Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 112

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагч Г.Амарсайхан,

Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Сд холбогдох эрүүгийн 1730000810073 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, Аюулгүй байдлын хууль сахиулагч мэргэжилтэй, Замын цагдаагийн олон нийтийн байцаагч ажилтай,  ам бүл 2,  Э.С. 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

 Шүүгдэгч Э.С нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны  өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Асгат сум орох замдаа 54-31 СҮЭ улсын дугаартай Приус  маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон авто  машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”  мөн дүрмийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  - Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 06-р  сарын 26-ны орой Н “аймгаас Асгат явах замд найз маань бензингүй болчихлоо гэнэ бензин хүргэж өгөөд ирье” гэж намайг гуйсан. Тэгээд би Нтэй хамт бензин хүргэж өгөөд аймаг руу буцаж явах замдаа машины жолооч талын дугуй хагараад машин онхолдсон. Н тухайн үед гэрийнхэндээ хэлээгүй юм байна лээ. Тэгээд 2-3 хоногийн дараа Нийн ээж нь охин эмнэлэгт үзүүлсэнгүй гэж хэлсэн. Би Нт хохирол гэж 1.300.000 төгрөг өгсөн гэв.   

 

 - Хохирогч Б.Нийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед манай найз А утсаар яриад Асгат сумын замд бензингүй болчихсон байна бензин авчраад өгөөч  гэсэн. Тэгэхээр нь С рүү залгаад машин чинь байгаа юу ойрхон хөдөө яваад өгөөч гэж гуйгаад аймгаас урагш 20 километр явж бензин өгчихөөд буцах замдаа осолд орж эмнэлэг дээр ирж үзүүлэхэд  миний эгэм хугарч, дал цуурсан, хүзүү бага зэрэг гэмтсэн байсан. Тэгээд аймагт эмчлүүлж байгаад Улаанбаатар хотод Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд очиж 6 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан ” ... гэх мэдүүлэг /хх-ийн 12- хуудас/,

 

-Хохирогч Б.Н Замын цагдаагийн газарт гаргасан хүсэлтэндээ: Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 4 дүгээр багийн иргэн Н миний бие нь 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед Асгат сум руу явах замдаа аймгаас 20 километр зайд хүнд бензин өгөөд буцаж явахдаа машины зүүн урд дугуй буудаж машин бүтэн эргэж дугуйн дээрээ буусан. Миний биеийн зүүн талын мөр бага зэрэг гэмтэл авсан. Миний биеийн байдал сайжирч байгаа учир надад гомдол байхгүй гэжээ. /хх-ийн 48-р хуудас/ 

 

-Гэрч Х.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Би 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгаас Асгат сум руу Төрмөнхөөр машинаа бариулж явж байгаад замд машины бензин дуусахааар нь Н рүү яриад унаа олоод бензин аваад ир гэж хэлсэн. Тэгээд 20 цагийн үед Н цэнхэр өнгийн Приус машинтай ирсэн. Бензин өгөөд буцаж явах замдаа машин нь онхолдсон. Удалгүй 2 машинтай хүмүүс  ирээд Н, С нарыг суулгаад эмнэлэгт үзүүлэхээр түрүүлээд явсан. Нэг машинтай хүмүүс нь осолд орсон машиныг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

 

-Гэрч С.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2017 оны 06 дугаар сарын 26-ны.өдөр  дүү С манайд ирээд машинаа өгчих ойрхон найздаа  бензин өгчихөөд ирье гээд гуйгаад байхаар нь машинаа өгсөн. Тэгээд манай дүү 21 цагийн үед над руу утсаар яриад машиныг чинь унагачихлаа гэхээр нь би нөхөр Мөнхтулгатай хамт очсон. Манай нөхөр С, Н гэх охиныг аваад шууд эмнэлэг рүү ирсэн. Тэгээд Нийг эмчид үзүүлээд рентген зураг авахуулахад эгэм хавьдаа гэмтэл авсан байна гээд боолт хийсэн. Мөн хөлийн чигчий хурууны арьс нь хууларсан байсан тул оёдол тавьсан ..” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 345 дугаартай дүгнэлт: 1. Нийн  биед тархи доргилт, тархины хаван, зүүн эгэмний далд хугарал бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн чигчий хуруунд язарсан шарх  гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ. 3.Дээрхи гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 09-р сарын 09-ний өдрийн 13 дугаартай дүгнэлтээр:1.54-31 СҮЭ улсын дугаартай Приус маркийн автомашины жолооч Э.С Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон авто  машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Дүгнэлт гаргах  явцад өөр зүйл илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 3-5, 10-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн Засаг даргын Э.Сийн оршин суугаа газрын талаархи тодорхойлолт /хх-ийн 43/

 

-Б.Нийн нийт 517 437 төгрөгийн эмчилгээний төлбөрийн баримт /хх-ийн 45-46-р хуудас/

 

-Э.Сийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 57-р хуудас/ 

 

-  Э.Сийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/ 

зэргийг шинжлэн судлав. 

  

Шүүгдэгч Э.С  нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны  өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгаас ертөнцийн зүгээр урагш 20 километрт  Асгат сумын замд Приус 54-31 СҮЭ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Сийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Н, гэрч Х.Б, С.Сэ,  нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 345 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 13 дугаартай дүгнэлт,  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Э.С нь  2017 оны 08 дугаар сарын 26-ны  өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар аймгаас ертөнцийн зүгээр урагш 20 километрт  Асгат сумын замд бусдын эзэмшлийн Приус 54-31 СҮЭ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон авто  машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол  гаргаж хохирогч Б.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна. 

 

Шүүгдэгч Э.Сд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Э.Сийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Сд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн,   учруулсан хохирлыг  төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Э.Сийн үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгож  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

  Шүүгдэгч Э.С нь  цагдан хоригдоогүй, хэрэгт  иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,   хохирогч Б.Н гомдолгүй,  нэхэмжлэх зүйлгүй, гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

  1. Шүүгдэгч Э.С-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлөгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Сийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Сд оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сд  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.С нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА