Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2024/0120

 

2024 02 06 128/ШШ2024/0120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д******* ХХК-ийн захирал Д.Э*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О*******

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар

Гуравдагч этгээд: Д******* ХХКТБОНӨО

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З*******

Д******* ХХКТБОНӨО-ийн нэрийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д******* ХХК нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан Д******* ХХКТБОНӨО-ийн нэрийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах-аар маргасан.

2.Д******* ХХК нь Д******* ХХКТБОНӨО-ийн нэрийн бүртгэлийн хүчингүй болгуулахаар өгсөн гомдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр татгалзсан хариу өгч, Д******* ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/1809 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2198 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Манай Д******* ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Д******* ХХКТБОНӨО-ийг гэсэн манай компанийн нэртэй ижил, төсөөтэй нэртэй хуулийн этгээд байгуулагдсан байна.

Д******* ХХКТБОНӨО нь Засгийн газрын 2020 оны 185, 234 дүгээр тогтоолоор Д******* төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах зорилгоор Д******* ХХК-ийн нэртэй ижил, төсөөтэй нэрийг бүртгүүлэн манай компанийн хэрэгжүүлж байсан төсөөтэй ижил төслийн ажлыг хэрэгжүүлэх зэргээр олон нийтийг төөрөгдөлд оруулж, манай компанид ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт Д******* ХХК-ийн нэртэй ижил, төсөөтэй нэрийг бүртгэсэн нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 хуулийн этгээдийн нэр гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг ойлгоно., Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339-р тогтоолоор батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3 дугаар зүйлийн 3.10 Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэх баталгаажуулахгүй; 3.10.4. баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр өсөөтэй бол хэмээн заасныг тус тус зөрсөн.

Д******* ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөл дээр дэд бүтцийн ажил гүйцэтгэх байсан нь ижил төстэй нэрээрээ олон нийтийг төөрөгдөлд оруулж, дэд бүтцийн ажлаа хийх байсан төсвийн мөнгөөр Д******* ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөлтэй давхцуулсан ижил чиглэлийн үйлдвэр барихаар ажлын тендер зарлаж байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж, уг дэд бүтцийн ажил хийгдээгүйгээс төсөл зогссон асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Нэгдүгээрт: Нэрийг ашиглаж, Хоёрдугаарт: Төсвийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй (Засгийн газрын 2019 оны 226, 2020 оны 178-р тогтоол болон Бодлогын гэрээгээр буюу Д******* ХХК-ийн Хүүгийн татааст төлөх ёстой байсан төсвийн мөнгийг төслийн бэлтгэл зардалд зарцуулсан. Гуравдугаарт: Төсвийн мөнгөний зориулалтыг өөрчлөн зарцуулсан. Зарцуулахдаа Д******* ХХК-ийн дэд бүтэц, үйлдвэрийн төслийн бэлтгэлийн ажил буюу нэрийг ашиглаж, Засгийн газрын 2020 оны 185, 234-р тогтоолыг урвуулан ашиглаж зарцуулсан нь тендерийн баримт бичигт тодорхой байгаа.

Ингээд эдгээрийн үр дүнд нь Нэгдүгээрт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Засгийн газрын 2019 оны 226, 2020 оны 178 дугаар тогтоол болон бодлогын гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүйгээс болж хүүг төлөх ёстой үүргээ биелүүлээгүйгээс хөгжлийн банкны санхүүжилт муу ангилалд орсон. /Үүний нотлох баримт нь хөгжлийн банкны нэхэмжлэлүүд/ Дэд бүтцийн ажлыг бүрэн зогсоож, цаашид төр хувийн хэвшил хэрхэн хамтрах, төр улсын стратегийн төсөлд хариуцах үүргээсээ зугтаж, Засгийн газрын 2020 оны 185, 234 дүгээр тогтоолуудыг урвуулан ашиглах үйлдлээр Д******* ХХК-ийн дэд бүтцийг хийх үүргээ биелүүлээгүй. Үүссэн хохирол нь: 40.8 тэрбум төгрөгийн дэд бүтэц балгас болж үлдээд байна. Үүний нотлох баримт нь Үндэсний аудитын тайлан юм.

Жирийн иргэд Хуулийн этгээдийн улсын бүртгэл дээр очоод нэр авах гэхээр төстэй нэр байна гээд авч болдоггүй хэрнээ яам хууль зөрчиж, бусадтай ижил, төстэй нэр авч болж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалтыг зөрчиж байна.

2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу Засгийн газрын 185 дугаар тогтоол гарсан байдаг. Гэтэл Улсын бүртгэлийн тухай хуулиараа 30 хоногийн дотор бүртгүүлэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлсэн байх ёстой байсан. Гэтэл улсын бүртгэлд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 5 хоногийн дараа буюу Засгийн газрын 234 дүгээр тогтоол 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дүрэм нь батлагдаад тухайн өдрөө буюу хуулийн хугацаанаас 5 хоногийн дараа бүртгэсэн нь Улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчиж байна. Мөн улсын бүртгэлийн хувийн хэрэгт анх бүртгүүлэхдээ хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл гэж хүсэлт өгсөн байна. Тиймээс хуулийн этгээдийн улсын бүртгэл дээрх нэрийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид Д******* төслийг ТЭЗҮ төслийн бэлтгэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд төсвөөс нэг төгрөг ч гаралгүйгээр 1 сая долларт багтааж хийсэн байдаг. Гэтэл төрийн 2 явж байгаа Эмээлт, дархан, арьс ширний бүтээн байгуулалт 2 маань бол төсвийн мөнгөөр, дээрээс нь дэлхийн банкны мөнгөөр манайхаас 2 дахин бага, нөгөөдөх нь 3 дахин бага ийм хүчин чадлын хүрээнд 2 дахин бага байж өнөөдрийн та хэд маань төсвөөс зарцуулаад байгаа мөнгөө олж хараарай хэдийг зарцуулчхаад байна. нөгөө бусад юмнууд нь дэлхийн банктай 20 сая доллароор нь бид нарыг захиран зарцуулаад буруу зүйлд зарцуулчихлаа, үнэтэй шахчхаад байна гэж олон нийтэд төөрөгдөл учруулаад байгаа юм.

Гэтэл бид тэр улс хийдэг цаас хийх гэж байгаа мөнгөөр нь хийж чадахгүй хэдэн 100 сая, хэдэн 100 тэрбумаар та нарын гараад байгаа төсвийн талыг нь хийчихсэн зогсож байгаа шүү. Тэрийг мэргэжлийн байгууллагууд нь хувьтай тоотой гаргасан байдаг. Тэгэхээр хувь хүний үүднээсээ бас жоохон ч гэсэн хумсны толионы хэмжээний сэтгэл, улс орныхоо төлөө хувь хүн, хувийн хэвшил бид нар харж болж байхад иргэн та хараарай гэж би энэ гуравдагч талаас бас хүсмээр байна. гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Д******* ХХКТБОНӨО-ийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22, Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8.3, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд заасан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 185 дугаар тогтоол, хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт, хаягийн нотлох баримтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг яам ТБАГ-ын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, УБ-03, УБ-12 өргөдлийн маягт, тэмдэгтийн хураамж тушаасан баримт, бүтэц зохион байгуулалт зэрэг холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгсөн байна. Уг бүртгэлийг бүртгэхдээ Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хууль болон хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журамд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ирүүлснийг үндэслэн бүртгэсэн ба Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 19.4.3-т заасан татгалзах үндэслэлгүй байна. Иймд хууль зөрчиж бүртгэл хийсэн гэх үйлдэл харагдахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д******* ХХКТБОНӨО шүүхэд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.10 дахь заалтад Мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах байгальд ээлтэй цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ..., Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.10.1 дэх заалтад Д******* үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тус тус тусгасан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор Д******* төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах Д******* ХХКТБОНӨО-ийг байгуулж, мөн оны 234 дүгээр тогтоолоор компанийн дүрмийг баталсан. Манай компани нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилго тавин Дархан-Уул аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Дарханы арьс шир үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг ханган, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хонь, ямааны арьс, үхрийн шир боловсруулах чийт 5 үйлдвэр, химийн материал, түүхий эдийн агуулах бүхий, жилд 4.4 сая ширхэг арьс, шир боловсруулах хүчин чадалтай үндэсний томоохон цогцолборыг барьж, байгуулах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Д******* ХХКТБОНӨО нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдаж, Засгийн газрын 2020 оны 185, 234 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох хуулийн хүрээнд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.

Компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ холбогдох хууль тогтоомж, журмын дагуу бүртгүүлсэн бөгөөд улсын бүртгэлийн байгууллага ч хууль журмын хүрээнд бүртгэж авсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч этгээд нь төслийн анхны зорилгыг гажуудуулж, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй үндэслэлээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа мэдээлэл байгаа бөгөөд манай компанийн нэрээс болж нэхэмжлэгчид ихээхэн хэмжээний хохирол учирсан гэсэн нь үндэслэлгүй юм.

Манай компани нь Монгол Улсын Засгийн газар, Хувьцаа эзэмшигч буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компанийг анх улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээс эхлээд өнөөдрийг хүртэл хууль тогтоомж зөрчсөн аливаа үйл ажиллагаа явуулаагүй болохыг дахин нотолж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохыг үүгээр уламжилж байна. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 226 дугаар Д******* байгуулах төслийн тухай тогтоол батлагдан гарсан. Уг тогтоолд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Д******* байгуулах төслийн бүтээн байгуулалтыг холбогдох судалгаа, тооцоо, хөрөнгө оруулалтын шаардагдах эх үүсвэрийг судалж, төслийн эх үүсвэрийн асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасугай, энэ тогтоолын нэгт заасан төслийн тооцоо, хөрөнгийн шаардлагатай эх үүсвэрийг үндэслэн хөрөнгийн эх үүсвэрийг хөнгөлөлттэй зээлийн жишгээр тооцон зээлийн зардлыг жил бүр улсын төсвөөс гаргуулах тогтоол гарсан. Үүний дараа Монгол Улсын Их хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн 3.3.10 дахь заалтад мал, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, цогцолбор байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөний 3.3.11 дэх хэсэгт Д******* үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тус тус тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 185 дугаар тогтоолоор төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай тогтоолоор Д******* ХХКТБОНӨО-ийг байгуулсан. Ингээд Засгийн газрын тогтоол гарсан учраас тухайн үеийн гүйцэтгэх удирдлага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх баримт бичгийн бүрдлийг хангаж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээс хойш компани гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн үед Хуулийн этгээдийн бүртгэлийн газар хууль тогтоомжид заасны дагуу холбогдох баримт бичгийг үнэлж, дүгнэж улсын бүртгэлд бүртгэж авсан. Нэхэмжлэгч дурдахдаа хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад гаргана гэсэн хуулийн зохицуулалттай. Энэ хугацааг 60 хоногоор нэг удаа сунгаж болдог хуулийн зохицуулалттай.

Тухайн үеийн удирдлага улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүний дагуу үйл ажиллагаа явуулаад Монгол Улсын Засгийн газар болон Хүнс, хөдөө аж аху, хөнгөн үйлдвэрийн яам нь манай хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. Хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн чиглэл, шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 185 дугаар тогтоолоор манай компани байгуулагдсан. Улсын бүртгэлийн байгууллага тухайн тогтоолыг хэрэгжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Манай компани тухайн тогтоолын дагуу байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчиж хохирол учруулсан гэж үзэхгүй байна. Хэрвээ үнэхээр энэ тогтоол нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд саад учруулсан гэж байгаа бол Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах ёстой юм болов уу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар сонгож нэхэмжлэлээ гаргах байсан юм болов уу гэж үзэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас Д*******ын бүтээн байгуулалт ХХКТБОНӨО-ийн нэрийг хууль, журамд нийцүүлэн баталгаажуулалт хийх хүртэл Д*******ын бүтээн байгуулалт ХХКТБОНӨО-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Д******* ХХК нь Д******* ХХКТБОНӨО-ийн нэрийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн үндэслэлдээ:

2.1. Д******* ХХК-ийн ижил төстэй нэрээр олон нийтийг төөрөгдөлд оруулж, дэд бүтцийн ажлаа хийх байсан улсын төсвийн мөнгөөр манай хэрэгжүүлж байгаа төсөлтэй давхцуулсан ижил чиглэлийн үйлдвэр барихаар тендер зарлаж байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж, манай төсөл зогссон.

2.2.Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339-р тогтоолоор батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3.10, 3.10.4 заасныг зөрчиж бүртгэсэн.

3. Нэхэмжлэгч Д******* ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн,

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор Д******* төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах Д******* ХХКТБОНӨО-ийг байгуулж, мөн оны 234 дүгээр тогтоолоор компанийн дүрмийг баталж, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

4.Монгол улсын ерөнхий сайдын 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 102 дугаар захирамжаар Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортод гаргах Д******* байгуулах түүнд шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хуралд /3 х.х-66/ нэхэмжлэгч Д******* ХХК-ийн захирал Д.Э******* оролцож, тус компанийн хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар хэлэлцсэн, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор Д******* төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах Д******* ХХКТБОНӨО-ийг байгуулахаар шийдвэрлэсэн.

5.Үүнээс үзэхэд Д******* ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах зорилгоор Д******* ХХКТБОНӨО-ийг байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Д******* ХХК-иас өөрийн компанийн нэртэй ижил төстэй нэр болох Д******* ХХКТБОНӨО нэрийг уг аж ахуйн нэгжийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн гэх гомдол үндэслэлтэй байна.

6.Хариуцагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Д******* ХХКТБОНӨО-ийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 185 дугаар тогтоол, хуулийн этгээдийн нэр баталгаажуулалт, хаягийн нотлох баримтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг яам ТБАГ-ын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, УБ-03, УБ-12 өргөдлийн маягт, тэмдэгтийн хураамж тушаасан баримт, бүтэц зохион байгуулалт зэрэг баримт бичгийг үндэслэн бүртгэсэн гэж тайлбарлажээ.

7.Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3.энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;,

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т хуулийн этгээдийн нэр гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг ойлгоно., 13 дугаар зүйлийн 13.3.Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна:, 13.3.2.бусад хуулиар хориглоогүй., 13.4.Өргөдөл гаргагч шинээр ... байгуулагдах хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг тухайн хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад гаргана. гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339-р тогтоолоор батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3 дугаар зүйлийн 3.10-т Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй; 3.10.4.баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол гэж,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалын хавсралтаар баталсан Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 6.2.Шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд иргэн, хуулийн этгээд дараах баримт бичгийг бүрдүүлэн, өргөдөлд хавсаргана:, 6.2.1.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт; гэж заасан.

8.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Д*******ын бүтээн байгуулалт ХХК ТБОНӨО-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх хүсэлтэд тус компанийн нэрийн баталгаажуулалтыг дээр дурдсан хууль, журамд нийцүүлэн хийгээгүй байна.

9. Иймээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас Д*******ын бүтээн байгуулалт ХХКТБОНӨО-ийн нэрийг хууль, журамд нийцүүлэн баталгаажуулалт хийх хүртэл Д*******ын бүтээн байгуулалт ХХКТБОНӨО-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг тус тус баримтлан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас Д*******ын бүтээн байгуулалт ХХКТБОНӨО-ийн нэрийн баталгаажуулалт хууль, журамд нийцүүлэн хийх хүртэл Д*******ын бүтээн байгуулалт ХХКТБОНӨО-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас нэрийн баталгаажуулалтыг дахин хийгээгүй тохиолдолд Д*******ын бүтээн байгуулалт ХХК ТБОНӨО-ийн нэрийн бүртгэл хүчингүй болох бөгөөд 1 сарын хугацаа нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН