Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

И.А, Ш.Г нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, шүүгч Л.Н, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Б, хохирогчийн өмгөөлөгч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, В.Удвал, шүүгдэгч И.А, Ш.Г, нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулж нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолтой И.А, Ш.Г нарт холбогдох эрүүгийн 1912004660038 дугаартай хэргийг шүүгдэгч И.А, Ш.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч В.У нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, ..., ял шийтгэлгүй, И.А

 

Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, ..., ял шийтгэлгүй, Ш.Г

 

Ш.Г нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт орших Нутгийн захиргааны ордны 2 давхрын коридорт хохирогч С.Бтай ажил хэргийн шалтгааны улмаас маргалдан түүнийг хоёр удаа түлхэж, улмаар 207 тоот өрөөнд хохирогч С.Б-ын зүүн цавь орчимд өвдөглөж, зүүн цавь орчмын зөөлөн эдийн няцрал гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан,  

И.А нь Ш.Гид холбогдох эрүүгийн 1912004660038 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 09 дүгээр сарын 05, 12 дугаар сарын 12, 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Манай өрөөнд зодоон цохион хийсэн асуудал байхгүй. Бараг 30-аад секунд ... хэрэлдээд буцаад гараад явсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч И.Аг худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Ш.Г, И.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ш.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас, И.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гоос 151 200 төгрөгийг гаргуулан хохирогч С.Бт олгож, хохирогч С.Бын нэхэмжлэлийн шаардлагаас 1 848 800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Ш.Г, И.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч И.А бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч И.А гаргасан гомдолдоо: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр С.Б, Ш.Г нар нь манай өрөөнд хэрэлдэж орж ирээд буцаад хэрэлдээд гараад явсан. Манай өрөөнд уг хоёр хүн бие биеэ илт зодож цохих зүйл болоогүй бөгөөд тэгэх ч цаг хугацаа болоогүй. Би өөрийн харсан үзсэн, сонссон зүйлээ мөрдөн байцаалтын шатанд хэлсэн. Гэтэл намайг худал мэдүүлэг өгсөн гэж үзэж гэм буруутайд тооцон шийдвэрлэж байгаад туйлын гомдолтой байна. “Гэрч И.Агийн өрөөнд Ш.Г нь хохирогч С.Быг өвдөглөсөн байхыг И.А харах боломжгүй, анзаарч хараагүй зэрэг нөхцөл байдал байсныг үгүйсгэхгүй боловч И.А нь “өрөөнд болсон үйл явдлыг харах боломжтой, би мэдэж байсан, харин манай өрөөнд ямар ч зодоон цохион болоогүй” гэж удаа дараа мэдүүлгийг өгч байгаа нь болсон үйл явдлыг болоогүй гэж мушгин гуйвуулж, өөрчлөн мэдүүлэн худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үнэхээр буруу байна. Тухайн үйл явдлыг ганцхан би харсан. Би өөрийнхөө харсан үзсэн зүйлээ үнэнээр нь хэлсэн. Гэтэл болсон үйл явдлыг болоогүй гэж мушгин гуйвуулж, өөрчлөн мэдүүлж байна гэж прокурор, шүүгч нар өөрсдөө болсон үйл явдлыг хараагүй үзээгүй байж буруутгаж байгааг яагаад ч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хууль намайг өөрийнхөө харсан үзсэн зүйлээ үнэнээр нь хэлсний төлөө худал мэдүүлэг өгсөн гэж яллаж байгаа нь хэт нэг талыг барьсан төдийгүй намайг худал хэлэхийг хүчээр шаардаж байна гэж үзэж байна. Би надад холбогдуулан шалгаж байгаа хэргийг шүүх үнэн зөв, шударгаар шийднэ гэж найдаж байсан. Гэтэл С.Бын худал үгийг илүү анхаарч, Ш.Гийг яллахын тулд миний өгсөн үнэн зөв мэдүүлгийг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Би Монгол Улсын иргэний хувьд, хүнийхээ хувьд миний хэргийг үнэн зөвөөр  нь шийднэ гэж найдаж энэ гомдлоо гаргаж байна. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Э-ын хамт оролцох хүсэлттэй байна.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч В.У нар гаргасан гомдолдоо: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Ш.Гийг иргэн С.Бын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдлоо хамтран гаргаж байна. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт иргэн С.Бтай Ш.Г миний бие ажил хэргийн шалтгаанаар муудалцан маргалдаж, улмаар түүний мөр лүү түлхсэн асуудал болсон. Гэтэл С.Б өөрийгөө Ш.Г надад зодуулж гэмтэл авсан гэж цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Ш.Г намайг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгаж, 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан торгуулийн хуудас бичиж өгсөн. Өнөөдрийг хүртэл уг шийтгэлийг хүчингүй болгоогүй, хүчингүй болгосон талаар Ш.Г болон түүний өмгөөлөгч надад танилцуулаагүй байна. Хохирогч С.Б нь цагдаагийн байгууллагад анх мэдүүлэг өгөхдөө “Ш.Г намайг түлхсэн, өөр цохиж зодоогүй” гэж мэдүүлсэн байдаг. Дараа нь цавь руу өвдөглөсөн гэж худал мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч И.Агийн өрөөнд С.Быг Ш.Г өвдөглөсөн гэж мэдүүлдэг бөгөөд гэрч И.А нь С.Быг Ш.Г нь өвдөглөөгүй, цохиж зодоогүй, тийм зүйл болоогүй гэдгийг анхнаасаа маш тогтвортой мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын явцад хэд хэдэн удаа хохирогч С.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн бөгөөд энэ нь хууль зөрчсөн үндэслэлээр И.Агийн өрөөнд болсон асуудал дээр хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн. Энэхүү мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг Ш.Г болон түүний өмгөөлөгч надад  мэдэгддэггүй бөгөөд оролцуулдаггүй. Хамгийн сүүлд хяналтын прокурор Б.Б-ийн оролцсон ажиллагаанд С.Бын өмгөөлөгч Б.Э оролцож байгаад дундаас нь орхин гарсан байдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн. Гэтэл Ш.Г нь С.Быг өвдөглөж хөнгөн хохирол учруулсан нь хангалттай эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байхад миний үйлчлүүлэгч Ш.Гийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байхад хэрэгсэхгүй болгоогүй, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх Ш.Гийг гэм буруутайд тооцож шийдвэрлээд байна. Эрүүгийн 1912004660038 дугаартай хэрэгт хохирогч гэх С.Бт гэмтэл учирсан эсэх талаар шинжээч томилон дүгнэлт гаргуулсан боловч шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, дүгнэлттэйгээ холбогдуулан мэдүүлэг өгсөн шинжээч эмч Б.О-ын зөрүүтэй мэдүүлэг, гэрч А.Б-ын мэдүүлгээр Ш.Г нь С.Бын биед хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдохгүй байхад түүнийг гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдийг зөрчиж байна. Иймд Ш.Гид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно.” гэжээ.

 

Прокурор Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Г, И.А нарт холбогдох хэргийг Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтууд, мөн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын хувьд хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй, нотлох баримтуудаар нотлогдоогүй байна гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болсон үйл явдал тогтоогдсон учраас шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч нарын гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Миний хувьд өөрийн үйлчлүүлэгч И.Агийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг дэмжиж оролцож байна. Мөн би өөрөө ч гэсэн тийм саналтай байна. Байцаан шийтгэх ажиллагааны алдааг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Мөрдөгч нарыг тодорхой шийдвэргүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нөхцөл байдал байдаг. Уг хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байдаг. И.Агийн үйлдлийг хэрэг гэж үзэхэд үнэхээр хэцүү байна. И.Аг худлаа мэдүүлсэн гэдгийг нотлох зүйл байхгүй байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж нотлох баримтыг хэрэгт хавсаргаж авсан байгаа. Ийм баримт нь үндсэндээ нотлох баримт болохгүй. Хууль зөрчиж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Гэтэл ийм нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд зааснаар зөвхөн яллагдагч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явагдана гэж ойлгож байгаа. Гэтэл энэ хэрэг дээр хохирогч, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг бүрдүүлэхдээ тэмдэглэл үйлдэнэ гэж заасан байдаг. Гэтэл хураан авах ажиллагааг хийхдээ тэмдэглэл огт үйлдэхгүйгээр зүгээр л CD-ийг хэрэгт хавсаргасан байгаа. Тэгээд эд мөрийн баримтаар тооцон тогтоол гаргасан байдаг. Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хураан авах ажиллагааны талаарх зохицуулалт зөрчигдсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж цуглуулсан нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Үүнийг шүүхийн зүгээс үнэлэх боломжгүй. Хохирогч, шүүгдэгч нар нь таарамжгүй харьцаатай, дээрээс нь хохирогч эдгээр хүмүүсийг хэрэгт холбогдуулан яллуулах гэсэн санаа зорилгыг агуулдаг. Хохирогчийн хувьд энэ дээр хэтэрхий их оролцоотой байдаг бөгөөд тийм санаа зорилго нь харагдаад байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. Тухайн хэрэг үйлдсэн гэх үйл явдал нь нотлогдохгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь хууль зөрчсөн нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүхээс тухайн хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах ажиллагааг хийлгүүлмээргүй байна. Харин шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргээ шийдүүлэх гэсэн хүсэлттэй байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан гомдлыг үндэслэн И.А, Ш.Г нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Нутгийн захиргааны ордны 2 давхрын коридорт иргэн С.Бтай ажил хэргийн шалтгааны улмаас маргалдан түүнийг хоёр удаа түлхэж, улмаар 207 тоот өрөөнд хохирогч С.Бын зүүн цавь орчимд өвдөглөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч И.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр байцаагдахдаа худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг  тогтоож, Ш.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид, И.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

            Мөн шүүгдэгч И.А, Ш.Г нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримталсан байна.

 

            Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд И.А, Ш.Г нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

 

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч И.А, Ш.Г нарын үйлдсэн гэмт хэрэг хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч В.У-ын гаргасан  “... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                 

                                   

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.А, Ш.Г болон шүүгдэгч Ш.Гийн өмгөөлөгч В.У нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

 

                             ШҮҮГЧИД                                      Л.Н

 

                                                                                     Г.У