| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/01095 |
| Дугаар | 155/ШШ2018/00032 |
| Огноо | 2018-01-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2018/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******************** оршин суух, ************* дугаар регистртэй, Ховогт Н.Б-ны
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *****************оршин суух, ***************** дугаар регистртэй, Ш овогт Ц.Т-дхолбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2017/01095/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагч Ц.Т нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Ттэй 2008 онд танилцан үерхэж байгаад 2009 оны 11 дүгээр сард гэрлэлтээ батлуулж байсан боловч тусдаа амьдарч байгаад 2010 онд хуримаа хийж, дагавар хүү Б.С-ыг дагуулж очсон. Бидний дундаас 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр охин Т.Т, 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр охин Б.Б нар төрсөн. Хамтдаа 3-4 сар амьдарч байгаад бага охиныг төрүүлсний дараа таарамжгүй харилцааны улмаас хүүхдүүдийн хамт намайг ээжийнд маань хүргэж өгсөн. Түүнээс хойш тусдаа амьдарч байна. Ц.Т хүүхдүүдтэйгээ огт уулзаагүй, дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй. Бага охин маань аавыгаа танихгүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Охин Т.Т, Т.Б нарыг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Хүү Б.С-т хүүхдийн тэтгэлэг авахгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ц.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б бид хоёр 2008 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлж, хамт амьдарсан. Дагавар хүү Б.С нь Н.Бы аав, ээж дээр байдаг байсан. Бидний дундаас 2010 онд охин Т.Т, 2012 онд охин Б.Б- нар төрсөн. Хамт амьдрах хэдэн сарын хугацаанд Н.Б нь хүүхдүүдээ аваад ээжийнх рүүгээ явчихдаг байсан ба хадам ээжтэй таарамж муутай байсан зэрэг шалтгаанаар 2012 оноос тусдаа амьдрах болсон. Бид цаашид эвлэрч, хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, охин Т.Т, Т.Б нарыг эх Н.Бы асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Ц.Төөс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 2012 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа болон гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид нь 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болж, 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Монгол Улсын иргэн *****************, Нөхрийн овог: Ш, Эцэг эхийн нэр: Ц, Нэр: Т, Монгол Улсын иргэн *************, Эхнэрийн овог: Х, Эцэг эхийн нэр: Н, Нэр: Б нарын 2009/11/24-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Ханх сумын 18-рт 2009/11/25-нд бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 00/005254 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр охин Т.Т, 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр охин Т.Б нар төрсөн болох нь №0450480-№79, №0000741070-№60 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн Тийн Б 5 настай, /РТ12280200/, эмэгтэй. Манай Жаргалан хүүхдийн цэцэрлэгийн Эрвээхэй бэлтгэл бүлэгт суралцдаг нь үнэн гэх бичилттэй 10 тоот тодорхойлолт, Бага боловсрол хариуцсан сургалтын менежерийн ...Т.Т нь /РТ10282303/ 2б ангид сурдаг нь үнэн гэх сурагчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаагүй, мөн 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Т.Т, 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Т.Б нарт эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал, хүүхдийн амьдрах орчин, хүүхдийн санал зэргийг харгалзан эх Н.Б-ы асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Ц.Т-өөс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нь хүү Б.С-т хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг тус тус дурьдаж байна.
Иймд Н.Б, Ц.Т нарын гэрлэлтийг цуцалж, охин Т.Т, охин Т.Б нарыг эх Н.Б-ы асрамжид үлдээн, хариуцагч Ц.Төөс охин Т.Т, охин Т.Б нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Т.Т 7 нас 04 сар, 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Т.Б 5 нас 04 сар тус тус хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг тус бүр охин Т.Т, охин Т.Б нарт сар бүр эцэг Ц.Т төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Т.Т, охин Т.Б нарт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.082.000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч Н.Б нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул хариуцагч Ц.Төөс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 48.262 төгрөг, бүгд 118.462 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ховогт Нарантогтохын Б, Ш овогт Цгийн Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Т.Т, 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Т.Б нарыг эх Н.Б-ы асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Т.Тг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Т.Бг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ц.Төөс гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүү Б.Ст хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ц.Т, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Н.Б нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Б улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ц.Төөс улсын тэмдэгтийн хураамж бүгд 118.462 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА