Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   М.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2019/00482 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 48 айлын орон сууцны 42 тоотод оршин суух, О овогт М.Г /ПД58110172/-ын нэхэмжлэлтэй, ХИС-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Г.Б, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ээлжийн амралтын олговрын дутуу 1,025,598 /нэг сая хорин таван мянга таван зуун ерэн найм/ төгрөг гаргуулах тухай .

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд их сургуульд зөвлөх профессороор ажиллаж байгаа. 2018 оны 11 дүгээр сард 60 нас хүрсэн учраас тэтгэвэрт гарсан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хичээлийн жил дуустал ажиллахад амралтын мөнгийг дутуу олгосон гэж би үзэж байна. Надад оногдох ёстой байсан амралтын 50 хувийг бодож олгосон учраас дутуу мөнгөө гаргуулахаар шүүхэд хандсан. Энэ тооцоог надад амралт тооцож олгосон ажилтан болон мэргэжлийн нягтлан бодогчоос зөвлөгөө авч тооцуулсан....Би 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр амралт дууссан. Миний тооцсоноор 21 хоногийн амралтын хоногийг, түүнд ногдох ээлжийн амралтын олговор 1,025,598 төгрөгийг олгоогүй байгаа....Надад энэ хугацаанд 40 хоногийн амралт тооцогдох ёстой. Яагаад гэвэл бүтэн хичээлийн жилд 48 хоног амрах ёстой гэхээр би 8 хоногийн амралтаа тооцуулж авсан учраас одоо надад 40 хоногийн амралт тооцогдох ёстой гэж үзэж байна. Гэтэл надад 19 хоногийн ээлжийн амралт олгож, түүнд ногдох олговрыг олгосон....Профессороор ажиллаж байхад багштай ажиллах гэрээ байгуулсан” гэжээ.

 

            Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгч М.Г нь ХОИС-д багшаар ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Тэгээд багшийн ажлаас чөлөөлж 11 дүгээр сарын 01-ний өдрөөс зөвлөх профессороор ажиллуулах захирлын тушаал гарсан. Тэтгэвэрт гарсан багш 50:25 хувиар зөвлөх багшаар ажиллах боломжтойг багшийн ажлын журамд зааж өгсөн. Мөн багшийн ажлын журмын 4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар профессор багшийн хувийн бүтэн жилийн хугацаанд 14 кредит гүйцэтгэн гэж заасан. М.Г багш дээрх кредитийн 50 хувийг гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлтэй  байгаа. Мөн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирлын гаргаж өгсөн тодорхойлолт байгаа. Хөдөлмөрийн тухай хуулиар  7 хоногийн ажлын цаг нь 40 цаг байна. Ердийн ажлын цаг нь өдөрт 8 цаг байдаг. Гэтэл М.Г багш 5 өдөр бүтэн ажлаагүй. 2 сарын хугацаанд 7 хоногт 3 өдөр үлдсэн хугацаанд нь 7 хоногт 2 өдрийн хичээл заадаг, нийт 20 цагийн хичээл заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ажилтанд ажилласан цагаас нь хамаарч цалин хөлс олгоно гэж заасан. М.Г багшийн гүйцэтгэл ажил хийсэн цаг нь 50 хувийн гүйцэтгэлтэй байсан. Профессор багш 50 хувийн гүйцэтгэлтэй бол 24 хоногийн амралт бодуулдаг, 25 хувийн гүйцэтгэлтэй багш бол 12 хоногийн амралт бодуулдаг. Тэгэхээр М.Г багш 11 дүгээр сарын 01-ний өдрөөс профессор багшаар ажилласан учраас энэ 2 сарын хугацаанд ажилласан амралтыг тооцсон. Өмнө нь ажиллаж байсан хугацааны амралтыг тооцоод цалин хөлсийг нь бодож тэтгэвэрт гарахад нь олгосон. Үлдсэн ажилласан хугацаанд ногдох 19 хоногийн амралтыг Ховд их сургуулийн захирлын ээлжийн амралт баталсан тушаалаар 19 хоног амрах нь зүйтэй гэсэн тушаал гарсан. Энэ талаар нягтлан бодогчтой тооцоо нийлсэн. М.Г багш зөвлөх профессор багшаар томилогдсоноос хойш нийт ажлын хоногийг амралтаа авах хүртэл тооцохоор 150 хоног байгаа юм. Ажлын хоног нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс бодохоор ажлын 150 өдөр байгаа. 7 хоногт ажлын 5 өдөр байдаг учраас тооцож үзэхээр М.Г багш 37 хоног ажилласан. 37 хоногоос нь 9,1 0 сарыг хасаад бодохоор 11,12 сар ажилласан. Дараагийн улиралд 7 хоногийн 2 өдөр ажилласан гээд тооцож үзэхээр М.Г багш 73 хоног Ховд их  сургуульд ажилласан. Уг нь ажлын 1 хоног гэдэг нь ажлын 8 цагаас бүрддэг. Нэхэмжлэгч ажлын 8 цагаа гүйцэтгэж ажлаагүй. Ажилласан хугацааг нь бодож үзэхээр 73 хоног ажилласан. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс бодож үзэхээр амралт авсан хоногийг тооцож үзэхээр амралт авсан өдрөөс шалтгаалан тооцохоор багш нь нийт 48 хоног амардаг. Гэтэл М.Г багш 73 хоног ажилласан учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилласан хугацаа гүйцэтгэлийг нь харгалзан үзээд ээлжийн амралтыг тооцсон тул хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2019/00482 дугаар шийдвэрээр:” 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т зааснаар хариуцагч Ховд их сургуулиас ээлжийн амралтын олговрын дутуу 862,575 /найман зуун жаран хоёр мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 163,023 /нэг зуун жаран гурван мянга хорин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,164 /хорин есөн мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд их сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 25,251 /хорин таван мянга хоёр зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Г олгосугай гэж шийдвэрлэжээ. 

 

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт бүрнээр нь дүгнэлт хийж, нотлох баримтаар үнэлэлгүй, шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчийн тайлбар нь нотлох баримтаар үнэлэгддэг байхад шүүх зохигчийн тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.

Нэхэмжлэгч нь байнгын ажлын байранд ажиллаж байгаа үндсэн багш биш, өндөр насны тэтгэвэрт гарсан, гэрээгээр ажилладаг, зөвлөх багш юм. Дээд боловсролын тухай хуулиар багшийн албан тушаалд зөвлөх профессорыг оруулаагүй байхад анхан шатны шүүх үндсэн багш гэж үзэн Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасан багшийн ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгох нийгмийн баталгаагаар хангагдах нь зүйтэй гэж үзлээ гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн            Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч М.Г нь ХОИС-д холбогдуулан ээлжийн амралтын олговрын дутуу 1,025,598 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлээр тооцож ээлжийн амралт, түүнд ногдох ээлжийн амралтын олговрыг олгосон” гэж тайлбарлажээ.

            М.Г нь Ховд Их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх, нийгмийн ухааны тэнхимийн профессор багшаар ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж, мөн өдрөөс эхлэн тэнхимдээ зөвлөх профессороор ажилласан байна.

            Зөвлөх профессороор ажиллахдаа профессорын албан тушаалын цалингийн 50 хувиар тооцож, эрдмийн зэрэг цолны 25 хувийн нэмэгдлийн хамт сар бүр цалин олгохоор Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдоржийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/231 дугаартай тушаалд заажээ.

            Нэхэмжлэгч М.Г нь “би бүтэн жилд 48 хоног амрах ёстой, гэвч би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарахдаа 2018 оны 9, 10 сард ногдох 8 хоногийн амралтаа тооцуулаад авчихсан учраас 40 хоног амрах ёстой. Гэтэл миний 40 хоногийн амралтыг 19 хоногоор тооцож, түүнд ногдох олговрыг олгосныг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан” гэж тайлбарлажээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамцэцэг нь “... М.Г нь 1 дүгээр улиралд 63 хоног ажиллахаас 38 хоног, 2 дугаар улиралд 87 хоног ажиллахаас 35 хоног ажилласан нийт 150 хоногийн ажлын өдрөөс хичээл заасан өдөр нь 73 өдөр байгаа, энэ 73 өдрийг яаж тооцсон гэхээр 7 хоногийн ажлын гүйцэтгэл нь 40 цаг байдаг тул үүнийг нарийвчлан тооцоогүй, хэрэв тооцсон бол үүнээс бага гүйцэтгэлтэй байх байсан” гэж тайлбарлажээ.

            Ховд их сургуулийн багшийн ажлын журмын 4 дүгээр зүйлд багшийн ажлын кредит тооцох тухай заасан байх бөгөөд 4.1.1-д зааснаар багшийн ажлын кредит нь “сургалтын, эрдэм шинжилгээ бүтээлч ажлын, сургууль олон нийтийн үйлчилгээний” гэсэн 3 хэсгээс бүрддэг байна. 

            М.Г нь зөвлөх профессороор ажиллах хугацаандаа 7,78 багц цагийн сургалтын ажил, 7,7 багц цагийн эрдэм шинжилгээний ажил, 5,6 багц цагийн бусад ажил буюу сургууль олон нийтийн үйлчилгээний ажил нийт 21,08 багц цагийн ажил гүйцэтгэсэн байх бөгөөд хөлс олгох илүү гүйцэтгэсэн багц цаг нь  2,58 кредит болохыг тооцож, тэнхимийн эрхлэгч болон ССБЗ албаны арга зүйч нартай тооцоо нийлсэн баримт хэрэгт авагдсан байна.

Өөрөөр хэлбэл багшийн ажлын журамд заасны дагуу багшийн ажил нь А хэсэг буюу сургалтын ногдол кредит, В хэсэг буюу эрдэм шинжилгээ, судалгааны ажлын кредит, С хэсэг буюу бүтээлч ажлын кредит гэсэн 3 хэсгээс бүрдсэн байхад зөвхөн А хэсэг буюу сургалтын цагийн гүйцэтгэлийг тооцож, түүнд ногдох амралтыг олгох ёстой гэж мэтгэлцэж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн “Ховд их сургуулийн багшийн ажлын журам”-д зөвлөх профессортой 1-9 сарын хугацаатай гэрээ байгуулж ажиллуулахаар зохицуулсан байхад ажил олгогч Ховд Их сургууль нь ажилтан М.Г-той цалин хөлс болон ээлжийн амралтын хоног, түүнд ногдох олговрыг хэрхэн олгох талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй байна.

Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд ийнхүү гэрээ байгуулаагүй нь ажилтныг буруутгах үндэслэл болохгүй юм.

             Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2019/00482 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй   орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Н.ТУЯА

  

                   ШҮҮГЧИД                                                    Б.ДАМБА

                                                                     

                                                                                                   М.НЯМБАЯР