Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 201/МА2020/00009

 

2020        03          20                                                   201/МА2020/0009

 

                    “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                     “А” ХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00139 дугаар шийдвэртэй, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ХК-д холбогдох бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 210 492 762 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 02 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь “А” ХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтран ажиллах гэрээний дагуу ажилласан. Гэрээг цуцлах тухай саналыг “Н” ХХК-ийн талаас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгч, хамтран ажиллах гэрээ цуцлагдсан. Энэ хугацаанд “Н” ХХК-иас нүүрс олборлох ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Сүүлд “М” ХХК, “А” ХК-иуд нь хамтран ажиллах гэрээ байгуулж хамтарч ажилласан. “Н” ХХК нь үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжгүй тул 2018 оны 06 дугаар сарыг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. Улаанбаатар хотод лицензтэй холбоотой асуудал хөөцөлдөж байгаад ирэхэд “А” ХК-ийн тоног төхөөрөмж “Н” ХХК-ийн талбайд ажилласан байж болзошгүй байдалтай байсан. Бид яагаад манай талбайд орсон талаар лавлахад тухайн өдрөө нэг экскаватор машинаа татаж авсан. Тухайн асуудалтай холбоотой тэр дор нь буюу 2018 оны 6 сард Цагдаагийн байгууллагад бусдын эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, нүүрс хулгайлсан хэрэгт шалгуулах хүсэлт гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг бүртгэлтийн .................тоот хэрэг нээгдсэн. Ингээд бүтэн нэг жил гаруйн хугацаанд цагдаагийн хүний нөөцийн асуудал, ээлжийн амралт гэх мэт асуудлаас болж байцаагч дамжин явж мөрдөн шалгах ажиллагаа явагдсаны дараа Дорнод аймгийн Прокурорын газраас 2019 оны 7 сард хэргийг хааж, зөрчлийн хэрэг байна гээд харъяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. Энэ тогтоол 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Үүнд: “А” ХК нь зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан тул Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсүгэй гэсэн. Энэ талаар хохирогч талд тайлбарлахдаа хуулийн этгээдийг хулгайн хэрэгт буруутгах хуулийн санкци байхгүй, хулгайн гэмт хэрэг нь хүн дээр үүсгэгддэг. Энэ бол тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлсэн үйлдэл байх тул Мэргэжлийн хяналтын газар шийдвэрлэнэ гэж хэлсэн. Мэргэжлийн хяналтын газар дээрх материалыг хүлээж аваад хууль зөрчсөн үйлдэл тогтоогдож байна гээд 2019 оны 8 сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 10,0 сая төгрөгөөр торгосон. “А” ХК зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч 10,0 сая төгрөгийн торгуулийг төлж барагдуулсан байдаг. Хэрэг бүртгэлтийн шатанд нотлох баримтууд цугларч байсан ба шинжээчийн дүгнэлтээр манай компанийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон. 02 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлтэд нийт 730 дугаар түвшинд 7380.49м3, 710 дугаар түвшинд 5275.4м3 нүүрсний дүнг нэгтгэн 12655.89м3 нүүрсийг Аы хүрэн нүүрсний нягтад /12655.89*1.2/ харьцуулж, нийт 15187.07 тонн нүүрс олборлосон болохыг тогтоосон байгаа. Нүүрсийг ДБЭХС ТӨХК-нд 12600 төгрөгөөр нийлүүлсэн. Энэ бол бидний талбайгаас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч хулгай хийж олборлосон нүүрсээ борлуулсан хулгайн үйлдэл юм. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар “А” ХК нь өөрсдийн гэсэн тусгай зөвшөөрлийн талбай байхгүй нь харагддаг. ДБЭХС ТӨХК-тай байгуулсан гэрээгээ зөрчихгүйн улмаас манай газарт халдаж олборлолт хийсэн байгаа нь өөрсдийнх нь баримтаар нотлогдож байна. “МАК” ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 тоот албан бичигт “А” ХК-ийн үйл ажиллагааг зогсоолгох тухай албан бичгийг явуулсан. Ингээд Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж, үйл ажиллагааг нь зогсоож байсан. “А” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Бямбасүрэн нь Мэргэжлийн хяналтын газарт “Манай компани бусдын газар руу зөвшөөрөлгүйгээр орж олборлолт хийгээд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үгэнд орохгүй байна. Энэ үйлдлийг зогсоож өгнө үү” гэсэн албан бичгийг хүртэл явуулж байсан. Энэ үйл явдлаас харахад “А” ХК нь 1364А, 14892А тоот тусгай зөвшөөрлийн талбайд орж ажиллаж байгаа боловч өөрсдийнх нь газар огт биш юм. Үүнтэй холбоотой захиргааны байгууллагын шийтгэлүүд оногдуулж байсан ба бүгдийг нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулж байсан. “М” ХХК-тай хамтран үйл ажиллагаа явуулж байх үедээ манай компанийн газарт цөмөрч үйл ажиллагаа явуулсан. Мөн манай компанийн зүгээс өөрсдийн эзэмшлийн газар руу машин оруулахгүй гэж машинаар зам хааж зогсоосон үйлдэл байдаг. Энэ талаарх асуудлыг өмнө нь иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж байсан. “А” ХК-иас өөрсдийн үйлдлээ нуухын тулд хуурамч нотлох баримт бүрдүүлж, хуурамч гарын үсэгтэй бичиг гаргаж өгсөн үйлдэл байгаа. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт хавсаргагдсан. Бүхий л баримтууд бүрдсэн, үйлдэл нь тогтоогдож байгаа. Бид шүүхэд хандахын өмнө эвийн журмаар “А” ХК-д хандаж байсан. Үүний хариу нь хавтаст хэрэгт хавсаргагдсан. ...Хамтран ажиллах гэрээний хугацаанд бид хөрсийг нь хуулж өгсөн тул нүүрсийг авах ёстой гэсэн хандлага гаргаж байсан. Өмнө нь хамтран ажиллах гэрээний дагуу “А” ХК жилд 9 тэр бум төгрөгийн ашиг олдог байсан. Үүнээс бид 2.5 хувийн ашиг авдаг байсан. Бүх ажлыг “А” ХК өөрөө гүйцэтгэдэг байсан. Ингээд эцэст нь хэлэхэд Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 12 сарын 03-ны өдрийн 223 дугаар тогтоолоор нэг тонн нүүрсний газар дээрх үнэ 12600 төгрөг байдаг учраас бид 15187,07 тонн нүүрсний үнийг 12600 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Нэмэгдсэн өртгийн татварыг шингээж 210 492 762 төгрөгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Н” ХХК-тай хамтарч ажиллах гэрээний дагуу хамтарч ажиллаж байсан. Хамтарч ажиллах хугацаандаа буюу 2018 оны 4 сар хүртэл өөрийн техник, хүн хүч болон санхүүгийн нөөцөөр “Н” ХХК-ийн МV-1364А талбайд хөрс хуулалтын ажлыг хийж байсан. Манай компани Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй болохыг Прокурорын газраас тогтоосон...

Манай компани дээрх хулгайлсан гэх 730 дугаар түвшингийн нүүрсийг 2018 оны 2,3,4 дүгээр саруудад олборлосон бөгөөд энэ үед “Н” ХХК-тай хамтарч ажиллаж байсан. Харин 2018 оны 6 сард 730 дугаар түвшингээс ямар ч нүүрс олборлоогүй бөгөөд 750 дугаар түвшингээс олборлож байсан нүүрс нойтон чийгтэй байсан учир 2,3,4 дүгээр саруудад олборлогдож үлдсэн 730 дугаар түвшингийн хоосон орон зай буюу мөргөцөгт буулган хурааж хатааж байсан. Уг хурааж хатаасан нүүрсээ 6,7 дугаар саруудад манай компани ачиж борлуулсан. Энэ нь манай өөрийн нүүрс юм. Харин “Н” ХХК энэ процессийг мэдсээр байж манай хилрүү нэвтрэн орж нүүрс хулгайлсан мэтээр ярьж явааг хоёр компанийн ажилчид бүгд мэднэ.

Мөн 710 дугаар түвшингийн нүүрсийг 2018 оны 4,5 дугаар саруудад доороос устай, нойтон нүүрс байсан тул мөргөцгийн ойролцоо нүүрсний уланд штабельдаж нуруулдан хурааж хатаасан. Нүүрсийг штабельдаж нуруулдаж хураах нь тодорхой хугацааны дараа нүүрсний чийг буурч хуурай болдог. Энэ үед нь ачиж борлуулдаг технологи ажиллагаа юм. Уг штабельдсан нүүрсийг 2018 оны 6 сард ачиж байхад “Н” ХХК нь манай нүүрсийг зөвшөөрөлгүй ачлаа гэж анх гомдол гаргасан. Манай компанийн өмнө нь хатааж бэлтгэсэн нүүрсийг ачих процессыг хулгай хийсэн мэтээр тайлбарлаж байгаа нь илт гүтгэлгийн чанартай хэрэг юм. Манай компани 2018 оны 4 сард “Н” ХХК-ийн МV-1364А талбайгаас гарч, “МАК” ХХК-ийн MV-14892А талбайд орж нүүрс олборлосон. 2018 оны 5 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас манай компанийн үйл ажиллагааг зогсоож лацадсан бөгөөд 5 сарын 23-ны өдрөөс “МАК” ХХК-тай хамтарч ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа сэргээж ажилласан. Энэ нь 5 сард “Н” ХХК-ийн 1364А талбайд манай компани ажиллаагүйг нотолж байна. Манай компани тус компанийн талбайгаас нүүрс олборлох боломжгүй бөгөөд 2018 оны 4,5,6 саруудад 1364А талбайд манай машиныг нэвтрүүлэхгүй, карьер дахь нүүрс тээврийн замыг хааж боох зэрэг үйлдлүүдийг тус компаниас гаргаж байсан... 2018 оны 6 сард нүүрс олборлолттой холбоотой хилийн маргаан үүссэн тул “Н” ХХК-ийн 1364А талбайн хилийн заагийн дагуу нүүрсний мөргөцөгүүдэд нүүрсээр, хөрсний мөргөцөгүүдэд хөрсөөр далан хийж хилийн зааг тогтоож ямар ч хүнд ойлгогдохоор хэлбэрт оруулсан байдаг. Үүнээс өмнө 1364А болон 14892А лицензтэй талбайнууд тодорхой хилийн зааг байгаагүй, зөвхөн 4 булангийн цэгүүд хөдөлгөөнгүй шав тэмдэгтэй байсныг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлтээр 15000 орчим тонн нүүрс олборлосон нь тогтоогдож байна гэж тайлбарлаж байгаа. Авсан байх боломжтой гэсэн дүгнэлт болохоос аль нэг байгууллага авсан байна гэдгийг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Хөрсийг нь “А” ХК хуулсан бэлэн нүүрсийг бид нар ашиглаж байгаа гэж ярьж байна. Ингэж байгаа бол хийсэн ажлынхаа хөлсийг ч гэсэн “А” ХК авах ёстой. Ашиг тооцсон үнийн дүнг нэхэмжилж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгааг харуулж байна. 15000 орчим тонн нүүрсийг олборлож авахын тулд 730, 740, 750 дугаар түвшингийн газруудын хөрсийг бүхэлд нь хуулах ёстой байдаг гэж мэргэжлийн хүмүүс ярьж байгаа. Мөн дээрх зургийг мэргэжлийн аль ч хүн хуулбарлаж аваад өөрчилж зурах боломжтой гэж ярьж байна. Гэрч нар ч энэ талаар тайлбарлаж хэллээ. Хэрэг бүртгэлийн ажиллагаа нээсэн хэрэгт бичгийн хэлбэрээр уулын ажлын төлөвлөгөө гаргаж өгөөгүй байгаа нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ч гэсэн хэн ч энийг хийж болно хэн ч гарын үсэг зурж болно гэж тайлбарлаж байна. Гэрч Э.Давааням хэлэхдээ тухайн зураг “А” ХК-ийн уулын ажлын төлөвлөгөө биш гэж хэлж байна. Хулгайн асуудлыг мөн нэг мөр ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч гэм хорын хохирол нэхэж байгаа нь хулгайн үйлдэлтэй холбож байгаа үйлдэл болж байна. Иймд гэмт хэрэг үйлдэгдээгүй нь баримтаар тогтоогдож байна. Мэргэжлийн хяналтын газар тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан зөрчилд шийтгэл оногдуулсан. Хулгайн үйлдэл гараагүй байхад гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй байна. Хэрэв зөрчлийн улмаас гэм хор учирсан байна гэж шүүх үзэх юм бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар адил хэлбэрийн эд хөрөнгөөр гэм хорыг өгөх боломж байгаа. Гэхдээ манай үйлчлүүлэгчийн хувьд хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, нойтон нүүрсийг хатаасан л үйлдэл гаргасан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00139 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч А ХК-иас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 191 357 082 /нэг зуун ерэн нэгэн сая гурван зуун тавин долоон мянга наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 135 680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 210 413.81 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 114 735.41 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч А ХК-ийн ХААН банкин дахь ....................тоот дансыг 210 492 762 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авсан тус шүүхийн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 138/ШТ2019/00025 дугаартай тогтоол нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Б 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “ 1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 2018 оны 4,6 дугаар саруудад “Н” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн 710 болон 730-р түвшингээс зохих зөвшөөрөлгүйгээр, зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн нийт 15187.07 тонн нүүрсийг олборлосон болох нь хэрэгт цугларсан бичгийн абримтууд болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2019.07.19-ний өдрийн №5/230 тоот тогтоол, “Майнинг ковейр транспорт” ХХК-ийн шинжээчийн 2018.11.16-ны №01 тоот дүгнэлт, мөн компаний шинжээчийн 2019.01.18-ны өдрийн №02 тоот нэмэлт дүгнэлт, “Топсүврэй” ХХК-ийн гүйцэтгэсэн “Н” ХК-ийн Аы орд газар дахь уурхайн талбайд хийгдсэн 1:2000 масштабтай байр зүйн зураглал, карьерийн эзэлхүүн тодорхойлох геодизийн хэмжилтийн ажлын техникийн тайлан, “А” ХК-ийн 2018 оны 1-6 дугаар саруудын уулын ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэлийн маркшейдерийн зураглал болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, хуулийн шаардлага хангасан нотлох баримт мөн эсэхэд анхан шатны шүүх бодитой дүгнэлт өгөөгүй байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тогтоолд авагдсан бичгийн нотлох баримтуудын эх материал нь хуулбар болон “А” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнаас баталгаажсан ямар нэгэн тамга, гарын үсэггүй байсан бөгөөд хавтаст хэргээс хуулбарлан авсан болохыг гэрчлэх архивын хуулбар үнэн дардастай байхад шүүхээс дээрх баримтуудыг хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг дүгнээгүй нь шүүхийн шийдвэр үнэн зөв бөгөөд эргэлзээгүй байх зарчмыг ноцтой зөрчсөн.

2. Шинжээч нарын дүгнэлтийн хувьд талбайг хэтрүүлсэн эсхүл хулгайлах гэмт хэргийг нотлох үйл баримтад хамаарахаас “А” ХК-ийн уулын ажлын төлөвлөгөөтэй ямар нэгэн байдлаар огт уялдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх ашигт хэт үйлчилж нэг талыг барьсан байдлаар шинжээчийн дүгнэлтийг тайлбарласан нь хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хохироож байна.

3. “Т” ХХК-ийн гүйцэтгэсэн “Н” ХХК-ийн А орд газар дахь уурхайн талбайд хийгдсэн 1:2000 масштабтай байр зүйн зураглал, карьерийн эзэлхүүн тодорхойлох геодизийн хэмжилтийн ажлын техникийн тайлан нь зөвхөн тухайн түвшингүүдэд байх боломжтой нүүрсний хэмжээг тогтоосон болохоос манай компанийг тухайн цэгүүдээс нүүрс олборлосон гэдгийг нотлох баримт биш юм.

4. “М” ХХК-ийн шинжээчийн 2018.11.16-ны №01 тоот дүгнэлт, “Т” ХХК-ийн гүйцэтгэсэн “Н” ХХК-ийн А орд газар дахь уурхайн талбайд хийгдсэн 1:2000 масштабтай байр зүйн зураглал, карьерийн эзэлхүүн тодорхойлох геодизийн хэмжилтийн ажлын техникийн тайлан” дүгнэлтүүдэд эзэлхүүн тодорхойлохдоо “А” ХК-ийн 2018 оны 5-р сарын уулын ажлын төлөвлөгөө, “А” ХК-ийн 2018 оны 4-р сарын уулын ажлын гүйцэтгэл гэх зургуудыг ашигласан. Энэ нь манай компаний зураг биш болно. “А” ХК-д ажиллаж байсан Эрдэнэбат гэх ажилтан “Н” ХХК-д шилжиж ажилд орохдоо нэхэмжлэгчийн төлөөлөгч Ганбаярт файл хэлбэрээр дээрх төлөвлөгөө, зураглалыг өгсөн болохыг хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан материалд гэрчээр Эрдэнэбат гэгч өөрөө мэдүүлсэн байдаг. Эндээс анхан шатны шүүхээс үнэлээд байгаа төлөвлөгөө, зураглал нь албан ёсны биш болох нь хангалттай нотлогдож байхад хариуцагчид ашигтай нотлох баримтыг үнэлэхээс санаатай зайлсхийж, нотлох баримтын шаардлага хангаагүй хуурамч нотлох баримтыг үнэлж ИХШХШТ хуулийн ноцтой зөрчсөн.

5. Бусад нотлох баримтаар нотлогдсон гэхдээ яг ямар нотлох баримтуудыг дурьдаж байгаа нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг шийдвэрийн үндэслэх хэсэг ноцтой зөрчсөн. Бусад нотлох баримт гэх тодорхойгүй дүгнэлтийг шүүх өгч хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаадлагаа хулгайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хор гэж тодорхойлсон байхад шүүхээс дур зоргын байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учирсан гэж дүгнэлт хийсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүргээ зөрчиж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр шаардлагыг тайлбарласнаар шүүх хэт нэг талд үйлчилсэн болох нь илэрхий байна.

7. Нэг тонн нүүрсний үнийг зах зээлд худалдан борлуулах үнээр тооцсон нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан “гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх” хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн байна.

8. Шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан “гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх” буюу төрлийн шинжээр тодорхойлогдох нүүрсээр өмнөх байдалд сэргээх байхад тонн нүүрсний нэгж үнээр үнэлж 191.357.082 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

9. 1364А лицензтэй талбайд өмнөх гэрээгээр зөвшөөрөлтэйгээр нэвтэрч хөрс хуулж нүүрс олборлож байсан талбай юм. АМТ хуулийн 27.1.1-д заасан нөхцөл журмыг биелүүлж, 27.1.3-д заасан 6-р бүлгийг биелүүлж байсан. “Н” ХХК-д эд хөрөнгийн ямарч хохирол үүссэн юм байхгүй. Харин түрээсийн төлбөрөө тогтмол авч байсан. Хор учруулсан хууль бус гэж үзэхгүй, зөрчил гээд МХГ-т торгуулсан.

10. “Н” ХХК-ийн маркшейдерийн хэмжилт, баталсан зураг байхгүй байсан бөгөөд зөвхөн Эрдэнбат гэгчийн файлаас хэвлэсэн хуулбараар нүүрсний хэмжээг тогтоосон нь үндэслэлгүй болсон бөгөөд хариуцагчаас гаргасан татгалзлалаа нотлох хүсэлтүүдийг удаа дараа хангахаас татгалзаж байсны уулмаас хариуцагчийн эрх ашиг хохироход хүрч байна.

11. Бид нэг тонн нүүрсний борлуулах үнэ 12600 төгрөг гэдэгт эсэргүүцээгүй. Энэ үнэнд үйл ажиллагааны бүх зардал багтаж байгаа. “Н” ХХК-аас үйл ажиллагааны ямарч зардал гараагүй байж 12600 төгрөгөөр нэг тонн нүүрсийг үнэлсэн үнэлгээг шүүхээс үнэлгээний эх сурвалж болгож тооцсныг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “А” ХК-иас бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 210 492 762 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хууль эрх зүйн үндэслэл тодорхойгүйгээс гадна нэхэмжлэлийн хэмжээг бодит бус тооцоонд тулгуурласан нь нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүйд хүргэж байна.

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэг гэж үзэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн дээрх зохицуулалт нь бусдын эд хөрөнгөнд гэм хор учирсан байхыг ойлгодог.

Хариуцагч “А” ХК нь 2018 оны 04, 06 саруудад нэхэмжлэгч “Н” ХХК-ийн олборлолт явуулах 1364А ашиглалтын  тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлолт явуулсан нь тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзсэнгүй.

Харин нэхэмжлэгч нь боловсруулсан бүтээгдэхүүн болох нүүрсний үнээр тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн тооцож буй үнээр борлуулах боломжтой бүтээгдэхүүн болохын тулд газрын хэвлийд байгалийн байдлаараа байгаа нүүрсний нөөц буюу байгалийн баялаг, түүнийг олборлох, боловсруулах ажил шаардлагатай.

Үүнээс байгалийн баялаг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэсний дагуу төрийн өмчид хамаарна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” ойлгохоор, мөн зүйлийн 4.1.16-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг,” ойлгохоор тус тус зааснаас дүгнэн үзэхэд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл нь тухайн байгалийн баялгийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах эрхийг л олгох бөгөөд харин байгалийн баялгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, түүний хөрөнгө гэж үзэх агуулгагүй байна. 

Баялгийг олборлох, боловсруулах ажил нь хүн, техник хэрэгсэл, материалын нөөц, тэдгээрийг удирдах менежментийг шаардсан цогц ойлголт бөгөөд эцсийн дүнд мөнгөөр илэрхийлэгдэх өртгийг бий болгоно. Талуудын тайлбараас үзэхэд энэ хэсэг хариуцагчийн зардлаар бүтсэн бөгөөд нэхэмжлэгч талаас ямар нэг зардал гараагүй байна.

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.” гэж заасан. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч “А” ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 114 735 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00139 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хариуцагч “А” ХК-иас бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 210 492 762 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 210 413.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “А” ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 114 735 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                           Ж.ДОЛГОРМАА

                                           З.ЭНХЦЭЦЭГ