Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        С.Б-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           Б.Б

                        Хохирогчийн өмгөөлөгч                                  Э.М

                        Яллагдагчийн өмгөөлөгч                                Ц.Б

                        Яллагдагч                                                        С.Б

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 829 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн С.Б-д холбогдох 1912007400246 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн Багийн төв гэх газар оршин суух, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, С.Б

 

Яллагдагч С.Б нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Ц-ын маллуулахаар өөрт нь хүлээлгэн өгсөн 23 тооны адуунаас 2017-2019 оны хооронд 14 тооны адууг завшиж, нийт 17.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас С.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 829 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч С.Б-ын өмгөөлөгч Ц.Б-ийн хүсэлтийг харгалзан дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр С.Бд холбогдох 1912007400246 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгуулах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

1. 2006 онд хохирогч Д.Ц нь яллагдагч С.Бд ямар, ямар зүсмийн, ямар насны, хэдэн тооны адууг хүлээлгэж өгсөн болохыг нотлох баримтаар тогтоох,

2. Хохирогч Д.Ц нь 2006 онд С.Бд адууг маллуулахаар өгснөөс хойш хулгайд алдагдсан, үхсэн, эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрлөөр зарж борлуулсан, бусдад бэлэглэсэн гэх адууны тоо, зүсийг нарийвчлан шалгах, цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж байсан талаарх баримтад үзлэг хийх, гэрчүүдийг асуух, хохирогч, яллагдагчаас тодруулах зэрэг ажиллагааг хийх,

3. С.Б нь сард, жилд ямар цалин хөлстэйгөөр Д.Цын малыг маллахаар тохирсон, цалин нь хохирлоос хасагдаж тооцогдсон эсэхийг тогтоох,

4. Яллагдагч С.Б нь хэргийн материалтай бүрэн танилцаагүй цаг хугацаанд прокурор яллах дүгнэлтийг гардуулж, түүний өмгөөлөгчийн хэргийн талаар гомдол, хүсэлт гаргах, шалгуулах эрхийг хязгаарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалгах зэрэг болно.

Захирамжид заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэзээ, яаж үйлдсэн, гэмт хэрэг гарсан байх, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, хор хохирол зэргийг бүрэн тогтоох ач холбогдолтой төдийгүй шүүхээс гаргах шийдвэрт нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоно гэж үзэв гээд

 

Яллагдагч С.Бд холбогдох 1912007400246 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж; Хэргийг прокурорт очтол яллагдагч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж; Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б би эрүүгийн 1912007400246 дугаартай яллагдагч С.Бд холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн урьчдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2021/ШЗ/829 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжид: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч С.Бын өмгөөлөгч Ц.Б-ийн хүсэлтийг харгалзан дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр С.Бд холбогдох 1912007400246 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгуулах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

1. 2006 онд хохирогч Д.Ц нь яллагдагч С.Бд ямар, ямар зүсмийн, ямар насны, хэдэн тооны адууг хүлээлгэж өгсөн болохыг нотлох баримтаар тогтоох,

2. Хохирогч Д.Ц нь 2006 онд С.Бд адууг маллуулахаар өгснөөс хойш хулгайд алдагдсан, үхсэн, эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрлөөр зарж борлуулсан, бусдад бэлэглэсэн гэх адууны тоо, зүсийг нарийвчлан шалгах, цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж байсан талаарх баримтад үзлэг хийх, гэрчүүдийг асуух, хохирогч, яллагдагчаас тодруулах зэрэг ажиллагааг хийх,

3. С.Б нь сард, жилд ямар цалин хөлстэйгөөр Д.Цын малыг маллахаар тохирсон, цалин нь хохирлоос хасагдаж тооцогдсон эсэхийг тогтоох,

4. Яллагдагч С.Б нь хэргийн материалтай бүрэн танилцаагүй цаг хугацаанд прокурор яллах дүгнэлтийг гардуулж, түүний өмгөөлөгчийн хэргийн талаар гомдол, хүсэлт гаргах, шалгуулах эрхийг хязгаарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалгах зэрэг болно гэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хохирогч Д.Ц нь “анх 2008 онд соёолон насны 1, шүдлэн насны 2, даага насны 3 тооны адууг яллагдагч С.Бд хүлээлгэн өгсөн”, гэрч Д.Цо, Д.Г нар нь “хохирогч Д.Цыг анх 2008 онд соёолон насны 1, шүдлэн насны 1, дааган насны 3 тооны адууг яллагдагч С.Бд хүлээлгэн өгсөн” гэж тус тус мэдүүлсэн байна. Гэтэл яллагдагч С.Б болон гэрч /түүний эхнэр/ П.Н нар нь дээрх адуунуудын талаар мэдүүлэхдээ “хохирогч Д.Ц  нь анх 2006 онд Сүхбаатар аймгаас авсан 6 тооны адууг С.Бд хүлээлгэн өгч байсан” гэж цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлсэн байх тул 2006 онд хохирогч Д.Ц нь яллагдагч С.Бд адуу хүлээлгэн өгч байгаагүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхээр байна. Мөн яллагдагч С.Быг хохирогч Д.Цын маллуулахаар өөрт нь хүлээлгэн өгсөн 23 тооны адуунаас 2017-2019 оны хооронд үйлдсэн болох нь тогтоогдсон тул гэрч, хохирогч, яллагдагч нарын анх удаа хүлээлгэж өгсөн цаг хугацааны талаар хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгч буй байдал нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд шүүх шаардлагатай гэж үзвэл энэ талаар шүүх хуралдаан дээр хэргийн оролцогч нараас дахин мэдүүлэг авах боломжтой байна.

2. Яллагдагч С.Бын мэдүүлэгт дурдсан хохирогч Д.Цын адууг маллаж байх хугацаанд тухайн адуунаас хулгайд алдсан, үхсэн, эзэмшигчийн зөвшөөрлөөр зарж борлуулсан, бусдад бэлэглэсэн гэх адуунуудын талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулан шалгахад тухайн адуунуудаас 3 тооны адуу үхсэн, 6 тооны адууг хохирогч Д.Ц өөрөө идшинд хэрэглэх, худалдан борлуулах зэргээр захиран зарцуулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд бусад үхсэн гэх адуу нь хохирогч Д.Ц, яллагдагч С.Б нарын яг хэний эзэмшлийн адуу болох нь тодорхойгүйн дээр үхсэн гэх цаг хугацаанд нь хохирогч Д.Цт мэдэгдэж байгаагүй болох нь тогтоогдож байна. Мөн энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тус аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй 171200070 дугаартай “...2017 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хохирогч С.Бын 5 тооны адуу хулгайд алдагдсан...” гэх хэрэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн, хэргээс хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, хохирогч С.Бын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хуулбарлан хэрэгт хавсаргасан байна. Яллагдагч С.Б нь эрүүгийн 171200070 дугаартай хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Д.Цын 4 тооны адууг алдсан гэж зөрүүтэй мэдүүлсэн, мөн яллагдагч С.Бын хулгайд алдсан гэж мэдүүлсэн хохирогч Д.Цын гэх цавьдар зүсмийн морийг яллагдагч С.Б нь гэрч Ц.О-т 2017 онд худалдсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тухайн адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

3. Хохирогч Д.Ц нь “...би С.Бд цалин хөлс өгдөггүй байсан. С.Б нь найз нөхдийн журмаар намайг адуу малтай бол би өсгөн үржүүлж, уяж уралдуулж өгнө гэж хэлдэг байсан...” гэж мэдүүлсэн байна.

4. Яллагдагч С.Б ковид-19 цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон гэх шалтгаанаар хэргийн материалтай танилцаагүй байсныг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр түүнд хэргийн материалыг танилцуулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулсан байх бөгөөд тухайн өдөр түүнд прокурорын яллах дүгнэлтийг гардуулсан өгсөн байна. Үүний дараа яллагдагч С.Б нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хяналтын прокурорт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус аймгийн ерөнхий прокурорт гомдол, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газарт гомдол тус тус гаргаж, тухайн гомдол, хүсэлт болон холбогдох шийдвэрүүдийг хэргийн материалд хавсаргасан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч С.Б болон түүний өмгөөлөгч нарын гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой, мөн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагагүй ажиллагаануудыг хийлгэхээр зааж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх тул тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/829 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч С.Бд холбогдох хэргийг хэлэлцэж, тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 4 үндэслэл зааж прокурорт буцаасан. Энэ шүүгчийн захирамжид заасан 4 үндэслэл нь хэрэгт хийгдэх шаардлагагүй, мөн 3 ажиллагаа хийлгэхээр заасан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд хийгдсэн ажиллагаа байгаа учраас эдгээр ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцуулж байх хугацаанд яллах дүгнэлт гардуулж, оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэлд оролцогчийн гаргасан гомдол, хүсэлтийг хянаж үзээд хэргийн материалыг давхар хянан хариу өгсөн бөгөөд зөвхөн яллах дүгнэлт гардуулсан учраас хянахгүй, шийдэхгүй гэсэн хариу өгөөгүй байгаа тул эрхийг нь зөрчөөгүй гэж үзэж байна. Яллах дүгнэлтийг яагаад яллагдагч С.Бд яарч гардуулсан бэ гэхээр тэрээр дуудахад ирдэггүй. Мөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 2, 3 удаа буцсан байдаг. Яллагдагч С.Бд нь дуудсан үед ирээгүй ба өчнөөн олон сарын дараа ирсэн учраас ийм үйл явдал болсон. Түүнээс биш энэ хүний гомдол гаргах эрхийг хязгаарлаж яллах дүгнэлтийг гардуулаагүй гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд яллагдагч, түүний өмгөөлөгчийн хэлсэн тайлбар зэрэг нь хэрэгт хамааралгүй бөгөөд ач холбогдолгүй, шалгах ёсгүй зүйлийг ярьж хэлж байгааг шүүх бүрэлдэхүүн харж үзэхийг хүсье. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр анхан шатны шүүх энэ хэргийг шийдэх эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтыг улсын яллагчийн зүгээс хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолбол зохих байдал тогтоогдсон учраас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 829 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Урьд нь яллагдагч болон түүний өмгөөлөгч нар тодорхой зүйлийн талаар тайлбарлалаа. Яллагдагч болон түүний өмгөөлөгчийн хэлсэн тайлбартай нь холбоотойгоор няцаалт хэлье. Хохирогчийн хувьд өнөөдрийн шүүх хуралдааныг 17 цагаас гэж мэдсэн боловч хурлын цаг наашилсны улмаас ирж чадаагүй байгаа. Мөн өөрөө хөдөө тариа ногооны ажилтай учраас ирж чадаагүй байгаа юм. Хохирогчийн хувьд анхнаасаа С.Баас төл мал нэхээгүй. Харин хүлээлгэн өгсөн 23 тооны адуугаа нэхэмжилж байгаа болохоос биш, төл мал нь хэчнээн тооны болсон талаар мөрдөн байцаах ажиллагаа явуулан тогтоогоогүй. Яагаад вэ гэхээр хэрэгт тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. С.Бын үхсэн, зарсан гэх мал нь хохирогчийн 23 тооны адуутай хамааралгүй бөгөөд өөр төл малын талаар яриад байх шиг байна. Хохирогч хэрэг шалгаж байгаа мөрдөгчтэйгөө нийлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хэргийг өөрт нааштайгаар шийдвэрлүүлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй байх гэж харж байна. Д.Ц нь С.Б болон түүний дүүд мал бэлэглэсэн  асуудал ерөөсөө яригдаагүй ба хавтаст хэрэгт ийм зүйл авагдаагүй тул хэрэгт хамааралгүй зүйл ярьж байна. Хохирогчийн хувьд 2 адуу хатгуулаад 1 адуу бэлэгт өгдөг баян хүн биш юм. Бэлэгт өгсөн гэж хэлээд байгаа яллагдагч С.Бын хадам аав нь нас барчихсан, мөн хохирогч Д.Цын хадам аав нас барчихсан тул үхсэн хүн үг хэлэх биш гэдэг шиг үхсэн хүмүүсийн асуудлыг ярьж байгаа нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй юм. Мөн тэжээл авчирч өгөхөд адуу нь бүгд үхсэн гэлээ. Тухайн үед адуу үхэх болгонд хохирогчид мэдэгдсэн зүйл ерөөсөө байхгүй. Мөн хохирогчийг ОХУ руу явчихдаг гэж хэлээ. Тэгэхээр хохирогчийг ОХУ руу явсан гэдгийг яллагдагч С.Б мэдэж байгаа юм байна. ОХУ руу явсан хойгуур нь хохирогчийн адуу алдагдсан нөхцөл байдлын талаар ярьж байна. Мөн хохирогчтой өөртэй нь яриагүй, эхнэртэй нь ярьсан гэдэг асуудлыг ярилаа. Хохирогчийн эхнэр нь С.Бтай яриагүй гэдэг зүйлийг хэлдэг. Яллагдагч талын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй зүйлийн талаар ярьж байна. Адуу дутагдсанаас болж хэрүүл маргаан, зодоон цохион болсон асуудал байгаа юм.  Өөрт нь итгэмжлэн хариуцаж өгсөн байсан адуу малаас нь ор үндэслэлгүй дутаад байхаар хохирогч бухимдсан. Гэхдээ тэрээр бухимдлаа буруугаар илэрхийлсэн бөгөөд түүнд тохирсон холбогдох хариуцлагаа хүлээсэн. Мөн гэрч асуулгах талаар ярьж байна.  Гэтэл гэрч нь хохирогчийн ямар адуугаа алдсан талаар зүсээр нь мэдэх боломжгүй шүү дээ.  Тухайн хүмүүс Д.Цын тийм зүсмийн тийм адуу үхсэн байсан гэж мэдэхгүй. Тийм учраас гэрч асуулгах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй гэж үзэж байна. Тэдгээр хүмүүс нь хэрэгт ач холбогдолтой зүйлийн талаар мэдүүлэхгүй. Прокурорын газрын хяналтын прокурорын хүсэлтийг ярьж байх шиг байна. Хоёрдугаар хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б-ийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай “Хүсэлтийг хангахаас татгалзсан тухай” тогтоол байгаа. Тогтоолд яллах дүгнэлт гардуулсан учраас гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн үг, өгүүлбэр ч байхгүй. Мөн хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд аймгийн ерөнхий прокурор н.Ганбаатарт хяналтын прокурорт гаргасан үндэслэлээрээ үндэслэл бүхий хүсэлт гаргасан байсан. Мөн яллах дүгнэлт гардуулсантай холбоотой хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан тухай үндэслэл байхгүй байгаа. Улсын ерөнхий прокурорын газарт яг өмнөх үндэслэлээрээ гомдол, хүсэлт гаргасан байдаг. Улсын ерөнхий прокуророос хэргийг татах асуудал байсан байж магадгүй, тэр үед яллах дүгнэлт гардуулсан гэх үндэслэлээр хэргийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн бөгөөд түүнээс биш хүлээн авахаас татгалзсан зүйл байхгүй. Шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа хангахаас татгалзсан байдалтай, шүүх өөрийн үзэмжээрээ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тиймээс шүүгчийн захирамжид зааж буцаасан 4 үндэслэлийг хэлэлцэх ёстой. Харин яллагдагч талын зүгээс хэрэгт хамааралгүй зүйлийн талаар их ярилаа. Прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлийг хэлэлцэх ёстой болохоос биш, бусдын ар гэрийн амьдрал, зодоон цохионы талаар хэлэлцэх шаардлага байхгүй. Иймд Архангай аймаг дахь сумын дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 829 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой бөгөөд оролцогчийн эрхийг хязгаарласан үндэслэл байхгүй байна гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Аливаа эрүүгийн хэргийг бүрэн дүүрэн нотлон тогтоож, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн дүүрэн явагдах ёстой бөгөөд харин дутуу зүйл хийгээд түүнийгээ хамгаалж болохгүй гэж бодож байна. Энэ нь прокурорын хяналт, мөрдөгчийн ур чадварыг шалгах зүйл юм. Яллах дүгнэлтэд 14 тооны адуу завшиж 17.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг ч нотлох баримтад 5 адууны талаарх баримт байна. Үүнд мэнгэтэй хүрэн морь, буурал морь, бор зүсмийн морь, хонгор зүсмийн морь,  цавьдар морины талаар яригддаг бөгөөд эдгээр морины талаар гэрч асуулгах талаараа хэлсэн. Гэрч С.Баас морь авсан гэдгийг нотолж байгаа болохоос биш, зарах үндэслэл нь юу байсан, Д.Цт өгч явуулсан юм уу гэдгийг тодруулаагүй. Завших үйлдэл байна уу, эсхүл эзнийх нь зөвшөөрлөөр бусдад худалдсан үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй. Мөн С.Бын завшсан гэх үлдсэн 9 тооны адуу хаана байгаа, энэ нь ямар баримтаар тогтоогдож байгаа юм бэ. Ийм учраас прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй болсон байна. Дараагийн асуудал яг хэдэн тооны адуу хүлээн авсан бэ гэдгийг  хэн ч тогтоож чадаагүй. Хохирогч 23 тооны адуу гэдэг, харин шүүгдэгч болохоор он, сар,  цаг, минуттай нь хэлэхдээ 17 тооны адуу авсан гэдэг. Үүнд төл яригдаагүй бөгөөд хэрэв төл яригдвал хөлс ярина. Иргэний хуульд төлийн шударга эзэмшигчийн талаар зааж өгөхдөө тухайн эзэмшигч нь байхаар заасан байдаг. Шүүгчийн захирамжид 3 дахь үндэслэлдээ цалин хөлсийг тодруул гэж заасан нь үндэслэлтэй юм. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан учраас дахин шалгуулахгүй бол болохгүй. Яллагдагч энэ гэрчийг асуулгая гэж хэлэх байх. Энэ хэрэгт маш олон гэрчээс мэдүүлэг аваагүй байгаа. Хохирогчийн өмгөөлөгч бэлэглэсэн адууны талаар ярилаа. Бэлэгт авсан хүн нь өнгөрсөн бол бэлэгт өгснийг харсан олон гэрч нар байгаа тул энэ нөхцөлийг тодруулах шаардлагатай. Үнэхээр бэлэгт өгсөн юм уу, эсхүл бэлэгт өгснөө завшсан гэж байгаа юм уу гэдэг асуудлыг ялгаж салгаагүй. Завших сэдэлт, санаа зорилго байгаа юм уу, завшсан үйлдэл байгаа юм уу гэдгийг бүрэн тодруулж чадаагүй. Яллах дүгнэлтийг гардуулахад хуульд заасан үндэслэл журам байдаг. Яллах дүгнэлтийг хэзээ гардуулсан юм бэ гэдэг асуудал яригдана. С.Б нь 28-ны өдөр яллах дүгнэлтийг авсан ба харин прокурор 27-ны өдөр гардуулснаар тэмдэглэл бичсэн атлаа өнөөдөр өдрөө алдсан байна гэж ярьж болохгүй. Мөн хэргийн материалыг хэзээ танилцуулсан юм, хэрэв юм бол танилцуулсан огноо байх ёстой. Хавтаст хэргийн материалтай танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хавтаст хэргийн материал танилцуулж хүсэлт гаргаж болно гэж заасан. Мөн дээрх заалтын 7 дугаар зүйлд хүсэлтийг мөрдөгч хүлээн авч хангах эсхүл татгалзах тухай шийдвэр гаргана гэж заасан. Хавтаст хэргийн материалтай танилцаж гаргасан хүсэлтийг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно гэж заасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан оролцогчийн нэг эрхийг хязгаарласан байна. Хэргийн материалтай танилцаад мөрдөгчид хүсэлтээ гаргаж, мөрдөгч хэрэгсэхгүй болгосон тогтоол үйлдэхээр нь хяналт тавьж буй прокурор хянах, цаашлаад шат шатны прокурор хянах ёстой. Улсын ерөнхий прокуророос 27-ны өдөр яллах дүгнэлтийг гардуулж өгсөн байгаа учраас шүүх рүү шилжүүлэх хариу өгсөн байгаа. Энэ нь оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл гарч байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчил юм. Энэ нөхцөлийг шүүхээр нөхөн гүйцэтгэж засах боломжгүй юм. Хэрэв шүүх хуралдаан болбол гэрч асуулгах хүсэлт тавих ба гэтэл асуугдаагүй гэрчүүд байна. Тэгэхээр бидний шүүх хуралдаанд тавих хүсэлт хязгаарлагдаж байна. Тухайн алдагдсан адуутай холбоотой гэрчийг асуугаагүй. Зөвхөн яллах дүгнэлтийн 5 морины хэмжээнд ярихад ийм нөхцөл байна. Тодорхой үйл явдлыг мэдэх гэрчийг асуугаагүй. Гэрч н.Э, н.М, н.Ш нараас тодруулж асууж болно. Гэтэл цаана нь үйл явдлыг гэрчлэх ёстой гэрчийг асуугаагүй болохоор бидний шүүхэд тавих хүсэлт хязгаарлагдаж байгаа юм. Ийм учраас хэргийг прокурорт буцааж, гэрч нарыг асуулгах шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэг гарах болсон шалтгаан уг сурвалжийг мөрдөгч, прокурор тогтоох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ. Шүүх хуралдаанд мэтгэлцэх гэхээр бидний эрх хязгаарлагдаж зарим гэрчээ оруулж чадахгүй байна. Ийм учраас прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. С.Бын 9 хүсэлт бүхий гомдол байгаа бөгөөд үүнийг шалгаж яагаад болохгүй байгаа юм. Энэ гомдлыг шалгавал бүх зүйл тодорхой болно. Завших шинж байна уу, хэдэн тооны адуу хүлээн авсан, мөн зарсан морьд, үхсэн үрэгдсэн адуу тодорхой болно. Яллах дүгнэлт бичсэн хэмжээнд шалгуулах зүйлээ бичсэн байгаа. Үүнд мэнгэтэй хүрэн морь, гэрч н.Хайдавт зарсан морь зэргийг бичсэн. Яллах дүгнэлтэд дурдагдсан 5 морины талаар бичсэн. Учир нь прокурор 9 тооны адууг яллах дүгнэлтдээ дурдаагүй. Иймд Архангай аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 829 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Б.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч С.Быг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Цын маллуулахаар өөрт нь хүлээлгэн өгсөн 23 тооны адуунаас 2017-2019 оны хооронд 14 тооны адууг завшиж, нийт 17.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд явуулаагүй, тухайн ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад яллагдагч С.Б нь   Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 141 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолдоо “6. Д.Ц болон түүний төрсөн дүү Д.Цо, Д.Г нарын өгсөн мэдүүлэг нь намайг 2 дүүтэйгээ нийлж гүтгэж байна. 2013 онд мал ихээр муудаж, бас манай эхнэр жирэмсэн, би ажилтай, хүн бүлгүй учраас Д.Ц-ийг мал тэжээлгэх гэж авчирч байсан. Д.Цо нь Д.Цын тэжээгдэж байсан бүх адууг болон тосонд хордож үхсэн 4 адуу болон бусад байдлыг мэдэж байгаа. Гэтэл Д.Цын төрсөн дүү учир бүх адуунууд нь бүрэн бүтэн байсан гэж худлаа мэдүүлсэн байна. Миний хувьд хохирогч Д.Ц, түүний төрсөн дүү болох Д.Цо, Д.Г нартай нүүрэлдэн байцаагдмаар байна.” гэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагч С.Бын гаргасан хохирогч Д.Ц, гэрч Д.Цо, Д.Г нартай нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг хүлээн авч, дээрх оролцогч нарын өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах нь хэрэгт ач холбогдолтой байх тул гэрчүүдийг асуух, хохирогч, яллагдагчаас тодруулах зэрэг ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн  шийдвэр үндэслэлтэй байна.

 

            Яллагдагч С.Б нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 141 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгуулахаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргасныг тус прокурорын газрын хяналтын прокурор Б.Б нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 54 дугаартай тогтоол гаргаж, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаартай мэдэгдэх хуудсаар яллагдагч С.Бд хариу хүргүүлсэн байна.

            Гэтэл яллагдагч С.Бын зүгээс дахин Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргасан байх ба түүний гомдлыг тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 51 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж, мөн Улсын ерөнхий прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Гомдол  хариу өгөх тухай” 4/1702 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тус тус шийдвэрлэжээ.

 

            Яллагдагч С.Бд Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 141 дугаартай яллах дүгнэлтийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гардуулсан болох нь яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэлээр /2-р хх-ийн 35-р хуудас/ тогтоогдож байх ба яллагдагч С.Бын зүгээс тус яллах дүгнэлтийг хүчингүй болгуулахаар 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дээд шатны прокурорт гомдол гаргасныг тухайн хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор болон аймгийн ерөнхий прокурор нар тус тус шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

           

Харин 2006 онд хохирогч Д.Ц нь яллагдагч С.Бд ямар, ямар зүсмийн, ямар насны, хэдэн тооны адууг хүлээлгэж өгсөн болохыг нотлох баримтаар тогтоох болон С.Б нь сард, жилд ямар цалин хөлстэйгөөр Д.Цын малыг маллахаар тохирсон, цалин нь хохирлоос хасагдаж тооцогдсон эсэхийг тогтоох  ажиллагаа хийлгэхээр буцаасан нь тус тус үндэслэлгүй байна гэж үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Д.Ц нь 2008 онд 6 тооны адууг яллагдагч С.Бд хүлээлгэн өгсөн талаар, харин яллагдагч С.Б нь хохирогч Д.Цаас 2006 онд 6 тооны адуу хүлээж авсан талаар тус тус зөрүүтэй мэдүүлдэг боловч оролцогч нарын хувьд 2006-2008 оны хооронд 6 тооны адууг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тал дээр болон тухайн адуунуудын зүсний талаар маргадаггүй, мөн С.Б нь хохирогч Д.Цын малыг ямар нэгэн цалин хөлсгүйгээр маллаж байсан болох нь тогтоогдож байгаа тул эдгээрийг дахин шалгах шаардлагагүй, энэ талаарх тэдний мэдүүлгийг зөрүүтэй гэж үзвэл шүүх мэдүүлгийн зөрүүг арилгах боломжтой тул заавал мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй болно.

 

 Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 829 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 829 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     Г.У