Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 80

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагч хяналтын прокурор Н.Эрдэмбилэг 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр, Х.Эрдэнэбаатар, 

Хохирогч Н.М-э

Шүүгдэгч А.М, А.Л  нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар  А.М, А.Л нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  201717000148 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй А.М. 

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 14-ний өдөр  төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 6, ээж, эгч, дүү нарын хамт  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй А.Л

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч А.М нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 85-56 СҮА улсын дугаартай Хьюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж А.Л-ын унаж явсан Даюунг маркийн мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас А.Л-ын эрүүл мэндэд хүндэвтэр, Н.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 

шүүгдэгч А.Л нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй Даюунг маркийн мотоциклийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “ А ангилалын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны хүн жолоодно” мөн дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 2.1-д заасан “ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох монгол улсын болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж А.Мийн унаж явсан Хьюндэй Портер маркийн машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Н.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 05 сарын 09-нд би Эрдэнэцагаан сум руу яваад түлш аваад буцахдаа Г найз маань нэг шил архи аваад тэрийг нь Морьтой хөшөөн дээр уучихаад хөдөө явсан. Хөдөө явж байхад гэрэлтэй мотоцикль өнгөрөөд, гэрэлгүй мотоцикльтой  мөргөлдсөн. Би хэрэг гарсан үеэс хойш Н.М-эд эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг өгсөн. 

 

- Шүүгдэгч А.Л  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 16 цаг гээд Эрдэнэцагаан сумаас гэртээ ирсэн. Гэртээ очоод малд явж байгаад орой 23 цагийн үед гэрээсээ сум руу мотоцикльтой явсан. Урд машин ирж байгааг хараад зөрчих байх гэж бодоод  явж байгаад цаашаа юу болсныг санахгүй байна. Би хохирогч Н.М-эд 500.000 төгрөг өгсөн. Би гэрэлгүй мотоцикльтой явснаас болж ийм зүйл болсон миний буруу байгаа... гэв.

 

- Хохирогч Н.М-э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 05 сарын 09-ний өдөр суман дээр Лутбаяр ирсэн. Бид хоёр хөдөө яваад мал хариулж байгаад орой болсон. Би маргааш нь шалгалттай байсан учраас сум руу явья гэсэн. Тэгээд гэрийнх нь гадаа байсан мотоциклийг асаагаад явж байхад машинтай мөргөлдсөн. Одоо гомдол санал байхгүй... гэв. 

 

- Хохирогч Н.М-ийн  мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэг ангид хамт сурч байсан мөн садан төрлийн хамаатан болох А.Лтай Эрдэнэцагаан сумын төвд таарч А.Л-ын хөдөө гэрлүү нь явахаар болсон юм. А.Л тухайн үед мотоцикльтой явж байсан бөгөөд гэрт нь очиж, мал хариулж тоглож байгаад орой болсон. Маргааш өглөө хичээлтэй гэсэн чинь А.Л нь хүргэж өгье гэсэн. Харин А.Л-ын ээж, аав нь унтчихсан байх үед нь гарч яваад мотоциклийг асаагаад Эрдэнэцагаан сумын төврүү явсан. Мотоциклийг А.Л жолоодож, миний бие ард нь сууж явсан. А.Лын жолоодож явсан мотоцикльд ямар нэгэн гэрэл байхгүй байсан бөгөөд Эрдэнэцагаан сумын төврүү явдаг замаар явсан. Гадаа харанхуй байсан бөгөөд сарны гэрэлд замаа хараад яваад байсан. Урд зүгээс хойд зүг чигтээ машин ирж байгаа гэрэл нь харагдаад байсан юм. Гэнэт л машины гэрэл тулж орж ирээд мөргөлдсөн. Үүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байгаа юм. Мотоцикль гэрэлгүй байсан болохоор хурд багатай явж байсан. А.Л бид хоёрт хамгаалах малгай байхгүй байсан. Зам тээврийн ослын улмаас тархинд гэмтэл их хэмжээгээр учирсан. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдсан бөгөөд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад гаргах гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг. /хх-28-29/

 

-  Гэрч О.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед байх Эрдэнэцагаан сумын төврүү А.М нь өөрийнхөө эзэмшлийн 80-56 СҮА улсын дугаартай Портер маркын машинтай явсан юм. Явах замдаа айлаар орсон чинь Б нь сумын төв орно хамт яваад буцахдаа цуг ирье гэхээр нь зөвшөөрч хамт Эрдэнэцагаан сумын төвд ирж, шатахуун түгээх станцруу орж түлш авчихаад би дэлгүүр орж 0.5 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг аваад сумын төвөөс гэрлүүгээ чигтээ гарсан юм. Харин Эрдэнэцагаан сумын баруун хойно морьтой хөшөө байдаг бөгөөд хөшөөн дээр бид нар зогсоод миний авсан архийг задалж тойруулж уугаад дуусгаад гэрлүүгээ хөдөлсөн. Энэ үед А.М нь өөрөө машинаа жолоодож явсан бөгөөд би голд нь сууж баруун гар талд Б сууж явсан юм. Хөшөөнөөс хойд зүгт хөдлөөд баруун хойд зүгт чигтээ явж байтал өөдөөс гэрэлтэй мотоцикль ирж байхаар нь дүрмийн дагуу зөрж өнгөрөөд хамгийн холдоо 100 орчим метр явж байтал гэнэт гэрэлгүй мотоцикль эгц өөдөөс ороод ирсэн. Энэ үед яг замаараа явж байсан бөгөөд гэрэлгүй мотоцикль гээд жолооч А.М бахираад баруун гар тийш жолоогоо дарж замыг чөлөөлсөн боловч шууд мөргөлдөөд зогссон. Мотоцикльтой хүн бол замаас гарч чадахгүй урд баруун зүүн тийш хэрж явж байгаад мөргөсөн. Гэнэт л гэрэлд ороод ирсэн. Жолооч А.М нь тормос дараад л баруун гар тийш дарсан боловч шууд л мөргөлдсөн. Гэрэлгүй мотоцикль үнэндээ харагдаагүй юм. Машинаас буухад мотоциклийн урд дугуй нь машины буруу талын дугуйны доор баруун талаар хэвтсэн. Мотоциклийг жолоодож явсан болон сундалдаж явсан хүн нь мотоциклиос хойд зүгт цувраад газарт уначихсан байсан. Түргэн тусламж дууддахад ирсэн. Автомашин мотоциклийг огт хөдөлгөхгүй байж байгаад цагдаа нар ирж өдрийн гэрэлд хэргийн газрын үзлэг хийсэн. Машин 40-50 орчим километр цагийн хурдтай явж байсан. А.Мий согтолт гайгүй байсан. Урд нь архи уугаагүй байсан...”  гэх мэдүүлэг./хх-33/

 

-  Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: О.Г нь дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг аваад өөр айлаар оролгүй Эрдэнэцагаан сумын төвөөс баруун хойд зүгт гарч морьтой хөшөөн дээр ирж зогсоод авсан архиа задалж гурвуулаа хувааж ууцгаасан. Нилээн удаж байгаад архиа ууж дуусгаад гэрлүүгээ хөдөлсөн юм. Замаар явж байтал замд гэрэлтэй мотоцикль зөрсөн бөгөөд А.М нь зам тавьж өгч гараад буцаад замдаа ортол гэрэлгүй мотоцикль машины гэрэлд орж ирэхээр нь тормос дараад баруун тийш буюу хойд зүгт явж байгаа машин замынхаа зүүн талруу дарсан чинь мотоцикль тэр чигээрээ орж ирээд мөргөлдсөн. Машин зогсоод буугаад харсан чинь мотоцикль нь машины баруун талын дугуйны доогуур орчихсон хоёр хүн мотоциклийн хойно газарт уначихсан байсан. Нэг хүүхэд нь хөл болохгүй байна гээд байсан. Нөгөөх нь хөдлөхгүй байсан бөгөөд амьсгаатай л байгаад байсан. Түргэн, цагдаад мэдэгдэж үзлэг хийсэн... гэх мэдүүлэг /хх-34/

 

-  Гэрч Б.Сын  мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ангийнхаа Н.М-ий хамт хүрээд ирсэн байсан. Ингээд манайд хонох гээд байж байснаа гэнэт мотоциклоо асаагаад А.Л, Н.М-э нар нь яваад өгсөн. Тэгтэл зам тээврийн осолд орсон байсан. Ямар учраас осолд орсон талаар мэдэхгүй. Мотоцикль нь гэрэлгүй байсанг мэдэхгүй, бид нараас зөвшөөрөл авч яваагүй юм ... гэх мэдүүлэг./хх-35/

 

-  Гэрч О.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: Манай хүү Н.М нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр А.Лтай мотоцикльтой явж байгаад автомашинтай мөргөлдөж биедээ хүнд зэргийн гэмтэл авсан. Уг хэрэгт миний бие хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд одоо хүүхэд маань эмчилгээг эрчимтэй хийлгэж байгаа юм. Тухайн өдөр ямар учраас осол болсон талаар үнэндээ мэдэхгүй. Эмчилгээнд гарсан зардлыг автомашины жолооч А.М өгөөд байгаа.. гэх мэдүүлэг/хх-36/

 

- Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 06-р сарын 07-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. А.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 3. А.Л нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 4. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “ А ангилалын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны хүн жолоодоно”, мөн дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.1-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 5. Хоёр жолоочийн тус тусын буруутай үйлдлээс болж гарсан байна” гэх . /хх-39/

 

- Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Н.М-ий бие тархины няцрал, хүнд хэлбэр, тархины тал бөмбөлөгийн дух,чамархайн хэсгийг хамарсан цусан хураа, баруун талын чамархайн заадасны цууралт, дух хамар, эрүү, 2 өвдөгөнд зулгарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Тархины няцрал хүнд хэлбэр, тархины тал бөмбөлөгийн дух, чамархайн хэсгийг хамарсан цусан хураа, гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун талын чамархайн заадасны цууралт, дух, хамар, эрүү, хоёр өвдөгөнд зулгарсан шарх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна” /хх-44/ 

 

- Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлт:1. А.Лын биед баруун шилбэний шаант ясны зөрүүтэй хугарал, нүүр, хоёр өвдөгөнд зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх баруун шилбэний шаант ясны зөрүүтэй хугарал гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүр, хоёр өвдөгөнд зулгарсан шарх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэх  /хх-48/, 

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 29-ний өдрийн 41 дугаартай дүгнэлт:1. А.Мэс авсан гэх цусанд 1.2 промиль этилийн спирт илэрлээ. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт  /хх-ийн 50/

 

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зураг / хх-06-11/, 

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-12-17/,

 

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6-р багийн засаг даргын  А.Мийн оршин суугаа газрын талаарх 2017.05.15-ны өдрийн 06/84 дугаартай  тодорхойлолт /хх-62/

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багийн засаг даргын А.Лын оршин суугаа газрын талаарх 2017.06.30-ны өдрийн 02/160 дугаартай  тодорхойлолт /хх-63/

 

-А.Мийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-72/ -  

 

-А.Лын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78/ 

         

         - А.Лын Иргэний үнэмлэх, 201416908 дугаартай Суурь боловсролыг гэрчилгээний хуулбарууд, А.Лын 00/000644 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-79/

 

-А.Мийн 01173342 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 65/

 

-А. Мөнх-Эрдэнийн 858093 дугаар жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 64/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан  болно.

 

           Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

 

Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.М, А.Л нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлжээ. 

 

2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ ”,1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх  зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй ” гэж зохицуулжээ.

 

 А.Лын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд энэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 6 сар болж багассан байх тул оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн уг хуулийг буцаан хэрэглэх үндэстэй байна.

 

Харин А.Мийн согтуурсан үедээ, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйлдлүүд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийн обьектив талын бүрэлдэхүүний шинж болж байсан ба эдгээр нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 гэсэн тусдаа бие даасан хүндрүүлэх бүрэлдэхүүн болсон байна.

 Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх  зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй ” гэж заасныг үндэслэвэл тухайн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч А.М нь  2017 оны 05 дугаар сарын 09-ний шөнийн 23.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг Дөрвөлжийн энгэр гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 85-56 СҮА улсын дугаартай Хьюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,2.7.а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж А.Лын унаж явсан Даюунг маркийн мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас А.Лын эрүүл мэндэд хүндэвтэр, Н.М-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, 

шүүгдэгч А.Л нь  2017 оны 05 дугаар сарын 09-ний шөнийн 23.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг Дөрвөлжийн энгэр гэх газарт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюунг маркийн мотоциклийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “ А ангилалын тээврийн хэрэгслийг 18-аас дээш насны хүн жолоодно”, 1.5 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино ”, 2.1“ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтуудыг зөрчиж  А.Мийн унаж явсан 85-56 СҮА улсын дугаартай Хьюндэй Портер маркийн машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Н.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч А.М, А.Л нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.М-э, гэрч О.Г, Б.Б, Б.С, О.Т нарын мэдүүлгүүд, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Техникийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 189,190 тоот дүгнэлт, Шүүх химийн шинжилгэний 41 тоот акт, А.Лын Иргэний үнэмлэх, 201416908 дугаартай Суурь боловсролыг гэрчилгээний хуулбарууд, А.Лын 00/000644 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Тухайн хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл нь А.Лын өөдөөс ирж яваа машины замд буюу эсрэг урсгалд орсон,  А.Мийн мотоцикль зөрж тоос их гарсан, үзэгдэх орчин муу нөхцөлд хөдөлгөөнийг үргэлжлүүлж Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “  бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг тус тус зөрчсөн, мөн А.Л нь мотоцикль буюу А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох насанд хүрээгүй, эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, А.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон Замын хөдөлгөөний дүрмийг тус тус зөрчсөнтэй холбоотой байна. 

Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн А.Лын “ Урд машин ирж байгааг хараад зөрчих байх гэж бодоод  явж байгаад цаашаа юу болсныг санахгүй байна. Би гэрэлгүй мотоцикльтой явснаас болж ийм зүйл болсон миний буруу ” гэх, А.Мийн “ О.Г, Б бид 1 шил архи ууж дуусгаад гэрлүүгээ явах замаар явж байтал хойноосоо урагшаа чигтэй миний явж байсан замын өөдөөс гэрэлтэй мотоцикль ирж байхаар зам тавьж зөрж өнгөрөөд буцаад замдаа ортол гэрэлгүй мотоцикль машины гэрэлд орж ирэхээр нь би тормос дараад баруун гар тийш дарсан чинь намайг дагаж өөдөөс дарж байгаад мөргөлдсөн. Өмнө нь мотоцикль өнгөрсөн болохоор тоос их гарсан байсан” гэх, гэрч О.Гын “ Хөшөөнөөс хойд зүгт хөдлөөд баруун хойд зүгт чигтээ явж байтал өөдөөс гэрэлтэй мотоцикль ирж байхаар нь дүрмийн дагуу зөрж өнгөрөөд хамгийн холдоо 100 орчим метр явж байтал гэнэт гэрэлгүй мотоцикль эгц өөдөөс ороод ирсэн. Энэ үед М яг замаараа явж байсан бөгөөд гэрэлгүй мотоцикль гээд А.М бахираад баруун гар тийш жолоогоо дарж замыг чөлөөлсөн боловч шууд мөргөлдөөд зогссон. Гэнэт л гэрэлд ороод ирсэн. Гэрэлгүй мотоцикль үнэндээ харагдаагүй юм“ гэх мэдүүлгүүд, Шүүх химийн шинжилгэний 41 тоот акт, А.Лын Иргэний үнэмлэх, 201416908 дугаартай Суурь боловсролыг гэрчилгээний хуулбарууд, А.Лын 00/000644 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр хэрэгт хангалттай тогтоогджээ. 

 

А.Л, А.М нарыг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. А.Л тээврийн хэрэгсэл жолоодох насанд хүрээгүй, эрхийн үнэмлэхгүй үедээ, мөн А.М согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буйгаа, мөн энэ зөрчлийн улмаас зам тээврийн осол гаргах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд тус тус хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч А.Л, А.М нарт холбогдох хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч А.Мийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 буюу согтуурсан үедээ, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн, шүүгдэгч А.Лыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3  буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

            

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  Шүүхээс шүүгдэгч А.Мийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2,  А.Лыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.   

 

           Шүүгдэгч А.Мийн хохирогч А.Мийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

Шүүгдэгч А.Лын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч А.Мд эмчилгээний төлбөрийг төлж учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

 

Шүүгдэгч А.М хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, уг гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хохирогч А.Мийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзвэл түүнд эдлүүлэх хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна. 

 

А.Лын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн ослоос өөрөө гэмтэл авсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ял заавал оногдуулна ” гэж заасны дагуу А.Л нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.М, А.Л нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч  нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А.Мийн 858093 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлнэ. 

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, А.Л нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлнэ.

 

 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд аасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Лт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар өөрчилж зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Довчин овгийн Амгаланбаатарын Мөнх-Эрдэнийг согтуугаар, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих, шүүгдэгч А.Лыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч А.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/ нэг/ жилийн хугацаагаар хасч, 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.Лын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан А.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан ялтан А.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай.

 

6. Ялтан А.М, А.Л нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

         

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ялтан А.Мийн  858193 дугаартай жолооны  үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, А.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН