Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2017/0314/з |
Дугаар | 221/МА2017/0644 |
Огноо | 2017-09-07 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2017/0644
2017 оны 09 сарын 07 өдөр Дугаар 221/МА2017/0644 Улаанбаатар хот
Э.Н-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, гуравдагч этгээд Д.С, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, өмгөөлөгч А.Г, гуравдагч этгээд Н.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0541 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд Д.С-н өмгөөлөгч, гуравдагч этгээд Н.Н нарын гаргасан давж заалдах гомдлоор, Э.Н-н нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0541 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.1, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Н-н нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж, “А.к” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Д.С, Н.Н, Х.Б нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Д.С-н өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0541 дүгээр шийдвэрийн эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. Д.С нь “А.к” ХХК захирал С.Э-тэй эхнэр нөхрийн харилцаатай сүүлийн жилүүдэд хорвоогийн мөнх бусыг үзтэл хэвтэрт байх хугацаанд нь үргэлж хамт нэг гэрт амьдарч асран халамжилж байсан байдаг.
2. Энэ үед талийгаач С.Э 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хууль ёсны дагуу өмчлөх эрхтэйгээр худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээгээр сайн дураараа “А.к” ХХК-ийг Д.С-д шилжүүлэн өгсөн байдаг. Тухайн үед С.Э, Д.С нар нь өөрийн биеэр нотариатад “А.к” ХХК-ийг шилжүүлсэн гэрээ хийж баталгаажуулсан нотариатын бүртгэл чухам хэдэн сарын хэдэнд хийгдсэн талаар хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр байсаар атал шүүх тухайн нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.
3. Д.С нь 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ... регистртэй, ... гэрчилгээ бүхий “А.к” ХХК-ийн ... тоот Ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийн лицензийг тодорхой хэмжээний татвар төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр цуцлагдахад хүрээд байсныг төлөгдөөгүй үлдсэн оногдох татвар торгуулийг төлж, геологийн тайлан төлөвлөгөө, санхүүгийн тайлан баланс зэргийг хуулийн шаардлагад нийцүүлэн цэгцэлж хэвийн үйл ажиллагаанд нь оруулсан байдаг. Энэ үед Э.Н энэ “А.к” ХХК-ийн талаар үүсээд байгаа өрнийн асуудал битгий хэл хэвтэрт байгаа эцэг С.Э-г асран халамжилдаггүй үл тоосон шинжгүй байдалтай байдаг байсан гэдэг.
4. Тухайн үед Э.Н-н өргөдлөөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст Д.С-г сэжигтнээр тооцож шалгасан боловч Д.С-н орон дороос олдсон С.Э-н гарын үсгийг дуурайлган зурсан хуудасны талаар дурдагдаагүйгээс гадна уг хэргийн учир холбогдол, цаашид үүсэх үр дагаврын талаар тайлбарлаж өгөлгүй тэр ч бүү хэл өмгөөлөгч авах бололцоогоор хангалгүй хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар далимдуулан “энэ хэрэг прокурорын шатанд очоод хэрэгсэхгүй болчихно битгий санаа зөв” гэж ятгаад хууль зүйн мэдлэг муутай байдлыг далимдуулан хэрэг бүртгэлийн ажиллагааг урсгал байдалтай хийсэн нь миний үйлчлүүлэгчийн яриад байгаа байдлаар тодорхой нотлогдож байна.
Иймд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгож асуудлыг шударгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Н.Н давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх бодит байдалд дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол улсын иргэн Н.Н миний бие “А.к” ХХК-ийн 100 хувийг эзэмшигч тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага болох иргэн Д.С-с 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 50 хувийн хувьцаа буюу нэг бүрийн ... төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 60 ширхэг энгийн хувьцааг “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ, “Компанийн эрх шилжүүлэх” гэрээ болон компанийн ээлжит бус хурлаар хэлэлцэж ... төгрөгөөр худалдан авч, нотариатын байгууллагаар гэрчлүүлэн, хувьцааг шилжүүлэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. Тухайн бүртгэлийн үйл ажиллагааг Улсын бүртгэлийн газар хийхэд болон хийхээс өмнө уг “А.к” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч нь иргэн Д.С байсан ба ямар нэг эрхийн зөрчилгүй байсан тул Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар Монгол улсын “Хуулийн этгээдийн бүртгэл”-ийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчээр иргэн Н.Н намайг бүртгэсэн. Бүртгэлийн газрын ямар ажиллагаа нь бүртгэлийн тухай хууль зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй. Иргэн надтай холбоотой бүртгэлийн ажиллагаа хууль зүйн дагуу явагдсаныг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч талаас маш тодорхой тайлбарласан.
2. Тухайн компанийг хууль бус аргаар Д.С авсан гэж үзэх үндэслэл байгаа бол иргэн миний 50 хувийн хувьцааг худалдан авсан болон оруулсан хөрөнгө оруулалт зөвхөн тухайн компанид хийгдсэн. Өөрөөр хэлбэл 50 хувийн хувьцааг худалдаж аваад тухайн компанид тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг удаа дараа хийсэн ба энэ хөрөнгө оруулалт нь захирал Д.С-д биш зөвхөн компанид оруулсан хөрөнгө оруулалт байсан. Энэ байдлыг ч анхан шатны шүүх дүгнэж үзээгүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй иргэн миний хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
Иймд иргэн Н.Н миний бие ямар нэг эрхийн зөрчилгүй хуульд заасны дагуу тус компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан тус Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0541 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Анх нэхэмжлэгч Э.Н нь “А.к” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн Д.С, Н.Н нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШЗ2017/2372 дугаар захирамжаар дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Д.С нь Х.Б-т 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “А.к” ХХК-ийн 35 хувийг шилжүүлэн өгч бүртгэлд бүртгүүлсэн байна. Иймд эрх, ашиг хөндөгдсөн тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Х.Б-н бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2017/3003 дугаар захирамжаар “А.к” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.С, Н.Н, Х.Б нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.
Үүний дагуу шүүх гуравдагч этгээд Н.Н, Д.С нарт эрх, үүргийг тайлбарласан, хариу тайлбарыг хэрэгт нотлох баримтаар авсан атлаа Х.Б-с нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар аваагүй, зөвхөн хаяг тодорхойгүй гэж 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/7728 дугаар албан бичгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газарт хаяглан лавлагаа авахаар хүргүүлснээс өөр ажиллагаа хийгдээгүй байна.
Зүй нь анхан шатны шүүхээс гуравдагч этгээд Х.Б-с Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хариу тайлбарыг авах, түүнийг шүүхээс дуудах, хэргийн оролцогчдын адил эрх, үүргийг тайлбарлах зэрэг ажиллагааг гүйцэтгэхийн тулд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газраас хаягийн лавлагааг авахаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бололцоотой арга хэмжээг авахаар байжээ.
Тиймээс анхан шатны шүүх дээр дурдсан ажиллагааг явуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0541 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд Д.С-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, гуравдагч этгээд Н.Н-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж тус тус буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР