчихөөд орой хүрээд ирье гэсээр байгаад машиныг аваад А, Т нартай хамт явсан. Машиныг Б өөрө бариад явсан” гэх мэдүүлэгүүдээр хэрэгт тогтоогдсон байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б, Э.А, З.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

            

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Б-г 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.А, З.Т нарыг тус бүрийг 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Б-д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Ялтан Э.А, З.Т нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ялыг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт 5223 СҮА улсын дугаартай Аксент маркийн машиныг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, машиныг Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 3 дугаар багийн иргэн Ю.Ө-т буцаан олгосугай.

 

6. Ялтан Ц.Б, Э.А, З.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээр нь хохирогч Ш.Над 530.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тонтоолыг хуулийн хүчин Т болтол ялтан  Э.А, З.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                                                         

 

                                                                                                                                                                             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН