Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0034

 

2024 01 08 128/ШШ2024/0034

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Э*******

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж*******

Хариуцагч Нийслэлийн авто замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т*******

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б******* /цахим/ нарыг оролцуулан,

1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/444 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 4-т А******* ХК-ийн эзэмшил газартай давхцалтай хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох,

2.Нийслэлийн Засаг даргын А******* ХК-ийн нэгж талбарын 17******* дугаар, 1,9 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгах,

3.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/523 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт дахь Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам /Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо/ гэсэн хэсгийн А******* ХК-ийн эзэмшил газартай давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах

4.Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто замын зураг төсөл боловсруулах даалгавар /ЗД-ХУД/2021/026/-ын А******* ХК-ийн эзэмшил газартай давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах,

5.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/1094 дугаар газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах,

6.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/1127 дугаар Газар албадан чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* нар ирсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* /цахим/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/444 дугаар захирамжаар Орон сууцны хороолол доторх болон гэр хорооллын доторх авто замын засвар шинэчлэлтийн жагсаалт-ын 2 дугаар хавсралтын 4-т заасан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

1.2.Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/486 дугаар захирамжаар А******* ХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нэгж талбарын 17******* дугаар газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах,

1.3.Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/523 дугаар захирамжаар хотын холбоос гудамж замын зураг төсөл боловсруулах ажлын жагсаалтын 2 дугаар хавсралтын 13-д Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам /Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо/ гэсэн А******* ХК-ийн эзэмшил газартай давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах,

1.4.Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто замын зураг төсөл боловсруулах даалгавар /ЗД-ХУД/2021/026/-ын А******* ХК-ийн эзэмшил газартай давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах,

1.5. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/1094 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

1.6. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/1127 дугаар Газар албадан чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

2.Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШЗ2022/7612 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Хоёр: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1 дүгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компанийн газар эзэмших эрх хүчинтэй байхад бидний санал, оролцоог авалгүйгээр хариуцагчийн зүгээс энэхүү захирамжийг гаргаж, улмаар энэхүү захирамж гарсаны дараа буюу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03-11/7231 дугаар /х.х 1-ийн 168 дахь тал/ албан бичигт замын трасс танай эзэмшлийн 1253 м.кв газар өртсөн болохыг мэдэгдсэн. Мөн Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 2021 оны 6 сарын 29-ний өдөр 2/1335 албан бичгээр зураг төслийн ажил хийгдэж байгааг мэдэгдсэн болно. Газрын тухайд хуульд заасны дагуу энэхүү замын трасст өртсөн манай компанийн эзэмшлийн газрыг зам тавих зорилгоор чөлөөлөх бол манайтай харилцан тохиролцож, манай зөвшөөрлөөр газар чөлөөлөх учиртай.

Гэтэл Нийслэлийн зүгээс зөвхөн асуудлыг анхнаас нь хүчээр шийдэх зорилготой байж энэхүү захирамжаа 2017 онд хүчингүй болгож, хожим агуулгаар нь буцаан сэргээснээр энэхүү актын агуулга, зохицуулалт өнөөдөр ч үргэлжилж, нэхэмжлэгчид сөрөг үр дагавар үүсгэсээр байна гэж үзэж байгаа тул хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

2 дугаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад 2021 оны 5 сарын 5-ны өдөр 1/96 дугаар албан бичгийг хүргүүлж байсан төдийгүй Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны зарим албан тушаалтнуудын тавьсан шаардлагын дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх, Хан-Уул дүүргийн Засаг даргын саналыг авахаар нийт 8-н удаа албан бичгээр хандаж байсан. Бид ийнхүү газар эзэмших эрхээ сунгуулах талаар уйгагүй хөөцөлдөж байсан боловч Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Хан-Уул дүүргийн холбогдох албан тушаалтнууд нь манай компанийн газрын эрхийг сунгахгүйгээр дуусгавар болгох ажлыг эртнээс төлөвлөж зохион байгуулсан нь илт байна. Тодруулбал, газрын эрхийг сунгахгүй байж байгаад, эзэмших эрхийн хугацааг дууссан даруй захиргааны процессыг даруй эхлүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 сарын 22-ны өдрийн А/1094 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг дуусгавар болгон, бидний маргаж байгаа 1883 м.кв газрыг багтаасан 19393 м.кв талбай бүхий газрын эрхийг үндэслэлгүйгээр, хууль бусаар бүхэлд нь дуусгавар болгож шийдвэрлэсэн.

Улмаар энэхүү захирамжийг гаргаснаас хойш ердөө 4 хоногийн дараа буюу 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/1127 дугаар захирамжаар эрхийг нь дуусгавар болгосон гэх 19393 м.кв газрын зарим хэсэг буюу 1883 м.кв газар нь "Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто замын трасс болон дулааны шугамын хамгаалалтын бүсэд орсон газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж, ашигласан" гэх үндэслэлээр албадан чөлөөлөх захирамжийг гаргасан байдаг. Энэ захирамжийн дагуу манай компанийн эзэмшлийн газрын хашааг цагдаагийн хамгаалалт, хүч оролцоотойгоор буулган, шүүхийн маргаантай байгааг мэдэж байгаа хэдий ч автозамыг үйлдвэрийн аж ахуйн хашаанд тулган хүчээр хэсэгчлэн хийж дуусгасан. А******* ХК нь нийслэлийн Засаг даргын А/1094 болон А/1127 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаад байна. Гэвч Нийслэлийн Засаг дарга болон газрын албаны эрх бүхий албан тушаалтнууд нийтийн эрх ашигт тустай авто замын ажил хийж буй нэрийдлээр холбогдох хууль тогтоомжийн маш олон зохицуулалт, үзэл баримтлалыг зөрчиж, маш балмад байдлаар автозамын ажлыг хэсэгчлэн хийсэн, цаашид ч энэхүү ажиллагаагаа үргэлжлүүлэн манай эзэмшлийн газарт халдахаар санаархаж байна.

Иймд, Нийслэлийн Засаг дарга болон түүний харьяа Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь манай компанийн газрыг эрхийг сунгахгүйгээр дуусгавар болгож, улмаар газрын зарим хэсгийг албадан чөлөөлөх захирамж гаргахаар эртнээс төлөвлөж зохион байгуулалттай үйл явуулсан гэж үзэж байгаа болно. Учир нь манай компанийн газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж, хуульд байхгүй ажиллагаа шаардлагууд тавьж биднийг чирэгдүүлж байсан болно. Тухайлбал, "газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа унгуулах хүсэлтэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хугацаа ийлгэж, бүрдэл болгож ир", "байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын саналыг ав" зэрэг хууль бус шаардлагыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны эрх бүхий хүмүүс манай компанид тавьж байсан болно. Эдгээр нөхцөл байдлыг хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа болно. гэв.

3, 4 дүгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто замын трасс болон дулааны шугамын хамгаалалтын бүсэд орсон газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж, ашигласан гэх нөхцөлд байдалд хамааралтай байж болзошгүй нийслэлийн Засаг даргын 2017 оны А/444, 2021 оны А/523 дугаар захирамжаас үзэхэд нийслэлийн Засаг даргын 2017 оны А/444 дугаар захирамжийн холбогдох хэсгийг нийслэлийн Засаг даргын 2017 оны 707 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.

Харин нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн А/523 дугаар захирамжийн холбогдох хэсгээр манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол үргэлжлэн хөндөгдсөөр байна. Учир нь А/523 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт дахь "Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам (ХУД 19-р хороо)" заалтын дагуу холбогдох авто замын ажлын даалгавар батлагдсан байна. Авто зам барих шийдвэр болон түүнийг үндэслэн ажлын даалгаврыг боловсруулахдаа манай компанид мэдэгдэж, харилцан тохиролцолгүйгээр манай эзэмшил газарт шинэ авто замын трассын төлөвлөлт хийсэн нь Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийн тодорхой заалт, зохицуулалтыг зөрчсөн төдийгүй хууль бус үйлдлээ хожим зөвтгөх зорилгоор бидний маргаж байгаа

А/1094, А/1127 дугаар захирамжийг гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар бүрэн дүүрэн сэргээлгэх, мөн хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлүүлэх үүднээс нийслэлийн Засаг даргын 2021 оны А/523 дугаар захирамжийн холбогдох хэсэг болон авто замын ажлын даалгаврын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон болно. Өөрөөр хэлбэл маргаж байгаа А/444 ба А/523 дугаар захирамж тэдгээр холбогдох ажлын даалгаврын зарим хэсэгт манай компанийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байсан буюу байгаа боловч нийслэлийн холбогдох байгууллагууд манай зөвшөөрөлгүйгээр эдгээр захирамж, ажлын даалгаврыг боловсруулсан нь хууль бус юм. гэв.

5, 6 дугаар нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл: А/1094 дугаар, А/1127 дугаар захирамж нь үндэслэлгүй юм. Учир нь өмнө тайлбарлаж байсанчлан манай газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлээгүй буюу шийдвэрлэхээс татгалзаж байсан 2/2022 онд гарсан даруй "манай эзэмшлийн газрыг зарим хэсэг шинээр тавих авто замыг трасст өртсөн тул нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, газраа чөлөөлөх мэдэгдлийг манайд удаа дараа ирүүлэх болсон байдаг. (2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 03-11/297 дугаар мэдэгдэл, Гэтэл одоо мөрдөж байгаа газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу газрын хугацаанаас өмнө чөлөөлөх бол зөвхөн эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр, нөхөх олговортойгоор газар чөлөөлөхөөр байсан байдаг. Гэтэл манай газрын зарим хэсэгт нийтийн эзэмшлийн авто зам тавих үүднээс нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн Засаг дарга, газрын албаныхан нь үгсэн тохиролцох замаар манай компанийн газрын эрхийг дуусгавар болгох, газрын эрхийн гэрчилгээг сунгахгүй байх үүднээс хүсэлт гаргаагүй буюу хүсэлтийг нь хүлээн авахгүй байх зэргээр хууль зөрчиж байж, энэхүү замын ажлыг хүчээр хэрэгжүүлсэнд манай компанийн зүгээс гомдолтой байна.

Манай газрын эрхийг бүхэлд дуусгавар болгож, улмаар зарим газрыг нь албадан чөлөөлөх замаар авто замын ажил хийж байгаа захиргааны энэхүү эс үйлдэл болон идэвхтэй үйлдлүүд нь манай компанийн газрын эрхийн хугацааг зориудаар дуусгавар болгож, газрын эрхийг хүчингүй болгож, улмаар хэсэгчлэн албадан чөлөөлөхдөө Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг холбогдох заалт зохицуулалтыг зорчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд хангаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуучнаар Ээрмэлийн үйлдвэр одоогоор А******* ХХК нь 1977 онд анх суурь нь тавигдаж 1981 оноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Хүнсний үйлдвэрлэлийг эс тооцох юм бол хуучин хөнгөн аж үйлдвэрийн чиглэлээс үйлдвэрлэлийнхээ үндсэн бүтцийг, тэр тусмаа хувьцаа эзэмшигч, ажилчдынхаа ажлын байрыг 100 хувь авч үлдсэн цорын ганц үйлдвэр юм. Үүнийг төр засгаас тодорхой хэмжээнд үнэлж 2021 онд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Ингээд 1992 оны Засгийн газрын 81 тоот тогтоолоор Ээрмэлийн үйлдвэрийг 107,932,000 төгрөгөөр үнэлж байжээ. Хариуцагч талаас нийгмийн хариуцлага, газар эзэмших эрх гэдэг зүйлийг яриад байдаг. 1992 оны Засгийн газрын 81 тоот тогтоолоор хувьчлах хөрөнгийн жагсаалтад тоног төхөөрөмж, үйлдвэрийн барилга, цэцэрлэгт хүрээлэн, орчны зам оруулсан. Одоо 80 хувийн гүйцэтгэлтэй зам нь Ээрмэл хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэгдээд хувьчлагдсан үйлдвэрийн зам юм. Газар эзэмших эрх гэж ярихаас гадна хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө гэдэг агуулгаас нь харах ёстой юм. Маргаан бүхий 1.9 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгочих юм бол үндсэндээ 4.5 га газартай үлдэх гээд байдаг. Ээрмэл хувьцаат компанийн алдсан газруудад Ээрмэл хувьцаат компанийн хүсэл зориг нэг ч удаа илэрхийлэгдэж байгаагүй, бүгд төрийн байгууллагын хуль бус үйлдэл эсвэл нийгмийн хариуцлага, нийтийн эрх, ашиг гэдэг агуулгаар хүчээр тулгасан хандлагын улмаас нэхэмжлэгч байгууллагын хувьцааны үнэ цэнэ тодорхой хэмжээгээр буураад байгаа гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.

Газар эзэмших эрх гэдгээс гадна хувьцаа эзэмшигчдийн мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн өмч байгаа юм шүү. 40 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг газар чөлөөлөх албадан гүйцэтгэх захирамжаа хэрэгжүүлэх гээд ирж байхдаа нийтийн эрх ашиг, нийгмийн хариуцлага гэж яриад байдаг.

Нийгмийн хариуцлагын хүрээнд манай зүгээс 500 гаруй метр урт, 1.5 метр өргөн хэмжээтэй нийтийн эзэмшлийн талбайг шилжүүлж өгч байсан. Гэтэл үндсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулагддаг үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа газрыг дуусгавар болгож байгааг хэтэрхий бүдүүлэг үйлдэл гэж хэлмээр байна. Мөн эдгээр захиргааны актын хүрээнд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим шууд зөрчигдсөн, 5 бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байж байгаа газар цуцлагдаж байна гэдэг чинь мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврыг шууд бий болгож байна. А******* ХХК-ийн эзэмшлийн газрын авто замын зориулалтаар авахын тулд зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулсан мэт харагдаж байгаа, 2021 оны 5 дугаар сарын 5-ны газар эзэмшүүлэх хугацаа сунгах хүсэлтээ бариад очиход ковидын хөл хорионы үе гээд Хангарьд ордон руу гадны хүн оруулахгүй, нэг цэгийн үйлчилгээний төвөөр авна гээд явуулсан байдаг.

Газар эзэмших хугацаа сунгуулахад байгаль орчны үнэлгээ хийлгэх шаардлагагүй, гэхдээ А******* ХХК нь өнөөдрийг хүртэл Т******* гэдэг хүнд таны материал дутуу байна, байгаль орчны үнэлгээ хийлгэх шаардлагатай гэдэг байдлаар мэдээлэл авч газар эзэмших эрхээ сунгуулах гээд явсан нь бодит үнэн. Ингээд үнэлгээ хийлгэх гэж 8 удаа хүсэлт гаргаснаас харахад газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт зориг байсан гэдэг нь тодорхой байна. Хариуцагчийн тайлбараас харахаар хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл байх ёстой юм шиг хэлдэг. Гэтэл хуулийн зохицуулалтаас харахад хүсэлт зоригийн илэрхийлэл байхад хангалттай харагддаг нь Газрын тухай хуулийн 39.1.1-д заасан байдаг.

Ийм нөхцөл байдлуудаар газар зохион байгуулалтын алба, нийслэлийн төр захиргааны байгууллага нэг ойлголтоор хууль тогтоогчоос хуулийн үзэл баримтлалын хүрээнд хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдлууд ажиглагдаж байна. Хариуцагчийн тайлбараар А1127 дугаар захирамжаар 1883 м.кв газрыг албадан чөлөөлөхөөр заасан гэтэл сая хоёр нэгж талбарын тодорхой хэсгүүд өртсөн. 1900 м.кв-аас 1595 м.кв өртсөн 300 орчим м.кв-г тухайн үед албадан чөлөөлөх гээд газар зохион байгуулалтын алба хууль бус үйлдэл хийсэн байна шүү дээ. Хүчингүй болгосон гэдгийг сая л хэллээ, өнөөдрийг хүртэл манай талд энэ талаар ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Тэгэхээр А1197 дугаар захирамж хуульд нийцээгүй хууль бус байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/1094 дугаар газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага байгаа. Яагаад гэхээр А******* ХХК нь газар эзэмших хугацааг сунгуулахаар хүсэж, хөөцөлдөж явсан. Гэтэл хариуцагч талаас зам тавих үндэслэлээр Газрын тухай хуульд заасан холбогдох зүйл заалтуудыг зөрчиж дээрх захирамжийг гаргасан. Хариуцагч талаас заавал нөхөн олговор олгох биш, хэлэлцээр хийж шийдвэрлэх боломжтой байсан. Нийтийн эрх ашгийг бодож зам тавихад 1893 м.кв талбай бүхий замын трасс давхардсаныг чөлөөлөх ажил явагдаж байгаад тохиролцоонд хүрэхгүй болохоор нь нэхэмжлэгч байгууллагын 1.9 га газрыг хүчингүй болгож, дуусгавар болгосон. Газар эзэмших эрхийг дуусгавар болгоход дараах жам ёсны үндэслэлүүд байдаг. Үүнд: Газар эзэмшигч иргэн нас барсан, хуулийн этгээд дампуурсан, газар эзэмшигч сунгуулах хүсэлт гаргаагүй гэж байдаг. Газар эзэмшигч сунгуулах хүсэлт гаргаагүй гэдэг нь тухайн газрыг эзэмшигч ашиглах шаардлагагүй болсон гэсэн үндэслэлтэй. Гэтэл хариуцагч талаас газар эзэмшигч сунгуулах хүсэлт гаргаагүй гэдгийг механик байдлаар харж захирамж гаргасан. Ингээд 6 нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл болсон. Дээрх 1.9 га газарт ус дамжуулах, цахилгаан дамжуулах, бүх дэд бүтцийг агуулсан 5 үл хөдлөх хөрөнгө байдаг. Ядаж 1893 м.кв газрын эзэмших эрхийг дуусгавар болгож болоогүй юм уу гэж гайхаж байна.

Газрын тухай хуулийн 57.3, 57.4-д заасан үндэслэж албадахгүй. Мөн хүсэлт гаргаагүй гэдгийг хариуцагч тал механик байдлаар асуудлыг загварчлаад хараар шийдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн хууль дээдлэх, бодит байдлыг тогтоох, зорилгодоо нийцэх зарчмуудтай огт нийцэхгүй байна. Нэхэмжлэгч байгууллага нь 30-40 жил газрын төлбөрөө төлөөд, журмын дагуу эрхээ үүсгээд явж байсан, дахиад нэг хэсэг газар хүчингүй болгосон нөхцөл байдал мөн тогтоогдлоо. Хариуцагч талыг 2017 онд замын трассаа бэлэн болгосон байж байгаад 2021 онд системтэйгээр оролдож эхэлсэн гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А/444 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т зааснаар бусад байдлаар хэрэгжээд байна гэдэг зүйлийг хэлж тайлбарлахдаа замын зураг хийгдсэн байсан гэж тайлбарлаад байна. Үндсэн хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрхтэй. Гэхдээ хуулийн дагуу эзэмших ашиглах эрхтэй гэдгийг хуульд тусгайлан заасан. Нэхэмжлэгч талаас 6 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн үед нэг цэгээс нөгөө цэг хүртэл зам тавигдана гэсэн болохоос яг энэ газраар явна гэсэн ойлголт биш, тийм болохоор нэгэнт хүчингүй захирамж учир нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Хүсэлтийг хэн гэдэг нь мэдэгдэхгүй эмэгтэйд өгсөн, байгаль орчны нөлөөллийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэдэг хариуг хэлсэн гэдэг.

1.9 га газар нь орон сууцны зориулалттай газар тухайн газар байгаль орчны үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд мэдэж байсан байх тийм болохоор очоогүй гэж ойлгож байна. Хүсэлт гаргасан гэдгийг 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн компанийн захирлын өөрийн мэдүүлгээс, өөрийнхөө эрх ашгийг хөндсөн гэж маргаж байгаа хүний мэдүүлгээс үзэх нь буруу юм. Тиймээс хүсэлт гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хууль дээдлэх ёсыг баримтлаагүй, бодит нөхцөл байдалтай нийцээгүй Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэдэг. Тухайн захирамж нь, бодит нөхцөл байдал дээр иргэдийн өргөдөл гомдол, А******* ХХК нь захирал, удирдах зөвлөлийн ажилчид, хуульчидтайгаа хэлцэлд хүрээгүй. Үүний дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу 30 хоногийн өмнө хүсэлтээ өгөөгүйг үндэслээд Улсын бүртгэлээс бүртгээд газар эзэмших эрхийн хугацааг хүчингүй болгоогүй, дуусгавар болгосон захирамж гарсан. Тиймээс тухайн захирамж нь хуульд нийцсэн бодит нөхцөл байдалд тулгуурласан, ямарваа нэгэн гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг дээдийн дээдээр авч үзсэн гэж үзэж байна. А/444 дугаар захирамж нь А/707 дугаар захирамжаар хүчингүй болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-д заасан бусад байдлаар хэрэгжээд явж байна гэх заалтад хамаарахгүй. Сунгахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд тайлбар хэлэхэд хүсэлт ирээгүй, сунгахаас татгалзсан байтугай манай талаас сунгах хүсэлтээ яагаад өгөхгүй байгаа талаараа мэдэгдлүүдийг хүргүүлж байсан байдаг нь нотлох баримтаар нотлогдож байна. А******* ХХК-ний эзэмшил газартай давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар хэлэхэд энэ нь ямар ч боломжгүй. Захирамж нь хууль ёсны дагуу гарсан захирамж үндэслэж замын трассын ажил хийгдэж байгаа. Харин ажил 87 хувийн гүйцэтгэлтэй байхад үлдсэн 13 хувийн гүйцэтгэлд нийгмийн хариуцлагын хүрээнд газраа чөлөөлөөд зам тавиулчихвал зүгээр байна. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн 6 шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/1094 дугаар захирамжийн тухайд, 2016 онд эзэмшүүлсэн 1.9 га газар нь орон сууц барих зориулалттай байсан. Ингээд 2021 онд хугацаа нь дуусаад, нэхэмжлэгч тал нь тухайн газрын ашиглах хугацаандаа орон сууцны зориулалттай ашиглаагүй. А******* ХХК-ийн зүгээс газар эзэмших хугацаа сунгах хүсэлтийг манай талаас буцаасан зүйл байхгүй, гэрч Т******* нь ковидын үед ирж хугацаа сунгах хүсэлтийг хаана өгдөг талаар асуучхаад явсан, түүнээс хойш байгаль, орчны үнэлгээ гэх зэрэг ажил хөөцөлдөж явсаар байгаад хугацаа сунгуулах хүсэлтээ өгч чадаагүй гэдэг. Өмчилсөн газраас бусад газар улсын өмч, сүүлд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар албадан чөлөөлөх хууль батлагдсан байдаг. Хуулийн дагуу ажил хийгдэж тухайн замын талаас илүүгүй газар чөлөөлөлт хийгдсэн байдалтай байна. Манай талаас 2021 онд газар эзэмших хугацаа дууссанаас хойш ирж уулзах талаар албан бичгээр олон удаа хандсан. 2022 онд албадан чөлөөлөх захирамж гараад ард иргэдээс эрүүл аюулгүй орчинд амьдрах шаардлагын улмаас олон тооны өргөдөл ирж зайлшгүй шаардлага гарсны улмаас богино хугацаанд албадан чөлөөлөх захирамжийн хүрээнд хэрэгжүүлэх гэж очсон боловч үйлдвэрийн ажилчидтай үл ойлголцох, холбогдох дээд шатны хүмүүс нь уулзахгүй асуудлууд үүссэн. Нэхэмжлэгч талын байгаль, орчны үнэлгээ хийлгэх ажил нь удсан нь манай газрын албанаас шалтгаалсан асуудал биш, хуулиараа хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгах хүсэлтээ өгөх ёстой. Хугацаа сунгах хүсэлтээ өгөхдөө газрын төлбөр тооцоо нийлсэн акт, газар эзэмших хүсэлт, газрын гэрчилгээ, кадастрын зургийн хамт өгөх ёстой. Хэрэв үйлдвэрлэлийн зориулалттай бол байгаль, үнэлгээ хийлгээд, байгаль орчинд хоргүй байдлын дүгнэлт гаргуулсан байх ёстой гэдэг асуудал байдаг. Нэхэмжлэгч компанийг нийгэмд эзлэх байр суурийг хүндэтгэж байна, нөгөө талаас Улаанбаатар хотын авто замын түгжрэл, зорчих эрх хязгаарлагдмал өнөөгийн байдалд бид зөвшилцөж шийдэхгүй бол цаашдаа яах вэ, олон мянган хүний эрх ашиг, нийгмийн асуудал яригдаж байгаа, иймд аж ахуй нэгж бүрийн шалтаг шалтгааны улмаас бүтээн байгуулалтын ажлаа бид явуулж чадахгүй байдалтай байгаад байна. Газар эзэмшигч, өмчлөгч хоёр ялгаатай ойлголт, газар эзэмшиж байгаа нь хувийн өмч гэсэн үг биш. Гэхдээ эзэмшигчтэй зөвшилцөх ёстой, бид ойлголцолд хүрч чадахгүй удаад байгаа, манай зүгээс тохиролцоонд хүрэх гэж маш их хүчин чармайлт гаргасан, нөхөн төлбөрийн асуудлыг ямар ч хэлбэрээр байж болно гэдгийг илэрхийлсэн.

Нэхэмжлэгч тал өөрсдөө газрын трасс, нэгж талбарыг мэдэж байх ёстой. Нэхэмжлэгч тал хүсэл зоригоо илэрхийлж хүсэлтээ өгсөн гэдэг зүйлийг ярьсан. Хоног хугацаандаа баримтаа бүрдүүлж өгөөгүй нь танай компанийн механик алдаа шүү дээ. Ингээд тухайн хугацаатай давхцаад замын зураг төсөл батлагдаад газар чөлөөлөх үйл явдал болж, зуны гурван сардаа багтааж ажлаа гүйцэтгэх гэж албадан чөлөөлөх захирамж гарсан. Манай талаас олон ч замын ажил явж байгаа. Үүн дээр аж ахуй нэгж Төр хоорондын хамтын ойлголцол байхгүй бүтээн байгуулалтын ажил болон хувийн хэвшлийн ажил явахгүй. Тухайн асуудлаар тухайн байгууллагуудын удирдах болон шийдвэр гаргах түвшний хүмүүс уулзаж байж шийдэгдэхгүй бол итгэмжилсэн хүмүүс нь шүүхийн байгууллагад ч хүндрэл үүсгээд, нэгнийхээ ажлын алтан цагийг алдагдуулаад яваад байгаагаас нийтийн эрх ашиг зөрчигдөж байдаг. Улаанбаатар хотын авто замын түгжрэл үүсээд байгаа нь биднээс шалтгаалаад байгаа. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А/444 дугаар захирамжтай холбогдуулан хэлэхэд зураг зохиох захирамжаар А******* ХХК-ийн хашаан дундуур зам барина гэсэн зураг байдаггүй. Зөвхөн нэг цэгээс нөгөө цэг гэсэн зургийн даалгавар гардаг. Тэр зургийг үндэслэж техник эдийн засгийн үндэслэлээ хийлгэх юм бол захирамж гаргаж тендер зарлаад шалгарсан компани зураг төслийг холбогдох байгууллагуудтай зөвшилцөж байгаад гаргадаг. Хэрэв хэн нэгний эрх ашгийг зөрчиж байх юм бол холбогдох бүх арга замыг эрэлхийлж үзээд, өөр арга замаар байгуулъя гэхээр төсөв мөнгөндөө баригдаад боломжгүй болсон байдаг. Энэ асуудал аль эрт шийдвэрлэгдчих асуудал юм. Гэтэл А******* ХХК-ийн удирдлагаас шалтгаалаад өдийг хүрсэн. Нэхэмжлэгч байгууллагын удирдлагууд жилд нэг удаа хуралддаг гэхээр нь хүлээж байгаад манай талаас холбогдох удирдах албан тушаалтнуудын хамт очиж уулзалт хийсэн. Гэтэл А******* ХХК-ийн удирдах зөвлөлийн гишүүдийн хариу чадахгүй, үгүй гэдэг л хариу өгсөн. Тухайн компанийн ажилчид хэсэг хэсгээрээ гарч ирж эсэргүүцэл үзүүлж эхэлсэн. Ингээд манай талаас замын ажлын гүйцэтгэл зогссон. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Дараах үндэслэлээр нэхэмжлэгч А******* ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/444 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 4-т заасан А******* ХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/1094, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/1127 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж,

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/523 дугаар захирамж болон Авто замын зураг төсөл боловсруулах даалгаврын А******* ХК-д холбогдох хэсгийг нөхцөл байдлыг шинээр тогтоож дахин акт гаргаж шийдвэрлэх хүртэл 4 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэв.

2.1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/444 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 4-т А******* ХК-ийн эзэмшил газартай давхцалтай хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан ... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах-аар заасан бөгөөд хэрэв нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулжээ.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/444 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг А******* ХК нь хэтрүүлсэн, түүнчлэн нэхэмжлэл гаргах эрхийг сэргээх хугацааг ч хэтрүүлсэн тул А******* ХК-иас нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/444 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 4-т А******* ХК-ийн эзэмшил газартай давхцалтай хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн нийслэлийн Засаг даргын 2017 оны А/444 дүгээр захирамжаар А******* ХК-д холбогдох хэсэг буюу Туул гол гудамжийг Ээрмэлийн гудамжтай холбох шинэ авто замын төсөл баталсныг нийслэлийн Засаг даргын 2017 оны 707 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.

Харин нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 сарын 30-ны өдрийн А/523 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт дахь "Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам" заалтын дагуу холбогдох авто замын ажлын даалгавар дахин батлагдсан бөгөөд нэхэмжлэгч уг актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/444 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг нийслэлийн Засаг даргын 2017 оны 707 дугаар захирамжаар хүчингүй болгосон боловч уг асуудлыг нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/523 дугаар захирамжаар дахин шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс А/523 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг энэхүү шийдвэрээр шийдвэрлэсэн болно.

2.2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/1094 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 1,9 га газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/486 дугаар захирамжаар А******* ХК-ийн 1.9 га газрын зориулалтыг орон сууц барих барихаар өөрчилж эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай сунгаснаас үзэхэд 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдөр эзэмших эрх дуусгавар болохоор байна.

Тус компанийн ТУЗ-ын даргын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр олгосон эрхийн дагуу А.Т******* газар эзэмших эрхийг сунгуулах 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 1/96 дугаар албан бичгээр нийслэлийн Засаг даргад гаргасан гэж тайлбарладаг боловч уг хүсэлт хариуцагч байгууллагад бүртгэгдээгүй талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01-08/842 дугаар албан бичгээр ирүүлжээ.

Харин гэрч А.Т******* ... нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт өгөх гэсэн боловч Ковидтой холбоотойгоор нэг цэгийн үйлчилгээгээр өг гэсний дагуу өгөхөд материал дутуу гээд аваагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж ирэх шаардлага тавьсан..., гэрч Н.Б******* ... нийслэлийн газрын албанаас дэмжиж болохгүй гэсэн чиглэл өгсөн, та С******* орлогчтой уулз гэсний дагуу уулзахад та нар зам тавиул зам тавиулсны дараа асуудалгүй бичгийг өгнө... гэх мэдүүлгийг тус тус өгсөн.

Түүнчлэн А******* ХК-ийн эзэмшлийн 3 нэгж талбарын /нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/486 дугаар захирамж/ хоёр нь үйлдвэрлэлийн, маргаан бүхий 1,9 га нь орон сууцны зориулалттай бөгөөд уг 3 нэгж талбар газрын сунгуулах хүсэлтийг хамтад нь гаргаснаас орон сууцны зориулалттай 1,9 га газарт хуульд заагаагүй байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж андуурагдсанаас газрын эрхийг сунгах асуудал удааширсан байх боломжтой.

Нэхэмжлэгчээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны тавьсан шаардлагын дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх, Хан-Уул дүүргийн Засаг даргын саналыг авахаар албан бичгээр хандаж байсан гэх үйл баримт мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Мөн маргаан бүхий 1,9 га газарт А******* ХХК-ийн цэвэрлэх байгууламж, дулаан дамжуулах шугамын зангилаа, бохирын өргөх шугамын байгууламж, галын усан сан, цэвэр усны станц үйлдвэрлэлийн обьектууд байрладаг нь газар эзэмших эрхийг дуусгавар болгох бодит нөхцөл байдал бүрдээгүй байсныг харуулж байна.

 

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд А******* ХК-ийн 1.9 га газрын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; гэх үндэслэлээр дуусгавар болгосон нь хууль бус байх тул нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 сарын 22-ны өдрийн А/1094 дүгээр захирамжийг хүчингүй болгож, А******* ХК-ийн 1,9 га газар эзэмших эрх сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгах зүйтэй.

2.3. А******* ХК-ийн газрыг албадан чөлөөлөх тухай нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/1127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/1127 дугаар захирамжаар эрх нь дуусгавар болгосон А******* ХК-ийн 1.9 га газрын зарим хэсэг буюу 1883 м.кв газар нь "Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто замын трасс болон дулааны шугамын хамгаалалтын бүсэд өртсөн тул албадан буулгаж, газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03-11/7231 дугаар албан бичгээр 1253 м.кв газар замын трасс өртсөн болохыг, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 03-11/297 дугаар мэдэгдэл эзэмшил газраа чөлөөлөхийг, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 2021 оны 6 сарын 29-ний өдөр 2/1335 албан бичгээр зураг төслийн ажил хийгдэж байгааг тус тус мэдэгдсэн байна.

Газрын тухайд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ., 41.4.Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна., 57 дугаар зүйлийн 57.3.Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө., 57.4.Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна. гэж заасан.

Гэтэл А******* ХК-ийн нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 сарын 22-ны өдрийн А/1094 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосноос хойш 4 өдрийн дараа мөн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/1127 дугаар захирамжаар газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэрийг эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд уг албадан чөлөөлөх захирамж биелэх боломжгүй юм.

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2022/9079 дүгээр захирамжаар нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 сарын 22-ны өдрийн А/1094, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/1127 дугаар захирамжийн биелэлтийг тус тус хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

Иймээс А******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/1127 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.4. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/523 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт дахь Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам /Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо/ гэсэн, Авто замын зураг төсөл боловсруулах даалгавар /ЗД-ХУД/2021/026/-ыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 сарын 30-ны өдрийн А/523 дугаар /х.х-180-186/ захирамжийн 2 дугаар хавсралтын 13 дахь хэсэгт "Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам (ХУД 19-р хороо)" жагсаалт, төсөв батлагдаж, уг захирамжийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Авто замын ажлын даалгавар /ЗД-ХУД/2021/026/ батлагдсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэх сонсгох ажиллагаа явагдаагүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй өөрөөр хэлбэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03-11/7231 дугаар албан бичигт замын трасс эзэмшлийн 1253 м.кв газар өртсөн болохыг, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 2021 оны 6 сарын 29-ний өдөр 2/1335 албан бичгээр зураг төслийн ажил хийгдэж байгааг нэхэмжлэгчид мэдэгдсэн шийдвэр гарахаас өмнө мэдэгдсэн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа А/1127 дугаар захирамжаар албадан чөлөөлөхөөр заасан 1883 м.кв газраас өөр нэгж талбар мөн замын трасст өртсөн талаар тайлбарласныг нэхэмжлэгч мэдээгүй гэх нөхцөл байдал үүссэнийг дурдах нь зүйтэй.

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна., 43.2.Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгана. гэж заасан.

Гэтэл хариуцагчаас дээрх зохицуулалтын дагуу А******* ХК-тай хэрхэн хэлэлцэж тохиролцсон талаар баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар уг тохиролцоог хийх боломжтой талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нөхөн тогтоож, дахин шинээр акт гарган шийдвэрлэх хүртэл нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/523 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт дахь Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам, Авто замын зураг төсөл боловсруулах даалгавар /ЗД-ХУД/2021/026/-ыг тус тус 4 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ингээд нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч А******* ХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/444 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 4-т заасан А******* ХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/1094, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/1127 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж,

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/523 дугаар захирамжийн А******* ХК-д холбогдох хэсэг болон Авто замын зураг төсөл боловсруулах даалгаврыг /ЗД-ХУД/2021/026/ тус тус нөхцөл байдлыг шинээр тогтоож, дахин акт гаргаж шийдвэрлэх хүртэл 4 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.11, 106.3.13, 54.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, 42 дугаар зүйлийн 42.3, 43 дугаар зүйлийн 43.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А******* ХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан А******* ХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/444 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 4-т заасан А******* ХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нийслэлийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/1094, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/1127 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/523 дугаар захирамжийн А******* ХК-д холбогдох хэсгийг болон Авто замын зураг төсөл боловсруулах даалгаврыг /ЗД-ХУД/2021/026/ тус тус нөхцөл байдлыг шинээр тогтоож дахин акт гаргах шийдвэрлэх хүртэл 4 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын нийслэлийн Засаг даргын 2021 оны А/523 дугаар захирамжийн А******* ХК-д холбогдох хэсэг болон Авто замын зураг төсөл боловсруулах даалгавар /ЗД-ХУД/2021/026/ хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаа нь шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН