Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/39

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Н.Г-д  холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, шүүгч Л.Н, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б, шүүгдэгч Н.Г, нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулж нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолтой Н.Год холбогдох эрүүгийн 18120001800230 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 19-36 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Н.Г

 

Н.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт Тэнгэр даатгал ХХК болон “Тамир таун” ХХК-ий хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 017/60 дугаар ажил гүйцэтгэх гэрээг ашиглаж Тэнгэр даатгал ХХК-ийг төөрөгдөлд оруулж тус ХХК-аас 2 086 000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан, Тэнгэр даатгал ХХК-ий Архангай дахь салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамж 294 343  төгрөгийг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Г-ыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилсан, албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Н.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Год оногдуулсан 10 000 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Н.Г гаргасан гомдолдоо: “Гомдол гаргагч Н.Г нь 1812000180230 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэгт иргэн Н.Г 10 000 000 төгрөгийн нэхэмжлэл үүсгэсэнд гомдолтой байна. Учир нь Н.Г албан тушаал, авлигын хэрэгт холбогдолгүй, ажлын хариуцлага алдсан тул зүйл ангийг өөрчлүүлэхээр давж заалдаж байна.” гэжээ.  

 

Прокурор С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Н.Гыг хоёр үйлдэлд гэм буруутай гэж шүүхийн зүгээс тооцсон. Түүний нэг үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр энэ үйлдэлд нь гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал байгаагүй. Эдийн засгийн суурьтай буюу залилах, завших зэрэг гэмт хэргүүдийг тогтооход нарийн төвөгтэй бөгөөд үнэхээр намайг залилчихлаа гэдэг асуудал үүссэн үү гэдгийг тогтоохын тулд хохирогч тал нь иргэний журмаар шалгуулсан байдаг. Иргэний журмаар шалгуулахдаа “энэ хүнд залилуулаагүй юм аа, харин гэрээний үндсэн дээр үүссэн харилцаа юм” гээд хохирогч талын зүгээс нэхэмжлэл гаргаад энэ асуудал шийдэгдсэн байдаг. Тэгэхээр энэ үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн журмаар шалгасан нь буруу юм. Завших гэмт хэргийн хувьд бол ажлын хариуцлага алдсантай холбоотой юм. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны бүхий л ашиг сонирхлыг хангаж оролцох ёстой байдаг. Хэрэв шүүхийн зүгээс Н.Гыг гэм буруутай гэж үзэх тохиолдолд түүний үйлдэлд албан тушаалын байдлаа ашигласан гэх хүндрүүлэх шинж байхгүй бөгөөд зүйлчлэлийн хувьд 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэгдэх ёстой гэж үзэж байна. Хэрэв тэгж зүйлчилвэл хохирлын хэмжээ хүрэхгүй учраас гэмт хэргийн шинж байхгүй. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд заавал Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учирсан байхыг шаарддаг. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу Н.Год холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Н.Год холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлснийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүх Н.Гын үйлдсэн хэргийн үйл баримтыг ямар нэгэн эргэлзээгүйгээр хөдөлбөргүй нотлон тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт Тэнгэр даатгал ХХК болон “Тамир таун” ХХК-ий хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 017/60 дугаар ажил гүйцэтгэх гэрээг ашиглаж Тэнгэр даатгал ХХК-ийг төөрөгдөлд оруулж тус ХХК-аас 2 086 000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан, Тэнгэр даатгал ХХК-ий Архангай дахь салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамж 294 343  төгрөгийг завшсан гэмт хэргүүдийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс эдгээр хэргүүд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдож буй талаар шийтгэх тогтоолд нэг бүрчлэн тусгаж, шүүгдэгч Н.Год холбогдох хэргийн бүрдэл, нотлогдсон тухайд хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтуудыг журамлан гэмт  хэрэг үйлдэхэд дагаж мөрдөж байсан буюу хууль үйлчлэх цаг хугацааг зөв тогтоож, хөөн хэлэлцэх хугацааг зөв тооцсон байна

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг хэрэглэх нь шүүхийн эрх юм.

Хуульд заасан үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Гыг 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон байна.

Хохирогч Тэнгэр даатгал ХХК нь “Тамир таун” ХХК-д холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 017/60 дугаар ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2 086 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, уг хэргийг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 129/ШШ2018/00144 дүгээр шийдвэрээр хянан шийдвэрлэсэн нь шүүгдэгч Н.Гыг залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. 

Учир нь дээрх хэлцлээр халхавчлан шунахай сэдэлтээр хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэрэг болно.

Хөрөнгө завших гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн “албан тушаалын байдлаа ашиглаж” гэх ойлголт нь албан тушаалын эрх мэдлийг хөрөнгө завших зорилгод ашиглахыг хамааруулсан хууль зүйн ойлголт билээ.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Н.Гын гэмт үйлдэл хөрөнгө завших гэмт хэргийн албан тушаалын байдлаа ашигласан гэх хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч Н.Гын давж заалдах шатны шүүхэд “... албан тушаал, авлигын хэрэгт холбогдолгүй, ажлын хариуцлага алдсан тул зүйл ангийг өөрчлүүлэх” талаар гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Гын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон            

                                                        

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                     В.Ц