Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 138/2016/0038/и |
Дугаар | 001/ХТ2016/00762 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2016/00762
У.Аюурын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 138/ШШ2016/00232 дугаар шийдвэртэй,
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 201/МА2016/00017 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч У.Аюурын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Г.Анхбаярт холбогдох,
5.030.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014.7.26-ны өдөр манай найз Энхбаяр нь миний өмчлөлийн Nissan nabari маркийн тээврийн хэрэгслийг авж явсан. Буцах замд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах 42-р байрны урд талын зам дээр Анхбаярын Toёoтo чейзер маркийн машин урсгал сөрж орж ирж миний машиныг мөргөн осол гаргасан. Тухайн үед ослын талаар Цагдаагийн газраас хэмжилт хийснээр эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Замын цагдаагийн газрын шинжээч нь Г.Анхбаярыг замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 10.1 а, б-д заасан заалтыг зөрчсөн гэж намайг хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн. Ослын улмаас миний машины эвдрэл гэмтлийг засуулахад 3.200.000 төгрөг болно эж Дорнын талын чоно ХХК-иас албан бичиг хийж өгсөн. Үнэлгээний комиссын гаргасан үнэлгээгээр машиныхаа эвдэрсэн сэлбэг хэрэгслийг худалдан авсан. Салхины шил аваагүй учир 1.830.000 төгрөгнөөс шилний үнэ 150.000 төгрөгийг хасч тооцон 1.680.000 төгрөгийг гаргуулж авна. Мөн би машинаа хятад улсад аваачиж засварлуулсан бөгөөд засварын хөлсөнд 10.000 юань төлсөн гэтэл үнийн дүнг тооцож үзэхэд 200 юань дутуу бичсэн байсан. Иймд Г.Анхбаяраас машины эвдэрсэн сэлбэгийн үнэ 1.680.000 төгрөг, машины засварын хөлс 9800 юань буюу /1 юань-н ханш 312.94 төгрөг/ 3.066.812 төгрөг нийт 4.746.812 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Анх тогтоосон сэлбэгийн үнэ 1.830.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин засварын хөлсөнд 500.000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй болно гээжээ.
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 29-ний өдрийн 138/ШШ2016/00232 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дугаар зүйлүүд эд тус тус заасныг баримтлан хариуцагчаас 4.746.812 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 283.188 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 95.430 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Г.Анхбаяраас 90.899 төгрөг гаргуулан У.Аюурт олгож шийдвэрлэсэн байна.
Дорнод, Хэнтий, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 201/МА2016/00017 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Бид 2.330.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Цагдаагийн газрын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрт машинд 1.830.000 төгрөгийн хохирол учирсан байгаа талаар бичсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хятад улсад янзлуулсан гэх хуурамч баримтаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2.916.812 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолд өгсөн хариу тайлбартаа: 1.830.000 төгрөг бол У.Аюурын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас устаж, гэмтсэн сэлбэг хэрэгсэлийн үнэлгээ юм. Устаж, гэмтсэн сэлбэгүүдээ худалдаж авсан бөгөөд сэлбэг хэрэгсэлийг угсрах, суурилуулах, сэв гаргуулах, будаг зэрэг үйлчилгээг БНХАУ-д хийлгэсэн байх ба 9800 юань болсон нь баримтаар нотлогдож байна. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
У.Аюур нь Г.Анхбаяраас Ниссан навари маркийн 49-88 улсын дугаартай автомашинд учруулсан хохирол буюу тээврийн хэрэгслийн засварын зардал 3.200.000 төгрөг, сэлбэг хэрэгслийн үнэ 1.830.000 төгрөг нийт 5.030.000 төгрөг шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй маргаж 1.830.000 төгрөг дээр засварын хөлс 500.000 төгрөг нэмж нийт 2.330.000 төгрөгөөс бусдыг нь төлөхгүй гэж маргажээ.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хариуцагчаас сэлбэг хэрэгслийн үнэ 1.830.000 төгрөг, 3.066.812 төгрөг нийт 4.746.812 төгрөг гаргуулсныг хариуцагч эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргасан байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан бөгөөд нэхэмжлэгчид учирсан гэх хохирол хариуцагчийн гаргасан зам тээврийн осолтой шалтгаант холбоотой тохиолдолд У.Аюурын нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл бий болно.
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.
Г.Анхбаяр 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Тоёота чейзер маркийн 61-41 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж “Ниссан навари маркийн 49-88 ДОР улсын дугаартай, У.Аюурын автомашинд хохирол учруулсан, энэ талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.
Ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд 1.830.000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл шаардлагатай байгаа нь тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон /хх 11/ бөгөөд үүнийг Г.Анхбаяр зөвшөөрсөн тул хариуцагчаас гаргуулсан нь буруу биш байна.
У.Аюур нь өөрийн тээврийн хэрэгслийг БНХАУ-д авч очиж засварлуулсан гэх бөгөөд үүнд нийт 9800 юань буюу 3.066.812 төгрөгийн зардал гаргасан тухай баримтыг хариуцагч үгүйсгээгүй тул нэхэмжлэлээс энэ шаардлагыг шүүх хангасан Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.
Харин У.Аюурт учирсан 4.746.812 төгрөгийн хохирлыг шүүх бүгдийг нь Г.Анхбаяраас гаргуулсан нь үндэслэлгүй байна.
2014 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарах үед У.Аюурын Тоёота чейзер маркийн 61-41 УБЦ маркийн автомашиныг Ж.Энхбаяр жолоодон явсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ /хх 1/ дурдсан тул энэ үйл баримтыг нотлогдсон гэж үзнэ. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Дорнод аймгийн прокурорын газрын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05/1113 дугаар тогтоолоос /хх 6/ үзвэл 2014 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргахад хариуцагчаас гадна Тоёота чейзер маркийн 61-41 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан Ж.Энхбаяр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-н “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг зөрчсөний улмаас осол гарчээ. Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах үүрэгтэй тул У.Аюурт учирсан хохирол 4.746.812 төгрөгийн 70 хувийг Г.Анхбаяраас гаргуулах нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 499 дүгээр зүйлийн 499.4, 514 дүгээр зүйлийн 514.1-г зөрчихгүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас 3.322.768 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 1.424.044 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2. 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 201/МА2016/00017 дугаар магадлалын нэг, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 138/ШШ2016/00232 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг заалтыг “..Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 499 дүгээр зүйлийн 499.3, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан Г.Анхбаяраас 3.322.768 төгрөг гаргуулж У.Аюурт олгож, нэхэмжлэлээс 1.424.044 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай..” гэж, хоёр дахь заалтын “...90.899 төгрөг..” гэснийг “....41.818 төгрөг..” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1592 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ