Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Г.Т-т холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор                                                          С.Б

                        Хохирогч                                                         Ц.Б

                        Хохирогчийн өмгөөлөгч                                 Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Ч.Б, В.У /онлайнаар/

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б, В.У нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Тт холбогдох 1912004450095 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй,  урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Г.Т

 

Шүүгдэгч Г.Т нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг засмал зам дээр 94-49 АРХ улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Г.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Г,Т-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор  тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт оногдуулсан 2 жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Таас 4.173.450 /дөрвөн сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 26-05 тоотод оршин суух Ц.Б-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 300.000 төгрөгийг шүүгдэгч Г.Таас гаргуулж Н.М-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 4.060.071 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 6.308.217 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Бы гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/75 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Шүүх “шүүгдэгч Г.Т нь ...Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган  зорчигч Ц.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь ...Архангай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 78 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын шинжээчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт, техникийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/06 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна” гэж дүгнэжээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн өмнөх шинжээчдийн дүгнэлт эргэлзээтэй байсан учраас дахин шинжилгээ хийлгүүлэхэд техникийн шинжээчид 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/06 тоот дүгнэлтдээ “жолооч Г.Тын жолоодож явсан машины хурдыг тогтоох боломжгүй” гэж үгүйсгэсэн дүгнэлт гаргасан ба Г.Тыг энэ заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаагүй юм. /хх-143-145-р хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д “Дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэжээ. Шүүх шинжээчдийн хурд тогтоох боломжгүй гэсэн заалтыг үгүйсгэсэн үндэслэл заасангүй.

Бүх шинжээчид явган зорчигч Ц.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар хөндлөн гарна, хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, явган зорчигч, жолооч нарын хэн нь гол буруутай талаар бодит дүгнэлт хийсэнгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ. Гэтэл шүүх нь прокурорын яллах дүгнэлтэд тусгагдаагүй Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар заалт буюу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг Г.Т зөрчсөн гэж дүгнэсэн нь прокурорын яллах дүгнэлтэд заагаагүй заалтыг оруулж ирж эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Энэ заалтыг зөрчсөн эсэх талаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчид огт дурдаагүй бөгөөд шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үндэслэн 4.173.450 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Хохирогч Ц.Б нь 17.348.168 /арван долоон сая гурван зуун дөчин найман мянга нэг зуун жаран найм/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Г.Т хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж гомдол гарган цагдаагийн байгууллагаар шалгуулсан ба хохирогч Ц.Б нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2-д заасан санаатай худлаа мэдүүлэг өгсөн гэм буруутайд тооцогдож, 500 нэгжээр торгуулах ял шийтгүүлсэн байхад иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан Г.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Г.Тт холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Тын гэм бурууг нотолсон нотлох баримт хангалттай авагдаагүй байхад гэм буруутайд тооцсон, хохирогч Ц.Бийн буруутай үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг гарсан байгааг огт анхаарахгүйгээр хохирол төлбөрийг шийдвэрлэсэн, мөн хэрэгт цугларсан хохирлын баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлээгүй, хохирлыг буруу тооцож гаргасан, Өршөөл үзүүлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд оролцон гомдолтойгоо холбогдуулан нэмэлт тайлбар гаргана гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Г.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн нөхцөл байдал тулгуурласан. Тухайн үед Г.Тын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан боловч түүний өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөхөөр үндэслэл, тайлбарыг гаргаж үйлчлүүлэгчийнхээ эсрэг байр суурьтай оролцсон нь Өмгөөллийн тухай хуулийг зөрчиж, үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдалд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Ийм урчаас Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн тал дээр маргадаггүй бөгөөд хохирол төлбөртэй холбогдуулан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирол төлбөрийг бүрэн гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Хохирогч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд хохирлоо бүрэн гаргуулж авах хүсэлттэй байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Үндэслэлийн хувьд хохирлын хэмжээг багасгаж, Өршөөл  үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой учраас уг хуульд хамруулан өөрчлөлт оруулж өгнө үү. Хохирогчийн өмгөөлөгч болон прокурорын тайлбар дээр гарч байгаа асуудлын хувьд үндэслэлгүй байна. Өмгөөллийн тухай хуулийг баримтлан эрүүгийн хэрэг дээр ял шийтгэлийн асуудлыг шийдвэрлэдэггүй. Харин тэр санал зөрөлдөх асуудлын хувьд Г.Тт ял шийтгэл оногдуулах асуудалтай огт холбоогүй юм. Тэгэхээр энэ асуудалтай холбогдуулан хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Өмнөх тайлбараа дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Улсын яллагчийн зүгээс Г.Тыг хурд хэтрүүлснийг бүх гэрчүүд гэрчилсэн гэж ярьж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдаагүй. Тухайн ослыг харсан ганц л гэрч байдаг. Тэр нь Г.Тын автомашинд сууж явсан н.Мөнхбаатар гэдэг хүн байдаг. Түүнээс өөр хүн энэ ослыг хараагүй. н.Мөнхбаатарын хувьд бага хэмжээний буюу 20 км цагийн хурдтай явсан гэж хэлдэг. Г.Т өөрөө мөн адил бага хурдтай явсан гэж хэлдэг. Хурд хэтрүүлсэн асуудал тогтоогдоогүй гэдгийг сүүлийн шинжээчийн дүгнэлтээр ч гэсэн тогтоогдсон. Тэгэхээр Г.Тыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчөөгүй гэдгийг давхар хэлмээр байна. Дээрээс нь явган зорчигчийн гол буруу гэдгийг гурван удаагийн шинжээчийн дүгнэлтээр гарсан. Иймээс явган зорчигчийн гол буруутай үйлдлээс болж энэ осол гарсан гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрэм 2015 онд шинэчлэгдэн гарахдаа явган зорчигчийн үүрэг хариуцлагыг чангаруулж өгсөн. Үүнд хориглох заалтыг оруулж өгсөн байдаг. Явган зорчигч нарын гарцгүй газраар гарч жолооч нарыг хохироодог асуудлыг хориглохоор тусгаж өгсөн. Тэгэхээр явган зорчигчийн гол буруу гэдгийг гаргаж өгнө үү. Нэхэмжлэлтэй холбоотой асуудлын хувьд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч нэхэмжлэл гаргахдаа санаатай худал мэдүүлэг гаргасан гэдэг нь анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Тэгтэл хохирогчийн хувьд дахин дахин нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг өмгөөлөгчийн хамт гаргаж байна. Тэгэхээр энэ хэрэг нь тогтоогдоогүй тул Г.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б, В.У нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад  шүүгдэгч Г.Т нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг засмал зам дээр 94-49 АРХ улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь... хохирогч Ц.Бийн өгсөн”...Би тэр өдөр сургуулийн үйл ажиллагаа тараагаад шөнө 02 цагийн 50 минутын үед автобусны зогсоол дээр ирсэн. Тэгээд ертөнцийн зүгээр замын баруун талаас буюу Цэнхэр сумын талаар далангаар өгсөөд зам дээр иртэл гэнэт гэрэл, тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Би далангаар өгсөөд яг тухайн үед би тамхи татаж явснаа замын зорчих хэсгийн хажуугийн шороон дээр унагааж гишгэчхээд яг зам руу орох гэтэл гэрэл ороод ирсэн. Би тэр машиныг хараагүй. Гэтэл гэрэл ороод ирсэн. Би огт архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Манай багш нар бүгд гэрчилнэ. Бид зууш идээд л байж байсан. Би одоо хөдөлмөрийн чадвар 80% алдагдсан гэсэн үндэслэлээр группт орсон. Нийтдээ 2 удаа 2 сар эмнэлэгт хэвтсэн...гэх мэдүүлэг,

гэрч Д.М-ын өгсөн”...2019 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 03 цагийн үед Архангай аймгийн төв орох гээд Цэнхэр сумын автобусны буудал дээр зорчигч буулгаад зогсож байсан. Тэр үед миний хажуугаар Харриер маркийн машин нэлээн хурдтай яваад өнгөрсөн. Тэгсэн чинь гэнэт түс хийх чимээ гарахаар нь харсан чинь нөгөө Харриер маркийн машин хүн мөргөсөн байсан...гэх мэдүүлэг, гэрч А.Мөнхцолмонгийн”...Би тэр үед автобуснаас буугаад автобусны буруу талын тээш онгойлгох гээд байж байтал түс хийх чимээ гараад манай жолооч Д.М дуу алдаад явчихаар нь буцаад автобус руу ороод урд салхины шилээр харсан. Би яг мөргөхийг нь бол хараагүй. Ц.Б автобусанд сууна гээд утсаар ярьж байсан. Би автобуснаас буух үедээ Ц.Бийг хараагүй... гэх мэдүүлэг,

гэрч Э.М-ын өгсөн...Тэгээд нэлээн сууцгааж байгаад Г.Т аймаг явах ажилтай болчихлоо хоёулаа хамт яваад ирье гээд бид хоёр Архангай аймгийн төв рүү явсан. Тэгээд замд Цэнхэр сумын нутаг дэвсгэр өнгөрч байхад хот хоорондын тээврийн автобус зогссон байхаар нь тэрний хажуугаар тойроод гарах гэтэл урд гэнэт нэг хүн гарч ирээд мөргүүлсэн. Тэгээд бид 2 тухайн үед сандраад цаашаагаа яваад өгсөн. Би Г.Тт хоёулаа буцаад очъё гэж хэлээд буцаад эргэж байхад Приус-20 маркийн машин жолоодсон залуу та хоёр хүн мөргөөд зугтаачихлаа гээд байхаар нь би мэдэж байна эргээд очих гэж байна гэж хэлээд хүн мөргөсөн газраа ирсэн. Г.Т нь жолоодож байсан. Ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж байсан байх. Согтуу байсан... гэх мэдүүлэг,

гэрч С.О-ийн өгсөн...Би яг тухайн үед зүүрмэглэчихсэн явж байгаад сэрж ядаад байж байтал хүн дайруулчихлаа гээд автобусанд сууж явсан хүмүүс яриад эхэлсэн. Би өндийгөөд автобусны цонхоор харсан чинь автобусны урд эсрэг урсгалд 10-аад метр зайтай газарт 1 хүн зам дээр хөндлөн ойчсон байсан. Тэрнээс цааш 60-аад метр 1 машины бөгсний улаан гэрэл харагдаж байсан. Би хүнээ хараад байж байтал хөдлөхгүй байсан, нөгөө машин цаашаа хөдлөөд яваад өгсөн. Тэгсэн автобусанд сууж явсан хүмүүс зугтаачихлаа ш дээ хойноос нь яваач гээд орилолдсон. Тэнд хүн тосож байсан болов уу 1 приус машин араас нь явсан. Тэгсэн 3 орчим минутын дараа нөгөө хүн хөдлөх шиг болохоор нь автобусанд хамт сууж явсан 2 эмчтэй хамт нөгөө хүн дээр яваад очсон. Тэнд 50 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн ёолоод байж байсан. Би хаана хаана нь өвдөж байна гэж асуухад толгой их өвдөж байна, ерөнхийдөө бүх бие өвдөж байна гэж байсан...гэх мэдүүлэг,

гэрч Г.Л-ын өгсөн...Би тухайн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Цэнхэр сумын автобус зогсдог зогсоолын хажууд хүн машинд дайруулсан байна гэх дуудлага ирж дуудлагын дагуу миний бие очиход тухайн өвчтөнд хажууд нь байх автобусны зорчигчид анхны тусламж үзүүлсэн байсан. Тэгээд өвчтөний биеийг үзэхэд биеийн байдал хүнд байсан тул өвчин намдаах эм, тариа хийсэн. Тухайн өвчтөн нь хавирга гэмтэлтэй байсан учир зүрх судасны үйл ажиллагааг дэмжих тариа болох адерналин, өвчин намдаах морьфин, цус тогтоох капроны хүчил, витамин, шингэн сэлбэх натри хлорид  0.9%, ренгерь дуслаар зэрэг эмчилгээнүүдийг хийсэн. Тэгээд өвчтөнийг тээвэрлэж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Намайг очиход автобусны зүүн урд хэсэгт асфальтан замын голд толгой нь Архангай аймаг тал руу буюу баруун хойшоо чиглэсэн дээшээ хараад хэвтсэн, дээрээс нь мишокор хучсан байсан. Автобусанд суух гээд зам гарч явах үед автобусыг нэг машин гүйцэт түрүүлж гарч ирээд мөргөчхөөд зугтаасан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг,

гэрч Б.О-ын өгсөн...Тухайн үед 94-49 АРХ улсын дугаартай тоёота харриер маркийн автомашины жолооч Г.Т нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцоод зам тээврийн осол гаргаж зугтаасан байсныг автобусны жолооч гэх залуу буцаан авчирсан талаар ярьж байсан. Шинжээч Д.Болормаа, мөрдөгч д/ч Н.О нарын хамт зам тээврийн осол, хэргийн газарт очиж үзлэг хийхэд жолооч Г.Т нь анх зам тээврийн осол гаргаж хүн мөргөсөн газраа зааж өгсөн ба хэргийн газар дээр байсан автомашины эд ангийн хагархай зэрэг зүйлийг үндэслэн А цэгийг тогтоосон. Тухайн ослын үед жолооч Г.Т нь автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй байсан ба хэргийн газарт хийсэн үзлэгээр зорчих хэсгийн гадаргуу тоормосны болон дугуйн мөр байгаагүй...гэх мэдүүлэг,

гэрч Б.Ч-ийн өгсөн... 2019 оны 07 дугаар сарын 20-ны өглөөний 03 цагийн үед зам тээврийн осол болж хүн гэмтсэн талаар дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн осолд өртсөн гэх хүн нь тэндээсээ түргэний машинтай аймаг явсан байсан. Харин автомашин барьж явсан жолооч гэх 1 эрэгтэй хүн цагдаатай хамт эмнэлэг дээр ирээд тухайн хүний цусыг авхуулаад хуруу шилэнд хийлгээд аваад явсан. Тухайн үед дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтан энэ хүний биеэс цусны дээж авах хэрэгтэй байна гэсний дагуу би цусыг нь авсан...гэх мэдүүлэг, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 78 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 467 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын авто тээвэр хариуцсан хяналтын мэргэжилтэн Д.Ж, Д.Б, техникийн хяналт үзлэгийн инженер М.Э нарын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт дүгнэлт,  техникийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/06 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

  Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Г.Тын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

 Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын хувьд түүний хувийн байдалд тохирсон байна.

 

            Харин шүүгдэгч Г.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх Тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

            Хохиролд тооцох боломжтой гэж дүгнэсэн 4.173.450 төгрөгийг шүүгдэгч Г.Таас гаргуулж хохирогч Ц.Бт олгохоор, хохирогч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдах нь зүйтэй гэж тус тус шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Уын давж заалдах шатны шүүхэд гаргасан  Өршөөл  үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой учраас уг хуульд хамруулан өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлыг хангаж, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б... Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан Г.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ:

 

               Шүүгдэгч Г.Тын согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

  Архангай аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Г.Тыг согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг засмал зам дээр 94-49 АРХ улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэж  Г.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилжээ.

 

   Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурорын яллах дүгнэлтэд заагаагүй заалтаар анхан шатны шүүх гэм буруутайд тооцож эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Г.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2 дахь хэсгийг зөрчсөн, явган зорчигч Ц.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой, явган зорчигч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн учир түүнийг тээврийн хэрэгслийн жолооч мөргөж хохирол учруулах нь зөв гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч нь хуурамч баримт бүрдүүлсэн, худал мэдүүлэг өгсөн талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар энэ талаарх баримт шинжлэн судлагдаагүй болно.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Бы давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 жилийн хугацаагаар хориглосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл Үзүүлэх Тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэснийг өршөөн хэтрүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6 дахь заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                 ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                    Л.НЯМДОРЖ