Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 515

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00173 дугаар шийдвэртэй, Б.Ц-ын нэхэмжлэлтэй, А.Б-д холбогдох, 3 650 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Г.Баасанбаттай хамтран цагаан будаа импортлон борлуулахаар болж БНХАУ-ын Эрээн хотын “Бао Ли Жэнхуа Экспорт импортын” ХХК-аас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний дагуу 17 вагон буюу 1 000 тн цагаан будаа оруулж ирэхээр болсон. Хариуцагч А.Б- нь будаа оруулж ирсэн тохиолдолд хадгалах агуулахтай хүн мэднэ, та мөнгөө шилжүүлчих гэснээр 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр түүний эзэмшлийн “Хаан банк” ХХК дахь 5034017055 тоот дансанд 5 400 000 төгрөгийг 6 сарын агуулахын түрээсийн төлбөр гэж шилжүүлсэн.

Гэтэл цагаан будааг оруулж ирэх боломжгүй болж агуулахын байр түрээслэх шаардлагагүй болсон учир А.Б-гаас мөнгөө буцаан шаардахад 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1 350 000 төгрөгийг миний эзэмшлийн “Голомт банк” ХХК дах дансанд мөн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 400 000 төгрөг, нийт 1 750 000 төгрөгийг буцаан төлсөн.

Гэрээний үүргийн харилцаа эхлэхээс өмнө түүнд 5 400 000 төгрөг шилжүүлсэн тул А.Б-гаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төлбөрийн үлдэгдэл 3 650 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар гаргуулж, Б.Ц-т буцаан олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Миний бие Г.Баасанбаттай 2013 оны өвөл танилцсан, тэр БНХАУ-аас тусламжийн будаа их хэмжээгээр оруулж ирэх гэсэн юм, агуулах хэрэгтэй гэснээр “Барс” худалдааны төвд агуулах зэмшигч А.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй танилцуулсан. Б.Ц-, Г.Баасанбат бид хамтдаа очиж агуулахыг үзээд түрээслэх болсон. Г.Баасанбат дансгүй гэснээр миний дансанд мөнгийг шилжүүлснийг бэлнээр аваад надад 1 750 000 төгрөгийг нь өгөөд үлдсэн мөнгийг нь Г.Баасанбат авсан. Би 1 750 000 төгрөгийг хэрэглэсэн тул тодорхой хугацааны дараа нэхэмжлэгчид буцаан өгсөн. Г.Баасанбат, Б.Ц- нар анхнаасаа найзууд бөгөөд үлдэгдэл мөнгөө түүнээс авах талаар нэхэмжлэгчид удаа дараа тайлбарласан. Тухайн үед агуулах түрээслэх гэж байсан А.Эрдэнэбилэг гэдэг хүнээс мөнгө өгсөн, авсан талаар баримтыг нь өгөөч гэхэд одоо 2015 оны баримт байхгүй гэсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан А.Б-гаас 3 650 000 төгрөгийг гаргуулан Б.Ц-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А.Б-гаас 73 650 төгрөгийг гаргуулан Б.Ц-т олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Б.Ц-, Г.Баасанбат нар агуулах түрээслэхээр тохиролцож, А.Б- нь агуулах түрээслэгч А.Эрдэнэбилэгтэй холбосон. Ингэхдээ А.Б- агуулах түрээслэгч А.Эрдэнэбилэгт түүний дансаар орж ирсэн мөнгийг шилжүүлсэн болохоо тайлбарлаж, Г.Баасанбат “1 750 000 төгрөгийг агуулах түрээслэтэл хэрэглэж бай” гэсний дагуу хэрэглэж байгаад Б.Ц-т 1 750 000 төгрөг буцаан шилжүүлсэн үйл баримтаа “Хаан банк” ХХК дах дансны хуулгаар нотолсон.

Анхан шатны шүүх Б.Ц-, А.Б- нарын хооронд ирээдүйд будаа хадгалуулах талаар тохиролцон гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс энэхүү шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн. Б.Ц-, Г.Баасанбат нарын хүсэлтээр А.Б- агуулах олж өгч түрээсийн төлбөрийг А.Эрдэнэбилэгийн “Хаан банк” ХХК-ийн 5015012209 тоот дансруу шилжүүлснээр талуудын хооронд үүссэн харилцаа дуусгавар болсон.

Б.Ц-, Г.Баасанбат нар хамтран ажиллах зорилгоо хэрэгжүүлэхээр А.Б-г агуулах түрээслэх гэрээ байгуулах зуучлагчаар ажиллуулсан. А.Б-д түрээслэх агуулах байхгүйг Б.Ц- мэдэж байсан, харин А.Эрдэнэбилэгийн агуулахыг түрээслэхэд зуучлан, түүний дансанд мөнгийг шилжүүлсэн талаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөн хэлдэг. Үүнээс талуудын хооронд үүссэн харилцаа тодорхой харагдана. А.Б- нь “Г.Баасанбат мөнгийг авч, агуулах түрээслэх хүртэл 1 750 000 төгрөгийг хэрэглэж бай гэснийг авч хэрэглээд нэхэмжлэгчид буцаан төлсөн, 3 650 000 төгрөгийн тухайд 2015 оноос хойш төлөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн” гэх тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй.

Анхан шатны шүүх талуудын тайлбар болон тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч А.Б-д холбогдуулан, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 650 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн “Орлогын мэдүүлэг”, “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэргээс үзвэл /хх6, 23/, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр А.Б-гийн 5034017055 тоот дансанд Б.Ц-оос 5 400 000 төгрөгийг “агуулахын түрээсийн төлбөр” гэх утгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “тухайн мөнгөн хөрөнгийг агуулах түрээслэх зорилгоор хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн боловч энэхүү зоригоо хэрэгжүүлэх шаардлагагүй болсон тул буцаан шаардсан” гэх агуулгаар тайлбарлаж, хариуцагч дээрх шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “агуулах түрээслэх харилцаанд зуучлагчаар оролцсон, Б.Ц-ын шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг                                            түүний найз Г.Баасанбатад шилжүүлсэн, өөрийн хэрэглэсэн 1 750 000 төгрөгийг буцаан төлсөн” гэжээ.

 

Зохигчдын тайлбар болон дансны гүйлгээний утга зэргийг харьцуулан үзвэл, талууд бусдын агуулах түрээслэх зорилгоор 5 400 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн, үүнээс А.Б- нь 1 750 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд үлдэгдэл 3 650 000 төгрөгийг хариуцагч буцаан төлөх эсэх талаар маргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх болон давж заалдах гомдлын үндэслэлээ, талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй, үлдэгдэл мөнгийг өөр бусад этгээдэд шилжүүлсэн гэж нэр заан тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд гэрээ болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцэж байх бөгөөд нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдэл 3 650 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Түүнчлэн тухайн мөнгөн хөрөнгийг хариуцагч өөрийн дансаар                             хүлээн авч цаашид хэрхэн зарцуулсан нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Б-гаас төлсөн 73 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО                                                           

                                       ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                         Т.ТУЯА