Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Ч.М-т холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор                                                          С.Б

                        Хохирогчийн хууль ёсны

                                               төлөөлөгч                                Ч.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э

Шүүгдэгч                                                         Ч.М

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Буяндалайгийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Мт холбогдох 2112000000309 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, худгийн моторчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт...ял шийтгэгдэж байгаагүй, Ч.М

 

Шүүгдэгч Ч.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Зэгстэй хорооллын задгай тоотод 2021 оны 11 дүгээр сарын 08-ны оройн 23 цагийн орчимд өөрийн төрсөн дүү Ч.М-тэй архи уусан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хүрзээр толгойн тус газарт нь цохиж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Ч.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мт оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мын цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрз 1 ширхгийг устгаж; Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ч.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж; Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Буяндалай би эрүүгийн 2112000000309 дугаартай Ч.Мт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Ч.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв...” гэж, мөн шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо “...шүүгдэгч Ч.Мт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснээр танилцуулсан билээ.

Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мт оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж бичсэн нь зөрүүтэй байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн тодорхойлох, тогтоох хэсэгт бичигдсэн агуулга зөрүүтэй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчиж, энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр болжээ.

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн иргэн Ч.М-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн гэж тогтоолд дурджээ.

Шүүх шийдвэр гаргаад шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо “ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ” гэж уншсан боловч тогтоолыг хэвлэн бичмэл байдалд шилжүүлэхдээ “хаалттай хорих байгууллагад” гэж бичсэн нь алдаатай болсон байх тул тогтоолд өөрчлөлт оруулж, нээлттэй хорих байгууллага болгон өөрчилж өгнө үү. Ч.М нь гэм буруугийн асуудалд огт маргахгүй байгаа болно. Техникийн шинжтэй алдаа болжээ гэж үзэж байгаа тул тогтоолд өөрчлөлт оруулж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж болно гэж үзэж байна. Цагдан хорих байранд очиж Ч.Мт гомдлыг танилцуулсан болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Ч.Мт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр заасан байна. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа Ч.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр танилцуулсан билээ. Харин шийтгэх тогтоол бичгээр гарахдаа Ч.Мт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр зөрүүтэй гарсан. Иймд Ч.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний дүүгийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялаас хөнгөлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа Ч.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасан. Гэтэл шийтгэх тогтоол бичгээр хэвлэгдэн гарахдаа түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр алдаатай гарсан. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. Мөн шүүгдэгч Ч.М нь хийсэн хэрэгтээ маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан шийдвэрлэлээ.

 

Прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хүлээн авч,  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/62 дугаарын  шийтгэх тогтоол хууль ёсны болоогүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Мыг хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч Ч.Мт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр уншиж сонсгосноор тусгагдсан байх ба гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр зөрүүтэй бичигдсэн байна.

 

 Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхаар хуульд заасан.

 

Энэ үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй хэдий ч эсэргүүцэл болон давж заалдах гомдлын дагуу давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзлээ.

 

Учир нь эсэргүүцэл болон давж заалдах гомдолтой холбоотойгоор анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дуу-дүрсний бичлэгтэй тохирч байгаа эсэхийг шалгах гэтэл энэ хэргийн дуу-дүрсний бичлэг шаардлага хангахгүй, хагас дутуу бичигдсэн, тогтоох хэсгийг уншин сонсгосон хэсэг бичигдээгүй байгаагаас давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Ч.Мын холбогдсон гэмт хэрэг, гэм буруу, түүнд оногдуулсан ял шийтгэлийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Мт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ДАВААСҮРЭН

 

            ШҮҮГЧИД                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                     Л.НЯМДОРЖ