Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0847/З |
Дугаар | 128/ШШ2024/0100 |
Огноо | 2024-01-29 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2024/0100
2024 01 29 128/ШШ2024/0100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б м т ХХК /РД:5/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э /РД:/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Н,
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.О
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн, Үнэлгээний хорооны дарга Л.
Гуравдагч этгээд: С-У ХХК /РД:5/,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С-У ХХК-ийн ерөнхий менежер Г.Г нарын хоорондын эмнэлгийн жижиг тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг шалгаруулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, А.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э анх 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нээгдсэн ПНШНУГТ/2025304031/01/01 дугаартай, Жижиг тоног төхөөрөмж худалдан авах тендер шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2023/8159 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
3. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр "П.Н.Шастины нэхэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгтэй Жижиг тоног төхөөрөмж худалдан авах төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны тэмдэглэл буюу 2023 оны 07 дугаар сарны 26-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай гэж тодруулжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эшүүх хуралдаанд: 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нээгдсэн ПНШНУГТ/2025304031/01/01 дугаартай, Жижиг тоног төхөөрөмж худалдан авах тендер шалгаруулалтын тендерийн Үнэлгээний хорооны С-У ХХК-ийг шалгаруулсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт жижиг тоног төхөөрөмж худалдан авах төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2 дугаартай тэмдэглэлийг хүчингүй болгуулах, мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах тухай гэж тодруулжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: "Нэхэмжлэгч "Б м т" ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нээгдсэн ПНШНУГТ/2025304031/01/01 дугаартай, Жижиг тоног төхөөрөмж худалдан авах тендерт оролцсон боловч Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28-р зүйлийн 28.7.5 дахь хэсэгт заасны дагуу чанар ба үнэлгээний харьцуулалтаар 72,1 оноогоор үнэлэгдсэн тул татгалзаж байна гэсэн мэдээллийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тендерийн цахим систем, имэйлээр хүлээн авсан.
Нэхэмжлэгчийн зүгээс тус тендерт шалгарсан "С-У" ХХК-ийн оролцогчийн материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журмын дагуу танилцах хүсэлт гарган танилцаж үзэхэд "С-У" ХХК нь тендерт санал болгосон 3-р бараа Ангиорафийн катьетр лабораторийн эмч, сувилагч, ажилтны өмсөх рентген туяаны хамгаалалт бүхий иж бүрдэл хувцас барааны харьцуулсан техник үзүүлэлтэд дараах үзүүлэлтийг хангаагүй болох нь оролцогчийн бүрдүүлж өгсөн материалаас харагдаж байна. Үүнд:
Тендерийн бичиг баримтын Жижиг тоног төхөөрөмж худалдан авах техникийн шаардлагын Б хэсэгт заасан Техникийн тусгай шаардлагын 3 дугаар хүснэгтэд заасан материал: kiarmor, Хангасан стандарт IEC 61331-1:2014, ASTM, F3094-14, DIN6857-1 байх шаардлагуудыг хангаагүй байна.
Дээрх үзүүлэлтийг хангаагүй болох нь "С-У" ХХК-ийн санал болгосон бараа материалын каталоги болон үйлдвэрлэгчийн сайт, холбогдох бусад мэдээлэл дээр байхгүй байгаагаар нотлогдож байна.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно, 16.1.6. ...нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. ...тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж тус тус заасныг зөрчиж Төрийн худалдан авах ажиллагааны газраас хууль бус шийдвэр гаргаж "С*******" ХХК-ийг ПНШНУГТ/2025304031/01/01 дугаартай, Жижиг тоног төхөөрөмж худалдан авах тендерт шалгаруулсан нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлэгийн ажилтнууд kiarmor,IEC 61331-1:2014, ASTM, F3094-14, DIN6857-1 стандарт хангаагүй, рентген туяаны хорыг саармагжуулахгүй, хувцас хэрэглэлээр хангагдаж, хордох эрсдэлийг бий болгохын сацуу "Б М Т" ХХК-ийн шударга өрсөлдөх, шалгарах боломжийг хаасан, өрсөлдөөнийг хязгаарласан хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Төрийн худалдан авах ажиллагааны газар нь тусгай нөхцөл, шаардлага, стандарт нөхцөл зааж тендер зарласан хирнээ тухайн тендерт тавьсан стандарт шаардлагад нийцээгүй материал бүрдүүлж оролцсон оролцогчийг шалгаруулсан нь хууль бус байх тул 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нээгдсэн ПНШНУГТ/2025304031/01/01 дугаартай, Жижиг тоног төхөөрөмж худалдан авах тендерт шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү..." гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай компанийн зүгээс тендер шалгаруулалтад заасан бүх материалыг шаардлагын дагуу хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5-д заасан чанар ба үнэлгээний харьцуулалтаар 72,1 оноогоор үнэлэгдсэн. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нээгдсэн ПНШНУГТ/2025304031 дугаартай, Жижиг тоног төхөөрөмж худалдан авах тендер шалгаруулалтын хорооны С-У ХХК-г шалгаруулсан тэмдэглэлийг хүчингүй болгуулах, мэдэгдсэн мэдэгдлийг хүчингүй болгуулах, мөн Төрийн худалдан авах ажиллагааны газарт тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгаж өгнө үү.
Тендерийн үнэлгээ хорооноос Тендерийн тухай хуулийн 27.3, 27.1, 16.1, 16.1.6, 28.7.5-д заасан заалтуудыг зөрчсөн байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байдаг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24.2-т зааснаар захиргааны байгууллага бол энэ үүргийг хүлээх байсан. Энэ үүргийг хүлээгээгүй байна. Энэ бол нийт ард иргэдийн бас эрүүл мэндтэй холбоотой бараа материал бүтээгдэхүүний тендер шалгаруулалт байгаа. Гэтэл ингэж хайхрамжгүй хандаж нэхэмжлэгч компанийн мөн ард иргэд тухайн эмнэлэгт ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлын талаас нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Өнөөдөр бидэнд яг ижилхэн оноо өгсөн зөвхөн үнийн дүнгээс нь шалтгаалаад манай компанид бага үнэлгээ өгчихсөн гэж ярьж байна. Гэтэл нотлох баримт судлахад үнэхээр стандартын шаардлага хангасан талаар баримт байсангүй. Тэгээд нэгэнт хэрэгжсэн акт гэж шүүхээс үзээд байна. Энэ хэрэгжсэн актыг бид хэрэгжсэнийг мэдээгүй байсан. Тэгэхлээр манай компанийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа. Цаашид ч бид нэгэнт явагдчихсан шийдвэр одоо хүчин төгөлдөр болчихсон ч гэсэн энэ шийдвэр хууль бусаар явагдаад байхад нэгэнт явагдчихсан одоо хамаагүй гээд сууж байж болохгүй байх. Түүнийг шүүхээс анхаарч үзээсэй гэж бодож байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т зааснаар бусад этгээд эрх, хууль, ёсны, ашиг сонирхол эс үгүй бол нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх юм бол үүнийг хүчингүй, хууль бус актад тооцож болно... гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны дүгнэлт гаргасан. Өндөр ач холбогдол бүхий монголчуудын эрүүл мэндтэй холбоотой, энэ зөвхөн эмнэлгийн ажилчидтай холбоотой бус судас дотуурх оношилгоо тодосгогч бодистой болон бодисгүй оношилгоо, түүнчлэн судсан дотор хийгддэг хагалгааны үед хэрэглэдэг хормогч малгай, бамбайн хаалт, түрүү булчирхайн хаалт гэх мэтчилэн багаж хэрэгслүүдийг худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтын ажиллагаа байсан юм. Тиймээс энэ тендерт шалгарсан компанийн тендерийн шалгаруулалтад цахимаар илгээсэн баримтууд дотор зөвхөн чанарын удирдлагын тогтолцоо буюу олон улсын стандарт, тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад ямар удирдлагаар хангаж, ямар үйлдвэрлэлийн үе шаттайгаар тухайн бүтээгдэхүүнийг чанартай стандартын дагуу хийх вэ гэдэг энэ ISO стандартыг л хангасан баримт каталог, үйлдвэрлэгчийн мэдээллийг ирүүлсэн болох нь нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдож байна.
Харин тендер шалгаруулалтын үнэлгээний хороо юунаас зарласан захиалагчийн тендерийн материалын техникийн тодорхойлолт, хангасан стандартад юу юу байх ёстой вэ гэхэд ISO зөвхөн үйлдвэрлэл дээр байхгүй. Хангасан стандарт гэдэг дээр ISO байхгүй. Зөвхөн хэт ягаан туяаны буюу хатуулаг хэт ягаан туяаны хордлогоос хамгаалахад зориулагдсан материалаар буюу биометрик материалаар хийгдсэн хувцас хэрэгсэл байх ёстой юм. Тендерийн материалын техникийн нөхцөл хангасан стандарт шаардсан. Гэсэн хэдий ч яг энэ стандарт буюу хэт ягаан туяаны хамгаалалт хэрэгсэл бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн гэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн цацраг идэвхт туяа буюу рентген туяанаас хамгаалах чадлаараа 99 хувьд хүрч байна уу? үгүй юү? ер нь 100%-ийн хамгаалагч байдаггүй. За цацраг идэвхт туяанаас хамгаалах энэ хамгийн дээд буюу Ази, Европ, Америкийн нэгдсэн улсын гэсэн бүсчилсэн стандартуудыг дурдаад бүгдийг нь дурдчихсан байгаад байгаа. Үйлдвэрлэгчдийг дурдах боломжгүй, худалдан авах ажиллагаа буюу тендерийн тухай хуулийн 12.4-д заасан нөхцөлийг заагаагүй тендерийн материал дутуу байна. Зөвхөн 12.1, 12.2-т заасан материалыг ирүүлэхийг шаардсан байдаг. Гэтэл цацраг идэвхт пи си ар пи эмээс хамгаалах материалаар доторлогоо хийгдээгүй байж болохуйц бараа бүтээгдэхүүнийг нийлүүлчихсэн нөхцөл байдал тодорхой болж байна.
Хэдийгээр манай нэхэмжлэгч компани тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт болох шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай шаардлага гаргасан. Харин энэ нэхэмжлэгч компанийн эрх ашиг юунд хөндөгдөөд байгаа юм, яагаад байгаа юм, нэгэнт хэрэгжчихсэн, гэрээгээ авчихсан, ажил үүргээ гүйцэтгээд дуусчихсан юм гээд зогсож байгаа гуравдагч этгээдийн хувьд дахиад цаашаа хөндөгдөх асуудал байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Нөгөөтээгүүр энэ тендер шалгаруулалтыг хууль бусаар илтэд бусдад давуу байдал үүсгэж зөвхөн үнийн саналд тулгуурлаж тендер шалгаруулснаараа бусад тоног төхөөрөмж дээр ажиллах мөн тухайн тоног төхөөрөмжөөр оношлуулах эмчилгээ үйлчилгээ авах иргэдийн эрхийг зөрчсөн ийм үйлдэл болж байгаа учраас энэ асуудал дуусахгүй.
Тийм учраас бид хууль бус тендер шалгаруулалт явагдсан болохыг тогтоолгох нь бид нар дахин даалгах гэхээсээ илүүтэйгээр чухал байгааг шүүх бас анхаарч үзээсэй, энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдээсэй гэж хүсэж байна... гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ншүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "...П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/437 дугаартай албан бичгээр 518,600,000.00 төгрөгийг төсөвт өртөг бүхий Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боловсрол олгох контент хийх, Мн Кардио программын нэмэлт хөгжүүлэлт хийх, Жижиг тоног төхөөрөмж худалдан авах төсөл, арга хэмжээнүүдийг худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн. Тус газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/77 дугаар тушаалаар тус төсөл арга хэмжэээг хэрэгжүүлэхээр үнэлгээний хороо байгуулагдсан бөгөөд нээлттэй тендер шалгаруулалтыг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ээр дамжуулан зарлаж 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тендер шалгаруулалтыг нээхэд 5 оролцогч буюу "Б м т" ХХК, "С-У" ХХК, "М и и" ХХК, "Ч т" ХХК, "А м т" ХХК-ууд тендер ирүүлсэн.
Тус тендер шалгаруулалтад С-У ХХК-ийн нийлүүлэхээр санал болгож буй бүтээгдэхүүн нь БНХАУ-ын Longkou, San yi, Medical Device Co-д үйлдвэрлэгдсэн байх ба үйлдвэрлэгчийн чанарын сертификат ирүүлсэн. Техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд Ангиорафийн катьетр лабораторийн эмч, сувилагч, ажилтны өмсөх рентген туяаны хамгаалалт бүхий иж бүрдэл хувцас нь Kiarmor материалтай, Хангасан стандарт: ІЕC61331- 12014, ASTM F3094-14, DIN6857-1-т нийцсэн байгаа болно. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 8 дугаар сарын 25-ны "Зөвлөмж хүргүүлэх тухай" А-1/3578 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалтын дагуу чанар ба үнэлгээний харьцуулалтаар "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгарсан "С-У" хязгаарлагдмал хариуцлагатай компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргүүлсний дагуу гэрээ байгуулагдсан.
Дээрх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг манай байгууллага П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээс ирүүлсэн техникийн шаардлагын дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд хууль тогтоомж зөрчсөн ямар нэгэн үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү" гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Тус шийдвэртэй холбоотойгоор нэхэмжлэгч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас Үнэлгээний хорооны шийдвэрийг зөв гэж үзсэн тул тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэн гэрээ байгуулагдсан.
Манайхаас тухайн бараа бүтээгдэхүүнийг харьцуулах үүднээс техникийн болон гүйцэтгэлийн бодит хэмжээг танилцуулсан тайлбар, дэлгэрэнгүй танилцуулгыг ирүүлнэ гэсэн. Үнэлгээний хорооноос шийдвэр нь гараад гэрээ байгуулсан. Ганц тоног төхөөрөмж биш нэлээд хэдэн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой яаралтай байсан тул нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулаад үнэлгээний хорооны олонхын шийдвэр гаргаад, шийдвэрийг захиалагчид хүргүүлсэн. Түүний дагуу гэрээ байгуулах зөвлөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргүүлсний дагуу гэрээ байгуулагдчихсан байгаа. Гэрээ цахим систем дээр нийтлэгдсэн байгаа. Техникийн тодорхойлолтын хувьд шаардлагад нийцэж байгаа бараагаа хүлээж авахдаа шалгаж бас шаардлагад нийцсэн бараагаа хүлээж авсан. Тухайн Гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын хэрэглэх тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, материалуудаа актаар хүлээж авсан байгаа. Тэгээд угсарч суурилуулалтын зардал хийгдсэн байгаа. Үнэлгээний хорооны хувьд яг тендерийн баримт бичиг дээр шаардсан материалуудыг нь бүрэн ирүүлсэн. Нэмэлтээр заавал энэ стандартад нийцсэн байх ёстой гэдгийг харуулсан сертификатыг ирүүл гэж бас тендерийн баримт бичиг дээр зааж өгөөгүй байгаа. Харьцуулсан байдлаар үндсэн бүртгэл, дэлгэрэнгүй тодорхойлолт, каталог ирүүлэхийг шаардсан. Оролцогчийн зүгээс каталог дээр ямар нэгэн стандартыг хангасан эсэх талаар нэхэмжлэгч каталог дээр ч гэсэн байхгүй байсан. Тэгээд адилхан каталог дээр стандартыг хангасан гэдэг байдаггүй юм байна. Тэгээд яг харьцуулсан хүснэгт болон ISO стандартын дагуу шаардлагад нийцсэн гэж үзсэн гэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу Үнэлгээний хорооноос гарсан дүгнэлт, тайланг үндэслэн захиалагч 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсний дагуу гэрээ байгуулагдсан. Дээрх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг манай байгууллага П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээс ирүүлсэн техникийн шаардлагын дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд хууль тогтоомж зөрчсөн ямар нэгэн үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Тендерийнхээ үнэн зөв байдлыг тендерт оролцогч өөрсдөө хариуцдаг болохоор тэрийг заавал үнэлгээний хороо та үүнийгээ ирүүлээгүй зэргээр тодруулга мэдээлэл аваад байх шаардлагагүй. Угаасаа хуулиараа хориглосон байгаа. Нэхэмжлэгч нь Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Гомдлыг нь захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдээд тендерийн баталгааг улсын орлого болгосон байгаа. Үнэлгээний хороо хууль тогтоомжийнхоо дагуу үнэлгээгээ хийсэн. Үнэлгээ нь оноо тавьж үнэлгээ хийдэг тийм төсөл арга хэмжээ байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
11. Гуравдагч этгээд "С-У" ХХК-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Манай компани нь П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй ПНШНУГТЭ/202304031/01/01 дугаар гэрээг байгуулан гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж, санхүүжилт хийгдэж дууссан болно.
Б******* ХХК-ийн нэхэмжлэлд ...3-р бараа Ангиографийн катьетр лабораторийн эмч, сувилагч, ажилтны өмсөх рентген туяаны хамгаалалт бүхий иж бүрдэл хувцас барааны харьцуулсан техник үзүүлэлтэд дараах үзүүлэлтийг хангаагүй болох нь оролцогчийн бүрдүүлж өгсөн материалаас харагдаж байна. Үүнд: -Тендерийн бичиг баримтын Жижиг тоног төхөөрөмж худалдан авах техникийн шаардлагын Б хэсэгт заасан Техникийн тусгай шаардлагын 3 дугаар хүснэгтэд заасан материал: kiarmor, хангасан стандарт IEC61331-1:2014, ASTM F3094-14, DIN6857-1 байх шаардлагуудыг хангаагүй байна гэсэн байна. Бид уг тендерт оролцохдоо Longkou Sanyi Medical Device Co.,Ltd болох үйлдвэрлэгчтэй холбогдон дараах стандартуудыг хангаж байгаа эсэхийг тодруулсан бөгөөд тус компанийн бараа нь IEC61331-1:2014 стандарт хангасан гэх сорил туршилтын бичгийг бидэнд илгээсэн юм.
Дээр дурьдсан стандартууд нь дараах утгатай болно:
Тендерийн шаардлагад дурдагдсан эдгээр стандартууд нь бүгд эмнэлэгийн нөхцөлд рентген туяа ашиглах үеийн хамгаалалтын хэрэгслийн стандартын талаарх ерөнхий нэг утга агуулгатай, үүрэг зориулалтын хувьд ижил юм. Иймд бид аль нэг стандартыг хангасан байх нь шаардлагыг бүрэн гүйцэт хангаж байна гэж үзэж байна. Бидний нийлүүлсэн рентген туяаны хамгаалалт бүхий иж бүрдэл хувцас нь тухайн дурдсан стандартуудын нэгийг /IEC61331-1:2014/ хангасан гэрчилгээтэй ба ISO-13485 буюу Эмнэлгийн төхөөрөмжийн чанарын менежментийн гэрчилгээгээр баталгаажсан нь эмч, эмнэлэгийн ажилчдыг эмнэлэгийн нөхцөлд рентген туяанаас хамгаалдаг, техник үзүүлэлтэд тохирсон сайн чанарын материалаар хийгдсэн болохыг үйлдвэрлэгч байгууллагаас баталсан..." гэжээ.
12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Энэхүү тендер шалгаруулах ажиллагаа дуусаад манай компани санхүүжилтээ авсан. Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Энэхүү аппарат, хамгаалах хувцсыг өгөхдөө бид рентген туяа үүсгэгч аппарат болон бусад рентген аппарат дээр дозметр гэдэг багажаар байнга хянаж байдаг. Сардаа нэг удаа Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын үндэсний төвд эмнэлгийнхэн очиж хянуулдаг. Ийнхүү өгснөөс хойш одоо гурваас дөрвөн сар болж байна. Анх өгөхдөө ч гэсэн рентген үүсгүүр дээр хэдэн киловольт өгч байна хамгаалалтын хувцаснаас дамжаад дотор талын дозметрт хэдий хэмжээний туяа өгч байна гэдгийг тодорхой хэмжээнд гуравдугаар эмнэлгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн албатай нь харилцан үзэж хянаж байж бид хүлээлгэж өгсөн байгаа. Тийнхүү хүлээлгэж өгснөөс хойш ямарваа нэг гомдол ирээгүй... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б м т ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/437 дугаар албан бичгээр нийт 518,600,000.00 төгрөгөөр нэр бүхий төсөл, арга хэмжээнүүдийг худалдан авах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргад шилжүүлснээр тус эмнэлгийн захиалгатай, Жижиг тоног төхөөрөмж худалдан авах төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооноос зарласнаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь тендерийн урилгад заасны дагуу тендерийн баримт бичгийн үнэ, тендерийн баталгааг байршуулан тендер шалгаруулалтад оролцжээ.
3. Жижиг тоног төхөөрөмж худалдан авах төсөл, арга хэмжээ нь дотроо 2 багцтай ба Багц-1: Эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах төсөвт өртөг нь 251,900,000.00 /хоёр зуун тавин нэгэн сая есөн зуун мянга/ төгрөгөөр, Багц-2: Оффисын тоног төхөөрөмж төсөвт өртөг нь 17,100,000.00 /арван долоон сая нэг зуун мянга/ төгрөгөөр батлагдсан ба энэхүү маргаан нь багц-1 буюу эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах-тай холбоотой байна.
4. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай А/77 дугаар тушаалын нэг дэх заалтаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2023 оны 1/437 дугаар албан бичгийн дагуу Жижиг тоног төхөөрөмж худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байсан ба уг тушаалд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/919 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон.
5. Дээрх Үнэлгээний хорооноос тендерийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 40 минутад нээхэд, нэхэмжлэгч Б******* ХХК болон өөр бусад дөрвөн хуулийн этгээд оролцохоор үнийн санал ирүүлсэн байх ба Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл /МБЗА/ үйлдэгдэж, Жижиг тоног төхөөрөмж худалдан авах ПНШУГТЭ/202304031 дугаартай төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр тендерийн материал ирүүлсэн М им и ХХК, Ч т ХХК, А м т ХХК нь тендерийн баримт бичгийн дагуу нотлох баримт ирүүлээгүйгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу тухайн тендерээс татгалзаж байгааг мэдэгдэхээр шийдвэрлэсэн, улмаар үлдсэн хоёр компани болох нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах чанар ба үнэлгээний харьцуулалтын аргаар тооцон шалгаруулжээ.
6. Нэхэмжлэгчээс хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн а-1/3322 дугаар мэдэгдлийг эс зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 08/010 дугаар албан бичгээр гомдол гаргаснаар Сангийн яамнаас захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлж байсан, улмаар мөн яамны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Гомдол хянасан тухай 03/6053 дугаар албан бичгээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон С-У ХХК-ийн ирүүлсэн тендерийг гомдолд дурдсан үндэслэлээр хянахад захиалагчийн шийдвэр үндэслэлтэй талаар мэдэгдэж хариу өгсөн ажээ.
7. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Сангийн яаманд гаргасан гомдлын үндэслэлд С-УХХК нь тендерт санал болгосон 3-р бараа Ангиографиийн катьетр лабораторийн эмч, сувилагч, ажилтны өмсөх рентген туяаны хамгаалалт бүхий иж бүрдэл хувцас барааны харьцуулсан техник үзүүлэлтэд дараах үзүүлэлтийг хангаагүй..., тендерийн бичиг баримт шаардсан: Kiarmor, "С-У" ХХК-н санал болгосон: Каталоги болон үйлдвэрлэгчийн сайт бусад мэдээлэл дээр байхгүй, тодруулга: Kiarmor материал нь хөнгөн, нимтгэн, уян хатан, олон цагаас өмсөхөд ачаалал өгөхгүй, эмч сувилагчдыг рентген туяанаас хамгаална. Үзүүлэлт: хангасан стандарт, тендерийн бичиг баримт шаардсан: IEC61331-1:20148 ASTM, F3094-14, DIN6857-1, С*******" ХХК-н санал болгосон: Каталоги болон үйлдвэрлэгчийн сайт бусад мэдээлэл дээр байхгүй. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3. "Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ", 16.1.6. нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг гэснийг хангаагүй гэжээ. / хх-ийн 9-10-р хуудас/
8. Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/437 дугаар албан бичгээр эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолтыг хавсралтаар ирүүлсэн /хх-ийн 80/ ба үүнд: Худалдан авах тоног төхөөрөмжийн нэр: Ангиографийн катетер лабораторийн эмч сувилагч, ажилтаны өмсөх рентген туяаны хамгаалалт бүхий иж бүрдэл хувцас, Техник үзүүлэлт: хормогч, цээживч, бамбай булчирхайн хамгаалалт, нүд эсвэл нүүрний хамгаалалт оруусан байх, материал: Kiarmor материал, нимгэн хөнгөн байх, хангасан стандарт: IEC61331-1:2014, ASTM F3094-14, DIN6857-1, Тоо, ширхэг: 3 ширхэг..." гэж,
9. Хариуцагч Тендерийн үнэлгээний хороо боловсруулж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын баталсан 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт жижиг тоног төхөөрөмж худалдан авах төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг"-ийн 3 дугаар бүлэгт техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагыг заасан ба үүнд: "нийлүүлэх бараа бүтээгдэхүүний каталог ирүүлэх, (Каталог дээрээс санал болгож буй барааг ялган тодруулж ирүүлнэ), нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан тайлбар, эсхүл тус тодорхойлолтын аль нэг зүйл, заалтыг орхигдуулсан, зарсан боловч захиалагчийн тогтоосон техникийн тодорхойлолтыг шаардлагыг үндсэнд нь хангаж байгааг нотолсон мэдэгдлийг баталгаажуулан ирүүлнэ гэснээс гадна Үнэлгээний хороо худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн техникийн тодорхойлолтыг жишиг нөхцөл, стандарт, загварыг баримтлан техникийн тодорхойлолтыг боловсруулна гэж туссан.
10. Ингэснээр, техникийн тодорхойлолтын А. техникийн ерөнхий шаардлагад: ...бараа нь технологийн хувьд орчин үеийн дэвшилтэт технологи байхын сацуу ашиглахад энгийн, ажиллагааг хянах боломжтой, олон улсын бүтээгдэхүүний чанарын CE, FDA, ISO, TUV зэрэг стандартуудын аль нэгийг хангасан байх ..., Б. Техникийн тусгай шаардлагад: кiarmor материал, нимгэн хөнгөн байх, IEC61331-1:2014, ASTM F3094-14, DIN6857-1 стандартыг хангасан байх"-ыг шаарджээ.
11. Худалдан авах ажиллагааны цахим системд ирүүлсэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тендерийн баримт бичгээс, маргаж буй багц-1-ийн гурав дахь бараанд хамаарах техникийн үзүүлэлтийг түүвэрлэн үзвэл дараах байна.
11.1. Б м т ХХК-аас тендер шалгаруулалтад ирүүлсэн бүтээгдэхүүний танилцуулгад гэрчилгээний дугаар Q5044751 0164, Сертификат эзэмшигч: Шинжин Майндрей Био-Медикал Электроникс компани лимитэд, Сертификатын стандарт: TUV SUD en iso 13485, Барааны нэр: Ангиографийн катетер лаборатоийн эмч, ажилтны өмсөх рентген туяаны хамгаалалт иж бүрдэл хувцас, захиалагчийн техник үзүүлэлтэд санал болгож буй техник үзүүлэлт, Ерөнхий үзүүлэлт: Хормогч, цээживч, бамбай булчирхайн хамгаалалт, нүдний хамгаалалт, материал: Киармор материал, нимгэн, хөнгөн байх, хангасан стандарт: IEC61331-1-20148 ASTM, F3094-14, DIN6857-1, хамгаалалтын хувцсан дээр ажилтан нэрээ бичүүлэх боломжтой байх, малгай, цүнх дагалдуулж өгөх, хормогч: Бүрэн хамгаалалттай хантааз хормогч 703.
Түүнчлэн гэрчилгээний дугаар QS5044751 0140, /хувилбар.02/ Сертификат эзэмшигч: Шэнзэн миндрай био-медикал электроникс компани лимитэд, Сертификатын стандарт: TUV SUD iso 9001, стандарт ISO 9001:2015 гэх.
11.2. С-У ХХК, Үйлдвэрлэгчийн итгэмжлэл: Бид, Longkou sanvi medical device co., ltd, компани, БНХАУ, Шандон, Ланкоу, Хаунчэнгийн автобусан станцаас 2 километр яваад, west гудамжинд байршилтай бөгөөд нь албан ёсоор Рентген туяаны хамгаалалтын хормогч болон бусад төхөөрөмжийг албан ёсоор үйлдвэрлэдэг бөгөөд манай үйлдвэр нийлүүлэх боломжтой. Энэхүү итгэмжлэх захиагаараа С******* ХХК-д бидний үйлдвэрлэсэн барааг санал болгосон тендер ирүүлж, улмаар хэлэлцээр хийн гэрээ байгуулахыг зөвшөөрч байна гэх,
Менежментийн системийн гэрчилгээ LONGKOU SANYI MEDICAL DEVICE CO.,LTD бүртгэлийн дугаар 04720Q10000481, Сертификатын дугаар: CN22-30974H стандарт: ISO 13485:2016 /хэрэглэгчийн үйлчилгээг дагаж QR кодоор харах боломжтой/ Барааны нэр: Ангиографийн катетер лаборатоийн эмч, ажилтны өмсөх рентген туяаны хамгаалалт иж бүрдэл хувцас: Үйлдвэрлэгч, гарал үүсэл: Lonkou Sanyi Medical Device Ck.,Ltd, БНХАУ, захиалагчийн техник үзүүлэлтэд санал болгож буй техникийн тодорхойлолт: Хормогч, цээживч, бамбай булчирхайн хамгаалалт, нүд эсвэл нүүрний хамгаалалт оруулсан байх, материал: Kiarmoр материал, нимгэн, хөнгөн, хангасан стандарт: IEC61331-1:2014, ASTM, F3094-14, DIN6857-1, хамгаалалтын хувцсан дээр ажилтан нэрээ бичүүлэх боломжтой, малгай, цүнх дагалдуулж өгнө гэх,
Бид, LONGKOU SANYI MEDICAL DEVICE CO.,LTD компани БНХАУ, Бүтээгдэхүүн: Рентген туяаны хамгаалалтын хормогч, Рентген туяаны хамгаалалтын хүзүүвч, рентген туяаны хамгаалалтын малгай, рентген туяаны хамгаалалтын шил, дээрх бүтээгдэхүүнүүд нь дараах стандартуудаар гэрчилгээжсэн ISO 134858 ,EN ISO 14971:2012, EN ISO 15223-1:2016. EN 1041:2008, EN ISO 10993-1:2009/AC:2010, EN 61331-1:2014 ... гэх.
12. Дээр дурдсан үйл баримтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээнд дүгнэж үзвэл:
12.1. Хариуцагч Үнэлгээний хороо 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-27.1.3-д заасан шаардлагыг хангасан тендер ирүүлснийг хянах, ингэхдээ мөн хуулийн 27.2.1-27.2.3-д заасан шалгуур үзүүлэлтийг удирдлага болгох ба ирүүлсэн тендер нь Тендерийн хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн гэж үзэх, хэрэв шаардлагад нийцээгүй бол мөн хуулийн 27.4-д зааснаар захиалагч нь уг тендерээс татгалзах хуулийн зохицуулалттай ба,
12.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.19. техникийн тодорхойлолт гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгохоор заасан бөгөөд гуравдагч этгээд нь захиалагчаас боловсруулсан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2. техникийн тодорхойлолт-ын шаардлага хангаагүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Учир нь тендерт санал болгож буй бараа тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотлох баримт бичиг-ийг ирүүлэхдээ Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны 19 дүгээр зүйлийн 19.1-ээс 19.8-д нарийвчлан заасны дотор тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-д зөвхөн 19.4, 19.5-г тухайлан заасан байгааг зөрчсөн нотлох баримт тогтоогдохгүй байна.
12.3. Энэ утгаараа нэхэмжлэгчийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6-д заасны дагуу маргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
13. Иймээс Тендерийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2. тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн Үнэлгээний хороог буруутгах үндэслэлгүй, уг бүрэн эрхийг шууд үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй, уг хамтын шийдвэрийг Тендерийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2. ...Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэж зааснаар захиалагч өөрчлөх, хүлээн авахгүй байх үндэслэл тогтоогдохгүй, түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна, 46.1.3. үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, 46.1.4. худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар болон тус газрын Үнэлгээний хороо хууль зөрчөөгүй байна.
14. Нэгтгэн дүгнэвэл, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хариуцагч нар зөрчөөгүй, хэдийгээр хариуцагч захиргааны байгууллага болох захиалагчийн болон Үнэлгээний хорооны гол зорилго, тэр дундаа тендер шалгаруулалтын гол зорилго нь тухайн төсөл арга хэмжээг хэрэгжүүлж чадах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явдал бөгөөд дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3. энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, мөн хууль, зүйлийн 28.7.5. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж зааснаар тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг хоорондоо холбоо бүхий захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн хариуцагч захиргааны байгууллагуудын тендерийн талаарх шийдвэр буюу маргаан бүхий захиргааны актууд нь холбогдох хууль болон журамд заасныг зөрчөөгүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
15. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн удаа дараа гаргасан нэхэмжлэлд нь шүүхээс бүрдүүлбэр хангуулсны эцэст энэ шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 1-д заасан шаардлагыг анх гаргаж маргасан, мөн хэсгийн 3-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан байдаг ба харин шүүх хуралдаан дээр 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нээгдсэн ПНШНУГТ/2025304031/01/01 дугаартай, Жижиг тоног төхөөрөмж худалдан авах тендер шалгаруулалтын тендерийн Үнэлгээний хорооны С******* ХХК-ийг шалгаруулсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт жижиг тоног төхөөрөмж худалдан авах төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2 дугаартай тэмдэглэлийг хүчингүй болгуулах, мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах гэж тодруулсныг шүүхийн зүгээс 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ, гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг тендер шалгаруулалт гэж ойлгохоор хуульчилсны дагуу ...ПНШНУГТ/2025304031/01/01 дугаартай, Жижиг тоног төхөөрөмж худалдан авах тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах, дахин явуулахыг хариуцагчид даалгуулах... хүсэл зориг гаргасан гэж үзсэн, гэхдээ уг хүсэл зориг буюу гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь зөвхөн гуравдагч этгээд С******* ХХК-аас тендерт санал болгосон 3-р бараатай холбогдуулж гаргасан, тодруулбал, Ангиографиийн катьетр лабораторийн эмч, сувилагч, ажилтны өмсөх рентген туяаны хамгаалалт бүхий иж бүрдэл хувцас /бараа/-ны техникийн үзүүлэлт тендер шалгаруулалтын зааварчилгаа дахь шаардлагыг ханаагүй үндэслэлээр маргасныг тэмдэглэхийн хамт шүүхийн зүгээс хэргийн оролцогчдын маргасан хүрээнд хэргийг хянан хэлэлцсэнийг тэмдэглэж байна.
16. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл. " Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана" гэх энэхүү хуулийн агуулгын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ тендер шалгаруулалт хуулийн хүчин төгөлдөр байх үеийн хуулийг тайлбарлаж хэрэглэв.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.7.5, 46 дугаар зүйлийн 46.1.3, 46.1.8, 47 дугаар зүйлийн 47.2.2, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Б м т ХХК-аас хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нээгдсэн ПНШНУГТ/2025304031/01/01 дугаартай, Жижиг тоног төхөөрөмж худалдан авах тендер шалгаруулалтын тендерийн Үнэлгээний хорооны С******* ХХК-ийг шалгаруулсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт жижиг тоног төхөөрөмж худалдан авах төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2 дугаартай тэмдэглэлийг хүчингүй болгуулах, мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН