Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 589

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00186 дугаар шийдвэртэй, А.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Х Ш”  ХХК-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: А.Б- нь “Х Ш”  ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр уллагаачин ажилд орж, 1 000 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил олгогчийн 19/10/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2019 оны 02 дугаар сараас өнөөдрийг хүртэл ажил хийлгээгүй. 2019 оны 10 дугаар сард ажлаас халсан, ажиллуулахгүй гээд тушаал, хөдөлмөрийн гэрээг өгөхгүй байсан. Шаардаж байж тушаал гаргаж өгсөн ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй тушаал байсан. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасныг зөрчиж, ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл ч төлдөггүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Манай компани төрөөс хэрэгжүүлж буй үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилгын үүднээс тоног төхөөрөмж болон эхлэлтийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг банкнаас зээл авч үйл ажиллагаа явуулаад 4 дэх жил болсон, одоогоор банкны зээлийг төлж дуусаагүй, ашигтай ажиллаж эхлээгүй байна. Санхүүгийн хувьд үйл ажиллагааг тасралтгүй явуулах, ажилчдын цалинг тогтмол олгож байх төвшинд үйлдвэрлэл явуулж байгаа. А.Б-г 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ажилд ороход нь хуульд заасан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн.

Ажлаас үндэслэлгүй халаагүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж байгаа бол улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс А.Б-гийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, тэрээр ажилдаа тогтмол ирдэггүй, 2, 3, 7 хоногоор ажлаа таслаад явдаг байсан. 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тушаал байдаг, нийгмийн даатгалтай холбоотой бичилт хийсэн, үүнийг А.Б- өөр байгууллагад ажилд орох болсон гээд гуйж байгаад бичүүлсэн, 2019 оны 3 дугаар сараас хойш А.Б- ажил хийгээгүй нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно, нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно уу. гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар А.Б-г “Х Ш”  ХХК-ийн уллагаачний ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Х Ш”  ХХК-аас 10 436 000 төгрөг гаргуулан А.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг “Х Ш”  ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар А.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, “Х Ш”  ХХК-аас 181 926 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. А.Б-, ажил олгогчтой хийсэн Хөдөлмөрийн гэрээ нь байнгын ажлын байр боловч уг ажлын байранд хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээний хугацааны талаарх зохицуулалтыг журамласан. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно, 23.2.2-т байнгын ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан. Гэтэл шүүх дүгнэхдээ "байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болохгүй, “Х Ш”  ХХК-ийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 19/001 дугаартай тушаалаар А.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуульд байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болох тухай зохицуулсан байхад болохгүй гээд, энэхүү дүгнэлтээ үндэслэж компанийн захирлын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тухай тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн болох нь тодорхой харагдаж байна.

Мөн А.Б- болон "Хүннү шүйс" ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 1.2 дах хэсэгт Хөдөлмөрийн гэрээний хугацаа үйлдвэрлэлийн жилийн хугацаагаар буюу 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 10 сарын хугацаатай, гэрээний 4.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно." гэж хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар тодорхой тусгаж гэрээ байгуулсан нь хуулийн хүрээнд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд шүүхээс байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хуульд үл нийцнэ гэсэн дүгнэлтийг үндэслэж уг гэрээг дуусгавар болгосон тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №19/10/03 тушаал нь ажлаас чөлөөлсөн тушаал биш, харин ажилтны хүсэлтийн дагуу бичиж өгсөн тодорхойлолт болох нь бичвэрийн агуулгаас тодорхой харагдана. Байгууллагын бүтэц зохион байгуулалтын улмаас ажилчдыг ажлаас чөлөөлдөг үйл явц нь хуульд заасан журамтай. Бүтэц зохион байгуулалтын улмаас ажлаас чөлөөлөх бол хуульд заасан журмын дагуу ажилчинд нэг сарын, эсвэл хуанлийн 45 хоногийн өмнө мэдэгддэг, мөн ажил олгогч, ажилтны төлөөллийн хооронд хуульд заасан журмын дагуу хэлэлцээ хийгдэж, ажилтанд ажлаас халагдсаны тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэдэг тодорхой зохицуулсан журмын дагуу хэрэгждэг үйл явц.

Түүнчлэн, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № 19/10/03 тоот тушаалд "Алгаа овогтой Бэлэгмаа /ЧА69012003/-г Хүннү шүйс ХХК-д ажиллаж байсан бөгөөд байгууллагын бүтэц зохион байгуулалтын улмаас 2019 оны 10 дугаар сарын 20-нд чөлөөлөгдсөн болно" гэснээс үзэхэд агуулгын хувьд тушаал биш тодорхойлолт хэлбэрээр бичигдсэн. Мөн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бичихдээ 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлөгдсөн гэж цаг хугацаа болоогүй үйл явцыг дурьдсан байгаа нь энэхүү тушаал гэх баримт ажлаас чөлөөлсөн тушаалын хуульд заасан шаардлагыг хангаагүй, цаг хугацаа  нь болоогүй байхад болсон мэтээр өнгөрсөн цагт бичсэн байна.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт А.Б- нь "Хүннү Шүйс" ХХК-ийн захирлаас "... би даатгалын компаниас үйлчилгээ авахад надад ийм тушаал хэрэг болоод байгаа юм... гэж" гуйсны дагуу захирал Р.Батболд 2019.10.18-ны өдрийн дээрх баримтыг бичиж өгсөн тухай тайлбарласан, гэрч Т.Золзаяа, Б.Элбэгзаяа нар "... А.Б- нь тухайн өдөр захирлаас бичиг бичүүлж авах хэрэгтэй байна гээд бидэнтэй уулзахдаа ярьж байсан гэх мэдүүлэг", А.Б-гаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуусан асуултад "2019.04.01-ний өдрөөс 2019.10.18-ны өдөр хүртэл "Хүннү шүйс" ХХК-д ажиллаж байгаагүй..." гэх хариулт зэрэг баримтуудаар энэхүү 2019.10.18-ны өдрийн тушаал гэх баримт түүнийг ажлаас чөлөөлсөн тухай тушаал биш гэдгийг хангалттай нотолж байхад шүүх эдгээрийг үнэн зөв, бодитой талаас нь шинжлэн судлаагүй. Дээрхээс дүгнэхэд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19/10/03 тоот захирлын тушаал гэх баримт нь хүчин төгөлдөр биш, эрх зүйн үр дагавар үүсгэх чадамжгүй юм. Ийм баримтыг үндэслэж шийдвзрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй, хуулийн үндэслэлгүй болох нь тодорхой харагдаж байна.

Мөн шийдвэрийн үндэслэл болсон А.Б-гийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2019.04.01-ны өдөр ажилд авсан гэх бичилт нь нэхэмжлэгчийн "даатгалын компанид хэрэг болоод байна” гэх гуйлтаар бичигдсэн бөгөөд хэрэв хэн нэгэн этгээдийг ажилд авсан бол тушаал гарч, түүнийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа үүсдэг. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр А.Б-г ажилд авсан тушаал байхгүй, энэ өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тул талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Харин А.Б- болон “Х Ш”  ХХК-ийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа нь 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч “Х Ш”  ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөх бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 16-17/

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан ажил олгогчийн 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18/001 дугаар, 2019 оны  3 дугаар сарын 31-ний өдрийн 19/001 дугаар тушаал, мөн оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05/11 дугаар “Тодорхойлолт”, талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19/10/03 дугаар тушаал /хх18-23/ зэргийг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч А.Б- нь тухайн байгууллагад 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс “уллагаачин”-аар ажиллахаар тохиролцож, 2019 оны  3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 10 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан нь тогтоогдож байна.

 

Талууд дээрх үйл баримтын тухайд маргаагүй. Харин энэхүү хөдөлмөрийн гэрээ 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш үргэлжилж нэхэмжлэгч ажилласан эсэх, ажил олгогчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19/10/03 дугаар тушаалын бодитой үнэн зөв, хууль зүйн үндэслэлтэй эсэхэд маргажээ.

 

Ажил олгогч нь өөрийн байгууллагын үйл ажиллагаа улирлын чанартай явагддаг тул хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, улмаар А.Б-тай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон, үүнээс хойш хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй, хожим гарсан дээрх тушаалууд түүний хүсэлтээр хийгдсэн тодорхойлолт хэлбэрийн баримт гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан байна.

 

Гэтэл хэрэгт авагдсан А.Б-гийн нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилт /хх3/, “Төрийн банк” ХХК дах түүний эзэмшлийн 103800494596 тоот дансны хуулга /хх39-40/ зэрэг бичмэл нотлох баримтаар нэхэмжлэгчийг 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн атлаа мөн оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “ул наагч” гэх ажилд авч, цалинг дансаар нь олгож байсан үйл баримтаар хариуцагч талын татгалзал болон давж заалдах гомдол үгүйсгэгдэж байна.

 

Түүнчлэн, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасантай нийцэж байх тул “хуулийг буруу тайлбарласан” гэх хариуцагчийн давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, талууд хөдөлмөрийн гэрээнд А.Б-гийн гүйцэтгэх ажил үүрэг нь улирлын чанартай гэдгийг тодорхойлоогүй, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь дээрх байдлыг нотлохгүй байна. Мөн хариуцагч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх хууль зүйн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагчийн төлөөлөгчийн “анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг бодитой шинжлэн судлаагүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Х Ш”  ХХК-аас төлсөн 181 926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР                                                                      

                                       ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА