Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2018/00035

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанд

Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймгийн ************** оршин суух Ш овогт Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл ********************* захиргаанд холбогдох,

Шүүхийн шийдвэр гарсны дараах болон ажилдаа орох хүртэлх хугацааны цалингийн нөхөн олговор 5.120.758 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 24ий өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б намайг Хөвсгөл ************************ захиргаанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байхад 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/06 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахад намайг ажлаас үндэслэлгүй халсан байна гэсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарч хамгийн сүүлийн шат буюу Улсын дээд шүүхийн шийдвэр 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гарснаар намайг ажил олгогч нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл нуур, эгийн голын сав газрын захиргаанд Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд авч би ажилдаа орсон юм. Би шүүхээр жил гаран явж ажилгүй хохирсон тул шүүхэд ажилгүй байсан үеийн цалин гаргуулах нэхэмжлэл гаргасан болно. Шүүхээр надад 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл буюу ажилгүй байсан хугацааны 1.529.731 төгрөгийг гаргуулж авсан.

Иймд одоо ажилдаа орох хүртлэх буюу 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалин буюу 5.120.758 төгрөгийг Хөвсгөл нуур-Эгийн голын сав захиргаанаас хуульд заасны дагуу нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын дарга Б.У шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдааМанай байгууллагын мэргэжилтэн Б.Б-ын асуудлын хувьд өнөөдрийг хүртэл хугацаанд 2 дарга солигдсон байдаг юм. Мэргэжилтан Б нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилдаа орсон байдаг юм билээ. Би шүүхэд тайлбараа бичгээр хүргүүлсэн байгаа. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шүүхийн байгууллагаас ажилтан маань гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон болон шүүхийн шийдвэр гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч, цалингийн нөхөн олговрыг авах эрхтэй гэж миний зүгээс үзэж байгаа хэдий ч өнөөдөр байгууллагад өгөх мөнгө байхгүй тул энэ асуудлыг дээш нь уламжилж, дээд байгууллагаас мөнгө байхгүй гэсэн тайлбар ирсэн тул өгөлгүй өдий хүрсэн юм.

Иймд одоо шүүхийн шийдвэрт гарсан мөнгийг олгох талаар дээд байгууллага буюу яаманд бичиг баримтуудыг нь явуулна гэж бодож байгаа тул ажилгүй байсан үеийн цалинг хуулийн дагуу бодит байдлаар тооцож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Хөвсгөл ******************* захиргаанд холбогдуулан Шүүхийн шийдвэр гарсны дараах болон ажилдаа орох хүртэлх хугацааны цалингийн олговор 5.120.758 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ажлаас үндэслэлгүй халагдаж ажилдаа 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр буцаж орсон буюу Хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дээр маргаангүй байна.

Харин ажилтан шүүхийн шийдвэр гарсны дараах болон ажилдаа орох хүртэлх хугацааны цалин 5.120.758 төгрөг-ийг гаргуулна, Ажил олгогч мөнгө байхгүй тул өгөх боломжгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Учир нь: Хөвсгөл ***************** захиргаа нь ажилтан Б.Болортуулыг 2015 оны 7 дугаар сарын 29-ны өдөр ажлаас халж, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б-06 тоот тушаалаар Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн тогтоолыг үндэслэж буцаан ажилд авсан болох нь хэрэгт авагдсан тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дугаартай тогтоол, Хөвсгөл ********************* захиргааны даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б-06 тоот тушаалын хуулбарууд,

Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Б.Болортуул: ....2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл нуур, эгийн голын сав газрын захиргаанд Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд авч би ажилдаа орсон.... гэх,

Хариуцагчийн ....Мэргэжилтэн Б.Бнь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилдаа орсон байдаг юм билээ.... гэх тайлбар мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар ажилдаа орсон болох нь нотлогдож байна.

Нэгэнт ажилдаа буцаж орсон болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул ажилтан буюу нэхэмжлэгч нь ажилдаа орох хүртэл хугацааны ажилгүй байсан үеийн цалин гаргуулах хууль зүйн үндэслэлтэй болно.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 35 тоот шийдвэрт: Б.Б-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосугай гэх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Хөвсгөл ******************** захиргааны 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б-06 тоот тушаалд: Б овогтой Б-ыг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс Гадаргын усны нөөц, судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсугай гэх тушаалыг үнэлж нэхэмжлэгч Б.Б-д  2015 оны 9 дүгээр сарын 24-нөөс 2016 оны 5 дугаар сарын 11-н хүртэлх ажилгүй байсан 7 сар 11 хоногийн цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2005 оны 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а "... ажлаас буруу  халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан байх тул нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2015 оны 5 дугаар сард 689.807 төгрөг, 6 дугаар сард 510.688 төгрөг, 7 дугаар сард 537.320 төгрөгийн цалин авсан ба сүүлийн 3 сарын цалин нийт 1.737.815 төгрөг, нэг сарын дундаж цалин 579.271 төгрөг, ажилгүй байсан 7 сард 4.054.897 төгрөг, 11 хоногийн 296.362 төгрөг, нийт 4.351.259 төгрөг болж байна.

Харин нэхэмжлэгч нь: ....цалин буюу 5.120.758 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэж тайлбар мэдүүлэг өгч байх хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ажилгүй байсан үеийн цалин 5.120.758 төгрөг-ийг гаргуулна гэдгээ нотолж чадахгүй байна.

Иймд хариуцагч Хөвсгөл *********************** захиргаанаас ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговорт 4.351.259 төгрөгөөс нийгмийн даатгалын зохих суутгалыг хийн нэхэмжлэгч Б.Б-д олгож, холбогдох дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл *******************

захиргаанд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх буюу 769.499 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Б-ын  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96.882 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанаас 4.351.259 төгрөгөд ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 84.570 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д  олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл ********************* захиргаанаас ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговорт 4.351.259 /дөрвөн сая гурван зуун тавин нэгэн мянга хоёр зуун тавин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгожнэхэмжлэлийн шаардлагаас үлдэх буюу 769.499 /долоон зуун жаран есөн мянга дөрвөн зуун ерэн ес/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын  ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговор 4.351.259 төгрөгөөс нийгмийн даатгалын зохих суутгалыг хийж холбогдох дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл ********************************* захиргаанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96.882 /ерөн зургаан мянга найман зуун наян хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл ************************* захиргаанаас 84.570 /наян дөрвөн мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Л.ЭРДЭНЭБАТ