Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/42

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Х.А, Х.Ж, Д.Н,

 Х.С нарт холбогдох эрүүгийн  хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж, ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Б, шүүгдэгч Х.А, Х.Ж нарын өмгөөлөгч Н.Э, шүүгдэгч Д.Нийн өмгөөлөгч С.П, шүүгдэгч Х.Сын өмгөөлөгч Г.Э, шүүгдэгч Х.А, нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулж нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШТ/28 дугаар тогтоолтой Х.А, Х.Ж, Д.Н, Х.С нарт холбогдох эрүүгийн 2012000000373 дугаартай хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Овоотын энгэр гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, Х.А

 

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, малчин, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 01-02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х.Ж

 

Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, малчин, Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Овоот гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, Д.Н

 

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, малчин, Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Овоотын энгэр гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, Х.С

 

Х.А нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Ч.Мыг Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Долоотын эрүү гэх газар гуян тус газар нь хутгалсны дараа Тамирын голын усанд живүүлж алсан,

Х.Ж нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын цагдаагийн хэсгийн өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “гэмт хэрэг үйлдэгдсэн газар Х.А, Х.С нарын хамт очоогүй, Д.Н, Х.А, Х.С, Ч.М нарын хамт архи согтууруулах ундааны зүйл уугаагүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Д.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутагт байх гэртээ мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Х.С, Х.А, Х.Ж, Ч.М нарын хамт архи согтууруулах ундааны зүйл уугаагүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Х.С нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын цагдаагийн хэсгийн өрөөнд мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “гэмт хэрэг үйлдэгдсэн газар Х.А, Х.Ж нарын хамт очоогүй, Д.Н, Х.А, Х.Ж, Ч.М нарын хамт архи согтууруулах ундааны зүйл уугаагүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШТ/28 дугаар тогтоолоор шүүгдэгч Х.А, Х.С, Х.Ж, Д.Н нарт холбогдох 2012000000373 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд прокурор С.Б гаргасан эсэргүүцэлдээ: “Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх С.Б би шүүгдэгч Х.А, Х.С, Х.Ж, Д.Н нарт холбогдох 2012000000373 дугаартай хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2021/ШТ/28 дугаартай шүүхийн тогтоолоор хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүхийн тогтоолд шүүгдэгч Х.А, Х.С, Х.Ж, Д.Н нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ба бусад зөрүүтэй мэдүүлгүүдийг шалгах, бүлэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар амь хохирогч Ч.Мыг алсан байж болзошгүй нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй байна гэж шүүх дүгнэж дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр заасан байна. Үүнд:

- 2020 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө амь хохирогч Ч.Мыг алсан гэх хэрэгт шүүгдэгч Х.Ж, Д.Н нарын оролцоо байсан эсэх, Х.А нь амь хохирогчийг хутгалсны дараа хэнтэй яаж зөөвөрлөж усанд хийсэн зэргийг шалгах,

- 2020 оны 11 дүгээр сарын 11-ний орой, шөнө Д.Нийнд зодоон болсон байж болзошгүй, яагаад талийгаач Э.М-ын хөлийн ороолт тэдний хашаанд байсан, гэрт байсан шкафны толь хагарсан шалтгаан, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг Д.Нийн гэрээс хэн хэзээ ямар шалтгаанаар авсан зэргийг тодруулж шалгах,

- Шүүгдэгч Х.А нь амь хохирогч Ч.Мыг алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж тогтоох зэрэг болно гэжээ.

Шүүхийн тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, тогтоолд заасан мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт Х.А нарт холбогдох хэргээс нотлох баримтыг түүвэрлэн дурдаж бусад зөрүүтэй мэдүүлгүүдийг шалгах, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар амь хохирогч Ч.Мыг алсан байж болзошгүй нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй гэх дүгнэлт хийж шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан байхад Х.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан үнэлэлгүйгээр дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч Х.Ж, Д.Н нар хохирогчийг амь хохирохоос өмнөх нөхцөл байдлыг худал мэдүүлсэн болох нь уг шүүгдэгч нарын анх өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байхад дахин шалгуулах нь хэрэгт ач холбогдолгүй, хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагад нөлөөлөхөөргүй юм.

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад бодит үнэлэлт дүгнэлт өгөлгүй ямар ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж байгаа нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Х.А, Х.Ж, Х.С нар нь төрсөн ах дүүс, Д.Н нь төрөл садангийн холбоотой бөгөөд хэргийн хамрах хүрээ зөвхөн эдгээр хүмүүсээр хязгаарлагдаж байгаагийн зэрэгцээ Х.А, Х.Ж, Х.С, Д.Н нараар хэргийг нотлуулах боломжгүй гэж үзэж байна. Ч.Мыг алсан гэх хэрэгт Х.Ж, Д.Н нар нь бүлэглэн оролцсон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, цаашид мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь ач холбогдолгүй байна.

2. Д.Нийн гэрийн орчмоос Ч.Мын хөлийн ороолт гарч ирсэн ба гэрт байсан шкафны толь хагарсан, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг хэн хэзээ ямар шалтгаанаар авсан зэрэг нөхцөл байдлыг тогтоолгох нь хэргийн зүйлчлэл, нотолгоонд ач холбогдолгүй байна.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “онц харгис хэрцгий” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж байх ойлголт хамаарна. Э.М-ын биед үүссэн гэмтэл шарх нь ир үзүүртэй зүйлээр зүсэгдсэн болон халцарсан гэмтлүүд байх бөгөөд энэ нь Х.А, Ч.М нар хутгатай ноцолдох, унах үедээ авсан гэмтэл гэж үзэхээр байгаа бөгөөд өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, зовж зүдрэхээр байдал бий болгосон гэх үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр Ч.М нь амьсгал бүтэж нас барсан болох нь тогтоогджээ. Тэрээр гуян тус газраа хутгалуулж хүнд гэмтэл авч цус алдан шокийн байдалд орсныг Х.А нь амь хохирогчийг үхсэн гэж ойлгон голын усанд хийсэн болох нь шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэг, яллагдагч Х.Аийн мэдүүлэг зэргээр давхар тогтоогдож байгаа ба яллагдагч хохирогчийг усанд хийж амьсгал бүтэлтэд хүргэсэн гэмт үйлдлийн улмаас хохирогч нас барсан байна. Ч.М нь согтолтын хүнд зэрэгтэй байх үедээ нас барсан гэх дүгнэлт гарсан хэдий ч Х.А нь мөн адил согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд эдгээр хүмүүсийн дунд хүчний тэнцвэргүй байдал үүсэж Ч.М нь биеэ хамгаалж чадахааргүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7-д заасан хүндрүүлэх шинжүүд тогтоогдохгүй байна.

Иймд тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШТ/28 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн тогтоолын үндэслэл нь тодорхойгүй байна гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Энэ хэргийг прокурорт буцааж, шалгуулах ёстой зүйлсийг шалгуулах саналтай байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Прокурорын бичсэн эсэргүүцэл нь үндэслэлгүй байна.  Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШТ/28 дугаар тогтоол нь үндэслэлтэй байна. Тухайн хэргийн зүйлчлэл дээр анхаарах хэрэгтэй байна. Шүүхийн тогтоолд зүйлчлэлийн талаар болон тэрийг хий гэж заах боломжгүй юм. Харин агуулгын хувьд хийгдэх ажиллагааг тодорхой зааж өгсөн. Өмгөөлөгч миний хувьд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШТ/28 дугаар тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШТ/28 дугаар тогтоолыг хүлээж авах боломжгүй юм. Өмгөөлөгчийн хувьд хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Анхан шатны шүүх нь хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Тухайн хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Тухайн хэргийн үйл явдал нотлогдсон гэж үзэж байна.” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурор С.Б-ийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн Х.А, Х.Ж, Д.Н, Х.С нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Х.А, Х.Ж, Д.Н, Х.С нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

- Шүүгдэгч Д.Нийн малын хашааны шургааган завсраас хохирогч Ч.Мын хөлийн ороолт олдсон байх ба энэ талаар шүүгдэгч Х.А “Би Ч.Мыг хутгалсны дараа цусыг нь тогтоох гээд дээлийнх нь хормойгоор ороох гэтэл болохгүй байхаар  нь би өөрөө гутлаа тайлтал би хөлөө ороогоогүй байсан. Тиймээс Ч.Мын гутлыг тайлаад жийрэг болгож ороосон байсан цагаан өнгийн ороолтоор нь түүний цус гарч байсан зүүн талын гуяыг чангалж ороосон байсан. Тэгээд цус тогтоох гэж оролдоод байтал Ч.М ухаангүй болоод үхсэн байсан. Тиймээс би энэ ороолттойгоо байвал хүмүүс намайг алсан гэдгийг мэдчих байх гэж бодоод би ороолтыг нь өөрөө тайлж аваад усанд угаагаад өвөртлөөд явсан. Би уг ороолтыг 2020 оны 11 сарын 12-ны өглөө Д.Н ахынд очиж Х.Жгийн мотоциклыг сольж унаж Архангай аймаг руу ирэх үедээ малын байр буюу хашааных нь ар тал руу шидсэн” гэж /х-2, х-77/, гэрч Б.Э “Би 2020 оны 11 сарын 18-ны өдөр санагдаж байна /өдрийг нь сайн санахгүй байна/, гэрийн баруун хойно байх малын байрыг шавж байхад цагаан өнгийн тааран даавуун зүйл хашааны шургааган завсарт дэлгэсэн гэмээр байхаар нь үүнийг аваад Ч.Мын ороолт байхгүй байна гэж сурагласан Ж.Э-д хэлүүлсэн” гэж /х-2, х-35/ тус тус мэдүүлсэн байх ба гэмт хэрэг гарсан шөнө Х.Аийн хоносон гэх Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Долоотын бага булан гэх газарт байх гэрт үзлэг хийсэн тэмдэглэлд “Уг гутал дотор ягаан өнгийн хиртэж бохирлогдсон ороолт /жийргэвч/ байх ба нойтон чийгтэй байв” гэсэн байна.

- Хэргийн газраас олдсон уяаны уртын хэмжээ, уяанд цусны ул мөр байсан эсэх нь тодорхойгүй, уг уяаг хууль зүйн дагуу бэхжүүлж хэрэгт хавсаргаагүй.

- Гэмт хэрэг гарсан өдөр шүүгдэгч Д.Нийн гэрийн шкафны шил хагарсан байх ба энэ талаар гэрч Б.Э “Би 2020 оны 11 сарын 11-ний өдөр гэрээ цэвэрлэхэд зүгээр хэвийн байсан. 2020 оны 11 сарын 12-ны өдөр тоосоо арчтал хагарсан байсан” гэж мэдүүлсэн байна.

- Шүүгдэгч Х.А нь хохирогч Ч.Мыг шүүгдэгч Д.Нийн гэрт байсан хутгаар хутгалсан байгаад анхаарал хандуулж шалгаагүй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байх тул анхан шатны шүүхийн тогтоолд заасан “2020 оны 11 дүгээр сарын 11-ний орой, шөнө Д.Нийнд зодоон болсон байж болзошгүй, яагаад талийгаач Ч.Мын хөлийн ороолт тэдний хашаанд байсан, гэрт байсан шкафны толь хагарсан шалтгаан, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Д.Нийн гэрээс хутгыг хэн ямар шалтгаанаар хэзээ авсан зэргийг тодруулж шалгах” үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь зөв байна.

 

Харин 2020 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө амь хохирогч Ч.Мыг алсан гэх хэрэгт шүүгдэгч Х.Ж, Д.Н нарын оролцоо байсан эсэх, Х.А нь амь хохирогчийг хутгалсны дараа хэнтэй яаж зөөвөрлөж усанд хийсэн зэргийг шалгах болон шүүгдэгч Х.А нь амь хохирогч Ч.Мыг алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан гэх гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоох зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт дурдсан 1 ба 3 дахь заалтыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                    

                                                       ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШТ/28 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Б

 

                             ШҮҮГЧИД                                      Т.Д

 

                                                                                      Г.У