Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 516

 

 

 

 

 

 

 

 

 

“ЧДНДХ”--ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03606 дугаар шийдвэртэй, “ЧДНДХ”--ийн нэхэмжлэлтэй, “С Г” ” ХХК-д холбогдох, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 477 175 454.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцэцэг, В.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, прокурор Б.Нинж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Харилцагч “С Г” ” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 335 664 418.85 төгрөгийг төлөлгүй өр үүсгэж% үүний улмаас даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Дээрх шимтгэлийг төлүүлэхээр “С Г” ” ХХК-д Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх хэсэгт заасан үүргийг зөрчиж байна.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулах, аалдангийн хэмжээ төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байх гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож 141 511 035.49 төгрөг, нийт 477 175 454.34 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Манай байгууллага санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа тул алданги 141 511 035.49 төгрөгөөс чөлөөлж өгнө үү. Үндсэн өр 335 664 411 төгрөгийг 2020 оны 10 дугаар сар хүртэл графикийн дагуу төлөх хүсэлтэй байна. Алдангийг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь 2018, 2019 онд 0,3 хувиар алданги тооцох гэрээ байгуулсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр нь 2015 оноос бодогдсон. 2015, 2016, 2017 онд алданги төлөх талаар тохиролцсон гэрээ байхгүй. Хавтаст хэрэгт мөн энэ талаар баримт байхгүй.

2015 оноос 2017 оны хооронд алданги бодогдох гэрээ байхгүй тул алданги төлөхгүй гэж үзнэ. 2018, 2019 оны гэрээ байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагад 2018 он, 2019 оны тооцоо ойлгомжгүй байна. Өр төлбөрийн хувьд маргаангүй, харин алдангийг дээрх шалтгаанаар татгалзаж байна гэжээ.

 

Прокурор Б.Нинж дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дах хэсэгт тус тус заасныг баримтлан “С Г” ” ХХК-аас 477 175 454.34 төгрөгийг гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “С Г” ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 2 543 827.27 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:  Алданги  141 511 035.49 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуульд нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөхгүй бол 0.3 хувиар алданги тооцохоор хуульчилсан байдаг ч “С Г” " ХХК-тай алданги тооцох тухай эрх, үүргийг нь танилцуулж байгуулсан гэрээ 2015, 2016, 2017 онуудад байдаггүй, гагцхүү 2018, 2019 онуудад нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэлд 0.3 хувиар алданги тооцох тухай “Нийгмиийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож гэрээ” байгуулсан байдаг.

Хариуцагч байгууллагын хувьд олон ажилтантай 2015 оноос нийгмийн даатгалын өр төлбөр үүсэж явсан, тухай бүр өөрсдийн боломжоор төлснөөр өнөөдрийг хүрсэн буюу 2015, 2016, 2017 онуудад алданги тооцох гэрээ байгуулагдаж байгаагүй тул 2015, 2016, 2017 онуудын шимтгэлийн үлдэгдэлд алданги тооцогдохгүй.

 Түүнчлэн, хэрэгт дээрх онуудын нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр хэдэн төгрөг байсан талаарх бичгийн баримтгүй, бүх онуудыг нэгтгэн нэг дүн гаргаж нийт төлөх шимтгэлд оныг харгалзахгүй шууд алданги тооцсон нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн хувьд улсын эдийн засгийн уналттай холбоотой 2015 оноос нийгмийн даатгалын өр төлбөр үүссэн ч 2015 онд 50 000 000 төгрөг, 2016 онд 138 000 000 төгрөг, 2017 онд 136 728 046 төгрөг, 2018 онд 227 331 837 төгрөг, 2019 онд 39 955 629 төгрөгийг бүхий л боломжоор төлж барагдуулсаар ирсэн.

 Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ч 31 000 000 төгрөг төлсөн, үндсэн өрийг бага багаар тогтмол хугацаанд төлсөн тул 2018, 2019 оны алдангийг нарийвчлан тооцож багасгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “ЧДНДХ”- нь, хариуцагч “С Г” ” ХХК-д холбогдуулан, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 335 664 418.85 төгрөг, алданги 141 511 035.49 төгрөг, нийт 477 175 454.34 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, алданги тооцох гэрээ байгуулаагүй, нарийвчилсан тооцоог гаргаагүй, хэрэгт энэ талаар баримтгүй гэх үндэслэлээр маргажээ. /хх 1-2, 81/

 

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай” албан шаардлага, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай” мэдэгдэл, талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл”, мөн оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ” /хх17-24/, зохигчдын тайлбараас үзвэл, “С Г” ” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасан хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн, хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан “Төлбөр төлөх хуваарь” зэргийг харьцуулан үзвэл, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн дүн 335 664 419 төгрөгийн тооцоололд талууд маргаагүй. Энэ тохиолдолд анхан шатны шүүх уг үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцсон нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн тохиолдолд алданги тооцогдох талаар дээрх хуулиар зохицуулсан байх бөгөөд даатгуулагч нь өр үүсгэсэн, тухайн өрийн хэмжээний хувьд маргаагүй нь алданги төлөх үндэслэл болно. 

 

Иймд алдангиас чөлөөлөх, түүний хэмжээг багасгах агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “С Г” ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 865 506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО                                                           

                                       ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                         Т.ТУЯА