| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03797/И |
| Дугаар | 182/ШШ2024/03276 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/03276
| 2024 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 182/ШШ2024/03276 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ... хаягт байрлах, ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 251,384 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан гэрээний үүрэгт нийт 251,384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр TENTECH-4 үйлчилгээний 238183025 тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд VOO болох сүлжээ хүлээн авагч 169,000 төгрөгийн төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Энэхүү гэрээгээр ******* ХХК нь интернэт, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх үүргийн дагуу үйлчилгээг хэрэглэгчид хүргэж ирсэн. Хэрэглэгч нь гэрээний 4.4-ийн дагуу үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 05-аас 20-ны хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн боловч 5 сарын хугацаанд дараах төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд хариуцагч Д.*******аас үйлчилгээний төлбөр 79,884 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 169,000 төгрөг, зардал 2,500 төгрөг, нийт 251,384 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилсэн 251,384 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан гэрээний үүрэгт нийт 251,384 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр TENTECH-4 үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ байгуулагдсан болон тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 251,384 төгрөгийг төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******т холбогдох гэрээний үүрэгт нийт 251,384 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 8,192 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 4,096 төгрөг, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 4,096 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ