Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Б.Б-д холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                        Прокурор                                                           С.Б

                        Яллагдагчийн өмгөөлөгч                                Ц.Б

                        Яллагдагч                                                        Б.Б

                        Нарийн бичгийн дарга                                     Б.Д нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 840 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох 2012001320260 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны Алтан-Овооны 01-05 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Б

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Яллагдагч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Цахиур хорооллын 04-22 тоотод байрлах иргэн Ц.Бадамхандын эзэмшлийн монгол гэрт нэвтэрч шарф маркийн 40 инчийн зурагт, 6 завхайтай ясан хяртай, булгааран гөлөмтэй, хуучны мөнгөн хэрэглэлтэй эмээл, битүү ороолттой мөнгөн хазаар, булган лоовуузан малгай, 11 барим хятад тэнзэн ташуур, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 2 ширхэг, хурдан морины унаач хүүхдийн хамгаалалтын өвдгөвч, тохойвч, ногоон өнгийн орны бүтээлэг /адъяал/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хохирогч Ц.Б-д 5.640.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 840 дугаартай шүүгчийн захирамжаар: ... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 2012001320260 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох болон 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалган тогтоох ажиллагааг бүрэн хийгдээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд хэргийг прокурорт буцааж дараах мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

1. 2020 оны 02 дугаар сарын 10-ны шөнө яллагдагч Б.Б-н өмсөж явсан гутлын мөр, хэргийн газарт гарсан гутлын мөртэй ямар, ямар онцлог шинж тэмдгээрээ тохирч байгааг нарийвчлан тогтоох,

2. Хэргийн газрын үзлэг хийсэн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлд бээлийний мөр 2 ширхэг, нунтгаар бээлийний мөр 1 ширхгийг бэхжүүлж авсан гэж тэмдэглэж, хавтаст хэргийн 19-20 дугаар хуудсанд бээлийний мөр толинд үүссэн бээлийний мөр зэргийг бэхжүүлж авсан байгаа боловч бээлийнд үүссэн, толинд үүссэн хурууны хээг шалгаагүй байна. Иймд уг мөрөөр хурууны хээг тодруулж тогтоох, эд зүйлийг хулгайлахдаа бээлий хэрэглэсэн байсан уу гэдгийг шалгах,

3. Яллагдагч Б.Б-н автомашинд байсан телевизор, хөнжил, орны бүтээлэгт хохирогчоор таниулах ажиллагаа хийж, алдагдсан адъяал, телевизор зэрэгтэй тохирч байгаа эсэхийг  тодруулж үзлэг хийх,

4. 2020 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Цахиур хорооллын 04-22 тоот иргэн Ц.Б-ын гэрээс алдагдсан гэх эмээл, хазаар, ташуур, малгай, мөнгөн аяга 3 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хэрхэн яаж хулгайлсан, хулгайлагдсан зүйлсийг яаж зарцуулсан, нуусан, үрсэн зэрэг нөхцөл байдлыг шалгаж тогтоох,

5. Яллагдагч Б.Б-н автомашинд байсан телевизор нь хулгайд алдагдсан телевизор мөн бол үүнийг бусдаас худалдаж авсан байж болох нөхцөл байдал байсан уу, хамт хулгайд алдагдсан эд зүйлсийг бусдад дамжуулсан, бусадтай бүлэглэж  хулгайлсан байж болзошгүй байдал байгаа зэргийг шалгах зэрэг болно.

Дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх ба эдгээр нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосноор шүүхээс шийдвэр гаргахад, мөн нотлох баримтыг үнэлэх, үгүйсгэх, хэргийн бодит байдлыг шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоно гэж шүүх дүгнэлээ гээд

Яллагдагч Б.Б-д холбогдох 2012001320260 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж; Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж; Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт түрийтэй бор өнгийн будгаар будагдсан хар өнгийн хаймран зузаан ултай, дээд болон доод хэсгээрээ оломтой, түрүүг нь үслэг эдлэлээр бүрсэн, хуучирсан, гутлын улыг тойруулж цагаан өнгийн утсаар оёсон, арзгар ултай, WILD WOLF by rocky гэсэн бичигтэй 1 хос гутлыг хэргийн хамт прокурорт хүргүүлж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.С нь эрүүгийн 2012001320260 дугаартай яллагдагч Б.Б-д холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хяналтын прокурор С.Б би томилолтоор оролцож дүгнэлт гаргасан. Шүүгчийн захирамжид:

1. 2020 оны 02 дугаар сарын 10-ны шөнө яллагдагч Б.Б-ийн өмсөж явсан гутлын мөр, хэргийн газарт гарсан гутлын мөртэй ямар, ямар онцлог шинж тэмдгээрээ тохирч байгааг нарийвчлан тогтоох,

2. Хэргийн газрын үзлэг хийсэн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлд бээлийний мөр 2 ширхэг, нунтгаар бээлийний мөр 1 ширхгийг бэхжүүлж авсан гэж тэмдэглэж, хавтаст хэргийн 19-20 дугаар хуудсанд бээлийний мөр толинд үүссэн бээлийний мөр зэргийг бэхжүүлж авсан байгаа боловч бээлийнд үүссэн, толинд үүссэн хурууны хээг шалгаагүй байна. Иймд уг мөрөөр хурууны хээг тодруулж тогтоох, эд зүйлийг хулгайлахдаа бээлий хэрэглэсэн байсан уу гэдгийг шалгах,

3. Яллагдагч Б.Б-н автомашинд байсан телевизор, хөнжил, орны бүтээлэгт хохирогчоор таниулах ажиллагаа хийж, алдагдсан адъяал, телевизор зэрэгтэй тохирч байгаа эсэхийг  тодруулж үзлэг хийх,

4. 2020 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Цахиур хорооллын 04-22 тоот иргэн Ц.Б-ын гэрээс алдагдсан гэх эмээл, хазаар, ташуур, малгай, мөнгөн аяга 3 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хэрхэн яаж хулгайлсан, хулгайлагдсан зүйлсийг яаж зарцуулсан, нуусан, үрсэн зэрэг нөхцөл байдлыг шалгаж тогтоох,

5. Яллагдагч Б.Б-н автомашинд байсан телевизор нь хулгайд алдагдсан телевизор мөн бол үүнийг бусдаас худалдаж авсан байж болох нөхцөл байдал байсан уу, хамт хулгайд алдагдсан эд зүйлсийг бусдад дамжуулсан, бусадтай бүлэглэж  хулгайлсан байж болзошгүй байдал байгаа зэргийг шалгах гэж тус тус заажээ.

Шүүгчийн захирамжийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч С.М-ын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 17 дугаартай дүгнэлт гаргажээ. Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч С.М  нь “Хэргийн газарт үүссэн гутлын мөр нь элсэрхэг шороон дээр үүссэн гутлын мөр байсан ба хэргийн газрын үзлэгээр гэрэл зургаар бэхжүүлж авсан зүүн өмсгөлийн гутлын мөрөнд цаг агаарын нөхцөл байдлаас болж хувийн онцлог шинж тэмдэг нь балартаж үгүй болсон байсан учраас хувийн онцлог шинж байгаагүй. Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургаар бэхжүүлж авсан зүүн өмсгөлийн гутлын мөрөнд шинжилгээнд ирүүлсэн гутлын ул мөр хэлбэр, хэмжээс, хээний ерөнхий шинжээрээ тохирч байсан учраас дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын улны мөртэй ижил байна гэсэн дүгнэлт гаргасан. Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургаар бэхжүүлж авсан зүүн өмсгөлийн гутлын мөрөнд хувийн шинж онцлог тэмдэг байгаагүй” гэж мэдүүлсэн байна. Гэтэл шүүхээс ямар, ямар онцлог шинж тэмдгээрээ тохирч байгааг тогтоолгох гэж байгаа нь үндэслэлгүй, нэгэнт хийгдсэн, цаашид хийгдэх боломжгүй мөрдөн шалган ажиллагаа байна.

2. Хэргийн газрын үзлэг хийсэн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэлд бээлийн мөрийг шинжээч бэхжүүлж авсан байх бөгөөд уг үзлэгээр гарын мөр илрээгүй байна. Иймд бээлийн мөрийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

3. Мөрдөгч Г.Д нь “2020 оны 02 дугаар сарын 11-ний 01 цагийн Архангайгаас Цэнхэр суманд шөнийн 01 цаг өнгөрч байхад О-ын хамт 2 “Жаст” клонкийн  баруун талд “Зам зуур” клонкийн харалдаа зогсоод удаж байгаа хоёр автомашиныг шалгахад 99-83 УНӨ улсын дугаартай Портер маркийн автомашин шалгахад жолооч Б-г шалгахад чичирч, салгалаад, айж сандраад байсан. Машины кабин доторхыг нь шалгахад машины арын суудалд хавтгай юм байсан. Бариад үзтэл ЛСД телевизор байсан. Утасны гэрлээр тусгаад хартал ногоон өнгийн дээр үеийн адъяалаар хучсан зурагт байсан. 40 инчээс том зурагт байсан” гэж мэдүүлсэн хэдий ч шүүх энэ гэрчийн мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй. Учир нь мөрдөгч Г.Д нь Б.Б-г шалгаад явуулсан байх бөгөөд Б.Б нь тухайн эд зүйлийг өөрчилж, солилцсон байх цаг хугацаа өнгөрсөн байна. Иймд мөрдөгч Г.Д-ийн үзлэг хийхэд харсан эд зүйл нь хохирогчийн алдсан гэх эд зүйлтэй тохирч байгааг анхаарах нь зүйтэй байна.

4. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь нууц далд аргаар бусдын эд зүйлийг авсан байдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс өөр хүн мэдэх боломжгүй, мөн хулгайлсан эд зүйлсийг яаж зарцуулсныг тогтоох боломжгүй байгаагийн зэрэгцээ яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч юм. Б.Б-н үйлдэл нь түүний хулгайлсан эд зүйлийг олж илрүүлэх, яаж үрсэн, зарцуулсан зэргийг тогтоохоос илүүтэйгээр хэрэгт авагдсан бусад бичгийн болон мэдүүлгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

5. Гэмт хэрэг үйлдсэний маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Б.Б-н гаргаж өгсөн хөнжил болон зурагт нь хохирогчийн хулгайд алдсан эд зүйлс биш болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад үүнийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь хэрэгт ач холбогдолгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/840 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Прокурорын зүгээс өмнө нь гаргасан эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 840 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгч миний хувьд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. Тухайн хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг хэн, хаана, хэрхэн үйлдсэн байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүх яллагдагч Б.Б-д холбогдох хэргийг хүлээн аваад яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох болон 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалган тогтоох ажиллагааг бүрэн хийгдээгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудаас 2020 оны 02 дугаар сарын 10-ны шөнө яллагдагч Б.Б-н өмсөж явсан гутлын мөр, хэргийн газарт гарсан гутлын мөртэй ямар ямар онцлог шинжээрээ тохирч байгааг нарийвчлан тогтоох гэсэн ажиллагааг хийлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 017 дугаар шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсгийн 3 дахь заалтад дээрх шинжилгээнд тэнцсэн гутлын мөрний гэрэл зураг, өөр хоорондоо хээний хэлбэр, ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ адил байх тул гэж дүгнэсэн атал 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шинжээчээр мэдүүлсэн мэдүүлэгтээ дүгнэлтийн үндэслэл бүрэлдэх үе шат буюу 3 дугаар хэсэгт “хувийн онцлог шинж” гэсэн үг нь илүүц үг оруулсан байна гэж мэдүүлснээс үзэхэд шинжээч дүгнэлтээ үгүйсгэсэн, шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий байх тул энэ асуудлаар дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулах нь зөв юм.

Яллагдагч Б.Б шинжээчийн дүгнэлтийг дутуу дулимаг, бүрэн биш, эргэлзээтэй гэж үзэн дахин, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байх боловч хүсэлтийг хангаагүй нь оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

Энэ нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болж байна.

Харин захирамжид заасан бусад ажиллагааг зайлшгүй хийх шаардлагагүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 840 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     Г.У