Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2018/00022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, ***************** дугаар регистртэй, Н овогт Д.Д-ын

Хариуцагч:  Хөвсгөл аймгийн ********************** оршин суух, ************** дугаар регистртэй, Х овогт П.Х-т -холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хашаа байшингийн үнээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2017/01075/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Д.Д, хариуцагч П.Х нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Х, бид хоёр 2006 онд гэр бүл болж, хүү Х.Б  2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. Хамтын амьдралын явцад бидний зан байдал таарч тохирохгүй, П.Х нь олсон мөнгөө амьдралдаа зарцуулдаггүй, би группын мөнгөөрөө амьдралаа залгуулдаг байсан бөгөөд хүү бид хоёрыг зодож, гадаа хүртэл хонож байсан тул аргагүйн эрхэнд 2013 онд би эгчийндээ очсон. Миний хүүг надад өгөхгүй байсан тул 2 жилийн дараа хүүгээ очиж авахад тураалд оруулсан байсан. Одоо би айлын мал харж цалин авдаг, хүүгээ сургуульд суралцуулж байгаа. П.Х эхнэртэй болсон, цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүү Х.Б-ыг өөрийн асрамжид авна. Би шүүхэд П.Хын амьдарч байгаа хашаа байшинг заруулж, үүнээс 4.000.000 төгрөг гаргуулан хүүдээ олгохоор нэхэмжлэл гаргасан боловч одоо 4.000.000 төгрөг нэхэмжлэхээ болиод, харин Х.Б т эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна гэв.

 

Хариуцагч П.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Дтай 2006 онд танилцаж гэрлэлтээ батлуулан хамт амьдарсан. Хамтын амьдралын явцад хүү Х.Б  нь 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. Бид таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдрах болсон. Би өөр хүнтэй гэр бүл болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Д.Д хашаа байшингийн үнээс 4.000.000 төгрөг авахгүй, хүү Х.Б-ыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна гэсэн тул түүнийг зөвшөөрч байна гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч П.Х-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хашаа байшингийн үнээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд хашаа, байшингийн үнээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг авахгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Д.Д, П.Х нар гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй 2013 оноос хойш буюу удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа, хариуцагчийн гэр бүлдээ хүндэтгэлтэй ханддаггүй байдал, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2006 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монгол улсын иргэн РД: **************, Нөхрийн овог: Х, эцэг /эх/-ийн нэр: П, нэр: Х, Монгол улсын иргэн РД: *****************, Эхнэрийн овог: Н, эцэг /эх/-ийн нэр: Д, нэр: Д нарын 2006/08/11-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 436-рт 2006/09/28-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа байгаа гэх бичилттэй дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Хамтран амьдрах хугацаанд 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү Х.Б  төрж, төрсний бүртгэлд 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлсэн болох нь №0267361-189 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Далайн элбэрэлт өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтаар тус тус тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Х.Б-ыг эх Д.Дын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг П.Хаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.

Иймд Д.Д, П.Х нарын гэрлэлтийг цуцалж, хүү Х.Б-ыг эх Д.Дын асрамжид үлдээн, хариуцагч П.Хаас хүү Х.Б т сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Х.Б  8 нас 10 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг хүү Х.Б-т сар бүр эцэг П.Х төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Х.Б т сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Хаас улсын тэмдэгтийн хураамж 99.734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Д.Д, П.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Х.Б-ыг төрсөн эх Д.Д-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 3 дугаар сарын 26-ны ны өдөр төрсөн хүү Х.Б-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг П.Хаас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг П.Х, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Д нарт тус тус даалгасугай.

 

5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Хаас улсын тэмдэгтийн хураамж 99.734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дт олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА