| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/01090 |
| Дугаар | 155/ШШ2018/00052 |
| Огноо | 2023-01-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2018/00052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл ***************** оршин суух, Д овогт Л.Ц *************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************* Ерөнхий боловсролын сургуульд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 155/2017/01090/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хариуцагч А.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Ц нь Хөвсгөл аймгийн ************* Ерөнхий боловсролын сургуульд О.Хбагшаар 2006 оны 09 сарын 18-ны өдөр ажилд орсноос хойш тасралтгүй ажлын байранд ажиллаж ажлаа сайн гүйцэтгэж байгаад 2015 оны 02 сарын 15-нд хувийн амьдрал ахуйн байдлаас шалтгаалан 6 сарын чөлөө авсан. Тухайн үед ажиллаж байсан захирал нь миний өргөдлийг хүлээн авч Чөлөө олголоо гэж амаар хэлсэн. Би түр чөлөө олгосон тушаал, шийдвэртэй танилцаагүй. Чөлөөний хугацаа дуусгаад ажилдаа орохоор захиралтай уулзахад Чиний оронд орсон багш тун удахгүй тэтгэвэртээ гарах юм. Тиймээс чи хэсэгхэн хугацаанд хүлээж ажилд чинь оруулах шийдвэр гарахаар ажилдаа орооч гэж хүсэж гуйхын аль нь болох нь мэдэгдэхгүй зүйл хэлэхээр нь үнэхээр тэтгэвэртээ гарах хүн юм бол хэсэг хүлээе гэж тэр хүний амьдрал ахуйг бодож хүлээсэн. Өөрөөр хэлбэл миний оронд ажилд түр хугацаагаар авсан тэр багшийг л бодсон. Ингээд нэг жил хүлээсэн. Ингээд 2017 оны 09 дүгээр сард хичээл эхлэхэд намайг ажилд оруулах тухай шийдвэр гарахгүй болохоор нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сургууль дээр очиж энэ талаар гомдол гаргасны эцэст 2015 оны 02 дугаар сард миний хүсэлтийн дагуу чөлөө олгоогүй харин хөдөлмөрийн гэрээг цуцалж чөлөө олгосныг мэдлээ. Тухайн үед тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.Гомбожав гэгч надад энэ талаар огт мэдэгдээгүй, ажлаас халсан тушаалын нэг хувийг ч өгөөгүй юм. Иймд намайг ажлаас чөлөөлсөн ************* Ерөнхийн боловсролын сургуулийн захирлын 2015 оны 02 сарын 20-ны өдрийн Б-03 тоот тушаалыг хүчингүй болгож намайг тус сургуулийн ************** багшийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн ************* Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Лхамрагчаа овогтой Ц нь ************* Ерөнхий боловсролын сургуульд 2006 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс О.Хбагшаар 2015 оны 02 дугаар сарын 20 хүртэл ажилласан байна. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Боловсролын хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч Л.Цийн ашиглаж байгаа диплом нь боловсролын тухай хуулийн заалтад нийцэхгүй болсон нь тогтоогдсон байна. Л.Цийн диплом 2007 онд МУБИС-ийг төгссөн гэх боловч 2006 онд ажилд орсныг үзэхэд мэргэжлийн дипломгүй багш ажиллаж байсан байна. Л.Ц нэхэмжлэхдээ хувийн ахуй амьдралын байдлаас шалтгаалан чөлөө хүссэн гэдэг нь үндэслэлгүй ба бичиг баримтын зөрчилтэй байсан нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогджээ. Иймээс хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалт, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 тоот захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/36 тушаалаар цагийн багшаар ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналт, аудитын өгсөн зөвлөмжийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/01 тоот тушаалаар цагийн багшийн ажлаас чөлөөлсөн байна. Дээрх тушаалуудаар Л.Ц нь ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд мэргэжлийн багшийг хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаа тул эргүүлэн авч ажиллуулах орон тоо байхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн ************* Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Хөвсгөл аймгийн ************* Ерөнхий боловсролын сургуульд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн ************* Ерөнхий боловсролын сургуульд О.Хбагшаар ажиллаж байгаад хувийн амьдрал ахуйн байдлаас шалтгаалан 6 сарын чөлөө авсан. Тухайн үед ажиллаж байсан захирал чөлөө олголоо гэж амаар хэлсэн ба түр чөлөө олгосон тухай тушаал, шийдвэртэй би танилцаагүй. ...Чөлөөний хугацаа дуусгаад ажилдаа орохоор очиход захирал чиний оронд орсон багш удахгүй тэтгэвэртээ гарах тул хүлээж байгаад ажилдаа орооч гэснийх нь дагуу би хүлээсэн. ...2017 оны 09 сард намайг ажилд оруулах тухай шийдвэр гарахгүй болохоор нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сургууль дээр очиж 2015 оны 02 дугаар сард миний хүсэлтийн дагуу чөлөө олгогдоогүй, харин хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалыг надад өгсөн тул намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж, Ажилгүйдлийн тэтгэмжийг авахад бүрдүүлэх материалд ажлаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийг үндэслэн тэтгэмж олгогддог. Хэдийгээр шийдвэргийг гардуулж өгсөн бүртгэлийн баримт байхгүй ч энэ талаар манай бичиг хэргийн ажилтны мэдүүлэг болог ажилгүйдлийн тэтгэмж авсан үйлдэл зэргээр тушаалаа авсан нь нотлогдог. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Ажил олгогч буюу Хөвсгөл аймгийн ************* Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх шаардлагатай тул хөрвөх сургалтанд хамруулахаар 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс Л.Ц-ийг ****************** багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Л.Ц нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буюу тушаал гарснаас хойш 2 жил 8 сар 11 хоногийн дараа гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажилтан ажлаас буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэснийг зөрчиж нэхэмжлэлээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч тал ...2015 оны 02 сарын 20-ны өдөр ажлаас түр чөлөө олгосон бус харин хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тухай анх 2017 оны 10 сарын 10-ны өдөр тушаалаа гардаж аваад мэдсэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан гэрч Э.Адъяасүрэнгийн ...2015 оны 02 сард би тус сургуулийн бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Тушаалыг гарсан даруйд нь надаас ирж тушаалаа авч байсан. ...2017 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн гэдэг нь худал юм. ... гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Л.Ц-д 2015 оны 04 дүгээр сард ажилгүйдлийн тэтгэмж 600.516 төгрөг, 2015 оны 05 дугаар сард 486.132 төгрөгийг тус тус олгосон тухай Хөвсгөл аймгийн ************* Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 4, 5 сарын харилцахын зарлага гэх баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр үгүйсгэгдэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч ажил хүлээлгэн өгсөн өдрөө эсхүл тэтгэмж авахаас өмнө өөрийн хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэн ба ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдлоо шүүхэд гаргах боломжтой байсан гэж үзлээ.
Иймд Хөвсгөл аймгийн ************* Ерөнхий боловсролын сургуулийн **************** багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай Л.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн ************* Ерөнхий боловсролын сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Л.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН