Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 82

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Н.Эрдэмбилэг 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ц-

Хохирогч Ш.Б

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох эрүүгийн 1730000290011 дугаартай хэргийг 2017 оны 08-р сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр  хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.А.

           

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.А нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хьюндэй Портер маркийн 47-19 СҮА улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “ Жолооч хөдөлгөөнийг эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчилөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас 1 нас 11 сартай Б.Т-г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ мэдэж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна. 2017 оны 07 сарын 26-ны өдөр би энэ хүний хүүхдийг машинаар шүргэсэн. Хөдлөхдөө шалгасан, хүүхэд харагдаагүй. Хохирогчид 4.500 000 төгрөг өгсөн. Би маш их гэмшиж байна. Би 2013 онд эрхээ хасуулаад сэргээгээгүй байсан. Гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна... гэв.

 

- Хохирогч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай гэр бүл хүүгээ алдсанд маш их хэцүү байна. Сэргэлэн цовоо хүүхэд байсан. Энэ залуу манайхаар очихгүй, уучлалт гуйхгүй байгаа. Нэг удаа манайд очиж аавд 1.000.000 төгрөг өгсөн гэсэн. Би тэр үед ном уншуулаад сумын төвд явж байсан. Надтай уулзаагүй, гомдолтой байна. Шүүгч өг гэсэн гэж 3.500.000 төгрөг өгсөн. Нийт гарсан зардал бол 9.500.000 төгрөг байгаа. Баримт бүрдүүлсэн нь 6.942.030 төгрөг байгаа. Бид баримтаа бүрдүүлж мэдэхгүй байсан. Ажил явдлын номны мөнгийг бид өөрсдөө гаргасан. Энэ хүн сумын төвд машин бариад яваад байх юм. Бид нарыг доромжлоод байгаа юм уу, 09 сарын 19-ний өдөр манай эгчтэй машинаа бариад явж байгаад таарсан байсан. Яагаад машин бариад яваад байгаа юм бэ? Энэ хүмүүс ажил явдалд очоогүй байж оршуулгын зардал 4.500.000 төгрөг гарсныг яаж мэдэж байгаа  юм бэ? Энэ хүн манайхаар очихгүй байгаа, мөнгө өгнө гэж л нэг удаа очсон. Өмнө нь би гомдолгүй гэж байсан. Одоо бол гомдолтой. Нэг нутгийн хүмүүс байж уулзаж учраад байж болох байсан. Бидэнтэй уулзахгүй, гадуур машинаа бариад яваад байгаа. Манай гэр бүлд үнэхээр хүндрэлтэй байна. Гомдолтой... гэв. 

 

- Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед Баруун-Урт сумаас Түвшинширээ суманд ирж ээжийнхээ гэрээс хүүгээ аваад хүү Т-гийн хамт 15 цагийн үед дэлгүүр дээрээ ирсэн юм. Миний хувьд дэлгүүрийнхээ барааг янзлаад шалаа угаагаад орж гарч байтал 17 цаг өнгөрсөн байхад манай дэлгүүрийн гадна цэнхэр өнгийн портер маркийн машин зүүн тийш хараад зогсож эмэгтэй хүн 2-3 орчим насны хүүхэд дагуулж орж ирээд нүүрний тос аваад гарсан юм. Энэ үед миний хүү гаднаас орж ирсэн хүүхдийн хажууд зогсож байсан. Удалгүй гартал гадаа зогсож байсан машин асахаар нь машин хөдөллөө хүү хаана байна гээд дэлгүүрээс гүйгээд гартал машин баруун тийш дарж нар зөв эргэсэн чинь миний хүү машины ар талд газарт хэвтэж байхаар нь хүүхэд гэж их чангаар бахирсан машин газар дээрээ зогссон. Би хүүхэд рүүгээ гүйж очоод тэвэрч авахад машинаас жолооч гэх залуу, манай дэлгүүрээс нүүрний тос авсан эмэгтэй хоёр бууж ирэхээр нь хурдан эмнэлэг явъя гэхэд жолооч залуу машинаа асаагаад би хүүгээ тэвэрч машинд нь суугаад эмнэлэг рүү явсан. Би хүүгээ тэвэрч эмнэлэг рүү явсан... гэх мэдүүлэг /хх-16/,

 

- Гэрч Д.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Дэлгүүрээс нүүрний тос авах гэж 17 цаг өнгөрч байх үед манай нөхөр машинаа жолоодож би хажууд нь сууж дэлгүүрийн хаалганы урд талд нь зүүн урд чигтэй зогссон юм. Би машинаас хүүгийнхээ хамт дэлгүүр рүү орж нүүрний тос авсан. Энэ үед худалдагч эгчийн хүүхэд нь гэж бага насны хүүхэд лангууны гадна талдаа зогсож байсан. ...Би дэлгүүрээс гараад зүүн урд чигтэй зогссон автомашины ард талаар буюу баруун талаар нь тойрч машиндаа суугаад хаалгаа хаасны дараа А машинаа асуугаад шууд баруун гар тийш жолооны хүрдийг дарж эргэсэн чинь араас хүүе хүүхэд гэж бахирсан. Энэ үед хаалганы цонх нээлттэй байх үед бахирч байгаа нь тод сонсогдсон. ...Машинаас буухад хүүхдийн ээж болон манай нөхөр хоёр тал талаасаа газар хэвтэж байгаа хүүхэд дээр ирж ээж нь газраас өргөөд эмнэлэг явъя гээд А машинаа жолоодоод ээж хүү хоёр машинд сууж эмнэлэг явсан. Хүүе гэж бахираад машиныг зогсоох үед баруун талын хойд талын дугуй ямар нэгэн зүйл дээгүүр гарч байгаа юм шиг ондос гэж байгаа нь надад мэдрэгдэж байсан. Машинд суугаад зөөлөн хөдөлсөн. Харин машин баруун гар тийш дарж эргэсэн бөгөөд эргэлтийн үед хүүхэд хажууд эргэлтэнд цохигдож, буруу талын ар талын дугуй хүүхдийн дээгүүр гарсан байх”... гэх мэдүүлэг /хх-17/,

 

- Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-03-07/

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 08-09/

 

- Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 30 дугаартай дүгнэлтэд: 1.Талийгаач Б.Т-гийн биед цээжний болон хэвлийн хөндийн битүү гэмтэл, 2 талын уушигны эдийн няцрал цус хуралт, цээжний хэнхэрцэгний цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн цус хуралт, баруун талын дух, шанаа болон ар нуруу, бүсэлхий орчмын зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2 Дээрх гэмтлүүд нь авто ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Талийгаач Б.Т цээжний хөндийн битүү гэмтэл, 2 талын уушигны эдийн няцрал цус хуралтын улмаас амьсгалын дутагдлаар нас баржээ. 4.Талийгаач Б.Т-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй... гэх /хх-ийн 24/

 

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 08 сарын 01-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтэд: 1.Портер маркийн 47-19 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний заалт зөрчсөн байна. 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “ Жолооч хөдөлгөөн эхлэхдээ чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалт зөрчсөн байна. /хх-ийн 30/

 

- Прокурорын 2017.08.18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол/ хх- 40/

 

-  Мөрдөгчийн 2017.08.18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл/ хх- 41- 42/

 

- Эд зүйлийн үнэлгээ /хх- 43/

 

- 2225000066 дугаартай Б.Т-гийн төрсний гэрчилгээний хуулбар/ хх- 44/

 

- 0000169995 дугаартай Б.Т-гийн нас барсны гэрчилгээний хуулбар/ хх- 45/

 

- АЯ 0245661 дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/ хх- 50/

 

- 2017.08.28-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх- 58/

 

- Д.А-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47 /

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б-ийн шүүхэд ирүүлсэн хохилын баримт/ 8 хуудас/  зэрэг баримтуудыг шинжлэн судалсан  болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

 

Шүүгдэгч Д.А  2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 17.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэтр Цэцэнширээт дэлгүүрийн урд талд өөрийн эзэмшлийн Хьюндэй Портер маркийн 47-19 СҮА улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 “ Жолооч хөдөлгөөнийг эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчилөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана ” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган 1 нас 11 сартай Б.Тг дайрч амь насыг  хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлгүүд, 2017.07.27-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2017.07.27-ны өдрийн Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 30 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 08 сарын 01-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт,  гэрч Б.Б, Д.Н, А.Д нарын мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Д.А-гийн машин жолоодож хөдөлгөөнийг эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, сайтар нягтлаагүйтэй холбоотой  хийгээд түүнийг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр  үйлдсэн гэж үзнэ. 

Мөн уг хэрэг гарахад бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон эцэг, эхийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байгааг дурдая. 

 

Шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

  Иймд шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

            

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  Шүүхээс шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.   

 

           Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. 

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргаж буй өмгөөлөгч Ж.Ц-гийн “ Шүүх баримтуудыг шинжлэн үзээд нэмж хохирол гаргавал миний үйлчлүүлэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл 3 дахь хэсэгт заасан хэрэг бол хөнгөн гэмт хэрэг байгаа. Иймээс улсын яллагчийн зүгээс санал болгосон 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү “ гэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Хэдийгээр Д.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч “ надаас оршуулгын мөнгө, эд зүйл нэхэмжлээгүй” /хх- 38/ гэх үндэслэлээр учирсан эдийн хохирлыг бүрэн гүйцэд арилгаагүй, нэг сум, орон нутагт байгаа атлаа гэмт хэрэг гарснаас хойш хохирлийн асуудлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хандаагүй байгаа зэрэг хувийн байдлыг үндэслэвэл түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б шүүхийн шатанд 6.942.030 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт ирүүлжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “ тамга тэмдэггүй 209.100 төгрөгийн, шүдлэн үхэр, 2 хонь авсан 700.000 төгрөгийн багийн Засаг даргын 146 тоот тодорхойлолт,  450.000 төгрөгийн түлшний баримт, 08 сарын 07, 09 сарын 20-ны өдрийн 101.000 төгрөгийн бензины баримт, Улаанбаатар хотоос буяны ажилд ирсэн А, О, Б, Д нарын 854.000 төгрөгийн бензины баримт нь бодит зардал орохгүй учраас хасуулах, 91000 төгрөгийн баримт, литрийн жүүс 150 ш, жүүс 180 ширхэг, жүүс 860 ширхэг гэж жүүснүүд давхардаж байгаа, 97.000 төгрөгийн баримт зэргийг нотлох баримтаас тус тус хасуулах ” тухай хүсэлт гаргасны зарим хэсгийг хангах үндэстэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дээрх хохирлын баримтаас Петростар ХХК-ны 2017.07.26-ны өдрийн 20.000 төгрөгийн, 2017.07.31-ны өдрийн 20.000 төгрөгийн, 2017.08.07-ны өдөр Тэс петролиум  ШТС-8-аас авсан 21.000 төгрөгийн, НИК ХХК-ны 2017.09.19-ны өдрийн 40.000 төгрөгийн, 2017.09.20-ны өдөр Байшинт Ойл ШТС-аас авсан 40.000 төгрөгийн, нийт 101.000 төгрөгийн шатахууны  баримтыг нотолж, тайлбарлаагүй бөгөөд мөн буяны ажилд ирсэн Ш.Аын 198.000, М.О-ын 190.000, Д,Б-гийн 190.000, Ш.Д-ын 198.000 төгрөгийн шатахууны зардлууд гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд орохгүй бөгөөд 209.100 төгрөгийн баримт нь тамга тэмдэггүй байх тул эдгээр нийт 1.606.596 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгоно.

Харин талийгаачийн буяны ажлын явцад хоол унданд мах, жүүс хэрэглэсэн, мөн шатахууны зардал гарсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн баримтаар тодорхой байх тул 1 шүдлэн үхэр, 2 хонины үнэ 700.000 төгрөгийн, Ш.Б-ийн өөрийн машинд хэрэглэсэн түлшний үнэ 450.000 төгрөг,  Номин Сүхбаатар салбарын 2017.07.29-ний өдрийн Гоё жүүс/ 1 литр/ 150 ширхэг, Монфреш жүүс/ 0.25 литр/ 180 ширхэгийн үнийн, 2017.7.28-ны өдрийн 97.000 төгрөгийн баримт давхардаагүй байх тул эдгээрийг нотлох баримтаас хасах үндэслэлгүй байна. 

 

Ш.Б-ийн шүүхийн шатанд 6.942.030 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг баримтаар тооцоолоход нийт 6.259.434 төгрөг байна. Үүнээс баримтаар нотлогдсон шууд зардал нь 5.818.930 төгрөг болох бөгөөд энэ дүнгээс шүүгдэгч Д.А-гийн төлсөн 4.500.000 төгөргийг хасч, түүнээс 835.434 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б-т олгоно. 

 

Д.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, тэрээр амь хохирогчийн оршуулгын зардалд 4.500.000 төгрөг нөхөн төлсөн, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах хүртэл Д.А-гийн эзэмшлийн Хьюндэй Портер маркийн 47-19 СҮА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Мөрдөгчийн 2017 оны 08  сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үргэлжлүүлнэ. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.А-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан  Д.Ад шүүхийн шатанд авсан хувийн батлгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан ялтан Д.А-гээс 835.434 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн иргэн Ш.Б-т олгож, түүний нэхэмжлэлээс 1.606.596 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэгүй болгосугай.

 

6. Ялтан Д.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, тэрээр амь хохирогчийн оршуулгын зардалд 4.500.000 төгрөг нөхөн төлсөн, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Д.Агийн эзэмшлийн Хьюндэй Портер маркийн 47-19 СҮА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН