Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/36

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Э.У-т холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Б, шүүгдэгч Э.У, нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулж нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолтой Э.Ут холбогдох эрүүгийн 2112000000203 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, малчин, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Тамир хорооллын 05-13 тоотод оршин суух, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Э.У

 

Э.У нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Халзангийн даваан дээр Kia маркийн 21-11 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас зорчигч хохирогч Ц.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.У-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд прокурор С.Б гаргасан эсэргүүцэлдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б би эрүүгийн 2112000000203 дугаартай  Э.Ут холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ. Шийтгэх тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг  ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар тусгана” гэж заасан байхад шийтгэх тогтоолд шүүхээс шүүгдэгч Э.Ут оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар тусгаагүй нь буруу байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ талаар дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Э.Ут оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар тусгах нэмэлт өөрчлөлт оруулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Э.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Гэвч тухайн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн зүгээс ямар хугацаанд хэрхэн төлөхийг заагаагүй байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэдий хугацаанд яаж төлөх талаар тусгах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Прокурорын зүгээс тодорхой хугацааны талаар гаргах санал байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйл, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасны дагуу дээрх

шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг төлөх хугацааг заах нь зүйтэй байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.У нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Халзангийн даваан дээр Kia маркийн 21-11 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 дахь хэсгийг зөрчсөний улмаас зорчигч хохирогч Ц.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан анхан шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоожээ.

 

Энэ гэмт хэргийн хохирогч Ц.О-ийн биед баруун эгэм ясны дунд хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан тул энэ шинжээр нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах  гэмт хэргийг үйлдсэн гэсэн хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж уг хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг шүүгдэгчид оногдуулжээ.

 

Харин ийнхүү ял оногдуулахдаа ялтан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй атлаа Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэж хорих ялаар солихыг мэдэгдэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаарх прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй атлаа тогтоосон мэтээр дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.     

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                 

                                   

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/178 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар” гэснийг хасаж, “шүүхээс тогтоосон” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                     В.Ц