Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 110

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                         ,                                                                               

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Т.Хүдэр 

Шүүгдэгч Д.Б, Д.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, мөн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А нарт   холбогдох эрүүгийн 1730000740059  дугаартай хэргийг 2017 оны 10-р сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

 Монгол Улсын иргэн, 1961 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух,  1987 онд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж мөн хугацаагаар тэнссэн Д.Б.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер  мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух,  2007 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгэгдсэн Д.А 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах  аймгийн Эрүүл мэндийн газрын хойд талын замын дэргэд иргэн Д.Атай маргалдан түүнийг чулуугаар цохиж “баруун гарын сарвууны 5-р хурууны 1 үений хугарал, толгойн дагз хэсгийн язарсан шарх гэмтэл”  бүхий эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт, 

 

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах  аймгийн Эрүүл мэндийн газрын хойд талын замын дэргэд иргэн Д.Быг зодож, биед нь “зүүн нүдний дотор буланд, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, хэвлийн урд, баруун талд цус хуралт, цээжний баруун талд нум орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч, хохирогч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 09-р  сарын 09-ний өдөр хүүтэйгээ хамт Д дэлгүүрийн урд явж байхад намайг зогс гэсэн. Тэгэхээр нь тэмдэг тэмдэглэгээ байхгүй байна гэж хэлэхэд салаавч өгөхөөр нь буугаад очиход намайг цохисон. Тэгэхээр нь чулуугаар цохисон.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Одоо А бид 2 эвлэрсэн тул гомдолгүй гэв.

 

 Шүүгдэгч, хохирогч  Д.Ашүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Анх би Б ахтай маргалдаагүй. Зам хагалж доогуур нь шуудуу ухах ажил хийж байсан. Анх машины жолоочтой нь маргалдсан. Д.Б ах бүгдийг үнэн мэдүүлсэн. Д.Б ах над руу чулуу шидэхэд миний толгой оногдсон. Миний чигчий хуруу хугарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Одоо Б бид 2 эвлэрсэн тул гомдолгүй гэв. 

 

Хохирогч Д.Аын:...Манай барилгын бригад 2 дугаар бүрэн дунд сургуулийн зүүн талын 1-1 тоот байшингийн бохирын шугамыг төвийн шугамтай холбох ажлыг хийж байгаа юм. 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн үед уг бохирын шугамыг холбохоор засмал замыг хаах гээд байж байтал хойноос ирсэн машин гэнэт урд талын хэсгийг хаасан хаалтан дээр тулж ирж зогсохоор нь би жолоочид  энд зам хааж байгаа болохоор барилгын цаагуур тойроод явчих гэж хэлсэн чинь тэр жолооч ухраад явах хоорондоо “хаалт юм хумаа олигтойхон хийхгүй яасан гөлөгнүүд вэ” гэж хэлэхэд би түүн  рүү салаавч өгсөн юм. Тэгсэн чинь машиных нь арын хаалгаар нэг ах бууж ирээд газраас чулуу аваад дайрахаар нь баруун гараараа чулууг  хаасан чинь миний гарын алгыг цохичихсон.  Би чулууг нь булааж аваад цааш  түлхэж холдуулсан чинь дахиад над руу  чулуу аваад шидэхэд миний толгойг оночихсон. Миний тархи хагарч, баруун гарын алга хөхөрч хавдсан... Тухайн өдөр би архи пиво хэрэглээгүй эрүүл байсан. Надад гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 04-р хуудас/,

 

Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:...Би 2017 оны 09-р сарын 09-ний өдөр 10 цагийн үед хүү М болон түүний эхнэр О 1 настай хүүгийнхээ хамт дөрвүүлээ Мын машинтай гэрээсээ гараад Д дэлгүүр өнгөрөөд явж байтал замын хажууд байсан хэдэн хүн хөөе зогс гэхээр нь  зогссон юм. Тэгсэн чинь нэг нь бид нарт хэлэхдээ наана чинь зам хааж тэмдэг тавих гээд байна гэсэн. Бид нар буцаад ухраад явахдаа манай хүү та нар наад тэмдгээ аятайхан тавьчихаач гэтэл нэг залуу  юу гээд байгаа гөлөгнүүд вэ зайлаач гэхээр нь би машинаас буугаад тэр залуу руу очоод “та нар ямар муухай харьцдаг залуучууд вэ” гэж хэлсэн чинь  намайг “муу хөгшин төгцөг минь юу гээд байгаа юм бэ” гэсэн.Тэгхээр нь би газраас чулуу аваад толгой  руу нь нэг  удаа цохиход тэр хавьд байсан залуучууд миний хоёр гарыг бариад авсан. Намайг доромжлоод байсан залуу миний гэдэс рүү өшиглөчихсөн. Тэр үед би гэдсээ тэврээд байж байтал миний нүүр  рүү гараараа цохиход миний нүдний шил газар ойчоод өгсөн. Гэдэс бага зэрэг хөхөрч хавдсан. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт 1 хоног эм тариа хийлгэж үзлэг шинжилгээ өгсөн. Хэвтэн эмчлүүлээгүй, надад гаргах санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 06-р хуудас/,

 

   Гэрч М.Гын мөрдөн байцаалтанд өгсөн:... ”2017 оны 09-р сарын 09-ний өдөр 10 цагийн үед намайг барилгынхаа 2 давхарт ажиллаж байхад нэг машинтай хүмүүс ирчихээд Атай маргаад байсан. Тэр үед уг машин дотор явсан нэг ах гартаа чулуу барьчихаад А руу дайраад байсан. Мөн барилгын сапууд буюу дээвэр тулдаг төмөр бариад А руу дайрсан. Тухайн үед Аын тархи хагарсан. Дараа нь гараа шохойдуулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

 

          Гэрч Б.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 09 дүгээр сарын 09-ний 11 цагийн орчим өөрийн эзэмшлийн Приус маркын машинтай аав Б, эхнэр О нарын хамт 2 дугаар сургуулийн зүүн талын засмал замаар хойноосоо урд чиглэлд явж байтал 4 айлын орон сууцны гадаа засмал дээр трубо төмөр байхаар нь зогстол тэнд ажиллаж байсан хүмүүс тойроод явчих гэхээр нь би та нар замын тэмдэг тавьж анхааруулахгүй яасан юм бэ гэтэл нэг үл таних хүн шууд миний өөдөөс зайл гээд салаавч өгсөн. Тэр хүмүүс барилгын дулааны шугам татах гээд замыг сэтэлж байсан хүмүүс байсан юм билээ.Гэтэл аав машинаас бууж ирээд нөгөө хүнтэй маргалдаж эхэлтэл тэнд байсан 7-8 залуучууд тойрч ирээд аав болон надтай зууралдаж,  салаавч өгдөг залуу аавын элэг рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 07-р хуудас/ .

 

Гэрч Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн:....”2017 оны 09-р сарын 09-ний өдөр 10 цагийн үед намайг дэлгүүр орчихоод урдаас барилга руугаа очиж байтал нэг цагаан машин зам дээр гэнэт зогсоод машин дотроос нь нэг хөгшин ах гарч ирээд Атай маргалдаад байсан. Тэгэхэд бас нэг залуу машин дотроос гарч ирээд Атай маргалдсан. Тэр үед тэр хөгшин ах А руу чулуу аваад шидсэн. Тэгээд дахиад чулуу аваад дайрахад нь А барьцалдаад байхад нь би очиж тэр хөгшин хүний хүүхдийг нь салгах үед машин дотроос хүүхдээ тэвэрсэн нэг хүүхэн бууж ирээд наад хүн чинь хөл нь хадаастай шүү дээ гэхээр нь тавьчихсан юм. Тэр үед нөгөө хөгшин ах замын хажууд байсан сапууд бариад цохих гэхэд нь бид нартай хамт ажилладаг Отгонбаатар гэдэг хэлгүй хүүхэд тэр сапуудыг нь булаагаад авсан. Тэгээд л бид нар салцгаагаад хоорондоо маргаж байтал цагдаа ирээд тэнд байсан хүмүүсийг тараагаад явуулсан.Тухайн үед Аын толгой нь хагарсан байсан. Мөн аль нэг гар нь хугарснаас гараа шохойдуулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

 

Гэрч Б.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09-р сарын 09-ний өдер 10 цагийн үед намайг барилгынхаа хоёр давхарт Бтэй хамт ажиллаж байхад нэг приус машинтай хүмүүс замын голд ирж зогсчихоод Атай маргалдаад байсан. Тэр үед машины арын суудлаас нэг хөгшин ах бууж ирээд А  руу чулуу бариад дайраад байсан. Тэгэхэд нь А тэр хүний гарыг барьж байгаа харагдсан. Мөн тэр үед машины жолооч нь бууж ирээд А   руу дайрахад О болон хэлгүй, дүлий Батхүрэл нар болиулах гэж тэр жолоочийг араас нь татаж машин руу нь суулгах гээд байгаа харагдсан. Тэгэхэд нэг хүүхэдтэй хүүхэн бууж ирээд цагдаа дуудах шиг болсон. Удалгүй цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүсийг тараачихаад яваад өгсөн... Ямар ч байсан Аын толгойн арын хэсэг хагарчихсан цус нь гоожиж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 342 дугаартай  дүгнэлтэнд:

1. Д.Аын биед баруун гарын сарвууны 5-р хурууны 1-р үений хугарал, толгойн дагз хэсгийн язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.   3. Дээрхи баруун гарын сарвууны 5-р хурууны 1-р үений хугарал, дагз хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл нь  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 343 дугаартай дүгнэлтэнд:

1.Д.Бын биед зүүн нүдний дотор буланд, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, хэвлийн урд, баруун талд цус хуралт, цээжний баруун талд нум орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрхи гэмтлүүд нь  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

 

-Д.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 64-р хуудас/

 

-Д.Аын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 65-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 9/460 дугаартай тодорхойлолт /хх-ийн 50-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3/358 дугаартай тодорхойлолт /хх-ийн 57-р хуудас/

 

-Д.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/ 

 

-Д.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

 

Шүүгдэгч Д.Б  нь 2017 оны 09-р сарын 09-ний өдөр 10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн нутаг дэвсгэрт аймгийн Эрүүл мэндийн газрын хойд талын замын дэргэд хохирогч Д.Атай маргалдан түүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.А, гэрч М.Г, Б.М, Б.Отгонбаатар, Б.О нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 342 дугаартай дүгнэлт  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

 

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 09-р сарын 09-ний өдөр 10 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн нутаг дэвсгэр  аймгийн Эрүүл мэндийн газрын хойд талын замын дэргэд хохирогч  Д.Бтой маргалдан түүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан  болох нь шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.А, гэрч М.Г, Б.М, Б.Отгонбаатар, Б.О нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 343 дугаартай дүгнэлт  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

  Шүүгдэгч  Д.А, Д.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгч Д.Быг   хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

  Шүүгдэгч Д.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

  Шүүгдэгч Д.Бын үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, 

 

Шүүгдэгч Д.Аын үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх,нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

  Д.Б, Д.Анарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Б, Д.Анар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт  эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Б, Д.А нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг  тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Д.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Аыг мөн хуулийн   11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б, Д.Амгланбаатар нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Б, Д.Анар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан Д.Б, Д.Анар  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний бичиг баримт,  эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй,  хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Д.Анарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА