Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 111

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч Г.Амарсайхан

Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Нт холбогдох эрүүгийн 1730001050082 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 10-р сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3, эх, эгч нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй, Э.Н. 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Э.Н нь 2017 оны 09 дүгээр  сарын 23-ны  орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Боловсрол хорооллын 10-07 тоотод орон сууцны гадна өөрийн найз Э.Этой маргалдан түүнийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Э.Н нь  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 сарын 23-ны орой Эынд хонох гэж очсон. Би авч очсон 2 пивоо уучихаад амрах гэтэл Э дахиад ууна гээд байсан. Би тэднийд амрах гэж  л очсон. Э дахиж ууя гээд байсан. Хэрвээ архи ууна гээгүй, архи ууна гэж миний машины жолооны хүрдэн дээр суугаагүй, намайг цохиогүй бол би тэр хүнийг цохихгүй байсан. Бид 10 гаруй жил найзалсан. Миний машиныг унаж архи ууна гэж намайг цохиогүй бол ийм хэрэг болохгүй байсан.

 

-Хохирогч Э.Эын мөрдөн байцаалтанд өгсөн:  “...Би 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед найз Нтай гэрийнхээ гадаа машинд 8 шил пиво уугаад дараа нь Э ах Н бид нар 1 шил Болор архи уугаад би тасарсан байсан, нэг сэрэхэд Н намайг газар унагачихсан өшиглөж байсныг санаж байна. Н намайг  дахиж архинд явна гээд машинаас буухгүй болохоор нь цохьж, зодсон гэсэн. Миний хувьд найздаа гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх /хх-ийн 5-7-р хуудас/

 

-Э.Э Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтэндээ: Миний бие Нт 2017 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө зодуулж,  биед минь хөнгөн хохирол учирсан. Би гомдол саналгүй тул Нт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ /хх-ийн 26-р хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 356 дугаартай  дүгнэлтэнд: 1. Э.Эын  биед тархи доргилт, духанд, зүүн гарын 4,5 дугаар хурууны гадна хэсэгт зулгаралт, баруун нүдний доод зовхинд, зүүн нүдний эргэн тойронд, дээд уруулын дотор талд, зүүн хөлийн шагайн дотор талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимд цус хураа, зүүн нүд эргэн тойронд, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 11-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 21-р хуудас/

 

-Э.Нын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 25-р хуудас/

 

-Э.Ныг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Э.Н нь   согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг Боловсрол хорооллын  10-7 тоот орон сууцны гадна өөрийн найз Э.Этой маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Нын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Эын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 356 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Э.Нт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Э.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Нын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

   Шүүгдэгч Э.Н нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,   битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч Э.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Э.Ныг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ныг 500 /таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Нт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Н торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан Э.Н нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,   битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч Э.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА