| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00447/И |
| Дугаар | 131/ШШ2024/00688 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2024/00688
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* овгийн *******ийн *******д холбогдох
Охин *******ийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*******, хариуцагч С.******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэлийн агуулга: С.******* миний бие 1987 онд С.*******тэй 2015 онд танилцаж, 2016 онд охин ******* төрсөн. Бид гэр бүл зохиож хамтран амьдарч байгаагүй тул 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хүүхдийнхээ тэтгэлгийг төлж байсан.
Охин ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл эцэг С.******* миний асрамжид байгаа.
Эх С.******* нь охин *******ийг асран хамгаалах чадвар муу байгаа. Охин ******* нь эх С.*******гийн асрамжид үлдэх хүсэлгүй байгаа.
2. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хүүхдийн төрсний гэрчилгээ/*******/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн тодорхойлолт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2017/00599 дүгээр шийдвэр
3. Хариу тайлбарын агуулга: С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. С.******* нь эхнэр хүүхэдтэй болсон. Хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй гээд охиныг өөрийн асрамжид байлгаж байгаа. Миний бие хүүхдээ өөрөө авна.
4. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.
6. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- Баянхонгор аймгийн хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газар-ын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 273 дугаар албан бичиг, шинжээчийн багийн дүгнэлт, нөхцөл байдлын үнэлгээ, охин *******ийн санал
- Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-ын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 02/757 дугаар албан бичиг, Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг
- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар-ын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/426 дугаар албан бичиг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, хүүхдийн саналыг тус тус шинжлэн судалж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэжээ.
Нэхэмжлэгч С.******* болон хариуцагч С.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч охин ******* нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэг адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Иймд хариуцагч С.*******д холбогдох охин *******ийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийг шүүх гэрлэлтээ цуцлуулж буй гэр бүлээс төрсөн хүүхдийн нэг адил хянан шийдвэрлэнэ.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэжээ.
Нэхэмжлэгч С.******* болон хариуцагч С.******* нар нь охин *******ийг өөрийн өөрсдийн асрамжид авахаар нэхэмжлэл, хариу тайлбар гаргаж, хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар бие даан харилцан тохиролцоогүй байна.
Энэ тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан охин *******ийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээхийг шүүх шийдвэрлэнэ.
Энэхүү асуудлыг хянан шийдвэрлэхдээ хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасны дагуу түүний саналыг харгалзан үзнэ.
4. Хуулийн дээрх хэсэгт дурдсан "эцэг, эхийн халамж" нь хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал, "ахуйн нөхцөл, бололцоо" нь хүүхдийн өсөж бойжих орчин, орон сууц, эд хөрөнгийн байдал, "ёс суртахууны байдал" нь эцэг, эхийн өөрсдийн хүмүүжил, боловсрол, аливаа муу зуршилтай эсэх, хүүхдийг болон гэр бүлийн бусад гишүүдийг эд хөрөнгийн хийгээд сэтгэл санааны дарамтад байлгадаг эсэх, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь гэм хор учруулж байсан эсэх зэрэг асуудал хамаардаг.
Дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагаар шүүх нь өөрийн санаачилгаар сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч болон мэргэжлийн байгууллагыг татан оролцуулж, дүгнэлт гаргуулах боломжтой.
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШЗ2024/01139 дүгээр шүүгчийн захирамжаар Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар-ыг шинжээчээр томилж, С.*******, С.******* нарын охин *******т нөхцөл байдлын үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргахыг даалгасан.
Баянхонгор аймгийн хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газар-ын гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батцэнгэл, хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Содончимэг, хүүхэд хамгааллын асуудад хариуцсан мэргэжилтэн Б.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багийн бүрэлдэхүүн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд нөхцөл байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргажээ.
Уг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч С.*******, хариуцагч С.*******, охин ******* нарын нөхцөл байдлын талаар дараах дүгнэлт хийжээ. Үүнд:
- С.******* нь 1987 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн 6-340 тоотод охин *******, хамтран амьдрагч Д.Наранцэцэг, 2 сартай хүү М.Хангал, эх А.Цэдэв нарын амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, Хамо ТББ-д ээлжийн ахлагч ажилтай.
С.*******ын хувьд биеийн эрүүл мэнд болон сэтгэлзүйн байдал хэвийн, эрүүл, харилцаа хандлага сайн. Гэр бүлийн сарын орлогын хэмжээ ойролцоогоор 1,500,000 төгрөг. Энэ нь цалингийн орлого болно. Хүүхдийн анхдагч хэрэгцээ болох хоол тэжээл, хувцас бусад хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Эх А.Цэдэвийн 0.7 га хашаанд 5 ханатай өөрийн эзэмшлийн гэрт амьдардаг. Хүүхдийн амрах, хөгжих, тоглох, хичээлээ хийх бүхий л ээлтэй орчин бүрдсэн. Охин *******ийг асран хамгаалах боломжтой
- С.******* нь 1991 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бумбатын тоосгоны үйлдвэрт түр оршин суудаг, тус үйлдвэрт тогооч ажилтай, ам бүл-2, одоогийн байдлаар 3 настай хүү М.Ууганбаярын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, тоосгоны үйлдвэрт хүнээс зээлж авсан гэрт амьдардаг, өөрийн эзэмшлийн хашаагүй.
С.*******гийн хувьд биеийн эрүүл мэнд болон сэтгэлзүйн байдал хэвийн, эрүүл, харилцаа хандлага сайн. Гэр бүлийн сарын орлогын хэмжээ ойролцоогоор 1,500,000 төгрөг. Энэ нь цалингийн орлого болно. Охин *******ийн анхдагч хэрэгцээг хангах боломжтой. Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмшсэн байдал дунд зэрэг. Охин *******ийг асран хамгаалах боломжтой
- Охин ******* нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 8 настай, Баянхонгор аймгийн 5 дугаар сургуулийн 2в ангид суралцдаг. Хичээлдээ дуртай, идэвхи оролцоо сайтай, бүжиг, морин хуурын дугуйланд хамрагдаж, өөрийн авьяас чадвараа хөгжүүлдэг
- Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй заалтыг эцэг С.*******, эх С.******* нар нь хоёулаа хангаж байгаа ч хүүхдийн ээнэгшил дасал эцэг С.*******ад илүү байгаа нь ажиглалт, ярилцлага болн зурган тестээр илэрхийлэгдэж байна гэжээ.
Шүүхээс охин *******ээс санал асуухад эцэг С.*******ын асрамжид үлдэх хүсэлтэйгээ илэрхийлсэн нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэлд тусгагджээ.
5. Нэхэмжлэгч С.******* болон хариуцагч С.******* нар нь охин *******ийг асран хамгаалах боломжтой нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Охин ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн эцэг С.*******ын асрамжид байгаа нь зохигчийн тайлбараар, ээнэгшил дасал нь эцэгтэй илүү байгаа нь шинжээчийн дүгнэлтээр, эцгийнхээ асрамжид үлдэх хүсэлтэй нь санал асуусан тэмдэглэлээр тус тус нотлогдож байгаа тул түүнийг эцэг С.*******ын асрамжид үлдээх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс дээрх шийдлийг гаргахдаа эх С.******* нь охин *******ийг өөрийн асрамжид авч, өсгөн хүмүүжүүлэх боломжгүй гэж үзээгүй/энэ талаар дүгнээгүй/ болохыг тусгайлан дурдаж байна.
Харин 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн эцэг С.*******ын асрамжид байгаа охин *******ийг эх С.*******гийн асрамжид үлдээх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаатай холбоотой юм.
Хүүхдийн одоогийн амьдарч, суралцаж буй орчин нөхцөлийг өөрчлөх нь түүний боловсрол, хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүйг харгалзан үзсэн болохыг тэмдэглэж байна.
6. Энэхүү шүүхийн шийдвэрээр охин *******ийг эцэг С.*******ын асрамжид үлдээсэн нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь хүүхэд нь байнга оршин суухыг тодорхойлж, түүний амьдрах газрыг тогтоож байгаа болно.
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэгний асрамжид хүүхдийг үлдээснээр эцэг,эх, хүүхдийн хоорондох харилцаа дуусгавар болдоггүй. Эцэг, эхийн хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэн алинд нь хэвээр хадгалагддаг.
Иймд нэхэмжлэгч С.******* болон хариуцагч С.******* нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу охин *******ийг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэгтэйг тэмдэглэж байна.
7. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэжээ.
Хэдийгээр охин ******* нь эцэг С.*******ын асрамжид үлдэж байгаа хэдий ч нэг талаас эх С.*******тэй байнгын харилцаатай байх, нөгөө талаас эх нь хүүхэдтэйгээ уулзах, харилцах эрхтэй.
Уг эрхээ хэрэгжүүлэхэд эцэг С.******* нь зориудаар саад учруулсан тохиолдолд эх С.******* нь эрхээ хамгаалуулахаар гэр бүл, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага болон шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч С.*******ын хариуцагч С.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч С.*******ад олгох эрх зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.*******ын хариуцагч С.*******д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж, охин *******ийг эцэг С.*******ын асрамжид үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч С.*******ын хариуцагч С.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч С.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ