Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 181/2023/04293/И |
Дугаар | 181/ШШ2024/02149 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2024/02149
2024 05 22 181/ШШ2024/02149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О ХХК /РД:........../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 61,045,804.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Х,
Хариуцагчийн өмгөөлөгч: П.С, Э.У,
Гэрч: Т.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 61,045,804.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Талуудын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 23/03 дугаартай Ажип гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний гол зорилго нь Хөвсгөл аймгийн ......... сумын нутаг дэвсгэрт хийгдэх КОМСАТ-7 хиймэл дагуулын шалгалт тохируулгын GCP /газрын хяналтын цэг/ цэгүүдийн суулгалтын ажил-ыг З ХХК нь хийж гүйцэтгэн О ХХК-д хүлээлгэн өгөх, О ХХК нь гэрээгээр тохирсон ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг.
1.2. Дээрх ажлыг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, нийт 30 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр байсан боловч захиалагч О ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хугацаандаа ажлын хөлсний урьдчилгаа 40 хувийн санхүүжилтээ шилжүүлэлгүй хойшлуулсан. Ингээд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрээнд заасан ажлын урьдчилгаа төлбөр шилжүүлснээр 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажлаа эхлүүлж 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дуусгасан.
1.3. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т /Захиалагч нь суулгах цэгийн байршлыг зааж өгнө гэж заасны дагуу захиалагчийн зааж өгсөн/ газрын хяналтын 145 цэг, дээврийн 35 цэг, нийт 180 цэгт 9 м.кв хэмжээтэй 10-20 см-ийн зузаантай бетон цутгаж, 5 эгнээгээр, эгнээ хоорондын зай нь 0.8-аас 1 км-ийн зайтай, нийт 145 цэгийг хийж гүйцэтгэсэн.
Дээвэр болон зогсоолын хяналтын 35 цэгээс дээврийн 6 цэг, зогсоолын 1 цэгийг будах будгийн ажил, газрын хяналтын 145 цэгээс 10 цэгийн будах ажлыг захиалагч талын нэрлэн заасны дагуу зааны соёоны цагаан өнгө /enamel/-өөр тус тус будаж хийж гүйцэтгэсэн байна.
- Газрын хяналтын цэгийн нэг бүрийн өртөг нь 1,400,000 төгрөг * 145 /газрын хяналтын цэг нийт 203,000,000 төгрөг,
- Дээвэр болон зогсоолын хяналтын цэгийн будгийн ажлын нэг бүрийн өртөг нь 400,000 төгрөг * 35 /дээвэр болон зогсоолын хяналтын цэг/, нийт 14,000,000 төгрөг, нийт ажлын зардал нь 217,000,000 төгрөг.
Тус ажлыг хийж гүйцэтгэх явцад захиалагчийн төлөөлөгч буюу инженер П.Б болон хөндлөнгийн эксперт буюу Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн /......./ нар нь тогтмол хяналт тавьж, дараа дараагийн газрын хяналтын цэгийн ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг өгч, тус зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэж байсан.
Дээрх ажлыг захиалагч талын өгсөн даалгаврын дагуу гүйцэтгэгч тал нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд, стандартын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэх гэж заасан нөхцөлөөр хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн.
1.4. Тус гэрээний 4 дүгээр зүйлд ажлын хөлс болон төлбөр төлөх нөхцөлийн талаар тохиролцсон бөгөөд Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлс 63,460 (жаран гурван мянга дөрвөн зуун жаран) доллар байна гэж, 4.2-т ажлын хөлсний урьдчилгаа болох 40 хувь, ажлын явцад 40 хувь, ажил хүлээлгэн өгсөний дараа 20 хувийг гүйцэтгэгчийн Худалдаа хөгжпийн банкин дахь ............. тоот дансанд шилжүүлнэ гэж тохиролцсон байдаг
Гэрээний хугацааны талаар 3 дугаар зүйлд тохиролцсон бөгөөд 3.1-т ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа ажлын 30 хоног байна, 3.2-т ажил эхлэх хугацаа 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр, 3.3-т ажил дуусах хугацаа 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэж тохиролцсон байдаг.
Гэрээний 3.2, 4.2-т зааснаар захиалагч буюу хариуцагчийн төлбөр төлөх үүрэг нь 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үүсэж байх тул тухайн үеийн Монгол банкнаас зарласан валютын ханшний ам/доллар 3510.03 төгрөгтэй тэнцэж байсан үеийн ханшаар бодсон бөгөөд 63,460*3510.03=222,746,503.8 төгрөг болно.
Гэрээний 4.2-т заасан ажлын урьдчилгаа 40% = 89,098,601.52 төгрөг, ажлын явцын 40% = 89.098.601.52 төгрөг, нийт 178,197,203.04 төгрөг төлөх үүрэгтэй байсан.
Гэвч захиалагч буюу хариуцагч талаас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны хооронд нийт 11 удаагийн гүйлгээгээр нийт 137,500,000 төгрөгийн төлбөр шилжүүлсэн бөгөөд гэрээний нийт үнийн дүнгийн 61.7 хувийн төлбөр төлөгдсөн байна.
Хариуцагч нь 178,197,203.04 - 137,500,000 = 40,697,203.04 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.
1.5. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т Захиалагч нь гэрээний төлбөрийг 3 дугаар зүйлд заасан журмын дагуу хугацаанд нь төлөөгүй бол хоног тутамд төлөх ёстой төлбөрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлөх хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу гэрээний хариуцлага болох алданги нь сүүлийн төлбөр төлөгдсөнөөс хойш буюу 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт (245 хоног*0.3%)*40,697,203.04 төгрөг-100%= 29,912,444.2 төгрөгийн алданги-ийн хамт, нийт 70,609,647.24 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримтлан алдангид 20.348.601.52 төгрөг, нийт 61,045,804.56 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд хариуцагч О ХХК-иас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, Ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.6, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн үүргийн гүйцэтгэлд 40,697,203.04 төгрөг, алданги 20,348,601.52 төгрөг, нийт 61,045,804.56 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. О ХХК-ийг 2006 онд тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Э-ын аав нь үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, кадастрын зураглал хийх үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
Тус компани БНСУ-ын SAMBOO инженеринг компанийн захиалгаар Хөвсгөл аймгийн ......... суманд КОМСАТ-7 хиймэл дагуулын шалгалт тохируулгын GCP /газрын хяналтын цэг/ цэгүүдийн суулгалтын ажил хийж гүйцэтгэх-ээр болсон ба тухайн үед Хөвсгөл аймагт ажиллах хүн хүч хомс байсан тул хамтран ажиллах иргэн, хуулийн этгээдийг хайж байсан болно.
Энэ үед өмнө нь О ХХК-д ажилладаг байсан /Г.Э-ын аав Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед/ Болдбаатар болон түүний дүү Б.Т нар нь Г.Э-ын ээж Т.Ц-аар дамжуулан тухайн ажлыг хийж гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул түүнтэй Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулахаар харилцан тохиролцож, улмаар гэрээг Б.Т-ийн эгчийн компани болох З ХХК-ийн нэр дээр байгуулсан байна.
Талуудын хооронд нэг өдөр хоёр ширхэг Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний зүйл заалтын тухайд дор дурдсанаас бусад нөхцөлүүд нь ижил байдаг. Тодруулбал,
Огноо | 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр | 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр |
Дугаар | №23/04 | №23/03 |
Гэрээ байгуулсан талууд | Б.Т-Т.Ц З ХХК-ийн тамгатай. О ХХК-ийн тамгатай. | З ХХК- О ХХК Гүйцэтгэгчээр З ХХК, төлөөлж захирал Б.Бадамсүрэн. Захиалагчаар О ХХК, төлөөлж захирал Г.Э |
Ажлын хөлс | Гэрээний 4.1-д: Ажлын нийт хөлс нь 202,500,000 /хоёр зуун хоёр сая таван зуун мянга/төгрөг | Гэрээний 4.1-д: Ажлын нийт хөлс нь 63,460 ам доллар /2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол банкны ханш 3517,05 төгрөгөөр тооцвол 223,191,993 төгрөг байна./ |
Төлбөрийн нөхцөл | Гэрээний 4.2-т: Ажлын хөлсийг Хаан банк дахь 5063123241 тоот дансанд шилжүүлнэ. | Гэрээний 4.2-т: Ажлын хөлсийг Худалдаа хөгжлийн банк дахь ............. тоот дансанд шилжүүлнэ. |
Дээрх 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №23/03 тоот гэрээг байгуулсан шалтгаан нь үндсэн захиалагч болох БНСУ-ын SAMBOO инженеринг компанид үзүүлэх зорилготой байсан болно.
Хэрэгт авагдсан хоёр гэрээний аль аль нь О ХХК-ийн тамгатай, төлбөр төлөх үүрэг нь О ХХК-д бий. Гэхдээ 1 өдөр хийгдсэн 2 гэрээний хийгдэх ажил үүрэг гүйцэтгэж байгаа этгээд нь Б.Т байгаа. Үндсэн гэрээ буюу Б.Т гэх иргэнтэй байгуулсан гэрээн дээр З ХХК-ийн тамга байхгүй, нөгөө гэрээн дээр тамга нь бий. Гэхдээ гэрээ хэрэгжих явцад иргэн Б.Ттэй байгуулсан гэрээ хэрэгжээд, төлбөр энэ гэрээний дагуу төлөгдсөн.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан 23/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ болон 23/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-үүдийг 1 ажил гүйцэтгэхээр байгуулсан. Харин нэгийг нь НӨАТ нэмсэн дүнгээр хийсэн, будгийн ажлыг 400,000 төгрөг, цутгалт будгийн ажпын багцыг 1,450,000 төгрөгөөр тохиролцсон гэдгээ эдгээр гэрээнүүдэд оролцсон Б.Т гэрчээр асуугдахдаа мэдүүлсэн байдаг.
Талууд 23/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний үнэ болох 202,500,000 төгрөгт НӨАТ бусад татвар хураамжийг оруулан тооцохоор тохиролцсон байдаг.
Иймд 23/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г НӨАТ нэмсэн дүнгээр байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн З ХХК нь НӨАТ төлөгч биш тул 23/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний үнэ буюу 202,500,000 төгрөгт НӨАТ нэмэх ч хууль зүйн үндэслэлгүй юм.
2.3. Гэрээний дагуу гүйцэтгэгч нь Хөвсгөл аймгийн ......... суманд хийгдэх КОМСАТ-7 хиймэл дагуулын шалгалт тохируулгын GCP /газрын хяналтын цэг/ цэгүүдийг суулгах ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Үүнд:
- Газрын хяналтын 145 цэгийг суурилуулах, будах;
- Дээврийн 35 цэгийг будах.
Талууд ажлын нийт хөлсийг 202,500,000 /хоёр зуун хоёр сая таван зуун мянга/ төгрөг байхаар тогтоосон ба ажлын төсөв нь:
a. Газрын хяналтын цэг суурилуулах ажпын үнэлгээ нь 900,000 /есөн зуун мянга/ төгрөг, үүнийг 145 ширхэгт үржүүлэн тооцвол 130,500,000 /нэг зуун гучин сая таван зуун мянга/ төгрөг;
b. Будгийн ажлын үнэлгээ нь 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, үүнийг 180 ширхэгт үржүүлэн тооцвол 72,000,000 /далан хоёр сая/ төгрөг тус тус болно.
Гүйцэтгэгч нь дээрх гүйцэтгэвэл зохих ажлаас 145 цэгийг суурилуулах ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн тул ажпын хөлс болох 130,500,000 төгрөгийг захиалагч нь бүрэн төлсөн, харин 180 ширхэг будгийн ажлаас 16 ширхэгийг будсан тул 6,400,000 төгрөгийг төлж, нийт 136,900,000 төгрөгийг №23/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-нд зааснаар Б.Т-ийн данс руу шилжүүлсэн байна.
Харин Б.Т нь энэхүү төлбөрт дараах байдлаар орлогын баримт шивж өгсөн байдаг. Үүнд:
- Б ХХК-ийн нэрээр 51,325,561.54 төгрөг,
- БХХК-ийн нэрээр 80,674,438.42 төгрөг,
Одоо хийгдээгүй үлдсэн будгийн ажилд ногдох 65,600,000 төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд уг ажлыг ирэх жил гүйцэтгэснээр төлөх юм. Энэ нь гэрээний 4.5-д Захиалагч нь гэрээт ажлыг бүрэн дууссан гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Талууд хамтран хянаж актаар хүлээлцэнэ. Акт үйлдээгүй бол хүлээн авсанд тооцохгүй ба төлбөрийг хийхгүй гэж заасантай нийцэж байгаа болно.
2.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2 дахь заалтыг баримтлан урьдчилгаа төлбөр 40%, ажлын явцад 40%-иар төлөх үүрэгтэй гээд хариуцагчийг 40,697,203 төгрөгийн төлбөрийн үүрэгтэй гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажпыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед төлнө. гэж заасан байх ба талууд гэрээний 4.2-т ажлын хөлсийг 40/40/20 байхаар тусгахдаа ажлын явцад 40%-ийг төлөхөөр тохиролцжээ.
Гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн Б.Т нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө нийт 163 цэгийг будаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба уг гүйцэтгээгүй ажлын үнийн дүн нь 65,200,000 төгрөг болох бөгөөд гэрээт ажлын гүйцэтгэл нь 60 орчим хувьтай байгаа юм.
Өөрөөр хэлбэл талууд ажлын явцын төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөх зохицуулалт гэрээнд тусгагдаагүй байхад ийнхүү мөн огноогоор төлөх ёстой байсан мэтээр тайлбарлаж, хийж гүйцэтгээгүй ажлын үнэ хөлс, түүнд ногдох алдангийг нэхэмжилж байгаа нь Иргэний хууль болоод талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл заалтад нийцэхгүй байна.
Үлдэх будгийн ажлыг үндсэн захиалагчаас өгсөн зааварчилгааны дагуу ирэх онд будах бөгөөд бид нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнд ажлын хөлсийг төлсөн тул одоо өгөх төлбөр байхгүй, түүнчлэн алданги ч төлөх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 696,750 төгрөг төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Монгол банкны зарласан ханшийн лавлагаа, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Газрын хяналтын цэгүүдийн суулгалтын ажлын 1 цэгт ногдох төсөв, Газрын хяналтын цэг дээвэр болон зогсоолын цэгүүдийн будгийн ажлын 1 цэгт ногдох төсөв, хөндлөнгийн эксперт буюу БНСУ-ын иргэн /............/ pyy илгээсэн ажлын зургийн фэйсбүүк мессенжер зурвас, Хаан банкны депозит дансны хуулга, З ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/23-27 тоот албан бичиг, ажлын зураг, Б.Нт олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М.Хд олгосон итгэмжлэл, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, SAMBOO инженеринг компанийн мейл, төлбөрийн баримт, О ХХК-ийн нийгийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан зэргийг ирүүлсэн
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: хариуцагч талын хүсэлтээр Б.Т, Т.Ц нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 23/03 тоот гэрээний дагуу явцын төлбөр 40,697,205.04 төгрөг, алданги 20,348,601.52 төгрөг, нийт 61,045,804.56 төгрөг гаргуулахаар шаардсан.
2. Хариуцагч О ХХК-ийн зүгээс 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 23/03 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч З ХХК ажлын хөлсийг шаардах эрхгүй. Уг ажлыг Б.Т, Т.Ц нарын байгуулсан 23/04 тоот гэрээний дагуу гүйцэтгүүлсэн, гэрээт ажлын хөлсийг Б.Тийн дансанд шилжүүлж байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. З ХХК, О ХХК нар 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 23/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч З ХХК нь Хөвсгөл аймгийн ......... суманд хийгдэх Комсат-7 хиймэл дагуулын шалгалт тохируулгын GCP /газрын хяналтын цэг/ цэгүүдийн суулгалтын ажлыг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 30 хоногт хийж гүйцэтгэх, захиалагч О ХХК нь ажлын нийт хөлс 63,460 ам.долларыг гэрээт ажил хийгдэх өдрөөс 5 хоногийн өмнө гүйцэтгэгчийн санхүүгийн нэхэмжлэлийн баримтыг үндэслэн ажлын хөлсний урьдчилгаа болох 40 хувь, ажлын явцад 40 хувь, ажил хүлээлгэн өгсний дараа 20 хувийг захиалагчийн Худалдаа хөгжлийн банкин дахь ............. тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх6-8/
4.2. Б.Т, Т.Ц нар 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 23/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Б.Т нь Хөвсгөл аймгийн ......... суманд хийгдэх Комсат-7 хиймэл дагуулын шалгалт тохируулгын GCP /газрын хяналтын цэг/ цэгүүдийн суулгалтын ажлыг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 30 хоногт хийж гүйцэтгэх, захиалагч Т.Ц нь ажлын нийт хөлс 202,500,000 төгрөгийг гэрээт ажил хийгдэх өдрөөс 5 хоногийн өмнө гүйцэтгэгчийн санхүүгийн нэхэмжлэлийн баримтыг үндэслэн ажлын хөлсний урьдчилгаа болох 40 хувь, ажлын явцад 40 хувь, ажил хүлээлгэн өгсний дараа 20 хувийг захиалагчийн Хаан банкин дахь 5063123241 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх132-134/
Дээрх гэрээнд захиалагч талд О ХХК-ийн тамга, гүйцэтгэгч талд З ХХК-ийн тамга дарагдсан үйл баримтад талууд маргаагүй.
4.3. З ХХК-ийн баталсан Хөвсгөл аймгийн ......... суманд хийгдэх Комсат-7 хиймэл дагуулын шалгалт тохируулгын GCP /газрын хяналтын цэг/ 145 тооны цэгүүдийн суулгалтын ажлын 1 цэгт ногдох төсөв-өөр GCP /газрын хяналтын цэг/ 145 тооны цэгүүдийн суулгалтын ажлын 1 цэгт ногдох төсвийг 1,450,000 төгрөгөөр,
Хөвсгөл аймгийн ......... суманд хийгдэх Комсат-7 хиймэл дагуулын шалгалт тохируулгын GCP /газрын хяналтын цэг/ 35 тооны дээвэр болон зогсоолын цэгүүдийн будгийн ажлыг 1 цэгт ногдох төсөв-өөр GCP /газрын хяналтын цэг/ 35 тооны дээвэр болон зогсоолын цэгүүдийн будгийн ажлыг 1 цэгт ногдох төсвийг 400,000 төгрөгөөр төсөвлөсөн байна. /хх10-20/
4.4. Хариуцагч О ХХК нь:
- 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийг Гэрээт ажлын урьдчилгаа,
- 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 60,000,000 төгрөгийг Цутгалтын ажлын урьдчилгаа,
- 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг Гэрээт ажлын үнэ,
- 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг Төрмөнх цутгалтын ажлын хөлс, 5,000,000 төгрөгийг Цутгалтын ажлын хөлс, 5,000,000 төгрөгийг Төрмөнх цутгалтын ажлын хөлс,
- 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийг Төрмөнх цутгалтын ажлын 80 хувийн үлдэгдэл,
- 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 4,600,000 төгрөгийг цутгалтын ажлын 80 хувийн үлдэгдэл,
- 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөгийг О цутгалтын ажлын хөлс,
- 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 17,900,000 төгрөгийг цутгалтын ажлын үлдэгдэл гэх гүйлгээний утгатайгаар Б.Тийн Хаан банкин дахь 5063123241 тоот дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хх26-32/
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар, Хөвсгөл аймгийн ......... суманд хийгдэх Комсат-7 хиймэл дагуулын шалгалт тохируулгын GCP /газрын хяналтын цэг/ цэгүүдийн суулгалтын ажлыг гүйцэтгэхээр З ХХК, О ХХК нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 23/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, Т.Ц, Б.Т нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 23/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч талаас гэрээнд заасан ажлыг О ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 23/03 тоот гэрээний дагуу гүйцэтгэсэн гэж, хариуцагч талаас дээрх ажлыг Т.Ц, Б.Т нарын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 23/04 гэрээний дагуу гүйцэтгүүлсэн, ажлын хөлсийг Б.Тийн дансанд шилжүүлж байсан, уг ажлыг Б.Төөр гүйцэтгүүлсэн гэж маргав.
Хариуцагч талаас З ХХК, О ХХК нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан 23/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарласан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор хийсэн хэлцлийг хэлнэ гэж заасан.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. гэж заасан. Тодруулбал, хэлцэл нь иргэний эрх, үүргийг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгоход чиглэсэн хэлцэл хийгч этгээлийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон эрх зүйн дагуу үйлдэл, үйл ажиллагаа бөгөөд хэлцлийн гол бүрдүүлбэр нь хүсэл зориг, түүний илэрхийлэл юм.
Гэрч Б.Тийн ... Нэг ажил дээр хоёр гэрээ байгуулагдсан. Эхлээд 220,000,000 төгрөгийн гэрээ байгуулах гэж байгаад урьдчилгаа 40 хувийг олгоно, их хэмжээний мөнгөний асуудал яригдана... НӨАТ шивнэ гээд хуулийн этгээдээр байгуулагдсан... Эхлээд Т.Ц эгч, Г.Э хоёр гэрээнд гарын үсэг зурж, надад өгөөд би компани дээрээ гарын үсэг зуруулж, тамга даруулж, Т.Ц эгчид өгсөн гэх мэдүүлэг, гэрч Т.Цгийн ...Манайх З ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг бол тэр зөвхөн үзвэрийн гэрээ гэдэг маягаар хийсэн юм. Гэрээг төлөөлж Б.Т байсан. Жинхэнэ хийх ёстой ажлаа Б.Ттэй хувь гэрээ хийж байж л хийсэн. Би З ХХК гэдгийг ер нь мэдэхгүй. Цуг ажилладаг нэг хүн маань л манай дүү хийнэ гээд. Захиалагч бас ингээд ийм өндөр өртөгтэй ажлыг чинь зөвхөн хувь хүнтэй хийчихсэн байвал дэмий юм уу гээд тийм гэрээ хийчихсэн. Жинхэнэ ажлаа Б.Ттэй хувь гэрээ л хийж байсан.. гэх мэдүүлгээс дүгнэхэд З ХХК-д 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 23/03 тоот гэрээг байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд З ХХК, О ХХК нарын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 23/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино. гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан баримтаар, гэрээний төлбөрийг Т.Ц, Г.Э нараас Б.Тийн Хаан банкин дахь 5063123241 тоот дансанд шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн, нэхэмжлэгч З ХХК дээрх гэрээний төлбөрийг өөрийн компанийн тайлан, балансад тусгаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Иймд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслээд З ХХК, О ХХК нарын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 23/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г Б.Т, Т.Ц нарын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 23/04 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г халхавчлах зорилгоор байгуулсан гэж дүгнэв.
7. Дээрх үндэслэлээр, З ХХК, О ХХК нарын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 23/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул нэхэмжлэгч З ХХК нь дээрх гэрээний үүргийг О ХХК-иас шаардах эрхгүй байна.
Иймд хариуцагч О ХХК-иас 61,045,804.56 төгрөг гаргуулах тухай З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан үндэслэлгүй тул О ХХК-иас 61,045,804.56 төгрөг гаргуулах тухай З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 696,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ