Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Д.Б-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                           С.Б

                        Хохирогчийн хууль ёсны

                        төлөөлөгчийн өмгөөлөгч                                Э.М

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Ц.Б, С.П

                        Шүүгдэгч                                                          Д.Б

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 928 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Бд холбогдох 2012004060060 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Дуганы буурь гэх газарт оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д.Б

 

Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Мухар гэх газарт өөрийн эзэмшлийн 65-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, 1.3 болон 12.3-д заасныг тус тус зөрчиж иргэн Д.Т-ийг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1-т хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 928 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бд холбогдох 2012004060060 дугаартай эрүүгийн хэрэгт хэргийн газрын үзлэг, ослын газрын схем дутуу хийгдсэн.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлох ажиллагаа бүрэн хийгдээгүй гэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Иймд хэргийг прокурорт буцааж дараах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж дүгнэв. Үүнд:

1. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Мухар гэх газар осол болж иргэн Д.Тийг дайрах үед 65-00 АРХ дугаартай автомашиныг хэн, ямар зорилгоор, ямар чиглэлд, ямар зайнд жолоодож явсан болохыг тогтоох,

2. Тухайн автомашиныг осол болох үед шүүгдэгч Д.Баас өөр хүн жолоодож явсан байж болзошгүй ул мөр машинд байгаа эсэхийг шалгах,

3. Хэргийн газрын схем зургийг тодруулж тайлбар хийх,

4. Осол болох үед уг автомашиныг жолоодож явсан этгээд нь гэрч н.Д-той тухайн үед зөрсөн эсэх, хэрэв зөрсөн бол хэн жолоодож явсныг тодруулах зэрэг болно.

Хэдийгээр анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, 16.2 дугаар зүйлд заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй, хэргийг хэн үйлдсэнийг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж дүгнэв. Дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй болно гээд

 

   Шүүгдэгч Д.Бд холбогдох 2012004060060 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж; Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж; Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж; Захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээж авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Бгийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б би эрүүгийн 2012004060060 дугаартай Д.Бд холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2021/ШЗ/928 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүх “...шүүгдэгч Д.Бд холбогдох 2012004060060 дугаартай эрүүгийн хэрэгт хэргийн газрын үзлэг, ослын газрын схем зураг дутуу хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлох ажиллагаа бүрэн хийгдээгүй гэх нөхцөл байдал тогтоогдлоо. Иймд хэргийг прокурорт буцааж дараах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж дүгнэв. Үүнд:

1. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Мухар гэх газар осол болж иргэн Д.Тийг дайрах үед 65-00 АРХ дугаартай автомашиныг хэн, ямар зорилгоор, ямар чиглэлд, ямар зайнд жолоодож явсан болохыг тогтоох,

2. Тухайн автомашиныг осол болох үед шүүгдэгч Д.Баас өөр хүн жолоодож явсан байж болзошгүй ул мөр машинд байгаа эсэхийг шалгах,

3. Хэргийн газрын схем зургийг тодруулж тайлбар хийх,

4. Осол болох үед уг автомашиныг жолоодож явсан этгээд нь гэрч н.Д-той тухайн үед зөрсөн эсэх, хэрэв зөрсөн бол хэн жолоодож явсныг тодруулах зэрэг болно.

Хэдийгээр анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, 16.2 дугаар зүйлд заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй, хэргийг хэн үйлдсэнийг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Мухар гэх газар осол болж иргэн Д.Тийг дайрсан 65-00 АРХ дугаартай тээврийн хэрэгслийг хэн, ямар зорилгоор, ямар зайнд жолоодож явсан талаар тухайн цаг хугацаанд байсан гэрч нараас тодруулсан байх бөгөөд гэрч нар бүгд тэр талаар өөрийн мэдэх зүйлсээ мэдүүлсэн бөгөөд

            гэрч Ж.Б “...Б Бонго жи-2 маркийн 65-00 АРХ гэсэн дугаартай автомашиныг жолоодож явсан...би унтсан хойгуур хаашаа, хэнтэй, хаа хүртэл ямар ажлаар явсан талаар мэдэхгүй...” гэж,

            гэрч Ө.Д “...тээврийн хэрэгслийг жолооч Б барьж яваад хүн дайрсан. Түүнээс өөр хүн машин бариагүй. Б би хүн дайрчихлаа, туслаарай, миний машин доогуур Т Торчихлоо гэсэн...” гэж,

            гэрч Т.О  “...Б хөх өнгийн Бонго маркийн 65-00 АРХ улсын дугаартай машин өөрөө барьж явсан. Тухайн өдөр Б-аас өөр хүн түүний автомашиныг бариагүй...автомашины жолооч Б хэзээ явсан талаар мэдэхгүй. Явсан бол ганцаараа явсан байх...” гэж,

            гэрч О.Э “...манай гэрт Б орж ирээд Т-ийг би дайрчихлаа, миний машины урдуур гүйж орж ирээд машин доогуур орчлоо гэж хэлсэн...” гэж,

            гэрч Х.Г “...зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийг жолооч Б барьж яваад хүн дайрсан...Б би хүн дайрлаа, алчихлаа, туслаарай миний доогуур Т Т орчихлоо гээд орилоод байсан...миний бодлоор Б өөрөө мөргөж амь насыг нь хохироосон...түүний машиныг бид нарын хэн нь ч хөдөлгөж унаагүй, өөрөө машинаа унаж барьж байсан...” гэж,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ж “...талийгаачийг манай нутгийн ах Б гэдэг хүн машинаараа мөргөсөн талаар хэлж байсан...” гэж,

            гэрч Н.Д “...Тухайн үед намайг тэр айлд очиход Б би машинаараа дайрчихлаа баларсан гэж хэлж байсан... тухайн үед Б-аас өөр машин жолоодох чадвартай хүн байгаагүй...” гэж,

            гэрч Ц.Н “...юу болсон юм бэ гэж асуусан чинь бид нар өдөржингөө архи уусан, би машинаараа дайрчихлаа гэж хэлж байсан...” гэж,

            гэрч Л.Д “...гэрийн гадаа архи аягалаад өг гээд би тэр архийг тэнд байсан хүмүүст аягалж өгөөд гэртээ харихаар яваад өгсөн. Маргааш өглөө нь Б ах машинаараа Т ахыг дайраад нас барсан байна гэж хүмүүс ярьж байгааг мэдсэн...Б-аас өөр машин жолоодох чадвартай хүн байгаагүй...” гэж,

            шүүгдэгч Д.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө”...тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодож явсан. Осол гаргасан жолооч би өөрөө. Миний машинд тухайн үед хүн сууж яваагүй. Би ганцаараа явж байгаад зам тээврийн осол гаргасан...би хэн нэгэнд руль шилжүүлээгүй...” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд яллагдагч Д.Б нь уг тээврийн хэрэгслийг жолоодож яваад хохирогч Д.Тийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан нь тогтоогдсон, харин Д.Б нь тээврийн хэрэгслийг ямар зорилгоор, ямар зайнд жолоодож явсан талаар тодруулах ажиллагаа хийх боломжгүй төдийгүй, тухайн мөрдөн шалгах ажиллагааг хэрхэн хийх талаар тодорхойгүй байна.

 

            2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зурагт тээврийн хэрэгсэл дотор ямар зүйлс байгаа талаар тодорхой тэмдэглэсэн ба үзлэгээр “...тухайн автомашины жолооч талын хаалгыг онгойлгоход хар, шар даавуун материал бүхий руль хэсэгт хамгаалалттай, машины руль хэсэгт гэрэл асаах зориулалттай бариултай, түүний хажууд автомашины араа байрласан, түүний доод талд автомашины хааз, конс бүхий 3 төрлийн эд анги бөгөөд түүний хажууд шалавч байх ба жолооч талын эсрэг суудал дээр ямар нэгэн эд зүйлс байхгүй. Автомашины жолоочийн арын суудал хэсэгт автомашины багаж эд зүйлс эмх цэгцгүй байрласан байв... хэмээн илэрсэн зүйлийг бичиж, Д.Баас өөр хүн жолоодсон гэх ул мөр илрээгүй, дахин тээврийн хэрэгсэлд үзлэг хийх шаардлагагүй бөгөөд ул мөрийг хэрхэн шалгах  талаар тодорхой заагаагүй байна.

 

            3. Ослын газрын схем зураг болон зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хэргийн нөхцөл байдал бүрэн тусгагдсан бөгөөд хэргийн газрын схем зургийг тодруулж тайлбар хийх хууль зүйн шаардлага үүсээгүй байна.

 

            4. Осол болох үед уг автомашиныг жолоодож явсан этгээд нь гэрч н.Д-той тухайн үед зөрсөн эсэх, хэрэв зөрсөн бол хэн жолоодож явсныг тодруулах гэсэн ажиллагааг хийх боломжгүй бөгөөд тухайн хэрэг болсон гэх газарт н.Д гэх этгээд байгаагүй бөгөөд энэхүү гэрчийн талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад огт дурдагдаагүй байх тул шүүгчийн захирамжийн уг заалт нь ойлгомжгүй байна.

            Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЗ/928 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймгийн прокурорын газраас Д.Быг согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Мухар гэх газарт өөрийн эзэмшлийн 65-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, 1.3 болон 12.3-д заасныг тус тус зөрчиж иргэн Д.Тийг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой байх, түүнийг биелүүлэхтэй холбоотойгоор эргэлзээгүй төрөхөөргүй байх  зарчим хангагдаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй учраас хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 928 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул  тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэсэн саналтай байна. Ямар учраас үндэслэлгүй гэж үзэж байна вэ гэхээр шүүгдэгч Д.Б нь н.О-ийг хэргээ хүлээ гэж хэлсэн нь энэ хэргийн үнэн зөвийг олох санаа зорилго байгаа эсэхэд ямар ч хамааралгүй байгаа юм. Тухайн үед н.О-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг мэдэж байсан учраас түүнийг ашиглах байдлаар хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Өөрийн гэм буруугаа бусдад халдаах зорилгоор хэлсэн байхыг үгүйсгэхгүй бөгөөд энэ нөхцөлийг шүүх бүрэлдэхүүн харах байх. Гэрч н.Д-ын мэдүүлгийг үнэлэх боломж байхгүй. Шүүх хуралдаанд Д.Баас өөр хүн жолоодож явсан ул мөрийг шалгах үндэслэл  нь Д-ын мэдүүлгээс болсон. Учир нь шүүхийн шатанд мэдүүлэг өгөхдөө эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд шүүх хуралдааны үед даргалагч шүүгчээс хэргийн талаар асуухад тэрээр хариулт хэлж чадаагүй. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх. Цаг хугацааны хувьд 18 цагаас гэрээсээ явсан байдаг. Тэрээр хэрэг гарсан цаг хугацаанд байхгүй байсан учраас дахин асуулгах шаардлагагүй учраас шүүгчийн захирамжийн 4 дэх хэсэгт заасан ажиллагаа нь зайлшгүй хийх ёстой ажиллагаа биш юм. Хэргийн газрын схем зургийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн схем зураг гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан тайлбарлуулах боломжтой байтал ийм ажиллагаа хийгдээгүй ба шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байна. Гэрч н.Д-ийн мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Ж нарын мэдүүлгээр хэрэг гарсан цаг хугацааг 18 цаг болж байсан гэж мэдүүлдэг. Д.Б нь н.О-ийн өмнөөс хэрэг хариуцах хэмжээний дотно харилцаатай хүн биш. Уг асуудлыг шүүх хуралдаанд асууж тодруулж байсан. Уг хоёр хүний хооронд өр авлага, өс хонзонгийн сэдэлт байхгүй. Хэн хэнийхээ өмнөөс хэрэг хариуцах хэмжээний хүмүүс биш гэдгээ хэлсэн. Бид прокурорын шилжүүлсэн тус эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх байсан боловч тухайн шүүгчийн захирамж нь прокуророос ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлээгүй бөгөөд хэргээс давсан асуудлыг тогтоолгохоор нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн. Үс байсан талаарх асуудал нь мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэргийг прокурорт шилжихийн алдад анх гарсан асуудал байгаа юм. Үс байгаа талаар хавтаст хэргийн материалд нотлох баримт байхгүй. Тухайн үсийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрэл зургаар баталгаажуулж, хэрэгт хавсаргуулах эрхтэй байсан боловч уг эрхээ эдлээгүй. Мөн талийгаачийн амьд сэрүүн байхдаа өгсөн мэдүүлгийг үнэлэх ёстой. Талийгаач нь тухайн автомашинд дайруулсан гэх цаг хугацаанд нас бараагүй бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 цагийн үед хүргэгдсэн ирсэн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Ж-ы зүгээс өөрөө дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Түүнээс биш тухайн үед байсан хүмүүсээс хэн нь ч дуудлага өгөөгүй байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Ж өөрөө ирээд, буцаад явах замдаа өөр дуудлагаар явж байсан түргэний машинтай таараад Архангай аймгийн эмнэлэгт авчраад 21 цагийн үед нас барсан гэдэг. Хэрэг болсон гэх цаг хугацаанд нас барахаасаа өмнө шүүгдэгч Д.Бы сэтгэл зүйн байдал ямар байсан талаар тухайн үед хамт байсан гэрч нар мэдүүлэг өгсөн байдаг. Тэрээр айсан, орилж хашхирсан, хүний өмнөөс хэрэг хүлээхээр байгаагүй гэдэг нь тодорхой харагддаг. Гэтэл шүүх хэтэрхий өрөөсгөл дүгнэлт хийж, хэргийг удаашруулсан гэж харж байна. Уг асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдсан санагдаж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 928 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох гэж заасан. Гэтэл хэргийг тал бүрээс нь хянаж тогтоох үүргээ прокурор яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ. Хохирогчийн өмгөөлөгч нь хүнээр хэрэг хүлээлгэх асуудлыг ярилаа. Д.Б нь н.О-ээр хэрэг хүлээлгэх гээд байгаа зүйл ерөөсөө байхгүй. Хэргийн үнэн зөв байдлыг тогтоолгох гэж байгаа юм. Тухайн хэрэгт алдаа гарсан бөгөөд уг алдааг засах үүрэг нь прокурорт байна. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг чирч, чагтан голд ороож зогссоны дараа сандарсан байдалтай орж ирэхээр нь эрэгтэй хүн юм байна, чи жолооч нь юм байна хүлээчих гэснээс бүх юм гарсан бөгөөд мэдүүлгээ ч гэсэн тэгж өгсөн. Сая хохирогчийн мэдүүлгийг уншлаа. Хохирогч тухайн ойлголтыг төрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл н.Ж гэх эмэгтэйг дуудаад ирэхэд Д.Б хохирогчийг тэвэрч байсан гэдэг. Бүх асуудал яригдаж дууссаны дараа би найзыгаа дайрчихлаа гэдэг. Амь хохирогч мэдүүлэг өгөхдөө Д.Б намайг барьсан гэж мэдүүлдэг. Хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй. Өмгөөлөгч миний хувьд прокурорт Д.Б амь хохирогчийг дайраагүй талаар хэлж, хүсэлт өгөхөд мөрдөгч н.Г нэг өдөр бүх гэрчийг асуугаад ирсэн. Мөрдөгч та нар өмнөх мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгвөл худал мэдүүлэг өгсөнд тооцно гэж гэрч нарт хэлсэн гэсэн. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд өгсөн мэдүүлгээс эсрэг мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл байдал үүснэ гэж хэлснээс болж өмнөх мэдүүлгээрээ байя гэдэг бодол төрүүлсэн. Хохирогчийн өмгөөлөгч үс байгаа эсэхийг яаж харах юм.  Би битүүмжилсэн машинаас яаж зураг авах юм. Яасан бэ гэхээр Д.Б машинаа очиж шалгахад ард нь 2 ширхэг үс байсан гэдгийг харсан  байдаг. Тэр үсийг тогтоох ёстой. Дараа нь цагдаа хэргийн газрын үзлэгээс машиныг бариад 17 километрийн газар барьж явсан бол машинд хурууны хээ авч яагаад тогтоож болдоггүй юм. н.О барьсан гэж үзэж байгаа бол алганы хээ, хурууны хээ машины үрүүлд үлдэнэ. Мөрдөн байцаалт энэ байдлаар явагдах ёстой. Зөвхөн үгсэн тохиролцсон   гэрчийн мэдүүлгээр биш, харин хуульд заасан нотлох баримт болох хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гаргах ёстой. Шинжилгээ хийлгэх эх сурвалжийг үс байна гэж зааж өгсөн. Яагаад үүнд шинжилгээ хийж тогтоож болдоггүй юм. Үгсэн тохиролцсон гэрчийн мэдүүлгээр Д.Быг хүнд гэмт хэрэгт гүтгэж байна. Харин гэм буруугаа хүлээсэн асуудал байвал маргахгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж,  1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх асуудлыг ярих байсан. Гэтэл шүүгдэгч хийгээгүй хэргийнхээ төлөө гэм буруугаа хүлээхгүй гэж байна. Мөрдөгч яагаад хэргийн нөхцөл байдлаа бүрэн тогтоож, прокурор хяналт тавьж  чаддаггүй юм бэ. Үгсэн тохиролцсон гэрч нар одоо мэдүүлгээсээ буцахгүй ба яагаад вэ гэхээр хүнд гэмт хэрэгт Д.Быг гүтгэсэн болохоор тэр юм. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үсэнд шинжилгээ хийж, алганы хээг аваад өгчих, гэрч н.Д-ийг үнэхээр хууль сануулж, биднийг оролцуулж байгаад мэдүүлэг аваад өгчих гэсэн хүсэлттэй байдаг.  Гэрчээс тухайн авто машиныг Д.Б барьж байсан юм уу, эсхүл н.Оюунгэрэл барьж байсан юм уу гэдгийг асууж дахин мэдүүлэг авч болдоггүй юм уу. Энэ нөхцөл байдлаас хамааран тухайн хэрэг тогтоогдоно. Түүнээс Д.Б орилж орж ирсэн гэж хэлсэн хүний мэдүүлгээр энэ хүнийг яллаж болохгүй. Яллах дүгнэлтэд н.Б, н.О, н.Д, н.Э гэсэн үгсэн тохиролцсон хүмүүсийн мэдүүлэг байна. Мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах боломжтой. Хэрэв шүүхээс Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял өгсөн гэж бодвол хэргийг тохирсон хүмүүст шүүх, прокурор, цагдаа хилсээр хэрэгт явуулдаг юм байна гэсэн бодол төрнө.  Хохирогчийн өмгөөлөгчийн ярьсан шиг хүнээр хэрэг хүлээлгэх ажиллагаа биш бөгөөд үүнийг олж тогтоох нь зүйтэй. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 928 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Хэргийн бодит үнэнийг тогтоох асуудлыг орхигдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь н.Д-ийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэлээ. Үнэхээр ийм эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн бол энэ гэрчийн аль мэдүүлгийг үнэн юм гэдгийг мөрдөн байцаалтад хэргийг буцааж, үнэн зөвийг ялгахаас өөр гарц байхгүй юм. Уг нөхцөл байдлыг шалгаж тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Хэрэгт эргэлзээгүй байдлаар тогтоогдсон баримт байхгүй учраас энэ асуудлыг дахин, дахин яриад байгаа юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь Д.Быг тухайн үед сэтгэл зүйн байдал тогтворгүй байсан гэж хэлээд байна. Гэтэл Д.Бы сэтгэл зүйн байдал ямар байсан талаар тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт байхгүй бөгөөд зөвхөн гэрч нарын мэдүүлэгт үндэслэсэн. Мөн тээврийн хэрэгсэл хаашаа явж байсныг тогтоогоогүй, схем зурагт тулгуурлаж,  гэрч нарын мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэх гэж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго зорилт алдагдаж байна. Хэргийн бодит байдлыг хэн үйлдсэнийг тогтоох зорилгоор шүүхээс буцаасан. Гэрч нарын мэдүүлгээс гадна шинжээчийн асуудал уг хэрэгт бүрэн орхигдсон. Машинд байгаа 2 ширхэг үсэнд үзлэг хийлгэж тогтоох ёстой. Энэ нөхцөл байдлыг тогтоовол хэргийн үйл явдал тайлагдана. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 928 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Быг согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Мухар гэх газарт өөрийн эзэмшлийн 65-00 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, 1.3 болон 12.3-д заасныг тус тус зөрчиж иргэн Д.Тийг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Архангай аймгийн Прокурорын газраас Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Мухар гэх газар осол болж иргэн Д.Тийг дайрах үед 65-00 АРХ дугаартай автомашиныг хэн, ямар зорилгоор, ямар чиглэлд, ямар зайнд жолоодож явсан болохыг тогтоох, тухайн автомашиныг осол болох үед шүүгдэгч Д.Баас өөр хүн жолоодож явсан байж болзошгүй ул мөр машинд байгаа эсэхийг шалгах, хэргийн газрын схем зургийг тодруулж тайлбар хийх, осол болох үед уг автомашиныг жолоодож явсан этгээд нь гэрч н.Д-той тухайн үед зөрсөн эсэх, хэрэв зөрсөн бол хэн жолоодож явсныг тодруулах шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзлээ.

 

             Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай бөгөөд дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

 

             Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 928 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 928 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     Г.У