Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 85

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Н.Эрдэмбилэг 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллагдагч Г.Бт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1730000230013 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09  дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Г.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 07 дугаар сарын 07-ны  өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар  сумын  3 дугаар багийн нутаг дэвсгэр Гурвын өвөлжөө гэх газарт Тоёото Ланд Крузер маркийн 33-35 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас Д.Лийн эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Г.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 сарын 07-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж байсан. Бид намын журмаар сонгуульд оролцсон. Би намын ажил хийж байсан учраас боломжтой гээд хөдөө явсан. Гадаа бороо орсон, газар нойтон байсан. Тэгээд явж байгаад машины дугуй хагарч онхолдсон. Лийг би цонхоор гаргасан гэдэг. Би үүнийг сайн мэдэхгүй. Би өөрөө гараад айл руу түргэн дуудах гэж явахдаа буруу замаар явсан. Тэгтэл сум руу явж байгаа машин таараад түргэн дуудуулсан. Би 1999 онд жолооч болсон.  Хохирогчид намын зүгээс 2.000.000 төгрөг өгсөн. Би 700.000 төгрөг өгсөн. Осол болох үед Лийн гар утас эвдэрсэн. Би дүүгийнхээ барьж байсан утсыг өгсөн. Бид нэг дорын хүмүүс. Байнга уулзаж биеийг нь асууж байгаа. Цаашид гарах эмчилгээнд туслаж дэмжинэ гэж ярилцсан. Би Ч.Лийг ямар ч байсан хөл дээр нь босгоно. Хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байна... гэв.

- Хохирогч Ч.Лийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тухайн өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн дахин сонгууль болж байсан бөгөөд Б ах бид хоёр Ардчилсан намын гишүүн бөгөөд намынхаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ухуулга сурталчилгаа хийж байсан юм. ...Харин бид хоёр Б гэх айл дээр 2 хүн байгаа гэхээр нь тэр хүмүүсийг авч ирэхээр явж байтал гэнэт арын дугуй хагарч шарван 1-2 удаа өнхөрч ойчсон юи. Тухайн үед миний ухаан санаа гараад байсан ба Б ах намайг машины урд талын цонхоор гаргасан бөгөөд машинаас гараад босох гэтэл хөл хугарсанаа мэдсэн юм. Тэгээд Б ах хүн дуудна гээд явсан. Би тэр үеэс ухаан алдаж сэрэхэд Аймгийн нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Миний тархи доргисон, дунд чөмөг хугарсан,  баруун талын сүүжний яс бяцарсан хугаралтай байна гэсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод очиж, дунд чөмөгний хагалгаанд орсон, мөн өөр бусад эмчилгээ хийлгээд 07 сарын 20-нд Сүхбаатар аймагт ирсэн. Одоо миний биеийн байдал хэвийн түвшинд орсон бөгөөд хадаасаа 3 жилийн дараа авахуулах юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй”... гэх мэдүүлэг /хх-16/,

 

- Гэрч  Г.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн орчим Э гэх залуу манай хүү болох их эмч Ц.Итэй таараад Б ах машинаас ойччихсон байна гэснийг дуулаад надруу залгасан юм. Би эндээс албаны машинтай сувилагч Сг дагуулаад осол гарсан гэх Сүхбаатар сумын 3 дугаар баг Гурвын өвөлжөө гэх газарлуу эхнэр нь болох Б, найз З, Б нарын хамт очсон юм. Анх осол болсон газарт очиход машин нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан байдалтай, Б, Л нар машины гадна хэвтэж байсан юм. Тэгээд өвчин намдаах тариа хийж машинд суулгаж авч ирсэн юм. Бын хувьд ухаан санаа нь эрүүл байгаа боловч дотуур гэмтэлтэй байж болзошгүй, харин Лийн хувьд толгойдоо гэмтэлтэй, даралт багатай, бүдүүн гуя нь хугарсан байдалтай байгаа”... гэх мэдүүлэг /хх-17/,

 

- Гэрч  Л.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн үед орлогч Л утсаар Бын эхнэр болох Бт мэдээлэл өгсний дагуу осол болсон гэх газар буюу Сүхбаатар сумын 3 дугаар баг Гурвын өвөлжөөрүү сумын түргэний машинтай миний бие Б, Б, сувилагч С, их эмч Саруул нарын хамт осол болсон газар очиход машиныхаа зүүн талд Б, Л нар хэвтэж байсан бөгөөд Б өндийгөөд манай Лгийн хөл хугарсан, толгой нь хагарсан яаралтай тусламж үзүүлээ би зүгээрээ гээд байсан юм. Тэгээд эмч сувилагч нар анхны тусламж үзүүлэн машинд суулган сумын эмнэлэг дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-17/,

 

-Гэрч  Ө.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Танай машин чинь Сүхбаатар сумын 3 дугаар баг Гурвын өвөлжөө гэх газарт осолдсон байна гэснийг дуулаад эмнэлэгрүү очиж дуудлага өгсөн бөгөөд эхний ээлжинд манай найз болох Бийн Ланд-80 маркын машинд их эмч Г.С, сувилагч Х.С, Э, М нар явсан бөгөөд 21 цагийн орчим Э надруу залгасан бөгөөд хоёр хүнийхээ биеийн байдлыг хэлсэн юм. Тэгээд сумын эмнэлэгт ирсэн бөгөөд тэр өдрөө аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн ба манай нөхөр Б тархиндаа хавантай, 4-5 хавирга хугарсан байдалтай байна гэхдээ амь насанд нь халгүй, сумандаа эмчлүүлж болно гэсэн юм. Харин Лийн хувьд дунд чөмөг хугарсан, аарцаг ясны цууралттай, сүүжний толгой цууралттай хотруу эмчилгээнд явуулах шаардлагатай гэсэн. Манай нөхөр надад ярьснаар бол дугуй нь хагараад замын шанд гуядуулсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн /

 

Гэрч И.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү болох Л нь 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сонгуулийн ажлаар Б гэх хүнтэй явж байгаад Сүхбаатар сумын 3 дугаар баг Гурвын өвөлжөө гэх газарт зам тээврийн осолд орж биедээ хүндэвтэр гэмтэл авсан бөгөөд осолд орсноос хойш 2 хоногийн дараа Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн /

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 263 дугаартай “1. Ч.Лийн биед тархи доргилт, зүүн талын дунд чөмөгний дээд 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал, баруун талын сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт, 

 

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай “1. 33-35 СҮА улсын дугаартай Ланд-80 маркын тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Ланд-80 маркын 33-35 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Д.Л нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 4. Зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна” гэсэн дүгнэлт

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-09 дүгээр тал/

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-17 дугаар тал/

 

- Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 48-66 дугаар  тал/

 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын  2 дугаар багийн Засаг  даргын 71 дугаар Г.Бын  оршин суугаа газрын  тодорхойлолт /хх-80/

 

- Г.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78 /зэрэг баримтуудыг шинжлэн судалсан  болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

 

Шүүгдэгч Г.Б 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Гурвын өвөлжөө гэх газарт Тоёото Ланд Крузер маркийн 33-35 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх ”, 9.1 “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас осол гаргаж иргэн Ч.Лийн эрүүл мэндэд “ тархи доргилт, зүүн талын дунд чөмөгний дээд1/3 хэсгийн зөрөөтэй далд хугарал, баруун талын сүүжний дэлбэнгийн бяцарсан хугарал бүхий “ хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, 2017.07.07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 263, 264 дугаартай хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актууд, 2017.07.08-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас, Ч.Лийн 002643 дугаартай Өвчний түүх, задлан шинжилгээний 30 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 07 сарын 12-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт,  гэрч  Г.С, Л.Э, Ө.Б нарын мэдүүлгүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна.

 

          Хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Г.Б бороо орсон, зам нойтон үед замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс арын дугуй хагарахад онхолдож осол гаргасан болох нь түүний “ Гадаа бороо орсон, газар нойтон байсан. Тэгээд явж байгаад машины дугуй хагарч онхолдсон.60-70 км цагийн хурдтай явж байсан “ гэх, хохирогч  Ч.Лийн “ Бид хоёр Баатарсүх гэх айл дээр байгаа хүмүүсийг авчрахаа явж байтал гэнэт арын дугуй хагарч шарван 1-2 удаа өнхөрч ойчсон юм. Бид суудлын бүсээ бүслээгүй байсан “ гэх мэдүүлэгүүд, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 02 дугаартай дүгнэлт зэргээр хэрэгт тогтоогдох ба түүнийг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр  үйлдсэн гэж үзнэ. 

 

Тэрээр бороо орсон зам нойтон дээр 60-70 км цагийн хурдтай явж байгаа, ийм нөхцөл байдалд машин халтирч, гулгах эрсдэлтэй, үүний улмаас хор уршиг учирч болох боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй, анхаарал болгоомжгүй хандсанаас осол гарч бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.   

 

Шүүгдэгч Г.Бт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

  Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

 

Г.Бын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба  харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. 

Тэрээр машины дугуй хагарсаны улмаас осол гаргасан, осол гарсны дараа хүмүүст мэдэгдэж хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээнд явах болон эмчилгээнд нь 700.000 төгрөгийн туслалцаа үзүүлсэн байна. 

Г.Бын гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардал буюу эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн цаашид гарах эмчилгээнд туслаж дэмжихээ илэрхийлсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзвэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Бын хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтооно. 

 

Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримт, бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр  

 

бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Л гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Хатгин овогт Гансүхийн Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Бт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Б шүүхээс оногдуулсан дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Ялтан Г.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримт, бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр  бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ч.Л гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Бт  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН