Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 90

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч Д.Баттулга,

Шүүгдэгч Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Тт холбогдох эрүүгийн 1730001190061 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 10-р сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

 Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах,  ял шийтгэлгүй Ш.Т. 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ш.Т нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Цоорхойн говь гэх газар гэртээ согтуугаар эхнэр С.Гийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн  “духны зөөлөн эдийн цус хуралт, баруун хацар, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч Ш.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 сарын 07-ны өдөр манай хамаатных  шинэ гэрийн найр хийж  манай эхнэр өглөө эрт тэдний рүү явсан. Би малаа хариулж байгаад очсон. Тэнд байж байгаад орой 18 цагийн үед гэртээ ирээд эхнэртэйгээ муудсан гэсэн. Би унтаж байгаад шөнийн 02 цагт сэрээд юу болсныг мэдсэн гэв.

 

- Хохирогч С.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “... Найранд яваад гэртээ 18 цагийн үед ирэхэд  хонь байхгүй байсан бөгөөд  манайд  байсан залууд хандаж чи хажуу айлаас хонь асуугаад ир гэж  Т хэлсэн чинь нөгөө залуу нь би уг айлыг танихгүй явж чадахгүй гэсэн. Би таньдгаараа яваад ирье гэж хэлсэн чинь Т чи явж яах гээд  байгаа юм гээд намайг гэр дотор зодоод эхэлсэн. Намайг биеийн аль ч хэсэгт хамаагүй цохьж хоромон гутал өмссөн хөлөөрөө өшиглөж цохиод байсан. Энэ үед хамт байсан Баатар гэх залуу хорьсон боловч дийлэхгүй байсан. Намайг ална гээд бахираад л зодоод байсан. Ингэж байгаад зодохоо больж унтах гээд байхаар нь орыг  засаж өгсөн. Тыг   унтсаны дараа  би гэрлээ унтрааж гэрээсээ гаран Баруун-Урт сумын чиглэлд замд дагаад зугтсан чинь Баруун-Урт сумын чиглэлд явж байгаа гээд мотоцикльтой танихгүй залуу таарахаар нь гуйгаад хүргүүлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 03-04-р хуудас/

 

- Гэрч Д.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Т болон түүний эхнэр Г бид 3 айлын шинэ гэрийн найранд орсон юм. Ингээд орой болж айлын найрнаас гарч Тын хөдөө гэр рүү  бид 3 очсон юм. Тэгтэл Т нь эхнэр Гтэйгээ маргаж муудаад, эхнэрээ зодоод байсан. Юунаас болж маргаж муудсаныг мэдэхгүй байна... Гийг алга болсныг мэдээд машинтай тэр хавиар хайж явсаар байгаад Баруун-Урт сум руу орж Гийн эгчийнд ирсэн чинь Гийн нүүр нь хүн харахын эцэсгүй аймаар болчихсон хэвтэж байсан. Г нь Тт хандаж чи намайг зодлоо гээд  орилоод загнаад байсан  гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, 

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10-р сарын 10-ны өдрийн 374 дугаартай дүгнэлтэнд: 1. С.Гийн  биед “духны хэсгийн зөөлөн эдийн язарсан шарх, хоёр нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун хацар, зүүн шанаа  хэсгийн зөөлөн эдийн зулгаралт” бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна ..” гэжээ /хх-ийн 15-р хуудас/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Ш.Тын хүсэлт /хх-ийн 28-р хуудас/

 

- Хохирогч С.Г хүсэлтэндээ: Ш овогтой Тт ямар нэгэн гомдол байхгүй тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ./хх-ийн 29-р хуудас/

 

-Ш.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Ш.Т нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Цоорхойн говь гэх газар гэртээ согтуугаар эхнэр С.Гийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн “духны зөөлөн эдийн цус хуралт, баруун хацар, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.Тын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.Г, гэрч Д.Э  нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 374 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

         Шүүгдэгч  Ш.Тт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлож буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн,  мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан,  мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

Шүүхээс шүүгдэгч Ш.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.Тын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээний буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Ш.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ш.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Г гомдолгүй,  нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Ш.Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Тыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Тт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ш.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан Ш.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Г гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

6. Ялтан Ш.Тт  таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА